Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал оруулж УИХ-аар томилдог хуулийн гол байгууллагын удирдлагууд гэж бий. Үүний нэг бол Улсын ерөнхий прокурор.
Үндсэн хуулийн тавинзургадугаар зүйлийн 56.2-т “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан. Үүний дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор Б.Жаргалсайханыг ерөнхий прокуророор томилох шийдвэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, гишүүдийн 94.6 хувийн саналаар дэмжин томилж байлаа. Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан үүрэгт хугацааныхаа ихэнхийг үдээд байна. Үндсэн хуулийн заалт ёсоор түүний ажиллах хугацаа 2025 оны дөрөвдүгээр сард дуусна. Өнгөрсөн хугацаанд түүнийг чөлөөлөх тухай улс төрийн болон хуулийнхны хүрээнд хэд хэдэн удаа хүчтэй яригдаж байгаад намжсан. 2021 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор “сахал” гэгддэг Э.Амарбатыг томилохоор болсон талаар дуулдаж байлаа. Гэвч томилгоо өөрчлөгдөөгүй. Тэгвэл энэ удаа ерөнхий прокурорын үүрэгт ажил дуусгавар болох хугацаа ойртсон учир прокурорын байгууллагыг толгойлох сонирхолтой ганц, хоёр хүн Ерөнхийлөгчийн эргэн тойронд үзэгдэх болсон гэнэ.
Ерөнхий прокурорын үүрэгт хугацаатай яг ижилхэн албаа өгөх дараагийн албан тушаалтан бол Авлигатай тэмцэх газрын дарга юм. Одоогийн дарга З.Дашдавааг мөн Х.Баттулга Ерөнхийлөгчийн саналаар 2019 оны тавдугаар сарын 2-нд УИХ-аар хэлэлцэн томилж байв. Авлигын тухай хуульд “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан билээ. Үүний дагуу АТГ-ын дарга З.Дашдаваагийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны тавдугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох учиртай. Мөн л З.Дашдаваа даргын оронд томилогдох сонирхолтой хүмүүс хуулийн салбарын дундаас аль хэдийнэ нэр нь тодорсон сурагтай.