Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жаргалсайхан: Үндсэн хуульд насанд хүрсэн иргэд хөдөлмөр эрхэлж амьдарна гэж заах ёстой

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн танилцуулсан саналаар үргэлжилж байна. Та Үндсэн хуульд ямар асуудлыг голчилж оруулах ёстой гэж бодож байна вэ?

-үндсэн хуулийг цаг хугацаа алдалгүй шинэчилж, өөрчилж өргөтгөх нь зүй ёсны хэрэг. Шинэчлэх нэрийн дор улам доройтуулах асуудал харин яавч байж болохгүй. Дээр нь хуулиа хэдий өөрчилсөн ч хүнээ өөрчилж чадахгүй. Монгол хүнийг Америкийн нигер, үгүй эсвэл Иракийн иргэнээр солихгүйгээс хойш бид хүнээ яах вэ гэдэг асуудлыг хөндөх ёстой юм. Өнгөрсөн 26 жилийн турш монгол хүний эрхийн тухай илүү их ярилаа. үүргийн тухай ярьсангүй. Тэгэхээр тэр үндсэн хуульдаа монгол хүний үүргийн тухай нэлээд оруулж өгөх хэрэгтэй. иргэдийнхээ үүргийг бэхжүүлэх, чадавхжуулах тухай л илүү яримаар байна.

-Тухайлбал, ямар үүргийг оруулах ёстой гэж?

-иргэн бүр заавал сонгуулиа өгсөн байх ёстой гэж оруул. Сонгууль гэдэг бол сайн дурын ажил биш. Төрийнхөө тэргүүн, төрөө сонгохын тулд иргэн бүр заавал оролцох ёстой. Тэр үүргийг нь баталгаажуулж өг. Тэгэхгүй бол сонгууль гэдэг авлига авсан кампанит ажил болж хувирлаа. Тав, арван мянга, таваг хоол, нэг шил архи өгөөд л сонгоно гэдэг болчихож. ийм байж болох юм уу. Бас нэг жишээ хөдөлмөр эрхлэлт. хөдөлмөр эрхлэлт сайн дурын асуудал байж болохгүй. хөдөлмөр бол албадан үүрэг байна. Насанд хүрсэн иргэн амьдаръя гэж бодож байгаа бол бусдын хөдөлмөрийг мөлжиж биш, өөрийнхөө хөдөлмөрөөр амьдардаг тогтолцоог бий болгосон, баталгаажуулсан хуультай болох ёстой, бид. Ажлын байрыг хэн нэгэн хүн бэлдэж өгөх шаардлагагүй. Ажлын байр байхгүй биш байгаа. Гаднаас бэлэн юм оруулж ирдгээ багасгаад татвар түрээсээ чангал. Монголд үйлдвэрлэж болох бүх зүйлээ өөрсдөө хийдэг болох хэрэгтэй. Тэгэх юм бол бид ажлын байртай болно. Байхгүй бол хүн бүхэн ажлын байрыг эрэн сурвалжилж бий болгох ёстой.

-Үндсэн хуульд хувийн хэвшлийн эрхийг хамгаалсан, бизнесийн орчныг дэмжсэн зүйл заалт оруулах ёстой гэсэн байр суурийг бизнесийн салбарынхан хэлсэн. Үүн дээр та ямар байр суурьтай байна?

-За даа, тэр ч одоо дэмий биз дээ. Тэгвэл инженерийн эрх үүрэг, малчны эрх үүрэг гэж оруулах хэрэгтэй болно. Багш нар, эмч нар гээд салбар салбарын асуудал үүснэ. зүгээр л монгол хүн төрийн хамгаалалтад байна, төр монгол хүнээ хамгаална гэчихчвэл болоод явчих юм. Өөрөөр хэлбэл, монгол хүнийхээ эрх, үүргийг хуулиар баталгаажуулж хамгаална гэж оруулчихвал зүйтэй болно. Гэтэл одоогийн үндсэн хуульд малыг төрийн хамгаалалтад авсан заалт байгаа шүү дээ. Төр монгол хүнээ биш малаа хамгаалчихаж байна. хүн бол яаж ч болох нь. Тэрнээс биш салбарын асуудлыг үндсэн хуульд оруулах шаардлагагүй. Тэртэй тэргүй татварын багц хууль зэргээр баталгаажаад явчихна.

-Зарим эдийн засагчид санхүүгийн сахилга батыг Үндсэн хуулиар баталгаажуулж өгөх нь зүйтэй гэж байгаа. Бас л шаардлагагүй юу?

-үгүй байх даа. Түүнийг эдийн засаг, мөнгөний чиглэлийн хуулиуддаа оруулах ёстой байх. үндсэн хуульдаа бол монгол хүнийг төрийн хамгаалалтад авах асуудлыг л түлхүү оруулмаар байгаа юм. Дэлхийн аль ч өнцөгт монгол хүн ямар нэгэн байдлаар амь насаа алдах, эрүүл мэндээр хохирсон тохиолдолд Монголын төр хамгаалалтдаа авч, эх оронд нь авчирдаг болмоор юм. Монгол хүн гадаад улс оронд амь насаа алдсан тохиолдол зөндөө бий. эх оронд нь авчирч чадахгүй хүний нутагт нутаглуулж байна. хубилай хааны үед монгол цэргүүд Японыг байлдан дагуулж байгаад тэнд баригдаж далайн шуурганд өртөж амиа алдсан. Одоо болтол хубилай хааны цэргүүдийн булш тэнд байна. Тэгвэл бид тэр булшийг авчрах ёстой. Япончууд Дэлхийн II дайны үед манайд олзлогдсон, амь насаа алдсан цэргүүдийнхээ булшийг бүгдийг нь нутаг руугаа аваад явчихсан.

-Та ирэх сонгуульд өрсөлдөх үү?

-Тэрийг тухайн үед л шийднэ ш дээ.

-Саяхан та ноолуурын зах зээлийг нэмэгдүүлэх Монгол, Хятадын хамтарсан арга хэмжээнд илтгэл тавьсан. Энэ үеэр та хатуухан байр суурь илэрхийлж байсан?

-Монголчууд хэн нэгэн хүний төлөө мал маллаж амьдарч байгаа юм биш. Өөрсдийнхөө төлөө л амьдарч байгаа. Малаас гарч байгаа түүхий эдийг өөрсдөө л хэрэглэж байна. Нэг төгрөгийн татвар төлөхгүйгээр шүү. Тэгсэн хэрнээ гадныхныг харахаар хамтаръя, бидний өмнөөс ирээд үйлдвэр бариад ажиллуулаад өг, бүр одоо мал маллаад өг, ямаа самнаад өг гэх нь холгүй болчихлоо. Тэгсэн мөртлөө ашгийг би авна шүү, чамд юу ч өгөхгүй гэдэг. Үүн дээр манай нийгмийн сэтгэл зүйг асар буруугаар ухуулдаг хэсэг бүлэг этгээдүүд байна. хавар ноолуур бэлдэх үеэр ноолуурын үнийг хиймлээр өсгөдөг. 70 ам.доллар байсан ноолуурыг өнгөрсөн жил 110 ам.доллар болгосон. Тэгээд 140 болтол нь хий хоосон хөөрөгдлөө. Гэтэл одоо 70 ам.доллараар ноолуур авах хүн байхгүй. Ноолуур бол эрдэнэс биш. хүний амьдралын чухал хэрэгцээтэй зүйл ч биш. энэ зүгээр л хувцас хийдэг түүхий эд, материал. энэ дэлхий дээр 6.9 тэрбум буюу дийлэнх хүн ноолуур огт хэрэглэхгүй амьдарч байна. Гэтэл манай монголчууд тал дээр амьдардаг, мэдээллээс тасархай болохоор ноолуур гэдэг чухам амь амьдрал нь гэж ойлгодог. үүнийгээ больцгоо.

Дээр нь энэ замбараагүй худалдаа наймаа хийж байгаа учраас өнөөдөр арьс ширнийхээ үнийг унагасан. Өнөөдөр ямар ч малын арьс зарагдахаа больсон. ингэж явж байгаад ноолуурын үнэ ч унана. Бүр навсайтал унана. хүн тоож авахаа болино. Яах юм, ноолуур аваад үйлдвэрлэгчид нь нэл алдагдалтай ажиллаж байгаа нөхцөлд. Өнөөдөр дэлгүүрүүдээр дүүрэн ноолууран цамц байна. Тэгвэл малчид, ченжүүд яагаад авч өмсөхгүй байгаа юм. Цамцыг нь болохоор авдаггүй мөртлөө түүхий ноолуурыг нь зарж баяжина гээд гүйгээд байдаг. Асуудал энд байгаа юм. Манайхан нийтээрээ туйлширдаг. Барилга гэвэл бүгдээрээ барилгачин болж газар авах гээд гүйнэ, нүүрс зөөгөөд баяжиж байна гэвэл бүгд нүүрс зөөх гээд байдаг. Алт ухаж байна гэвэл нэг уулын нөмөрт очоод тарвага шиг газар доогуур орчихдог. ийм замбараагүй байдлаас бид салах ёстой. эс тэгвэл бид хэзээ ч баяжихгүй юм билээ.

-Тэгээд яах ёстой гэж?

-Татвар төлбөл бүгд төлдөг болж амьдрах ёстой. Тэрнээс биш нэг хэсэг нь татвар төлөөд нөгөө хэсэг нь төлдөггүй. Өдөр шөнөгүй торгон дээл өмсөж том чулуу нүхэлж барьчихаад л морь, унаж найр наадам хийж өдөр шөнөгүй архидан согтуурдгаа боль. энэ чинь хөгжил биш ээ. Ийм замбараагүй байдал яваандаа даамжраад Монгол Улсыг нийгэм, эдийн засгийн гүв гүнзгий хямрал руу түлхэхэд бэлэн болчихоод байна. Тиймээс дор бүрнээ хүн бүр хариуцлагатай баймаар байна. Дээр ярьсанчлан зөвхөн эрхийн тухай ярих биш үүргийнхээ тухай ярья. Монгол Улсын хөдөлмөрийн насанд хүрсэн иргэд бүгдээрээ ажил хөдөлмөр хийдэг болох хэрэгтэй байна. Гэтэл өнөөдөр бүгд малаа зараад, нэг нэг приус аваад уначихсан. Нийтээрээ ажил хийдэггүй, ажил голдог. хулхины хэдэн сургуулиас хуурамч диплом аваад бүгд конторын ажилтан болох сонирхолтой. Нийгмийн баялаг бүтээдэг хүн алга. Инженер ажилтнууд хомсдож үйлдвэр ажиллуулахад үнэхээр боломжгүй болж эхлээд байна.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *