Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.
-Улс төрийн байдал тогтворгүй байна. УИХ-ын үйл ажиллагаа ч зогсонги байдалд орчихсон гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Ард түмний амьдрал хүнд, шийдэх ёстой асуудлууд ч хүлээгдсээр байна. Энэ нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Улс төрөөс болоод ард иргэдийн амьдрал хүнд байгаа юм биш. Ард иргэдийн амьдрал хүнд байгаа нь өөрсдөөс нь л болсон. Үндсэндээ ард иргэдэд өмч хөрөнгийг нь өгчихсөн шүү дээ. Одоо төрөөс юу хүсээд байгаа юм бэ.
Иргэдийн амьдрал өөрсдөөс нь л шалтгаална. Хоёрдугаарт, сонгуулийн үеэр ард иргэдтэй уулзалт хийе гэхээр “Хоол, бэлэг дурсгал, мөнгө өгөх үү” гэж асуудаг. Өгөхгүй гэвэл уулзалтад ирдэггүй. Харин иргэд 5000 төгрөг өгсөн хүнийг л сонгодог. Тав, арван мянган төгрөгөөр сонгосон хүмүүс чинь ингэж л ажиллана шүү дээ.
Үүнд юунд нь бухимдаад байгаа юм. Бухимдах юм юу ч байхгүй.
–Улс төр тогтворгүй байх нь зөв гэж үү?
-Байх л ёстой асуудал. Нэг гэрийн хоёр хэзээ байнга инээд алдаж суудаг байлаа. Хааяа хоорондоо маргалдаж, мэтгэлзэж байж бие биеэ ойлгож явдаг биз дээ.
-Энгийн маргаан гэхээсээ илүүтэйгээр бүр хүнд байдал руу орж болзошгүй гэх болгоомжлол олон нийтэд байна л даа…
-Гэр бүлийн хоёр муудхаараа нэг нэгнийхээ мууг дэлгэж тавьдаг. Тэрэн шиг төрийн харчуул нэгнийхээ муу муухайг гаргаж тавьж байвал сайн л биз. Үүнд муу юм байхгүй.
-Ер нь тэр яриад байгаа бүлэглэл, мафи, шударга бусын хонгил гэж зүйл байдаг юм уу?
-Би тэр зүйлүүдийг нь ухаж, төнхөж хараагүй. Ер нь бол сүүлийн 20 жил төр цадиггүй, замбараагүй, хариуцлагагүй болсон нь үнэн. Хариуцлагагүй болсон шалтгааныг нь ард түмэн л хийгээд байгаа шүү дээ. Хэн хэдхэн бор төгрөгөөр төрийн түшээгээ сонго гэсэн юм. Одоо энэ Баянгол дүүргийнхэн АН-ын дарга С.Эрдэнээгийн амралтан дээр л очиж амраад байх нь тэр. Хоолыг нь идээд л байгаад байна. Ингэж болохгүй шүү дээ. Тэр дундаа хөгшчүүл таваг хоолоор ач, зээ, үр хойчийнхоо амьдралыг сонгож байна. Үүнийг л болих хэрэгтэй байна. Улстөрчид сонгуульд асар их мөнгө зардаг.
Нэг хүн доод тал нь хоёроос гурван миллиард төгрөг зарцуулдаг. Тэр мөнгөө Банк бус санхүүгийн байгууллага, банкнаас зээлнэ. Бараг гэр орон, эхнэр хүүхдээ бүгдийг нь барьцаалж байгаад зээл авч байна. Би өөрөө сонгуульд өрсөлдөж байсан учраас энэ бүгдийг харж байсан л даа. Жишээ нь, миний тойрогт Д.Дамба-Очир гэх нөхөр нэг ч уулзалт хийгээгүй хэрнээ бараг хоёр, гурван миллиард төгрөг тараасан. Бас Б.Чойжилсүрэн Увсад мөнгө л тараасан шүү дээ. Ингэж төрд гарч ирснийх нь дараа өр нь нэхэгдэнэ. Өрөө төлөхийн тулд хамгийн бага хүүтэй зээл хаана байна, тэрийг олж авахыг бодно биз дээ. Тиймээс ЖДҮ-ээс зээл авч өрөө дарсан хэрэг. Тэгэхээр ЖДҮ-ийн мөнгийг ард түмэн авсан. Улстөрчид сонгуульд ялахын тулд ЖДҮ-ийн мөнгийг урьдчилаад ард түмэнд тараагаад өгчихсөн. Өөрсдөө авч идчихээд юундаа сүржигнэдэг юм бэ.
-Таны бодлоор бид цаашдаа яах ёстой юм бэ. Хэрүүл тэмцэлээ түр хойш нь тавиад улс эх орныхоо эрх ашгийг бодох цаг болоогүй гэж үү?
-Цаашдаа хөгжих ёстой л доо. Манайх ч ганцхан ийм замбараагүй байдлаар яваад байгаа юм биш. БНСУ, Япон ч гэсэн хөгжлийнхөө эхэн шатанд яг л ийм замбараагүй байсан юм билээ. Улмаар дээр, дооргүй хариуцлага тооцдог болж байж улс орон нь цэгцэрсэн байдаг. Манайд өнөөдөр бүх зүйл дэндүү цадиггүй, замбараагүй байна.
-Та цахим хуудсаараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг багагүй шүүмжилсэн байсан. Яагаад түүнийг шүүмжлэх болов?
-Л.Оюун-Эрдэнэ гэдэг залуугийн хийж бүтээгээд, гийчихсэн зүйлийг би л лав хараагүй. Яахав болсон болоогүй зүйлээр хүнийг гүтгэж, хэрүүл хийгээд явах нь хялбархан л байх. Гэхдээ энэ маягаар улс төрөөр тоглох гэж байгаа бол бүтэхгүй хэрэг. Аливаа зүйл хэмжээтэй байх хэрэгтэй. Төр төмбөгөр, ёс ёмбогор байж улс орон хөгждөг жамтай. М.Энхболдыг хүнээр нь бус УИХ-ын дарга гэдэг албан тушаалаар нь хүндэтгэдэг байх хэрэгтэй. Улс төр хийж байна гээд доромжлоод байж болохгүй. Бидэнд дээр, дооргүй улс төрийн хариуцлага, соёл үгүйлэгдэж байна.
Жагсаал цуглаан хийгээд эмх замбараагүй байдал үүсгэчихсэн үймээн самуунтай улс орнууд байна л даа. Жишээ нь, Ливи хүнд байдалд байна. Ливийн ард түмэн өнөөдөр хамгийн хүнд амьдралтай байна. Л.Оюун-Эрдэнэ шиг залуус л тийм байдалд хүргэсэн. Өнөөдөр Ливийн ард түмэн харамсаж байна. Тийм учрааас Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан тэргүүтэй хэдэн нөхөд улс төр хийж байгаа нэрийн дур зоргоороо аашилдгаа болих хэрэгтэй. Энэ дөрвөн нөхрөөс айгаад байгаа хүн байхгүй шүү дээ. Яримаар байвал баримттай ярь. Үгүй бол дуугүй байж болно. Морин дээр сууж хувьсгал хийх амархан. Мориноосоо бууж эвлүүлэхэд хэцүү шүү. М.Энхболд их ноомой хүн юм. Миний өрөөн дотор орж ирээд худлаа үнэн зүйлээр гүжирдээд байх юм бол би л лав цохиод унагах байсан.
-60 тэрбумын хэрэг худлаа гэж үү?
-Худлаа гэж бодож байна. Хоёр жилийн турш ярилаа шүү дээ. Үнэн юм бол яагаад өнөөдрийг хүртэл гаргаж ирэхгүй байгаа юм.
-Хууль хяналтын байгууллагууд үнэн мөнийг нь тогтоохгүй байна гэж УИХ-ын гишүүд шүүмжлээд байгаа л даа…
-Худлаа ярих юм. Тэрнээс илүү хэргийг ч шийддэггүй л юм билээ. Эрдэнэтийн 49 хувийн асуудал байна. 450 сая ам.долларын тухай ярьж байгаа биз дээ. Чингис, Самурай бондын асуудал ч байна. Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар яагаад тэр хэргийг ярихгүй байгаа юм. МАН-ын хариуцлагагүй нөхдүүд авлигаар дамжуулж сонгуулийн мөнгө олно гэж бодож байсан нь ил гарчихсныг 60 тэрбумын хэрэг гээд байгаа биз дээ. Гэхдээ авсан, өгсөн хүн байхгүй л байх шиг байна. Ярьсан хэлсэн дарга цэрэг нар нь хариуцлагаа үүрээд ажлаа өгсөн. Одоо үүнийг цааш нь хөөгөөд байх хэрэг байгаа юм уу. Гэхдээ М.Энхболдод дутагдлууд байгаа. Ямар ч зүйлийг шийддэггүй, бөөрөнхийлдөг, дуугүй өнгөрөөдөг. Дуугай байна гэдэг дутагдлыг зөвшөөрөхийн л нэр. Нэгэнтээ л төрийн тэргүүн юм бол дуутай шуутай, шударга, зарчимтай бай л даа.
-УИХ-ыг тараах тухай яриа зарим төрийн түшээд ярих болсон. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-УИХ тарах юм бол энэ төр чинь бүр хямралд орно. УИХ тарахаар Засгийн газар нь дагаад тарж таарна. Тэгэхээр хямрал эцсийн цэгтээ хүрнэ гэсэн үг. Иймд төрийн гурван өндөрлөг улс орноо бодоод түр ч болтугай эвлэрсэн нь дээр. Эвлэрлийн гэрээ байгуулж дараачийн сонгууль хүртэл төрийнхөө ажлыг хий. Үгүй бол улс орон сүйрнэ. Улстөрчийн хувьд би ингэж харж байгаа. Харин энэ хугацаанд шударга сонгууль явуулах бололцоог олгож өг. Цаашид энэ гурвыг сонгох үгүйг шийдэх боломжийг ард түмэнд олго. Сонгуулийн тухай хуулийг шинэчилмээр байна. Сонгуулийн сурталчилгааны хугацааг уртасгамаар байна. Тэр хугацаанд нь иргэдэд улс төр гэж юу вэ гэдгийг ойлгуулж өгөх хэрэгтэй байна. Сонгуулийг иргэн болгон өгдөг баймаар байна. Хэрэв сонгууль өгөөгүй бол төрийн үйлчилгээ үзүүлэхээ болих, хариуцлага тооцдог байх ёстой. Мөн Улс төрийн намуудын тухай хуулиа ч шинэчлэх хэрэгтэй байна.
Ер нь УИХ-аа тараагаад сонгууль хийнэ гэхэд ямар ч бэлтгэл хангагдаагүй байгаа. Улстөрчдөө солихын тулд сонгууль хийнэ гэх байх л даа. Гэхдээ эхлээд хуулиа өөрчлөх хэрэгтэй юм. Хуулийг илүү нээлттэй болгох нь зөв.
-Ерөнхий сайд Японд айлчлаад ирлээ. Таны хувьд ч айлчлалын бүрэлдэхүүнд багтсан. Айлчлалын үеэр яригдсан зүйлүүдээс онцлохоор зүйл нь юу байв?
-Япончууд 1990 оноос эхлээд л Монголыг дэмжсэн. Дэмжсээр л байгаа. Саяын айлчлалаар манай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сайхан илтгэл тавьж байна лээ. “Манай хоёр улсын худалдааны алдагдал өндөр байна. Япон манайд дорвитой хөрөнгө оруулах ажил хийхгүй байна. Манайх үйлдвэр үйлчилгээ, экспортоо нэмэгдүүлэхэд тусалж дэмжиж, урт хугацааны зээл, санхжүүжилт олгооч ээ” гэдгийг илтгэлдээ онцолж байсан. Энэ асуудлыг япончууд их анхааралтай хүлээж авч байна лээ.
-Ноос, ноолуурын чиглэлд ахиц дэвшил гарсан зүйл нь юу байв?
-Манай улс төмрийн хүдэр, нүүрс, жонш, зэсийн концентраци гаргаж мөнгө олж байгаа. Хятадууд ирэх онуудаас нүүрс авахгүй байх магадлал өндөр байна. Учир нь Хятад хоёр ч том газан хоолойг ОХУ, Туркменистанаас татчихсан. Цахилгаан станцуудаа газ руу шилжүүлж байгаа. Хятадын том хотууд утааныхаа асуудлыг шийдэхийн тулд энэ аргыг хэрэглэж байгаа юм. Манай Таван толгойн нүүрсний 75 хувь нь эрчим хүчнийх үлдсэн нь кокосжсон нүүрс байдаг. Дээрээс нь Хятад арматур, төмөр эдлэл хийхээ багасгаж байгаа. Тэгэхээр кокос нүүрсний хэрэглээ ч буурна гэсэн үг. Үүнээс үүдэн кокос нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах юм. Энэ бүхэн эдийн засагт их хүнд тусах байх. Тиймдээ ч ОУВС, гадны санхүүгийн экспертүүд эдийн засгаа солонгоруулахыг зөвлөж байгаа. Нэн тэргүүнд экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай байна. Экспортоо нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрүүдээ дэмжих нь чухал. Манай улсад ноос, ноолуурын таван том үйлдвэр хэрэгтэй байна. Түүнийг тойрсон оёдол, сүлжмэлийн жижиг үйлдвэрүүд байх хэрэгтэй. Том үйлдвэрүүд нь ноолуураа угаагаад, утас, даавуугаа хийнэ. Утас даавууг нь жижиг үйлдвэрүүд нь аваад бүтээгдэхүүнээ хийж дэлхийн зах зээл дээр гаргах ёстой. Ийм ажлуудыг хийх хэрэгтэй байна.
Ингэхгүй бол ченжүүд гэх хэдэн нөхдүүд чинь хамаг түүхий эдийг Хятад руу зөөсөөр байна. Тэд ямар ч татвар төлөхгүйгээр түүхий ноолуураа Хятад руу гаргаж байгаа. Үүнийг зогсоох цаг болсон. Дээр дурдсан таван компани нь л түүхий ноолуураа боловсруулдаг баймаар байна. Зөвхөн ноос ноолуур гэлтгүй мах боловсруулах асуудал ч гэсэн энэ жишгээр явмаар байгаа юм.
-Утааны асуудал иргэдийг маш ихээр бухимдуулж, бас айдас хүйдэс дагуулсаар байна. Утаанаас салах гарц бий юү?
-1990 онд бид малыг шударга бус хуваарилсан юм. Мал маллаж байсан хэдэн нөхөд л нь малтай үлдсэн. Бригадын болон сумын төв, аймаг дээр байсан хэд нь малгүй хоцорсон юм. Арга буюу тэд хот бараадсан. Одоо тэд хойд уулаар дүүрэн утаа тавиад сууж байна. Өөрсдөө бас та нартай ч хамт угаартаж үхье гээд нүүрсээ түлээд байж байна. Өнөөдөр залуу эмэгтэйчүүд дандаа дутуу төрөлттэй, эсвэл амьгүй хүүхэд төрүүлж байна. Агаарын бохирдлооос болоод л ийм байдал үүсч байгаа. Энэ нь гэр хорооллоос л үүдэлтэй. Энэ хөндийд хүн амьдрах боломж алга. Гэтэл аймгийн төвүүдээр дүүрэн цоожноос өөр эзэнгүй хашаа байшин байх юм. Тиймээс гэр хорооллын ядаж 100 мянган айл өрхийг малжуулж, орон нутаг руу нь буцаах нь зөв. Энэ зуны дотор ингэж өөрчлөх боломж бий. Үүний шийдвэрийг төрийн гурван өндөрлөг гаргана.
-Хүний эрхэд халдсан хэрэг болохгүй юу?
-Хүн эрхээ мэддэг бол үүргээ бас ухамсарладаг, биелүүлдэг байх хэрэгтэй. Саяхан хятадууд орон нутгаас ирж Бээжинд оршин сууж байгаа иргэддээ мэдэгдэл хүргүүлж, улмаар нутаг буцаасан шүү дээ. Бид орон нутаг руу явж байгаа иргэддээ 200 толгой мал өгчихөж болно. Гурван жилийн дотор үржүүлж чадвал өөрийнх нь өмч болгоё. Үрэгдүүлсэн бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэе. Ер нь атаархмаар сайхан Монгол нутагтаа өөрийн дураар, аз жаргалтай амьдарч болохгүй гээд хэн хэлчихсэн юм бэ. Одоо малчид тун удахгүй дроноор малаа хариулдаг болно. Хотынхны хэрэглэдэг бүх л зүйлийг адилхан эдэлж, хэрэглэнэ. Хэрэглэж ч байгаа. Тиймээс цаашид хаана амьдрах нь тийм ч сонин биш болно.
Харин үлдсэн айлуудыг хотын зах руу нүүлгэмээр байна. Богд уулын цаана сайхан газрууд байж л байна. Налайх явах замд хэсэг айлууд бууж болж байна. 22-ын товчоо руу ч гарч болно. Нийтийн тээвэр, эмнэлэг сургуулийг нь бариад өгчихөд ч болохгүй зүйл байхгүй. Заавал хотын төвд нүүрс түлж утаа тавих шаардлагагүй. Эцсийн эцэст хүн бүрт ашигтайгаар л энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Нийгэмд болж байгаа асуудалд хэн нэгэн хүн хойшоо сууж болохгүй. Мөн садаа болж болохгүй.
One reply on “Б.Жаргалсайхан: Төрийн гурван өндөрлөг улс орноо бодоод түр ч болтугай эвлэрсэн нь дээр”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru