Ард түмэндээ “Хасар” Жагаа гэж хүндлэгдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхантай ярилцлаа.
-Таныг Чингис хааны тухай олон ангит кинонд тоглоно гэж сонслоо. Урд хөршийн уран бүтээлчидтэй хамтарна гэв үү?
-Урд хөршийн уран бүтээлчидтэй хамтран Чингис хааны тухай өгүүлэх 66 ангитай олон ангит уран сайхны кинонд тоглохоор болсон. Киноны бэлтгэл ажил урагштай сайхан бүтэж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард киноны хамтрагч, түншүүдтэйгээ уулзаж, гэрээнд гарын үсэг зурсан бол сая наадмын өмнө урд хөршийг зорьж, хамтрагчидтайгаа киноныхоо үндсэн зохиолыг ярилцаад ирлээ. Сая наадмын нээлтээс эхлээд наадам зохион байгуулах ажлууд хийгээд завгүй өнгөрүүллээ. Чингис хааны тухай кино маань ирэх жилийн өдийд буюу долдугаар сараас эхлэн кино зургандаа ороод явчихна. Олон ангит кино хийнэ гэдэг чинь нөр их хөдөлмөр. Тийм болохоор энэ төсөл дээрээ л гол анхаарлаа хандуулж байна. Гэхдээ энэ намартаа багтаж нэг кино хийх төлөвлөгөө бий. Зохиолоо бэлэн болгочихсон.
-Чингисийн тухай зарим киног харахад түүхэн үнэнээс зөрсөн, хэт уран сайханжуулсан, эсвэл бүр эсрэг утгаар хийчихсэн анзаарагддаг. Сүүлд гэхэд Бодровын Чингис хаан нэлээд шүүмжлэл дагуулсан. Таны тоглох кинонд Их Монголын түүхийг яаж гаргах бол?
-Кино уран бүтээл маань судалгаан дээр суурилах учраас Монголын агуу соёл, ёс, өв уламжлалыг их гоёор дүрслэн харуулах болно. Баасан жүжигчний тоглосон 30 ангит Чингис хаан киног үзэхэд сайхан байсан л даа. Дажгүй ч уран бүтээл болсон. Хэдий тийм ч тэр үеийн их соёл, уламжлалын жинхэнэ төрхийг харахад жаахан бэрх. Адаглаад үс гэзэгний засалт, хувцасны байр байдлыг нь ажиглахад дутагдалтай талууд харагдаж байсан. Түүхэн киноны бүх зүйл нь цогц байх ёстой. Бидний хийх гэж буй Чингисийн тухай киног дэлхийн хүмүүсийн хүсэн хүлээж үздэг “Хаан ширээний тоглоом” цуврал кинотой адил болно гэж би хувьдаа төсөөлж байгаа. Үүнийг амжилттай хийж чадвал Монгол киночид гадны зах зээлд гарах маш том боломжийг нээж өгнө. Мөн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн газруудад зураг авалтаа хийх учраас аялал жуулчлалын салбарт хувь нэмэр болох байх гэж бодож байна. Гадны нэр хүндтэй мэргэжлийн сайн уран бүтээлч нартай хамтран хийж байгаагаараа бас онцлогтой. Судалгааг маш сайн хийсэн. Энэ сэдэв өөрөө их хүнд. Хөнгөн хуумгай зүйл огтхон ч хийж болохгүй айхавтар чадвар шаардсан сэдэв л дээ. Судлаад үзэж байхад монголчууд бидний оршин тогтнож байгаагийн гол учгийн нэг нь эртний монгол угсаатнууд үндэснийхээ соёл урлагаа машид дээдэлж хадгалж ирсний ач гавьяа гэдэг нь харагдсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх урлагийн төлөөллийнхнийг хүлээн авч уулзахдаа яг энэ тухай ярьж хэлж байсан. Түүх сөхвөл Их Юань улсыг Хубилай хаан удирдаж байхдаа 500 хүний бүрэлдэхүүнтэй төрийн их найрал хөгжмийг бий болгож байсан гэдэг. Ер нь өв соёл, урлагаа дээдэлсэн улс үндэстнүүд л хүчирхгээр оршин тогтнож, газрын хөрснөөс хэзээ ч арилахааргүй ул мөрөө бат сайн үлдээж чаддаг юм байна. Тухайлбал, олон зуун жилээр Монгол, Хятадыг эзэлж, эрхшээлдээ байлгасан Манж Чин улсын тухай өнөөдөр ямар ч ул мөр үлдэлгүй газрын хөрснөөс арчигдсан мэт үгүй болсон. Үндэсний гэгдэх хэл байсан манж хэлийг одоо мэдэх хүн гарын хуруунд тоологдох үгүйтэй үлдсэн.
-Монголчууд бид эртний сайхан өв уламжлал, ёс заншлаа гээгээд байгаа юм биш үү гэсэн бодол төрдөг шүү. Ялангуяа цахим орчин дахь хар бараан агуулгатай гүтгэж доромжилсон сэтгэгдэл, коментууд…?
-Цахим орчинд түгж байгаа мэдээллээс харахад хүмүүс аль болох л нэг нэгнээ өөнтөглөж, атаархах хандлагатай байгаа нь анзаарагддаг. Үүнийгээ дагаад нийгмийн хандлага ч өөрчлөгдөх болсон. Зарим хүмүүсийг хараад байхад их өөдгүй юмаа. Хийж, бүтээж байгаа нэгнээ доош нь дарах гэж хамаг алтан цагаа барж байгаа нь эмгэнэлтэй. Хүнийг муулж, хорлолоо гээд тийм үйлдлийг гаргасан хүн өөдлөх нь юу л бол. Уг нь шүүмж гэдэг чинь дан харлуулахыг хэлдэггүй. Шүүмж гэдэг бол магтаал зэмлэл зэрэг багтдаг эд. Биднийг залуу байхад шинээр тавигдаж байгаа бүтээл дээр судлаачид зоригтойгоор, хурц шүүмжилдэг байсан. Бүр дүр болгон дээр нь тусгайлан ярьж, тухайн жүжгийг бүхэлд нь тодорхойлж алдаа оноог нь цэгнэж хэлдэг байлаа. Тэр дундаас уран бүтээлчид өөрсдийгөө олж хардаг байсан. Ингэж алдаа оноогоо мэдээд түүнээсээ суралцахаар цаашдын уран бүтээл нь ч улам чанарждаг сайн талтай. Сүүлийн үед соёл урлагийн байгууллагуудад кино, драмын чиглэлээр мэргэшсэн шүүмж, судлаачид хомс болжээ.
-Таныг урлагт хөл тавихад тусалж дэмжсэн алтан үеийн жүжигчид гэвэл их л мундаг хүмүүсийн нэр дуулдах байх даа?
-Урлагт амьдралаа зориулахаар эргэлт буцалтгүй шийдсэн үе бол 1982 он. Москвагийн театр урлагийн сургуулийг 1987 онд төгсөж ирээд Улсын драмын эрдмийн театрын мэргэжлийн жүжигчнээр ажиллаж байлаа. Тэр үед Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, гавьяат жүжигчин Лха.Долгороос эхлүүлээд алтан үеийн ахмад уран бүтээлчид ид уран бүтээлээ хийж байсан цаг. Театртаа анх очоод, 20 номерын өрөөнд орж Г.Гомбосүрэн гуайн суудаг ширээн дээр дэвтэр, номоо анхлан тавьснаар ажлын гараагаа эхэлж байсан минь одоо ч санаанд минь зураг мэт тод байдаг. Агуу мундаг жүжигчид, найруулагчдаас шинэ залуу үеийн бидний хэдэн жүжигчин сүрдэнэ гэж жигтэйхэн. Коридороор явахад нь малгайгаа авч байгаад мэндчилнэ, зогсож байгаад өнгөрөөж явуулах гэх мэтээр хүндэтгэлтэй их харьцдаг байсан шүү. Тэд маань биднийг шүүмжилнэ, магтана, зэмлэнэ. Хүндлэл агуулсан тэр сайхан уламжлал одоог хүртэл хадгалагдаж байна. Миний хувьд, алтан үеийн болон дунд үеийн бүхий л уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан нь хожим их үнэтэй сургууль болсон мэт санагддаг.
-Дүр бүтээж байхдаа би үүнээс л гажиж болохгүй гэсэн хатуу шаардлага байна биз?
-Миний хувьд тайзан дээр дүр амилуулж байх хугацаандаа өчүүхэн жижиг ч хамаагүй нэг ч алдаа, дутагдал гаргахгүй шүү, үзэгчдэдээ эвгүй сэтгэгдэл төрүүлж болохгүй гэсэн шаардлагыг өөртөө тавьдаг. Гаргасан алдааг маань үзэгчид анзаараагүй өнгөрч болох ч хэзээ ч тэгж болохгүй гэсэн хатуу шаардлагыг өөртөө тавьсаар ирсэн дээ. Хэрэв тухайн дүрийг амилуулж л байгаа бол хамгийн төгс хувилбарыг л бүтээх ёстой. Түүнээс биш “сайн” эсвэл “дажгүй” гэсэн үг огт байхгүй.
-Таны хань сайн жүжигчин. Танайхаас часхийсэн жүжигчин гараад ирэх болов уу гэсэн хүлээлт олон үзэгчдэд байсан байх. Хүүхдүүдээ жүжигчин болгоё гэж зорьсонгүй юу, эсвэл хүүхдүүд чинь өөр мэргэжил сонирхчихов уу?
-Уг нь бид хоёр хүүхдүүдээ жүжигчин болгохгүй гэж боддог байсан юм. Урлаг ямар хатуу билээ, ямар их золиос шаарддаг гээд тулгарч болох бүх бэрхшээлүүдийг дэндүү сайн мэдэрчихсэн болохоор болгохгүй гэж боддог байлаа. Тэгсэн хэдий ч өлгийтэй байхаасаа л театрт өссөн хүүхдүүд өөр юм билээ. Хоёр том маань урлагийн хүмүүс болно гэсэн ч ятгаад болиулчихсан. Гэхдээ одоо бага охин маань жүжигчин болохоор бүр мөсөн шийдчихлээ. Аав, ээжийнхээ үгэнд орохгүй гөжүүдлээд байгаа. Бүр аль дөрөвдүгээр ангид байхдаа нэг өдөр бид хоёрт “Би нэг мөсөн шийдлээ. Тэгэхээр надад сурах зүйл их байна. Бүжиглэж, дуулж, хөгжим тоглож сурах хэрэгтэй байна. Энэ бүгдийг эзэмшихэд одооноос дугуйланд явах хэрэгтэй. Мэдэж байгаа биз дээ” гэж хэлээд аав, ээжийгээ ангайлгаж байсан удаатай. Ирэх намар ахлах сургуулийн арванхоёрдугаар ангид орно. Төгссөнийх нь дараа л хэрхэхээ шийднэ дээ.
-Танай гэр бүл урлагаас гадна хувийн бизнес эрхэлдэг үү?
-Найз нөхөдтэйгөө нийлээд элдэв зүйл хийдэг. Гэхдээ гол ажил нь мэдээж театр, урлаг шүү дээ. “Монголын кино урлагийн наадмын холбоо” ТББ-тай. Түүгээрээ дамжуулаад зарим ажлуудыг хийдэг. Түрүү жил гэхэд Хөх хотод “Монголын соёлын өдрүүд”-ийг хамтран зохион байгуулсан. Энэ есдүгээр сард Өмөнд Монголынхон манай оронд ирж соёлын өдрүүдээ зохиохоор болсон. Үүнээс гадна ирэх жил олон улсын чанартай кино наадам зохион байгуулахаар ажилдаа орчихсон явж байгаа. Манай уран бүтээлчид киноны найруулагчид, зохиолчид дунд үнэхээр чадварлаг залуус бий. Цаашдаа Монголын кино драмын урлагийг гадагшаа гаргахад чиглэсэн уран бүтээл туурвиж ажиллана. Тиймдээ ч хамгийн сайн гэсэн техник болгоныг ашиглан, туршлага солилцох зорилгоор 66 ангит киног бүтээж байна.
-Урлагаас төрсөн сайхан хосуудын нэг бол Уранаа жүжигчин та хоёр. Сүүлийн үед гэр бүлийн үнэ цэн алга болсноос үүдэж салалт ихэслээ гэж их ярьж бичиж байна. Таныхаар гэр бүлийн үнэ цэн гэж юу вэ?
-Гэр бүл гэдэг чинь улс үндэстэн тогтнохын хамгийн анхны нэгж. Юу ч тохиолдсон хэн хэнээсээ нуулгүйгээр сайн муугаа ярьж, хэлэх нь зөв. Тэгэхгүйгээр юмаа нууж хаагаад байвал эцэстээ тэр нь бие биеэсээ алсарч холдохын шалтгаан болдог. Гэр бүл салалтаас гадна, хүчирхийллийн тухай асуудал маш их хөндөгдөж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард манай “Кино урлагийн холбоо” “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” гэсэн уриатай Гэр бүл, хүүхэд залуучуудын газар болон Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Хайрлахын учир” жүжиг хийсэн. Энэ жүжиг залуу эцэг эхчүүдэд эерэг ойлголт өгсөн жүжиг болсон. Хүүхдүүд үзчихээд их эмзэг хүлээж авсан байсан. Тиймээс гэр бүлийн тогтворгүй байдал нь үр хүүхдээ сонсдоггүй, нэгнээ хүндэлдэггүй байдлаас үүдэлтэй гэж харж байгаа юм. Хэний ч анзаарахгүй зүйлээс л гэр бүлийн хүчирхийлэл үүсэж байдаг.
-Их сургууль төгсөж ирээд удаагүй байхад чинь нийгэм солигдсон. Зах зээлийн шилжилтийн хэцүү үед жүжигчнээрээ ажиллаж театртаа үлдье гэсэн шийдвэр гаргасан цөөхөн хүмүүсийн дунд та хоёрын нэг багтдаг. Тухайн үед бизнес хийе, наймаанд явъя гэсэн бодол төрж байв уу?
-Жүжигчин болоод орж ирэхэд мэдээж “сайн жүжигчин болно” гэдэг бодол толгойноос салахгүй дагадаг байсан. Учир нь жинхэнэ урлагийн агуу том ертөнц болох Орос оронд мэргэжил эзэмшиж ирчихээд түүнийхээ үр дүнг үзүүлэх ёстой гэж бодсон хэрэг. Тэр үед нийгэм өөрчлөгдөн зах зээлд шилжээд бүх салбарынхан амьдралаа бодон тараад алга болсон. Уранаа бид хоёр ч гэсэн төгсөөд удаагүй байсан цаг л даа. Вагонд суугаад эргээд Орос руу явчихад болохгүй юм байгаагүй. Хэл усыг нь ч мартаагүй, тэр үеийн ахуй амьдралаа ч сайн мэддэг байсан. Гэсэн ч бид хоёр буцаж яваагүй. Аав ээж гэр бүлийнхэн маань “Та хоёр төгсөж ирээд хоёр, гуравхан жил болж байна. Яах гэж тэр том сургуульд сурч, төгссөн юм. Ямар ч байсан мэргэжлээрээ ажилла. Та хоёрыг бид хэд хоёр идэж, хоосон хонуулахгүй байлгана, ажлаа л хий” гэж байсан. Хэлснээр нь явсан, буруудаагүй.
-Та ямар дүрд тоглохыг хүсдэг байсан бэ, хүслээ биелүүлж чадсан уу?
Хэцүү нийгэм байсан болоод ч тэр үү анх сургуулиа төгсөөд би тийм дүрд тоглоно, ингэнэ гэсэн агуу их хүсэл мөрөөдөл байгаагүй. Голж шилэлгүй олдсоныг нь л шүүрч авдаг байлаа. Өөрийгөө задалж, найруулагчдад хэн бэ гэдгээ таниулахыг зорьж байсан юм. Хамгийн анх 1987 онд “Хүний хүн” кинонд тоглож байсан. Тэгэхэд надад дүр сонин биш байсан шүү. Өөрт оногдсон Бадарч гэдэг залууг яаж амилуулах вэ гэдэгт л анхаарч явсан. Тэгж хичээсний дүнд энэ дүр тодорхой хэмжээнд хүмүүст хүрсэн болов уу гэж боддог. Киноны сэдэв нь ч гэсэн тухайн цаг үеийн хүмүүст нэлээд таалагдсан. Зөв цаг үедээ бүтсэн кино. Одоо бол хийх ёстой зүйлсийнхээ ихэнхийг нь биелүүлчихсэн болохоор том зүйл бодож болно. Папанов гэх агуу жүжигчин байдаг, мэдэх үү?
-“Ну погади”-гийн дууг оруулсан Папанов уу?
-Тийм. “Эрдэнэ өмссөн гар” зэрэг кинонд бас тоглосон. Тэр агуу Папанов бол миний багш. Багш маань инээдмийн, хошин урлаг дагнан тоглодог байсан. Нэг өдөр багш маань “Би насаараа “Лир ван”-д тоглох юмсан гэж бодож, мөрөөддөг байсан. Би бүр “Лир ван”-ы бүх үгийг цээжилчихсэн байгаа. Даанч найруулагчид намайг Лир Вангаар харахгүй юм. Ёстой тэнэг хүмүүс байгаа биз” гээд инээж билээ. Ямар ч байсан багшийнхаа хүслийг биелүүлж Лир Вангийн дүрийг тайзнаа дахин амилуулмаар байна. Манай театрт энэ жүжиг 1960-аад онд анх тавигдаж байхад, жүжигчин Гомбосүрэн гуай жүжгийн гол дүрийг амилуулж байсан юм.
-Баатар найруулагч таныг Лир вангаар төсөөлдөг, Жаргалсайханаас өөр хэн ч энэ дүрийг амилуулж чадахгүй гэсэн утгатай үгийг амьд сэрүүндээ хэлж суухыг сонсч байсан шүү…?
-Талийгаач найруулагч Баатар бид хоёр энэ талаар хоёр жил гаруй ярилцаж байсан юм. Харамсалтай нь саяхан бурхан болчихлоо. Гэхдээ ямар ч байсан энэ дүр миний толгойноос гарахгүй. Ямар ч байсан ойрын хоёр гурван жилдээ багтаад энэ дүр биеллээ олж, амьдрах болно.
-Та монголчуудад Хасарын дүрээрээ мөнхөрчихсөн жүжигчин. Хасар яг л ийм хүн байсан болов уу гэсэн мэдрэмж төрөхөөр хүчтэй, гоё гаргасан дүр. Хасарын дүрийг бүтээж явсан цагийнхаа талаар ахин нэг дурсаач?
-1988 онд Доржсамбуу найруулагч “Чингисийн тухай кино хийх гэж байгаа чи очиж шалгаруулалтад оролц” гэж Балжинням найруулагч руу хэлсэн байдаг юм. Тухайн үед би спортоор хичээллэдэг, бөх барилддаг том биетэй хүүхэд байлаа. Шалгаруулалтаа өгчихөөд намар нь баригадаар хөдөө явж байтал “Жаргалсайханыг үсээ авахуулж болохгүй шүү “Хасар”-ын дүрд тэнцсэн гэж хэлээрэй” гэж сумын төвийн холбоогоор дамжуулж хэлүүлсэн байсан. Сонсонгуутаа бөөн баяр болж байгаа юм чинь. Тэгээд л өөрийгөө бэлдэж эхэлсэн. Тэр зун нь зураг авалт эхэлсэн. Анхны зураг авалтаар Хасар тэргэнд хүлүүлээд ташуурдуулдаг хэсгийн авч байлаа. Тэгээд кино маань гараад дууссан. Нэг мэдсэн намайг “Хасар” Жагаа гэж дууддаг болчихсон байсан. Бүтээсэн дүрээрээ овоглуулаад явна гэдэг жүжигчин болгонд олдоод байх боломж биш. Эхэндээ их ичдэг байлаа. “Хасар” гэхээр л нүүр улайгаад, цус хөөрөөд сонин болчихдог байсан. Харин одоо бол “Хасар Жагаа” гэж дуудахгүй л бол барагтай эргэж харахгүй шүү (инээв). Гэхдээ их сонин. Арванхоёрдугаар сарын нэгэн гараад ирэхээр “Хасар Жагаа” юу гэж утастдаг байсан хүмүүс “Өвгөн Жагаа мөн үү” гээд л ярьдаг юм. Гомбосүрэн гуайгаас хойш 14 жил тасралтгүй шинэ жил болгоноор өвлийн өвгөн болсон болохоор тэр байх.
З.СУВД