БНН-ын дарга Б.Жаргалсайхан сүүлийн 15 жил АН, МАН халамжийн бодлого хэрэгжүүлснээр залуучууд ажил хийх сонирхолгүй болсон гэж үзэж байна. Түүний үзэж буйгаар дээд сургуулиудыг хааж, Ерөнхий боловсролын сургуулиудын дэргэд мэргэжил олгох танхимуудыг нээх ёстой гэнэ.
-Шинэ Засгийн газар ямар бүтэцтэй байгаасай гэж үзэж байна?
-Шинэ хуучин Засгийн газар гэж ярих хэрэггүй дээ. УИХ дахь МАН-ын 65 гишүүнтэй бүлгийн Засгийн газар л байгуулагдана. Шинэ хуучин гэх ялгаа байхгүй байх аа.
-Тэгээд яах ёстой гэж?
-Хамгийн гол нь Засгийн газрын үйл ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй. Эрх баригч нам зорилго, зорилтоо тодорхой болгох хэрэгтэй байна шүү дээ.
-Сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөр гээд олон баримт байгаа шүү дээ?
-Сонгуулиар амласан бүх зүйлээсээ МАН татгалзсан. Сонгуулиар хэт бэлэнчлэх сэтгэлгээтэй амлалт өгсөн. Залуучуудыг “Та нар амаа ангайгаад л сууж бай. Бид бүхнийг бэлдээд өгнө” гэж амлаа биз дээ. Амттай хоол, дулаан хувцас, сайхан тохилог байр гээд бүх зүйлийг амалсан.
-Гэхдээ хэрэгжүүлээгүй учраас Засгийн газар нь унасан.
-Тэгсэн. Тэдний амлалт хэрэгжих үндэс байхгүй. Засгийн эрхэнд хэн ч гарсан ийм амлалтыг хэрэгжүүлж чадахгүй. Хэрэгжих ямар ч үндэслэлгүй юм амалсан.
-МАН зүүний нам гэдэг биз дээ.
-Юун тэр зүүн, баруун үзэл тийм юм байхгүй. Сүүлийн 15 жил МАН, АН хоёр халамжийн бодлого л хэрэгжүүлсэн. Залуучуудыг зүгээр суулгах, ямар ч мэдлэг чадваргүй дипломтой болгох л бодлого хэрэгжүүлсэн. Ямар ч хэрэггүй дөрвөн жил сурсан нэртэй цаг, мөнгөө үрчихээд гудманд ажилгүй, мөнгөгүй тэнэж яваа залуусыг ямар боловсролтой гэхэв дээ. Эрх барьсан гээд байгаа намуудын хэрэгжүүлсэн халамжийн бодлого чинь залуусыг ажил хийх дургүй болгочихлоо.
-Та оронд нь юу санал болгох вэ. Ажлын байр байхгүй гэсэн юм л ярьдаг шүү дээ.
-Монголд маш их ажлын байр байгаа. Төрийн бодлого буруу учраас л ажил хийхгүй байна. Өнөөдөр нийслэлд 170-аад мянган оюутан байна.
-Тэднийг яах ёстой гэж?
-Хулхины, хүний мөнгө саачихаад ямар ч мэдлэг мэргэжил олгож чадахгүй байгаа энэ олон дээд сургууль нэртэй юмнуудыг хаах хэрэгтэй.
-Оронд нь юу байгуулах вэ?
-Хөдөө орон нутаг, хотод байгаа Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт сүүлийн хоёр жилд нь мэргэжил эзэмшүүлдэг болгох хэрэгтэй байна. Залуучууд Ерөнхий боловсролын сургууль төгсөхдөө ямар нэгэн мэргэжлийн чиг баримжаатай болчихвол өөрсдөө ажил хийгээд явчихна. Өнөөдөр Ерөнхий боловсролын сургуульд эцэг, эхээрээ тэжээлгэчихсэн дээрээ дахиад 4-5 жил дээд сургуульд сурсан нэртэй тэжээлгэнэ. Төгсчихөөд дахиад л ажилгүй. Дахиад л тэжээлгэнэ. Ийм тогтолцоо хэнд хэрэгтэй юм бэ. Эх оронд ч, хувь хүнд ч хорлонтой ийм тогтолцоо үүсчихээд байна. Ийм нөхцөлд хөгжих, амьдралаа дээшлүүлэх боломж хэнд ч байхгүй. Одоо ажилгүй байгаагаа гавьяа юм шиг гайхуулдаг залуус олширлоо. Тэгээд залуус ажил хийхгүй бол хэн ажил хийж, улс орон хөгжих болж байна. Харин хөгшчүүл нь аар саар юм хийж хэдэн төгрөг олох гээд чармайж байхад залуус нь ажилгүй байж үнэтэй гар утас хөөцөлдөөд л явж байна.
-Сургуулийн үеийн хүүхдүүдийг мэргэжилтэй болгох боломжтой юу?
-Хүсвэл зохион байгуулж болно. Хуучин хөдөлмөрийн хичээл гэж ордог байхад хүүхдүүд маш их зүйл суралцдаг байсан. Аав, ээжийгээ дагаад сургуульд байхдаа мужаан, оёдолчин болчихсон хүүхдүүд зөндөө л байсан. Тэд хэнээс ч, юу ч гуйхгүйгээр амьдралаа аваад явчихдаг. Одоо Ерөнхий боловсролын сургуулиудын дэргэд хөдөлмөр, сургалтын кабинетуудыг яаралтай байгуулах хэрэгтэй. Үтэр түргэн зөв, буруу гэж маанагтаж цаг алдах хэрэггүй. Хэдий хурдан байгуулна, төдий чинээ үр ашгаа эрт өгнө.
-Та дипломыг л ад үзээд байх бололтой юм.
-Би дипломыг ад үзээгүй. Ганцхан диплом нь дипломын нэрэндээ тохирсон мэргэжил эзэмшүүлж чадахгүй байна. Баахан мөнгө сааж, хэдэн жилийг алдуулчихаад нэг диплом нэртэй хавтас өгнө. Түүнийг нь хэн ч тоож харахгүй. Тэгээд л ажилгүй яваад байгаа хүнийг ямар ч диплом амьдралд нь залгуулж чадахгүй байна.
Тийм болохоор диплом өвөртөлчихөөд нэг дарга олоод хийчих санаатай залуусаар дүүрлээ. Дан даргаас бүрдсэн улс орон болчих гээд байна. Гэтэл өнөөдөр хөгжих гэвэл мэргэжлийн ажилчид, жишээлбэл малчин ногоочин, тракторчин, гагнуурчин, барилгачин гээд мэргэжлийн ажилчид маш их дутагдаж байна. Энэ мэргэжлийг эзэмшсэн залуус хэнээс ч дутахгүй сайхан амьдралаа төвхнүүлэх боломж байна. Юу хоосон дипломтон. Тэр дипломгүйгээр ямар ч өндөр цалин авна. Өнөөгийн боловсролын систем нь Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн л бол ямар нэгэн дээд сургууль нээлттэй бусад нь хаалттай. Хэрэв сургуульд байхдаа мэргэжлийн чиг баримжаатай болчихсон бол ямар ч байгууллагад ажилд ороод багахан хугацаанд нарийн мэргэжлийн мэргэжилтэн болчихно. Нэгэнт мэргэжилтэй болчихвол ямар ч компани мэргэжилтнээ алдахгүйн тулд сайн цалин өгнө. Залуус ингэж л хоолондоо хүрдэг. Гэтэл манайд шал эсрэг тогтолцоо үйлчлээд байна.
-Та Засгийн газарт ямар зөвлөгөө өгөх вэ?
-Нийгмийн тогтолцоо энэ хэвээрээ үлдвэл хэдэн ч Засгийн газар солиод нэмэргүй. Ажил хийдэг хүн байхгүй бол ямар ч Засгийн газар гарч ирээд хэрэггүй биз дээ. Нэгдүгээрт дээд боловсролын тогтолцоогоо өөрчил, хэдэн том сургуулиудаа авч үлдээд, баахан жижиг дээд сургууль нэртэй юмнуудаа хаачих. Яваандаа өөрсдөө хаана юу хийхээ залуус сонгоод эхэлнэ.
-Манай улсын эдийн засаг ямар байна гэж харж байна?
-Сүүлийн 15 жил Монгол Улс, хувийн хэвшил, хувь хүн нийлээд 27 тэрбум ам.долларын өрөнд орчихоод байна. Намуудын иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд дасгасны гай. Одоо бид яаж ч донгодоод хэн ч, юу ч бидэнд өгөхгүй.
-Одоо бид яах ёстой вэ?
-Өөрсдөө амаа биш гараа хөдөлгөж амьдрах хэрэгтэй. Гаднаас аль болох бага юм ав. Түүхий эд биш, бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагшаа гарга. Бүр гүнзгий боловсруулалт хийх хэрэгтэй.
-Хөрөнгө шаардагдана даа.
-Мөнгө, хөрөнгө ярилгүйгээр хийчих маш их ажил байна. Зүгээр л бэлэн юм нэхээд суугаад байгаа байхгүй юу. Төр нь энэ зам руу иргэдээ турхираад, чихээд байна. Мөнгөгүй маш олон ажил болно. Хамгийн наад зах нь хүнсний ногоо гаднаас оруулахаа больчих. Комиссын хувцас оруулахаа боль. Зөвхөн энэ арга хэмжээг авчихад маш олон ажлын байр үүснэ. Энд ямар хөрөнгө шаардлагатай юм. Нэг дарга таван минут суугаад хэдэн үг бичээд тамга дарахад л болоо биз дээ.
-Дэлхийн худалдааны байгууллага хориглодог гэдэг биз дээ?
-Дэмий ярихаа боль. Тэр байгууллага чинь тэгээд бидэнд ажлын байр гаргаж өгөөд, биднийг тэжээх юм уу. Тийм юм байхгүй. Зүгээр Засгийн газар ард түмнийхээ өмнө л хариуцлага хүлээ. Зүгээр л энэ их баялгаа ашиглаад гуравхан сая иргэнээ гайгүй хооллочих чадал Засгийн газарт байх хэрэгтэй. Хэнээс ч, юу ч гуйхгүйгээр сайхан амьдрах боломж монголчуудад байна. Ганцхан төр нь жаахан ард түмэндээ өөриймсөг хандах хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр Засгийн эрх барьж баахан идэж аваад явдаг хоноцын сэтгэлгээгээ л больчих хэрэгтэй. Энэ бүхнийг хийхэд хэр мөнгө орно гэж бодож байна. Мөнгө орохгүй л байхгүй юу.
-Ногоо, хувцсыг хаачихаар бид өөрсдийгөө хангаж чадах уу. Комиссын хувцас үйлдвэрлэлд тийм их нөлөөлж байна уу?
-Өмнө нь ногоогоор өөрсдийгөө хангадаг байсныг та мэднэ биз дээ. Комиссын хувцас маш ихээр орж ирж байна. Энэ чинь хичнээн оёдолчны ажлын байрыг булааж байгааг мэдэх үү. Зүгээр хаагаад үз. Олон онол хэрэггүй. Энэ бүхнийг хийчих улс төрийн хүчин өнөөдөр алга л байна шүү дээ. Тэгсэн мөртөө нэг их ард түмэн, эх орныхоо өмнөөс зүрхээ маажаад л, матрын нулимс унагасан юмнууд өөрсдийгөө улстөрч гээд л давхиад байгаа байхгүй юу. Одоо намар болж байна. Баахан хятад ногоо оруулах гээд цаадуул чинь бэлдээд сууж байгаа.. Хятад ногоо шороотой хутгаж байгаад л монгол ногоо гэж зарах бэлтгэлээ хийгээд сууж байгаа цаадуул чинь.
-Улстөрчид энийг хийнэ гэж үү?
-Өөр хэн хийх юм. Ногооны ченж ногоо оруулах шийдвэр гаргачихаад өөрсдөө зөөдөг гэж бодоод байгаа юм уу. Тийм биш дээр сууж байгаа дарга нар л оруулах шийдвэр гаргадаг биз дээ. Дотооддоо үйлдвэрлэдэг бүх зүйлийг гаднаас оруулахгүй байх шийдвэр гаргах хэрэгтэй. Элдэв олон долоон тайлбар ерөөсөө хэрэггүй. Шууд ийм шийдвэр гаргаад хар. Энэ ажилгүй гээд байгаа залуус чинь цөмөөрөө ажилтай болно. Цөм татвар төлөгч болно.
-Сая Ерөнхийлөгч Х.Баттулга ийм санал дэвшүүлсэн. Тэр олон зуун мянган хувцсыг дотооддоо үйлдвэрлэх чадавх бий юу?
-Бүх юмыг болохгүй талаас нь хараад байвал юу ч бүтэхгүй. Ямар ч амжилт гарахгүй. Хийгээд үзэхийн оронд дээшээ харж хэвтэж байгаад л, ямар нэгэн бүтэхгүй, болохгүй гэсэн санаа олдог монголчуудын заншил болчихсон. Тэгээд түүнийгээ жигтэйхэн онолжуулаад, ертөнцийн эцсийн үнэн юм шиг балайраад эхэлнэ. Өөрсдөө ажил хийхгүй. Бусдыг ажиллахгүй байхыг уриална. Нэг л их онол ярьсан улсууд. Хэн ажил хийх болж байна. Мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа улсуудыг хар. Ихэнх нь онол ярьсан улсууд. Одоогийн бидний эдийн засаг барааны зах л болчихоод байна. Эрээний бараа борлуулагчдаар дүүрлээ. Үүнийгээ зогсоох цаг нь болсон. Сүүлийн 20 жил монголчууд хятад барааны борлуулагч хийлээ. Одоо өөрсдөө үйлдвэрлэгч болох хэрэгтэй. Ийм боломж бүрэн дүүрэн байна.
-Комиссын барааг хаахаар хувцасны үнэ өсөх үү?
-За. Би танд захын жишээг хэлье. Дундад Азид даавууны үйлдвэрлэл маш сайн хөгжсөн. Тэндээс маш хямд даавуу оруулж ирж болно. Хэдэн оёдлын машины асуудлыг захын хүн шийдчихэж чадна. Энэ танд үлгэр мэт сонсогдож байна уу. Би онгоцны буудал, сансрын буудал барих тухай яриагүй байна. Зүгээр ажлын байрыг хамгийн хялбар, дөт замаар шийдэх тухай ярьж байна.
-Саяхан ОХУ-ын Находка боомтоор нүүрс гаргах тухай санал гарсан. Энэ тухай та ямар бодолтой байна?
-Оросуудтай тарифын талаар сайн тохиролцох хэрэгтэй. Одоогийн тээврийн тарифаар нүүрс тээх нь хэцүү. Ер нь бол хойгуур нүүр гаргах асуудал хүндрэлтэй. Өвөл Находкагийн боомт хөлдөнө. Гэхдээ ямар ч байсан нэг гарц нэмж байгаа нь хэрэгтэй л дээ. Өнөөдөр эрчим хүчний нүүрс 200 доллар байна. Гэтэл хятадууд ганц гарцтайг далимдуулаад маш хямдаар, өөрсдийн хүссэн үнэ тулгаж байна. Тиймээс хоёр дахь гарцтай болох нь зөв л дөө.
-Бид энэ нүүрсээ дараад л хэвтээд байх нь зөв үү?
-Юу нь зөв байдаг юм. Худлаа том том юм яриад дээгүүр сэвээд байгаа улстөрчдөөс л болоод хөдлөхгүй байгаа биз дээ. Бид том компаниудтай ярих хэрэгтэй. Хамтрах талаар гуйх хэрэгтэй. Тэртээ тэргүй орос, хятадаар дүүрэн нүүрс байгаа. Бидэнтэй бидэнгүй нүүрс шаардлагатай орнууд өөр газраас хангалттай нүүрсээ авчихна. Тэд бидний нүүрсээр дутахгүй. Бид л тэдэнд зарж чадахгүй хоосон үлдэнэ. Биднийг энд онол ярьж пээдэлзсээр байтал нүүрсний акул компаниуд нэгдэж, том уурхайнууд нээж байна. Индонез, Африкт коксжсон нүүрний маш том уурхайнууд нээгдэж байна. Бүх хөрөнгө, технологи, техник тоног төхөөрөмж тэдний гарт байна. Тэд биднийг ирж гуйгаад, сөгдөнө гэж бодож байна уу. Хэн биднийг тоох юм. Бид очиж гуйх ёстой байхгүй юу.
-Улстөрчид л буруутай юу?
-Манай улстөрчид гэж үрэлгэн зантай юмнууд л байна шүү дээ. Эрдсийн үнэ өсөхөөр нэг их юм амлаад эхэлнэ. Үнэн хэрэгтээ үнийн өсөлтөөс тийм их юм орж ирдэггүй юм шүү дээ. МАН, АН-ыг морь унасан толгойгүй хүн гээд ойлгочих, за юу.
-Сүүлийн үед авлигатай тэмцэх ажил жаахан урагшилж байна уу?
-Өө тийм үү. Ямар сайхан мэдээ вэ. Би бол авлигатай энэ хоёр нам тэмцэж чадахгүй гэж бодож байна. Авлигачин гэдэг чинь энэ хоёр намд л байгаа шүү дээ. Тэд сайн дураараа өөрсдийн халаасыг ухна гэж бодож байна уу. Үгүй дээ.
-Та АН-д орсон бил үү?
-Үгүй, үгүй. Би хамтарч ажиллах гэж орилоод бүтээгүй шал хэрэггүй юм билээ. 2020 оны сонгууль хүртэл нэг их юм өөрчлөгдөхгүй байх аа.
-2020 онд улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөх үү?
-АН, МАН-д л битгий саналаа өг.
-Өөр хэнд өгөх вэ?
-Залуучуудад. Энэ хоёр намд л өгөхгүй бол юм өөрчлөгдөнө.
-Энэ намуудыг орлох нам гарч ирэх үү?
-Энэ хоёр намд саналаа өгөхгүй бол гараад л ирнэ.
Х.БАТТӨГС
6 replies on “Б.Жаргалсайхан: Нийгмийн тогтолцоо энэ хэвээрээ үлдвэл хэдэн ч Засгийн газар солиод нэмэргүй”
Для игры на iOS скачать 1xslots на айфон — лучший выбор.
Изучите механику игры, используя лаки джет демо счет для бесплатной тренировки.
Мобильные ставки доступны каждому — просто скачайте приложение БК и начните выигрывать прямо сейчас
Загрузите скачать Lucky jet и приступайте к игре, где каждый ход важен.
Play your favorite casino games on 888Starz Pakistan and win with exclusive bonuses.
Descarga la 1xslot app y juega a tus juegos favoritos de casino en tu movil.