АН-ын дэд дарга Б.Жаргалантай ярилцлаа.
-Таныг УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин гэдгээр олон нийт мэддэг. Саяхан АН-ын дэд даргаар сонгогдлоо. УИХ-ын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан маш хариуцлагатай ажиллах шаардлага үүсч байгаа болов уу. Дэд даргын хувьд эхний ээлжинд ямар ажлууд хийх вэ?
-Миний хувьд улс төрд эрт орж ирсэн. Өнгөрсөн хугацаанд бие даасан улс төрийн карьерээ эхлүүлээд явж байлаа. Ялангуяа эмэгтэйчүүдийн байгууллага, залуучуудын байгууллагад түлхүү ажилласан. Мэдээж аавын минь нэр надтай байнга хамт явна. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхийг зорино.
Дэд даргын хувьд эхний ээлжинд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт багтсан эмэгтэйчүүд, залуучуудын нийгэм, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, мөн эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэх зорилтуудыг олон нийтэд таниулах чиглэлээр ажиллана. Бидний зүгээс залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд иргэний нийгмийнхэнтэй өргөн цар хүрээтэй аль хэдийнэ ажиллаад эхэлчихсэн явж байна. Залуучууд сонгуульд идэвхтэй оролцож, сонголтоо хийн саналаа өгөх хэрэгтэй. Улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой гэх өнцөг юм. Манай намын мөрийн хөтөлбөрийн уриа “Өсөлтийг өрх бүрт” гэж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улс эдийн засгийн өсөлтийг чухалчилж ирсэн. Энэ хугацаанд тодорхой хэмжээний гажуудлууд ч мөн гарлаа. Орлогын хуваарилалтын асуудал, эдийн засгийн өсөлт өрх бүртээ хүрч байна уу, ядуурал ямар хувь хэмжээтэй байна гэх зэргийг дурдаж болно. Тиймээс АН монгол өрх бүр хангалуун амьдрах боломжийг бий болгож, эдийн засгийн өсөлтийг хэрхэн өрх бүрт хамгийн ихээр оногдуулахад онцгойлон анхаарч байгаа гэсэн үг.
-Та сонгуульд нэр дэвших үү?
-АН-ын ҮБХ маргааш хуралдаж, сонгуульд нэр дэвшигчдийн албан ёсны мэдээлэл гарна. Тиймээс өмнө нь тайлбар өгөх боломжгүй байна.
-Та эдийн засагч хүн. Цаг үе нөхцөл байдалтай холбогдуулан асуухад коронавирус цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямрал манайд төдийгүй дэлхий нийтэд цар тахлаасаа илүү аюулын дохио болчихлоо. Манай улсын хувьд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухайд таны байр суурь ямар байна вэ?
-Манай улс коронавирусээс шалтгаалсан эдийн засгийн арга хэмжээний хувьд маш их хугацаа алдсан. Хожимдсон шийдвэрүүд гаргасан. Одоо хүртэл сүүлд авч хэрэгжүүлэх арга хэмжээнийх нь холбогдох дүрэм журам нь гараагүй байна. Байгаа онохгүй байна л даа. Яагаад байгаа онохгүй байна гэхээр цалин авч байгаа хүмүүсийн НДШ, ХАОАТ-ыг чөлөөлнө гэсэн.
Гэтэл тэрхүү хүмүүст ажил олгож байгаа байгууллага нь цалингаа тавьж чадахгүй хэмжээнд хүрчихсэн. Ажлын байрыг нь хадгалж чадахгүй хэмжээнд орлого нь буурчихаад байгаа нөхцөлд ямар арга хэмжээ авах юм. Үүнд ямар нэгэн бодит шийдвэр гаргаагүй. Бизнес эрхлэгчид, ЖДҮ-ийг дэмжих, ажлын байраа хадгалж байгаа байгууллагууддаа хүүгүй зээл олгох, урсгал зардлуудад нь хөнгөлөлт үзүүлэх зэргээр олон төрлийн хөшүүрэг хийх боломж байгаа. Гэтэл бизнес эрхлэгчдийг дэмжсэн нэг ч заалт гарсангүй. Сонгуультай холбоотойгоор хувь хүн рүү чиглэсэн шийдвэрүүд гараад байна л даа.
Түүнчлэн манайх ноолуурын салбараараа бүр тоглоод хаячихлаа. Дэлхийн ноолуурын зах зээлийн 40, 50 хувийг нь манайх дангаараа нийлүүлдэг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ч ноолуурын салбартаа төрөөс тогтмол анхаарч ирсэн. Дэлхийд өрсөлдөх гол давуу тал, түүхий эд нь манайд байгаа юм. Ингэж анхаарч ирсэн салбараа нэг жилийн хямралаар үгүй хийж болохгүй. Өнгөрөгч нэгдүгээр сард манай улс хорио цээрийн дэглэм тогтоогоод эхэлчихсэн. Ноолуурын салбарын зах зээлийн гол тоглогчид коронавирусээс шалтгаалсан нөхцөл байдалд орчихсон, манайх хилээ хаачихсан байлаа шүү дээ. Энэ бүгдээс харахаар мэдээж Хятадаас ченжүүд орж ирэхгүй нь тодорхой болсон. 10 мянган тонн ноолуурын 7 мянган тонныг нь хэн авах вэ. Үндэсний үйлдвэрлэлийн ноолуурын компаниуд хүртэл өмнөх шигээ авах сонирхолгүй болчихож байгаа юм. Ингээд худалдан авагчгүй болчихоод байхад 100 мянган төгрөгөөр худалдаж авна гэж маш хариуцлагагүй дуугарсан.
Нэгэнт л нөхцөл байдлыг нэгдүгээр сард мэдсэнээс хойш Засгийн газар хоорондын түвшинд асуудлыг хэлэлцэж болох байсан юм. Ямар бодлого барих, яаж нийлүүлэлтээ хийх вэ гэдгээ ярих ёстой байсан л даа. Мөн дотоодын үйлдвэрлэгчидтэйгээ ч түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд төр яаж тусалж болох талаар ярилцаж шийдвэрт хүрч болох байсан. Ноолуур үнэтэй түүхий эд. Аливаа эдийн засаг сэргэхийн тулд хугацаа их шаарддаг. Эдийн засагчид эхэндээ хямралыг ганц хоёр улирлаар харж байсан бол одоо хоёр гурван жилийн урт үргэлжилсэн хямралд хэрхэх вэ гэж ярьж байна. Хамгийн гол нь эрх барьж байгаа нам сонгууль гэдэг ганцхан өнцгөөр бүгдийг хараад сонгуулийн дараа галав юүлсэн ч хамаа алга гэсэн байр суурьтай байх шиг. Манай улсын гол валютын нөөц бүрдүүлж байгаа зүйл бол экспортын түүхий эд. Дэлхий нийтээр эдийн засаг хямраад ирэхээр экспортолдог зүйлсийн маань эрэлт хэрэгцээ буураад эхэлнэ. Сүүлийн гурав дөрвөн сар худалдаа эрхлэгчдийн орлого төсвийн албан хаагчдын цалин мөнгөн дээр тогтож байна ш дээ. Хүмүүс аль болох хэмнэж эхэллээ. Бодит байдал өнөөдөр ийм л байна.
-Манай улс өнгөрөгч онд ФАТФ-ын саарал жагсаалтад орсон. Одоо тэгтэл хар жагсаалтад орчихлоо. Яг ямар шалтгаанаас эдийн засгийн хориг арга хэмжээнүүд дээр манайх хамгийн муу гэх ангилалд нь багтаад байна вэ?
-Саарал, хар жагсаалт гэдэг тусдаа ойлголт. ФАТФ бол Засгийн газар хоорондын олон улсын байгууллага. Гишүүн улс орнууд мөнгө угаах, терроризмтой тэмцэх зүйл дээр нэгдсэн байдлаар бодлого баримталж явах байр сууринаас ханддаг олон улсын байгууллага. Харин Европын холбоо бол нэгдмэл бүтэцтэй гэдэг утгаараа бодлогоо тодорхойлж шууд бодит эдийн засгийн хориг тавих боломжтой. Тийм газраас шууд хар жагсаалт гэдэг зүйл рүү манай улс орчихож байгаа юм. Европын холбооны эдийн засгийн эрсдэл бүхий улс орнуудын жагсаалт гэж байгаа юм. Утга нь хар жагсаалт. Хар жагсаалтад орно гэдэг Европын холбоо бидэнд эдийн засгийн хориг тавих бүрэн боломжтой болчихож байгаа юм. Европын сэргээн босголтын банк зэрэг том хөрөнгө оруулагчдын санхүүжилтийг зогсоох эрсдэлтэй болчихож байгаа юм. Шууд эрсдэл нь ийм. Хоёрдугаарт, Европын холбоо гээд маш том тоглогчоос Монгол Улс найдваргүй гэсэн дохиог олон улсад өгчихөж байна. Олон улсын зах зээл сигналиар ажиллана. Энэ дохио аль хэдийнэ явчихсан. Зах зээлд дохио маш үүрэгтэй.
ФАТФ болон Европын холбооны жагсаалт дээр ч тодорхой зөвлөмжүүд байгаа. Нэгдсэн стандарт мөрдүүлэх гээд байгаа юм. Тэр хүрээнд банк санхүү хууль эрх зүйн салбарт дагаж мөрдөх шаардлагыг хангаж ажиллах ёстой. Дагаж мөрдөх хууль эрх зүйн шинэчлэлтийг Их хуралд бүрэн эрх мэдэл нь байсан ч хийсэнгүй. Түүнчлэн төр нь, дипломат албан хаагчид нь хар тамхины хэрэгт холбогдож байхад дотооддоо хариуцлага тооцож чадахгүй байна. Бараг л дипломатчууд нь Монголдоо ирээд тушаал дэвшээд явж өглөө. Хар тамхины наймааг Монголын төр хийгээд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлээд байгаа юм. Монгол Улс олон улсын тавцан дээр эерэг имиж бүрдүүлж, хөрөнгө оруулалт татна. Авлига хээл хахуулийн хэрэгт өнөөдөр бодитой шийдвэр, дорвитой арга хэмжээ авсан зүйл алга. Монголын төр хариуцлага тооцдоггүй юм байна гээд хар жагсаалтад оруулчихлаа. Нэгэнт л бид гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, олон улсын худалдаанд оролцож тоглоё гэж байгаа бол олон улсын дүрэм журмаар тоглож сурмаар байна. Дэлхийд бид найдваргүй түнш гэх ойлголт төрүүлчихлээ.
Европын холбооноос манай улсыг хар жагсаалтад оруулах шийдвэр гаргасантай холбогдуулан эдийн засгийн хямралыг даамжруулахгүйн үүднээс уг асуудалд онцгой анхаарч, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар Ардчилсан намаас хариуцлага тооцох хэрэгтэй гэх мэдэгдэл хүргүүлсэн. АН Засаг барьж байхад ФАТФ-ын саарал жагсаалтаас гарч байсан түүхтэй шүү дээ.