Categories
ардын-цолтон булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жадамбаа: Өдөр бүр шавиа сургах гэж оролдохдоо өөрөө сурч байдаг

Ардын багш цол хүртсэн Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч, гавьяат багш, академич Б.Жадамбаатай ярилцлаа.


-Та 1977 оноос багшилж эхэлсэн юм билээ. Социализмын үед ч та багш нарыг сургаж байсан хүн. Нийгэм солигдсон ч багшийн багш байсан. Хоёр нийгмийн ялгаа их гарсан уу, өөрийгөө эвдэх шаардлага тулгарав уу?

-Гаралгүй яах вэ. 1977 онд би МУИС-ийг физикч, физикийн багш мэргэжлээр төгсөөд, ШУА-д жил гаруй ажиллаад, их сургуульд багшилж эхэлсэн.

Өөрчлөлт, шилжилтийн бүх хугацаанд багшилсан юм. Хүн ажлаа хийж байхдаа тасралтгүй хөгжиж байдаг. Одоо харахад бүгдийг нэгмөсөн тэр дор нь өөрчилчихдөггүй юм байна. Нэг нийгмээс нөгөөд шилжихэд дөрөв, таван үе дамжсан байна. Эхлээд зах зээлийн нийгэмд шилжлээ гэхэд бид хуучин маягаараа, энерциэрээ явсан. АХБ-ны дэмжлэгтэйгээр Монголын боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах том ажил байсан юм. Тэр төлөвлөгөөг хийхэд ерөнхий боловсролын хэсгийг би хариуцаж судалгаа хийж байсан юм. Түүндээ үндэслэж мастер төлөвлөгөөгөө боловсруулсан. Тэр дагуу багшаа бэлтгэж эхэлсэн. Эхний хэдэн жил баахан гадны зөвлөхүүд авчраад, тэд зааж сургаад, түүнийг нь бид багш нартаа зааж байв. Энэ маягаар дөрөв, таван жил явсны дараа “Ер нь шууд гадныхыг хуулж болохгүй юм байна. Уламжлал, соёлоо үрэн таран хийчихгүй, түүндээ суурилах ёстой юм байна” гээд стратегиэ бас нэг жаахан өөрчлөх жишээтэй. Educa­tion гэдэг үгийг боловсрол гэж орчуулаад, өмнө нь хүмүүжилд анхаардаг байснаа хүмүүжил, хүн болгоно гэдгийг социалист ойлголт гээд хаясан. Хамгийн гол нь ёс суртахуунаа орхигдуулсан. Түүний үр дагавар одоо ч манай нийгэмд явж л байгаа. Хүмүүжил гэдэг үг боловсролынхоо дотор байдаг юм билээ. Сургана заана гэдэг үгнүүдийг нь аваад, сурган хүмүүжүүлэх гэдэг юм аа хаячихсан. Түүнийгээ залруулж, Монголын уламжлалд түшиглэх болсон. Монгол уламжлалд сурах гэдэг хүний эрх, хүмүүжих гэдэг хүний үүрэг гэж үздэг. Үүргийг нь мартаад, эрхийг нь аваад явсан чинь жаахан алдаа гарсан. Сүүлдээ ёс суртахуунтай хүний тухай ярьж байна. Ёс суртахуун гэдгийн цаана хүмүүжил байх юм байна гэж ойлгоод, Монголынхоо уламжлал, соёл хүнээр хүн хийх ухаандаа түшиглээд боловсролоо өөрчилье гэж байгаа юм. Барууныхан хүмүүжил гэж нэг их ярьдаггүй. Харин монголчууд хүн болно гэдгийг нэгт тавьдаг. Хүн болсон хойно нь саванд нь, онцлогт нь тохируулаад хөгжүүлнэ гэж байгаа юм. Орчин үед суралцахад ач холбогдол өгч байна. Багш, суралцагч хоёр хамтдаа мэдлэг бүтээдэг уламжлал чухал юм байна гэж үзээд байна. Барууныхан зөөлөн чадвар гэж ярьдаг. Зөөлөн чадвар гэдэг өнөөдрийн Боловсролын хуулинд яваа хүмүүнлэг боловсрол, хүн бусадтай харьцахдаа энэрэнгүй байх ёстой гэсэн утга санаа. Юм гэдэг өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна.

-Та хүүхэд төдийгүй томчууд ч бас өөрийгөө хөгжүүлэх, сурах арга барилыг өөртөө суулгах гэж хичээж яваа гэж хэлсэн байна лээ. Эцэг эхчүүд “Хүүхэд маань сууж чадахгүй байна, сурах дургүй байна гэцгээдэг шүү дээ. Сурах арга барилыг яаж суулгах вэ?

-Уламжлал,шинэчлэлийг зөв хослуулах хэрэгтэй юм билээ. Дээр үед монголчууд хүнд ийм мэдлэг чадвар эзэмшүүлнэ, ийм хандлага төлөвшүүлнэ гэхээсээ эрдэм сургах аргад сургана гэдэг байсан. Сурах арга барил эзэмшүүлнэ гэдэг маш энгийн. Боловсрол гэдгийг маш энгийнээр ойлговол хүний хийж байгаа аливаа үйл, түүний үр дүн. Хөдөлмөр хийж хүн болдог гэдэг. Гурван О-гийн зарчим гэж би яриад байгаа. Эхлээд оролцох ёстой, дараа нь оролдлого хийх ёстой. Оролдоод эхэлвэл ололт бий болно. Сурах арга барилд сургана гэхээр хүн хүн янз янзаар сурдаг. Гэхдээ хүн хамгийн эхлээд аливаа юмыг ажиглаж байж үйлээ баримжаална, хийж үзээд, буруу болсон бол хаана алдав гээд тасралтгүй суралцаж байдаг.

-Зах зээлд шилжиж олон хүн ганзагын наймаа хийж байсан үед та анхны Фулбрайтын тэтгэлэгт хамрагдаж, АНУ-д Петсбургийн их сургуульд нэг жил ажилласан гэсэн. Орос, Америкийн боловсрол эрс ялгаатай байв уу?

-1990 онд Багшийн дээд сургуулийг Боловсролын их сургууль болгоод, намайг эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал бөгөөд Багш нарын мэргэжил дээшлүүлэх инситутын захирлаар томилж байсан юм. Би их сургууль төгсөөд, сургуульдаа багшилсан. Цэцэрлэг, сургууль, бага ангийн багш нартай газар дээр нь очоод хичээл заадаг. Эндээс асар ихийг сурсан.

Ерээд онд зах зээлд шилжихэд хуучнаа хэрэггүй гээд орхисон. Хөдөө сургуульд сурах бичиг байхгүй. Данидагийн төсөл орж ирээд, тэрийг удирдаад одоо хүртэл явж байна л даа. Бүх сурах бичгийг хэвлэж, сургуулиудаар үнэгүй тарааж, багш нарыг шинэ арга зүйгээр сургасан. Багш төвтэй байснаа шавь төвтэй болсон. Сурах бичигтэй болоод, багш нарыг мэргэжил дээшлүүлээд цэгцрээд ирсэн. Анх хил нээгдэхэд Фулбрайтын тэтгэлэг хоёр ирсэн. Сайд дуудаад “Чи энд явна” гэсэн юм. Орост төгссөн хүн огт өөр ертөнцөд бууж байлаа. Монголоос анх Фулбрайтын тэтгэлэгт явж байгаа гээд АНУ-ын Элчин сайд эхнэртэйгээ Бээжингийн онгоцны буудал дээр тосоод, маргааш өглөө нь Америкийн онгоцонд суулгаж өгч байсан юм. Тэгэхэд би орос хэлтэй. Хойно Москвагийн их сургуульд сурч байхдаа англи хэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл уншдаг байсан. Сүүлд би яаж ярьж байсан юм бол гэж бодсон. Гэхдээ намайг тосч авсан профессортой яриад, боломжийн үнэтэй байр түрээслэж аваад ойлголцоод л явсан. Нэг жил болоход маш их юм өөрчлөгдсөн. Багш нар маань англи хэл сурахын тулд чихний бөглөө гарах ёстой. Зурагтныхаа дууг чангалаад, мэдээ сонс гэсэн. Эхлээд үгийг нь шүүрч авч чадахгүй хоёр сарын дараа дасч ирсэн. Чой. Лувсанжав гуайн хар номоо бариад очиж байсан. “Зөв, буруу нь хамаагүй бидэнтэй яриад бай” л гэсэн. Кофе ууж суухдаа ч яриад л байсан. Юугаа ч ярьж байсан юм.

Оросууд академик, шинжлэх ухааны үүднээс юмыг углуургаар нь заадаг. Би Петсбургийн их сургуульд Боловсрол судлалын сургууль дээр нь очоод, дэд захиралтай нь яриад “Би физикч хүн, МГУ-д онолын физикээр хамгаалсан хүн. Танай физикийнхэнтэй уулзья” гэсэн юм. Нэг өдөр намайг уулзуулсан. “Та юу хийдэг хүн бэ” гэхээр нь би баахан томъёо бодоод. Нөгөөдүүл чинь шүтээд. “Та нар юу хийдэг вэ” гэсэн чинь “Бид жаахан өөр” л гэж байна. Их сургуульд багш байхдаа дугуй заалны том самбарт баахан томъёо бичээд, хамгийн сүүлийнхээ томъёог бичээд хөлс чийхрээд гардаг байлаа. Оросууд бол тэр рүүгээ анхаардаг. Нөгөөдүүл нь хэрэглээг анхаардаг. Өөрөөр хэлбэл нэг нь академик, нөгөө нь прагматик. Явж явж аль аль нь чухал юм билээ.

-Урд цагт монголчуудын хувьд багш гэдэг төрүүлсэн эхтэй адил ачтан гэж хүндлэгдэж байсан. Орчин үед багшийн байр суурь, багшид хандах хандлага өөрчлөгдөж байна л даа. Яаж шавь нартаа хүндлэгдэж хүлээн зөвшөөрөгдөх талаас нь зөвлөдөг үү?

-Зөвлөнө өө. Монголчууд багшийг эрхэмлэн дээдлэдэг уламжлалтай. Би ч бас багшийн гэр бүлд өссөн, ах маань багшилдаг байв. Социализмын үед багш нар үнэлэмж өндөртэй, нийгмийн баталгаа сайтай, хангалттай цалинтай. Идэж уух өмсөх зүүхэд хүрэлцээтэй байв. Багш өдрийн бүх л цагаа шавь нартаа зориулдаг, сургууль дээр өнгөрүүлдэг байсан. Одоо бол шавь нар маань “Багш та гоё юм ярих юм. Амьдрал болохгүй байна. Цалин хүрэхгүй байна” гэдэг. Ингээд багшийн хичээлээс гадуур хүүхэдтэй ажиллах цаг нь багасаад ирнэ. Багш, хүүхдийн холбоо нь алгуур сулраад, багшийн үнэлэмж буурсан. “Манай муу багш” гэх юм гэж шавь маань ярьдаг. Сайн багш нар байна л даа. Би хэлдэг юм. “Та нар хэрэглээгээ жаахан хязгаарлаж үз. Нэг өдөр та нар өндөр цалинтай болчихно гэж байхгүй. Хамгийн гол нь хүүхдүүдтэйгээ сайн ажилла. Хичээлийн бус цагаар цаг гаргаж чадахгүй бол хичээлийн цагаа хүүхдэд бүрэн зориул” гэдэг. Дандаа нийгмийн асуудал ярих биш өөрсдөө бас хичээх ёстой. Ингэж чадвал хүүхдүүд чинь хүндэлнэ, “Манай багш” гэж ярьдаг юм аа гэдэг. Боловсролын хуулинд миний нэг яриад байгаа юм, цалин мөнгөнөөс гадна багшийг дэмжих, газар олгодог ч юм уу, багш нарт хандсан тусгай бодлого гаргах хэрэгтэй байна. Цалин нэм гэвэл багш нарынхыг нэмвэл эмч нарынхыг нэмэх болно. Өнөөдөр Монголд бүх л хүний цалинг нэмэх шаардлагатай байгаа шүү дээ. Үнэлэмж дээшлүүлэхэд нийгмээс гадна багшаас бас олон юм хамаарна. Багш нарын холбооны тэргүүний хувьд багш нарт юу захидаг гэхээр “Өдөр тутам хөгж” гэдэг. Нэг хэсэг багш хүн менежер байх ёстой, технологи мэддэг байх ёстой гээд олон шаардлага тавьж, баахан бужигнуулсан. Одоо бол багш хичээлээ чанартай заадаг, хүүхдүүдтэйгээ хамт хөгждөг, хүүхдийнхээ ялгаатай өвөрмөц байдлыг тооцдог байх ёстой гэж зөвлөдөг. Хүүхэд багшдаа багшилдаг байхгүй юу.

-Манайхан ингэж ярьдаг л даа. Өмнө нь багш хүн түмний хүүхдийн төлөө үнэхээр зүтгэдэг байсан. Одоо бол хүүхэдтэй сэтгэлээсээ ажилладаг хүн цөөн болсон” гэцгээдэг. Мэдээж энэ бүхэн багшийн цалин хөлстэй холбоотой байх. Гэхдээ үнэхээр багш болъё. Хүний хүүхдэд юм заагаад өгчихье гэсэн сэтгэлтэй хүн багш болж чадаж байна уу?

-Багшийн нийгмийн асуудал ийм байгаа учраас хүүхдүүд багшийн мэргэжлийг сонгохгүй байна. Судлаад үзэхээр зөвхөн Монголд ийм биш байна. Дэлхий нийтэд ийм хандлага байна. Багш болъё гэсэн хүсэлтэй хүн хаана байна гэхээр Солонгост багш өндөр цалинтай учраас сайчуул нь багш болно гэдэг юм билээ. Хятадад бас тиймэрхүү шинжтэй. Гэхдээ багш нар маань хүний хүүхдийн төлөө ажиллаж л байгаа юм. Урд нь хүүхэдтэйгээ хичээлийн дараа ч өдөржингөө сургууль дээрээ хамт байх бололцоотой байсан юм. Би Архангайн Тариатын арван жилийн сургууль төгссөн хүн. Багш маань үдээс өмнө хичээлээ заачихаад, үдээс хойш давтлага өгөөд, хүүхдүүдтэйгээ бодлого бодоод, шатар тоглоод, спортын арга хэмжээ зохиогоод сургууль дээр багш, хүүхдүүд хамтдаа байдаг байсан. Одоо бол тэр хугацаа багассан. Хичээл заалаа, хүүхэд гэртээ харина.

-Таны одоо эрхэлж байгаа ажил Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч шүү дээ. Суурь судалгаа гэхээр юуг онцолдог вэ?

-Манай Боловсролын хүрээлэн гээд боловсролын чиглэлээр судалгаа хийдэг газар байна. Сурах бичиг, хүүхдийн нас сэтгэцийн онцлогт тохирч байна уу, агуулга ямар байна гээд манайхан голдуу хавсарга судалгаа хийгээд байгаа юм. Суурь судалгааны гол үндэс боловсролын хөтөч үзэл юу байх вэ. Юунд сургах юм гэдэг. Голдуу Монголын уламжлалыг судлана. Бас орчин үед гарч байгаа бусад шинжлэх ухааны ололтыг боловсролын салбарт хэрэглэж, боловсролын өнөөгийн судалгааны арга зүй, үр дүнг сайжруулах юм.

-Та Ардын багш болтлоо 40 гаруй жил ажилласан байна. Эргээд харахад юу бодогдож байх юм бэ. Өнгөрүүлсэн он жилүүддээ сэтгэл хангалуун байгаа юу?

-Сэтгэл хангалуун байна. Хоёргүй сэтгэлээр гэдэг шиг л би шохой, самбар, цаас, сүүлийн үед компьютертэй зууралдаж байна. Үүндээ бахархаж явдаг. Багш байсан ахыгаа дагаж, харж их юм сурсан. Өдөр бүр шавиа сургах гэж оролдохдоо өөрөө сурч байдаг. Шавь нараасаа сурч, шавь нараа сургаж хамтдаа хөгжиж ирсэн. Тасралтгүй хөгжиж байгаадаа бахархаж явдаг. Би бас физикч болсондоо баярладаг. Физик, математикийн хүмүүс нийгмээ арай өөр өнцгөөс хардаг. Яг цээжилдэг бус, хөдөлгөөнтэй, үйл судалдаг ухаан. Үйл явцыг дагаад өөрсдөө хөгждөг. Унаган мэргэжил маань боловсролын салбарт өдий хүртлээ явж ирэхэд их тус боллоо.

-Орчин үеийн хүүхдүүд өөр болсон гэдэг шүү дээ. Та ач, зээ нараа сургахдаа үүнийг мэдэрч байдаг уу?

-Өнөө өглөө хүртэл ач маань “Өвөө та чинь Х gen­eration билүү” гэхээр нь би тоглоод “Чи бол дельта gener­ation шүү дээ, вирусийн үеийн хүүхэд” гэсэн юм. Одоогийн хүүхдүүдийг яг ийм арга зүйгээр сургана гэж болохгүй байгаа юм. Өөрсөдтэй нь ярьж байж, өөрт нь тохируулахгүй бол болохгүй. Манайхан нийтлэгийг олох гээд байдаг. Хүний хувьд нийтлэгийг олно гэж байхгүй. Уг нь би эднээр уран зохиол уншуулах гэж оролддог юм. Намайг гараад явах хооронд гар утсаараа оролдож суудаг. Энэ хүүхдүүдийн нэг сайн тал нь мэдээлэл сайн авсан учраас эрэгцүүлэхдээ сайн. Хүүхдүүд хурдтай хөгжиж байна. Хүүхэдтэйгээ ойр дотно харьцаж, жаргал зовлонг нь сонсож, дэмжиж явах учиртай. Агаарт хамт явах, тоглож наадах хэрэгтэй. Маргаашийн хүүхдүүд ч өөрчлөгдөнө. Үе үеэрээ өөр байдаг. Ажил хийж хүн болдог. Ажлыг нь орхигдуулчихаар баахан хиймэл оюун ухаантай хүмүүс болчих вий. Өөрөө хийж үзээгүй юм толгойд нь орчихоор бас хиймэл болно биз дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *