Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал яруу-найраг

Б.Ичинхорлоо: Дэлхийн боловсролтой хөл нийлсэн, монгол хэлээ маш сайн мэддэг зохиолчдыг манай утга зохиол хүлээж байна DNN.mn

Үндэсний төв номын сангийн захирал, Монголын зохиолчдын эвлэл/МЗЭ/-ийн Удирдах зөвлөлийн дарга, “Болор цом” наадмын хошой тэргүүн шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоотой ярилцлаа.

-МЗЭ-ийн 95 жилийн ой боллоо. Танд баярын мэнд хүргэе.

-Баярлалаа, нийт уншигчид, сэтгэн туурвигч зохиолч, бүтээлчдэдээ 95 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Таны хувьд баярын хурал дээрээ тавьсан илтгэлдээ “Монголын оюун санааны их нүүдэл дэлхий рүү нүүх цаг нь болсон” гэж хэлсэн. Аль ч нийгмийг зохиолчид хөтөлж явдаг гэдэг. Тэгвэл өнөөдөр энэ үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

-Хамгийн гол нь бид өөрсөд рүүгээ харах цаг нь болсон. Миний илтгэлдээ хэлсэн зүйл маань энэ л дээ. Зохиолчид хөгжих ёстой болсон. Зогсонги байна, үүнийгээ бид өөрсдөө ерөөсөө харахгүй байна. Яг нэг газартаа очоод гацчихсан. Ер нь Сүхбаатарын хөшөө шиг болчихсон. Тэмүүлэлтэй, ургах наран зүгт гараа өргөсөн, унаа морь нь цоройсон ч гэсэн урагшилдаггүй. Тиймээс бид ямар ч байсан хөдөлгөөнд орох ёстой гэж үзэж байгаа юм. Гэвч жаахан боловч ололт, амжилт бидэнд байгаа.

Дэлхий дахинд Монголын утга зохиолын уншигчид нэмэгдэж байна. Хэрвээ 95 жил насласан мэргэжлийн төрийн бус байгууллага юм бол гишүүдийнхээ хандах зүгийг тодорхойлох ёстой гэж бодсон. Тийм болохоор “Дэлхий рүү нүүцгээе” гэдэг уриалга гаргасан юм. Яагаад гэвэл манай зохиолчдын чадал чансаа шавхагдаагүй. Хамгийн гол нь энэ зүйл дээр сайн орчуулагч, сайн уншигч, оюун санааны хамгийн үнэтэй зүйл болох нүүдэлчдийн ухамсар чухал. Бидний дэлхийд сонин харагдах гол өнцөг бол ахуй, оршихуй, сэтгэлгээний онцлог байгаа юм. Талын нүүдэлчдийн сэтгэлгээ гэдэг бол тавиун цараатай сэтгэлгээ. Гэтэл энэ сэтгэлгээнийхээ онцлогийг хэлний бэрхшээлээс ч юм уу, цөөхөн хүн ярьдаг монгол хэлээр бичдэгээсээ болоод дэлхий дахинд гаргаж чадахгүй байгаа юм. Хэрвээ Монголын утга зохиолын амин сүнс рүү орсон судалгаа байх юм бол манай зохиолчдын бүтээл дурын хүн бичээд байдаг зүйл бас биш. Үүн дээр бид үнэндээ бардам байж болно. Гагцхүү дэлхий нийтийн анхаарлыг татаж чадах онцлогоо олон хүнд хүргэх хэлний бэрхшээл болоод өөрсдийн маань мөч хүрэхгүй байна даа.

-Соён гэгээрэл гэдгийг юу гэж ойлгох вэ. Түүн рүү хөтөлдөг зохиолчдыг яаж бэлтгэх вэ?

-Үүнийг хоёр талтай авч үзэх ёстой. Ер нь бид нийгмийг соён гэгээрүүлнэ гээд л социализмын үеийнх шиг уриалаад явах биш. Харин хүмүүсийн зүрх сэтгэл дотор байгаа гайхалтай сайхан нинж хайр, биесээ хүлээн зөвшөөрч чаддаг монгол хүний уужуу ухааныг л тарих ёстой юм. Монгол хүний уужуу ухаан, талын нүүдэлчний өгөөмөр, өршөөнгүй зан чанар, аливааг талынхаа энгээр харж, боддог, миний зовлон минийх, миний жаргал бусдынх юм шиг ханддаг тэр хандлага л сүүлийн үед алга болоод байна. Тэгэхээр зохиолчдоо тэр сэдвээр бич, ийм байх ёстой гэхээсээ илүүгээр хайр, нинжийг монгол хэлээр түгээх ёстой л гэж бодож байгаа юм.

-Улс төрийн сэдэвт, ард түмнийг уриалан дуудсан шүлэг, бүтээлүүд сүүлийн үед бичигдэхгүй байна. Зохиолчид маань уншигчдынхаа өмнө бус цугтаа алхаж байдаг болсон гэх шүүмжлэл байдаг?

-Утга зохиолд шүүмж судлал гэдэг маш чухал гэдгийг л энэ харуулж байгаа юм. Шүүмж судлал нь үнэн байх ёстой. Тухайн зохиолчийг гаргаж ирэх, нийгэмд таниулахын тулд утга зохиолын шүүмж захиалгат маягаар явж ирсний хамгийн хортой нь энэ. Үүнийг бид бүхэн бүгдээрээ л тууллаа шүү дээ. Ямар ч байсан яг өөрөөрөө оршоод, хүн төрөлхтний сайн сайхны тулд гэрэл гэгээг түгээж чаддаг хүнийг нэртэй зохиолч, нийгмийг соён гэгээрүүлэгч гэж хэлнэ. Хэрвээ тэр хүн зөвхөн ахуй амьжиргааныхаа төлөө бичиж байгаа бол тэр нийгмийг соён гэгээрүүлэгч биш. Тэгэхээр зохиолч гэдэг ард түмний амьдрал, улс гүрнийхээ хувь заяан дотор хүнээрээ оршиж, хүн байж чадах хэрэгтэй. Эхлээд хүн байгаад, дараа нь зохиолч болдог. Хүний мөс чанар, зохиолчийн мөн чанар маш ойрхон.

-Монгол хэлийг гадагшаа яг байгаагаар нь орчуулж чаддаггүй. Уг нь бол үнэхээр сайн, даанч дэлхий ойлгодоггүй гэсэн яриа хэзээнээсээ л байсан. Тэгвэл зохиолчдынхоо бүтээлийг гадагш нь гаргахын тулд юу хийх ёстой вэ. Үүн дээр МЗЭ цаашдаа яаж ажиллах хэрэгтэй вэ?

-Бидэнд нэг дутагдал байна. Хувь хүн авьяастай төрөөд зохиол бүтээл бичиж байгаа бол тэр нь өөрт ч, ард түмэндээ ч хэзээд нөмөр нөөлөг болж байдаг. Тэр хүн ямар нэг байгууллагаас хараат бусаар өөрөө нөмөр, уул байдаг юм. Том уран бүтээлч уулын нөмөр барааддаггүй, ямар нэг урсгал чиглэлд дагаж урсдаггүй. Ямар ч уулын ширүүн үер урсаад ирсэн бат зогсож чадах аварга үндэстэй мод байж чаддаг. Ганцхан уран бүтээлчээс дэлхийг өөрчлөх санаархал гарч, өөрчилж ч чадна. Монголын утга зохиолын үе, үеийн гайхалтай уран бүтээлчид дэлхийд яагаад гарч чадахгүй байна гэхээр бид боловсролын тухай асуудлыг ярихаас өөр аргагүй. Манай зохиолчид өөрийн онгод хийморь, байгалиас заяасан өгөгдлөөрөө явж байгаа болохоос биш яг үнэндээ өөрийгөө боловсруулъя гэж бодохгүй байна. Энэ бол бидний дутагдал. Дэлхийн боловсролтой хөл нийлсэн, олон хэлтэй, тэр дундаа монгол хэлээ маш сайн мэддэг зохиолчдыг манай утга зохиол өнөөдөр хүлээж байна. Монголчуудын оюун санааны үнэт зүйлийг дэлхийн олон хэл рүү хөрвүүлж чадах тийм менежментийг зохиолчдын байгууллагаас уншигчид, дэлхий нийт хүлээж байна. Гэтэл зохиолчдын байгууллага маань 95 настай өвгөн байгууллага боловч яг үнэндээ ард түмэнтэйгээ цуг унаж, босож ядраад хөгжлийн ардаас гундуухан, толгой гудгар алхаж л явна. Хөгжлийг түүчээлэх ёстой гэхээр оюуны бяр хүрэхгүй байна шүү дээ. Нийгмийг оюун сэтгэлгээний хүчээр авч явахаа больчихсон. Нүүрсний мөнгөөр авч явдаг болсон байна. Үүндээ Монголын ард түмэн бүр итгэчихсэн. Тиймээс энэ саарал үеийг туулахад бидэнд дахиад л тэвчээр, утга зохиолдоо үнэнч байх сэтгэл хэрэгтэй. Монголын утга зохиолын хөх үндэсний галыг манаж явах хувь заяа ногдсон. Энэ гайхалтай хувь заяандаа бид эзэн байх ёстой. Бултах ямар ч арга байхгүй.

-Утга зохиолын алтан үеийнхэн, таныг “Болор цом” наадамд түрүүлж байх үед зохиолч, яруу найрагчийг нийгэм арай өөрөөр хүлээж авдаг байж. Одоо гэтэл өдөр ирэх тусам бага багаар нэр хүнд нь унаж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Монгол үндэстний, оюун санааны гэх бүх зүйлийг үнэ цэнэгүй болгох нөхцөлийг бүрдүүлж байна гэж би боддог. Дурын хүн нь шүлсээ хаядаг болсон. Үүнийг нь ч олон нийт дэврээж, дэвжээж байгаа. Монгол хүн нэг нэгэндээ нөхөр, нөмөр биш болсон ийм цаг үед бид оюун санаа, монгол хэлээ л тойрч нэгдэнэ. Хэрвээ хэл байхгүй бол бидэнд хил байхгүй. Тийм учраас оюун санааны тусгаар тогтнол, Монгол гэдэг мөнх оршихуйг дархалж үлдэхийн тулд бидэнд өвөг дээдсээс өгсөн монгол яруу хэл маань байгаа. Энэ хэлээр бичдэг хэдхэн цөөхөн зохиолчид маань байна. Тэднийгээ хоцрогдсон, боловсролгүй, үнэ цэнэгүй гэж үзэх болсон нь гаднын дохиотой юм шиг надад санагддаг. Ингээд хэлэхээр өөрсдийгөө өмөөрлөө гээд муулдаг. Гэтэл бидэнд хайрлаж явах ёстой үнэт зүйлс байна шүү дээ. Тусгаар тогтносон улсынхаа оршин байхуйн үнэт хил хязгаарыг хэл гэдэг эрхэм дархлаагаар зохиолчид минь манаж яваа. Зохиолч хүний онцлог нь сэтгэгч байдаг. Монгол хүнийг сэтгэх чадваргүй болгочихоор сэтгэж байгаа нэгнээ үнэ цэнэгүй харагдуулах гэсэн нийгмийн акц болгонд бид итгэсээр ирсэн. Энэ бол бид өөрсдийгөө өөрийн гараар оршуулж байгаа зүйл. Монгол гэдэг оршихуйг хэлээр дамжуулан хилгүй болгох гэсэн зүйл шүү. Үүнийг хүн бүр дотроо нэгийг бодож, ухаарч хараасай гэж бодож байгаа юм. Тийм ч болохоор МЗЭ-ийнхээ 95 жилийн ойгоор монгол хэл, соёлын дархлааг дэмжихийн тулд төр засаг, ард түмэн, ирээдүй хойч үед хандаж уриалга гаргасан. Монгол хэл, соёл гэдэг та бидний мөнхийн оршихуй. Эх орон тусгаар байхын, эх хэл маань дагшин оршихын, түүгээр дамжин дэлхийн монгол хүн бүрэлдэн бий болохын амин үндэс юм шүү. Дэлхийн монгол хүн гэхээр олон гадаад хэлтэй хүн гэж ойлгоод байгаа. Гэтэл тийм биш юм. Одоо бид жалга довны шүүмжлэлээсээ болоод хол харж, том нүүдэл хийж чадахгүй. Өнөөдөр, маргаашийн тухай л ярьдаг байдлаа бид хол хаях цаг болсон. Бидэнд боломж бол бий. Оюуны суутнууд маань бүтээн туурвисан бүхнээрээ ирээдүйд нар үзүүлэхийг л зорьж байгаа юм.

-Ерөнхий сайдын зөвлөх баярын хурал дээр тань зохиолчидтой уулзах боломжтой гэж хэлснийг нь дамжуулсан. Хэрэв ийм уулзалт болбол төр засгийг юун дээр түлхүү анхаарч өгөөч гэж хэлэх вэ?

-МЗЭ-ийн 95 жилийн ойн баярын хурал дээр төрийн гурван өндөрлөг маань баярын мэндчилгээ ирүүлсэн. Төр засаг маань хар нүднээс хөмсөг гадуур гэж МЗЭ-ийг тоохгүй өнгөрсөнгүйд нь баяртай байна. Ерөнхий сайдтай уулзах тэр цагт бид утга зохиолын ирээдүй болоод монгол хэлнийхээ ирээдүйн тухай л ярина. Монгол хэл соёл байснаараа Монгол Улсын оюун санааны тусгаар тогтнолыг дэлхий дахинд зарлан тунхаглаж чадна. Дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын оюун санааны нэгдсэн төв нь тусгаар тогтносон Монгол Улс, монгол хэл байх ёстой.

-Нийт зохиолчоо дэлхий рүү гарахыг уриалсан. Бас сайн талыг нь харъя гэвэл нэг үеэ бодвол эхнээсээ гадагшаа орчуулагдаж л байна даа?

-Үнэхээр бидэнд сайн сайхан зүйл бас байлгүй яах вэ. Олон сайхан зохиолчийн маань ном, бүтээл гаднын олон орны хэлээр хэвлэгдэж байна. Цаашдаа ч энэ тоо улам өсөх учиртай. Бидэнд дэлхийд гарч чадна гэсэн амбиц байгаа. Хэрвээ бид том хүсэл зорилго, тэмүүлэлгүй бол дахиад л эндээ 95 жил сууна шүү дээ.

-Монголын утга зохиолын өнөөгийн ачааг 1990-ээд оныхон буюу танай үеийнхэн үүрч яваа. Харин та ирээдүйдээ хэр итгэлтэй байдаг вэ?

-Ирээдүйдээ итгэхгүй бол өөр юунд итгэх юм бэ. Би өөрөө яруу найрагч хүн. “Хамаг бүхэн сайхан болно. Итгэсээр явахыг амьдрал гэнэ” гэж тунхагласан. Энэ итгэл гэдэг хамгийн үнэтэй зүйл. Тэр тусмаа зохиолч, туурвилч хүнд. Итгэлгүй байх юм бол чи маргаашийн нарны өнгө, гэрлийн тухай төсөөлөлгүй болно. Маргаашийн Монгол орны тухай мөрөөдөл, зохиол бүтээлээ үлдээх хийморьгүй болно. Тийм болохоор итгэл гэдэг бүх зүйл. Би Монголын утга зохиолын ирээдүйг маш гайхалтай өөдрөгөөр төсөөлдөг. Тийм ч учраас бид дэлхий рүү нүүе гэж хэлээд байгаа юм. Нүүдэлчний утга зохиол, талын язгууртнуудын өв соёл, монгол ахуй хийгээд дэлхийд үзүүлсэн амар амгалан бол дэлхий судлах ёстой нарийн нандин ухаан юм шүү. Гагцхүү бид энэ бүхнээ дэлхий нийт, хүн төрөлхтөнд зарлан тунхаглаж амжихгүй явна. Харин амжих ёстой үе маань ард зогсож байгаа. Хойч үе маань илүү их хүчтэй, цэвэр, нарийн мэдрэмжтэй, гайхалтайгаар ирж байна. Энэ бүхэн Монголын ирээдүй. Гэрэл гэгээтэй, сайн сайхан ирээдүй байлгахын тулд зохиолч бид өөрсдийгөө дэвсэж өгөх ёстой. Бидний үзэж туулсан, бичиж байгаа бүхэн Монголын ирээдүйн өлмий доор гишгэгдэж, өндөрт гарах шат нь байх ёстой юм. Тийм болохоор нуруугаа хотойлгож, өвдгөө сөгдөж өгнө.

 

3 replies on “Б.Ичинхорлоо: Дэлхийн боловсролтой хөл нийлсэн, монгол хэлээ маш сайн мэддэг зохиолчдыг манай утга зохиол хүлээж байна DNN.mn”

Өнөөгийн энэ хямралтай үед хэн их зүтгэж бүтээж яваа нь атаа жөтөөнд өртөж хохирч явааг МЗЭийн удирдлага мэдэж байгаа юу. Хамгийн их муу муухай зүйлийг зохиолч нэртэй зохиолч биш хүмүүс хийж хутган үймүүлж байгааг мэдэж байгаа юу.
Шагнал урамшуулал алдар нэрийг бүлэглэл болсон итггээдүүд хувааж авч байгааг мэдэж байгаа юу.
Гишүүн байх болзол хангаагүй худалч.зальтангуудаар зохиолчлын байгууллага хахаж хальж байгааг мэдэж байгаа юу
Салбар нэртэй хот хөдөөгийн зарим нэгдлийн үйл ажиллагааг хэсэг худалчуудын гарт орсоныг мэдэж байгаа юу.
Би өвчний учир 95 жилйн ойдоо оролцож чадаагүй дээ харамсаж байна.
Зохиолчдын байгууллагын менежер шударга маш сайн ажиллах хэрэгтэй байна. Орон нутгаар явах даа .толгойлогч нарын худал жүжигэнд хуурталгүй гишүүдтэй нь бүртгэлээр нь лавлаж уулзаж ярилцаж байх хэрэгтэй байна
Зарим тэргүүнүүд худал.хуурмаг зантайг мэдэж яв. Тас тас хөхөрч сайхан зан гарагсан хүн бол сайн хүн биш шүү. Ах нь 70 жил бичлээ.оролдлоо.энэ хугацаанд муу юм үзэж явсангүй.Одоо л харин үзэж үйлээ үзэж явна. Их харигас нөхөд байх юм гэж санасангүй. Сайн бүхэн дэлгэрэг.

Монгол сайхан хэлэнд минь өөрөөсөө ахмад хүнийг тэр ах,эгч,тэр гуай гэж хэлж ярьдаг билээ.Эрхэм найрагч та тв-н нэвтрүүлэгт ахмад хүмүүсийг нэрээр нь дуудаж ярьж бгаагаа сонсоод өөртөө дүгнэлт хгээрэй.2 ч удаа сонслоо.Их муухай бна шүү.АЖ Чимидцэеэ гуайг,дуучин агсан Цэрэнчимид гуайг үеийн хүнийхээ тухай ярьж бгаа юм шиг муухай ярьж бна шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *