Хуульч, доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.
-Та бол хуулийн салбарт олон жил ажилласан хүн. Монголын хуульчдын холбоог толгойлж явсан. Нэг ёсондоо таныг ярьдаг хууль гэж үзэж болохоор. Гэтэл саяхан та “Монголд хууль хэрэгжихгүй байгаа” тухай нэлээд ноцтой мэдэгдсэн. Юу болсон талаар ярьж өгөхгүй юу?
-Ерөнхийдөө тэвчээр барагдаад гэх үү дээ. Шөнө барилгын ажил хийгээд байхаар тухайн хүмүүст хууль сануулсан юм. Төв усан бассейны орчмын газрыг “Этүгэн”-ий С.Нямзагд гуай авчихсан. Аавын маань бие чилээрхүү байгаа болохоор Улсын хоёрдугаар төв эмнэлэгтэй ойр гээд гэртээ аваад ирчихсэн ухаантай. Гэтэл С.Нямзагд гуай барилгын ажлаа шөнийн цагаар явуулаад болдоггүй. Өөрөөс нь гуйсан. “Та миний аав, ээжтэй бага залуудаа найз нөхөд байсан. Аав минь ийм учиртай байгаа” гэж хэлсэн. Уг нь хүлээж авсан ч барилгын ажлаа зогсоогоогүй. Тиймээс цагдаад дуудлага өгсөн. Эхний өдөр цагдаагийн ажилтнууд ирээд, тухайн б арилгын компани зөвшөөрөлгүй техник ажиллуулж байсан гээд торгоод арга хэмжээ аваад явсан. Шөнийн цагаар ажиллахаа больсон гэж ойлгосон.
Гэтэл удалгүй дахиад л ажиллаад эхэлсэн. Арга буюу аав, ээж хоёр маань гэрээс холдож чадахгүй, хүнд дуу чимээн дунд байхаас аргагүй болсон. Гэр бүлийн бусад гишүүд дуу чимээ, тоосноос зугтаад зуслан дээр амьдарч байна. Энэ байдал анх удаагийнх биш. Хэдэн жил болж байна.
-Дахиад цагдаад хандсан уу. Зөрчлийн хэрэг биш гэж үзсэн гэв үү?
-Дахиад ажиллаад байхаар нь цагдаа дуудсан. Ирээд барилгын ажлыг зогсоосон. Гэхдээ зөрчил биш байна гэж үзсэн. Ийм байдалтай үргэлжилсээр л байна. Сүүлдээ цагдаа тоохоо больсон. Тэгэхээр нь арга буюу байгаа байдлыг нь олон нийтийн сүлжээнд тайлбарлаж хэлсэн хэрэг.
Зөвхөн “Этүгэн” биш. Саяхныг болтол төрөөс барилга барих гэж байгаа газар гээд Төв бассейн, Сэлбэ гол хоёрын хооронд байсан газар дээр асар том цементен цамхаг босгочихсон. Нэг ч стандарт, норм мөрдөгдөөгүй. “Этүгэн” бол бассейныг аваад зогсоол болон хүүхдүүд тоглодог байсан дөрвөн сагсны шийт, тоглоомын талбайг устгаад 20 гаруй давхар барилга босгож байна. Дэргэд нь голын усан сангаас буюу голоос 50 метрт барилга барихгүй хуулийн заалтыг зөрчсөн бас өөр барилгууд босгочихсон. 20 гаруй метрт хоёр том цамхаг барьж байна. Машины зогсоол, тоглоомын талбай, ногоон байгууламж байхгүй. Доороо худалдааны төв, дээрээ орон сууц босох юм гэсэн. Энэ бүгд ерөөсөө сүүлийн хоёр, гурван жилд болж байгаа процесс. Шөнө том оврын машин явуулдаггүй юм байна. Энийгээ барилгын компаниуд шийдүүлэх хэрэгтэй. Хүний эрх нэгд учир төр ч хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах хэрэгтэй. Заавал том миксер орилуулах ёстой юу. Өдөр бага оврын тэргүүд явуулах уу, эсхүл шөнө дуу багатай ямар техникүүд байна вэ, барих боломжгүй бол барихгүй л байх хэрэгтэй.
Цагдаагийн байгууллага дараа нь хэрэг үүсгэж, шөнийн цагаар ажилласныг зөрчилд тооцож, нэг сая төгрөгөөр торгосон байна лээ. Хөршийн эрх, хүүхдийн эрх, усны болон барилга, газрын хуулиуд, төв бассейныг авчихаад талбай дээр нь хувийн эмнэлэг барих гээд байгаа тендерийн будлиан гээд энэ олон сэдвийг төр засаг солигдвол АТГ энэ тэр гээд байгууллагууд шалгаад ажиллаж эхлэх биз. Одоо бол Монгол Улсад хууль хэрэгжихгүй, хэрэгжүүлдэггүй бүтэн систем ажиллаж байна. Тэрнийгээ өмнөх 30 жилийн балаг гээд сурталчлаад л байгаа. Өмнөх 30 жилийн балаг байгаа дээр нэмээд энэ хөгцнүүдийн сүүлийн тав, зургаан жилийн балгийг, бүр өнгөрсөн жилийн балгийг бид өнөөдөр, яг хамар дороо амсаад сууж байна.
-Алхам тутамд стандарт, хэм хэмжээ зөрчигддөг байдал манай улсад бий. Иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг төр бий болгоно гэж Үндсэн хуулиар үүрэг хүлээсэн. Гэвч үүний эсрэг шийдвэр, үйл ажиллагааг явуулдаг. Үүний нэг жишээ бол стандартгүй барилга байгууламжууд. Та энэ талаар олон нийтийн сүлжээнд нийтэлж, хууль ёсных нь дагуу нэхэмжлэл үүсгээд явна гэж ойлгосон?
-Миний хамгийн их гайхсан зүйл бол эдгээр барилгуудын талаар гомдол гаргахад 1111, 1800-1200 гээд хоёр утсаар авч байна. Гомдол нь шилжээд нэг мэргэжилтэнд очдог. Тэр нь “Манай асуудал биш” гээд өөр утас өгнө. Нөгөө нь бас “Манай асуудал биш” гээд өөрөөсөө зайлуулна. Би бодохдоо мандан бадрагчид маань мэргэжлийн хяналтаа алга болгож байгаад хуулиа дураараа зөрчиж, найрлаж байгаа юм байна. Одоо болтол хэн хариуцаж надад хариу өгөх нь тодорхойгүй байна. Мэргэжлийн хяналтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төсвийн хууль дагуулж хуулийг нь оруулж алга хийх мэргэн арга сэдэж, энийг нь орчин цагийн гол сүлжээн дээр суугч Г.Занданшатар хүлээн авч, УИХ-аар батлуулсан байдаг. Энэ бол Үндсэн хууль, хууль тогтоомжийн х уулиудаа зөрчсөн үйлдлүүд. Өөрсдөө маш сайн, инээмсэглээд мэдэж байгаа. Ийм бие даасан хуулийг, ийм салбарыг төсөв дагуулж батлуулж болдоггүй. Ийм юм болоод байна гээд тухайн үед яг хариуцаж байсан хүмүүст нь хэлсэн, тоогоогүй. Г.Занданшатар руу бүр вайбердаж байсан. Уншсан эсэхийг нь мэдэхгүй. Одоо яамдаа дагасан мэргэжлийн хяналт сайдынхаа бодлогыг хэрэгжүүлээд л шогшиж яваа. Сайд нь нөгөө системийн нэг оролцогч байгаад байдаг.
-Өнөөдөр Монгол Улс эрх зүйт нийгмийг байгуулсан гэж зарлан тунхагладаг. Үндсэн хуульдаа иргэнийхээ эрх, эрх чөлөөг заагаад өгчихсөн. Гэтэл бодит байдал дээр өнөөдөр монголчууд эрхээ эдэлж чадаж байна уу?
-Би юугаа хариулах вэ. Чи өөрөө асуултынхаа хариултыг, энийг уншиж байгаа уншигч бид бүгдээрээ мэдэж байгаа.
-Ер нь өнөөдөр бид яагаад ийм нөхцөл байдалд хүрчихэв. Та бол хууль эрх зүйн орчноо ба бэгүй мэдэх хүн. Яагаад бид эрх зүйт төртэй мөртлөө иргэд нь хохирдог нийгэмтэй болчихов?
-Өнгөрсөн тогтолцооноос үлдсэн намын тогтолцоог халж чадаагүйд маш их зангилаа байна. МАХН гэдэг нэрээ дагасан оюун санааны гажиграл өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Төр засаг гэдэг нь миний өөрийн юм, төсөв гэдэг нь миний халааснаас гарсан мөнгө юм гэж ойлгохгүй нам засагтаа талархаж ирсэн сэтгэхүйн үр хөврөл амь бөх оршиж байгаад зүсээ хувирган хулгайч нарыг бэлддэг сургууль, авлигын их сургууль болсон байна. Энэ нь нөгөө намуудад ч хүчтэй өвчин болж наалдсан асуудал.
-Иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа талаар сүүлийн жилүүдэд маш идэвхтэй яригдаж байна. Эрх зүйт зарчимд гэж үзэх үү, иргэний эрх, эрх чөлөө болон төрийн эрх баланстай, 50/50 хувьтайгаар хэрэгжих нь нийгэм тогтвортой, зөв явдаг тухай мэргэжлийн хүмүүс ярьж байна. Гэтэл манайд иргэний эдлэх эрх 20 хувь, төрийн эрх 80 хувьд хүрсэн гэж мэдээлж эхэллээ. Төр эрх мэдэлтэй байхын сөрөг тал юу вэ. Иргэний эрх, эрх чөлөө хумигдахын эрсдэл юу байж болох вэ?
-Төр гэж олон зуун тайлбар, онол бий. Энэ бүхнийг өөр өөрийн онцлогоор улс үндэстнүүд тайлбарлаж байна. Харин монгол үндэстэн бол өөрийгөө хайрлахаа байсан, өөртөө итгэхээ байсан. Төрд байгаа хэддээ бүр итгэхээ байсан итгэлгүй ард түмэн болчихоод байна. Иргэн эрхээ эдэлж чадахгүй байгаа нь тодорхой биз дээ. Амьд явах эрх бол хамгийн түрүүнд бичигддэг эрх.
Амьд явахын тулд амьсгалах ёстой биз дээ. Амьсгалах эрхээ хангаж чадаж байна уу. Өвөл болохоор хүйтэн болно. Хүйтэн болохоор дулаан хэрэг болно. Дулаан гаргахад агаар бохирдуулахгүй юу хэрэгтэй юм бэ. Юунаас гаргаж авах юм бэ. Сонгуулиар ийм л юмнуудаа иргэд ярьж мэтгэлцмээр байна. Соёлын төвийн байшин, замын гэрэл, чийдэн энэ бүгд дараагийн асуудал. Эрхээ хэрэгжүүлэхийн тулд эрхийн тухай мэдлэгтэй, бага зэрэг боловсролтой баймаар байна. Мэдлэг боловсрол холдоод байвал бага зэрэг сэтгэлтэй баймаар байна.