Хуульч, доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.
-Ирэх жилийн төсвийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Таны хувьд төсвийг тэгш бус хуваарилсан хэмээн ихээхэн шүүмжилж байгаа шүү дээ. Үүнээс яриагаа эхэлье?
-Үндсэн хуулиар иргэний эрх, эрх чөлөө, эдийн засгийн баталгааг тэгш хангахыг хуульчилсан. Тэгвэл төсвийн төсөл дэх тэгш бус хөрөнгө оруулалтын хуваарилалт нь иргэний эрх тэгш байх эрхийг нь зөрчсөн гэж үзэж байна. Үндсэн хуулийн 23.1-т УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасан.Гэтэл зарим гишүүд Засгийн газрыг тэргүүлэх, түүний гишүүнээр ажиллахдаа сонгогдсон тойрогтоо илүү их хөрөнгө оруулалтыг татах гэж оролдсон байна. Энэ нь бусад тойргийн иргэдийн эрхийг хөндөж байна. Угтаа Засгийн газар, УИХ-ын гишүүн сонгогдсон тойрогтоо бус улсын бүх иргэдийн эрхийг тэгш хангахын төлөө ажиллах ёстой. Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь ялгамжгүй хангах ёстой. Ийм ялгамжтай төсөв хуваарилах нь иргэд төрд итгэх итгэлийг алдагдуулна. Энэ итгэл алдагдсанаар үндэсний эв нэгдэл, үндэсний эрх ашигт хортой. Мөн Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 2 дугаар зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 2, 14 дүгээр зүйлийн 1, 16 дугаар зүйл тэр чигтээ иргэний эрхийг тэгш хангах талаар заасан байгаа.
-Та энэ асуудлаарҮХЦ-д баасан гаригт хандана гэсэн. ҮХЦ-д хандсанаар төсвийн эрх тэгш байдал яаж шийдэгдэх юм бэ?
-Үндсэн хуулийн 66.2.3-т заасны дагуу Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ҮХЦ хянана. Тэгвэл Ерөнхий сайд Засгийн газраа тэргүүлдэг бөгөөд Засгийн газрынхаа аливаа асуудлыг хариуцах зарчимтай. Өөрийн сонгогдсон тойрогтоо бусад тойргоос илүү хөрөнгө оруулах энэ үйлдлийг ҮХЦ-ийн харьяалалд байна. Хуульчид төсвийн төслийг биш, өөртөө давуу байдал бий болгохыг оролдсон үйлдэлд нь хамаатуулж, субьектийг Цэцэд өгөх болно.Арваннэгдүгээр сарын 15 гэхэд Төсвийн тухай хуулийг баталсан байх ёстой. Хэрэв энэ янзаар хууль батлагдвал, ҮХЦ-ийн харьяалалд хууль орно. УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал хэмээн ҮХЦ-ээс буцаах магадлалтай.
УИХ-ын онцгой бүрэн эрхэд нь халдах биш, харин онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн зөрчил гаргасан байна гэдэг талаас нь харж байгаа юм.
-Улсын төсвийн төсөл гаргах чинь Засгийн газарт олгосон бүрэн эрх биш үү?
-Тийм. Үүнийг хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулиа дагах ёстой. Нэгдүгээр үеийн эрх, хоёрдугаар үеийн эрх гэж байдаг. Хүний эрхийг тэгш хангуулах ёстой. Учир нь Үндсэн хуулийн 1.2-т Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. 2.1-т Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, холбооны улсуудын мужууд шиг өөр өөрийн гэсэн төсөв, бодлого баримтлахгүй гэсэн үг. Нэг л бодлоготой байна. Гэхдээ тэр бодлого нь иргэдийн үндсэн эрхийн баталгааг хангахад бүгд тэгш үйлчилнэ гэсэн санаа. “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж Үндсэн хуулийн 5.4-т заасан байдаг.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж байгаа юм. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүний эрх, эрх чөлөөг хуулиар баталгаажуулсан байдаг. Тухайлбал, амьд явах, сурч боловсрох эрхтэй.
-Төсвийн тухай хуульд иргэд санал хүсэлтээ хүргүүлэх боломжтой юу?
-Иргэд өөрсдийнхөө төлөөллийг буюу УИХ-ын гишүүнийг сонгодог. Иргэдийн сонгосон гишүүдийн олонх болсон намаас Засгийн газар байгуулагддаг шүү дээ. Ерөнхий сайд нь өөрийнхөө багийг бүрдүүлдэг. Ирэх оны Төсвийн тухай хуулийн төсөлд жишээ нь Хэрэг эрхлэх газрын төсөвт дөрвөн суманд “Иргэдэд үйлчлэх төв”-ийг 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барина хэмээн суулгасан байна. Дөрвөн суманд тус бүр 1.4 тэрбум төгрөгөөр ийм барилга барина хэмээн тооцохоор нийт 5.6 тэрбум төгрөг болж байна. Өөр аймгуудад ийм барилга барихаар тусгагдаагүй байгаа юм. Мөн тус аймгийн хэмжээнд шинээр сургууль, цэцэрлэг барих, засварлахаар боловсролын салбарт 30 тэрбум төгрөгийг төсөлд тусгуулсан байна. Гэтэл Булган аймагт нэг тэрбум төгрөгийг боловсролын салбарт төсөвлөсөн байна. Энэ хоёр аймгийн хүн ам, нийслэлээс алслагдсан зай нь ойролцоо. Засгийн газраас эдийн засгийн хүрээнд аль нэг аймагт улс орны чанартай үйлдвэр, төмөр зам барьж, аялал жуулчлалын онцгой бүс байгуулж болно. Энэ тохиолдолд Засгийн газрын бодлого гээд дэмжээд явах боломжтой. Гэтэл тийм зүйл дээр биш, зүгээр л хоёр аймгийн боловсролын салбарт төсөвлөсөн төсөв дээр жишээ татахад маш ялгамжтай байна. Нэгэнд нь 30, нөгөөд 1 тэрбум төгрөгийн зөрүүтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн зөвхөн Бэрх тосгонд л гэхэд олон улсын сургалттай сургууль барьж байна гэжээ. Засгийн газар, УИХ-ын гишүүд бүх ард түмний эрх ашгийг хангах ёстой. Иргэдээ гадуурхсан, өөрийнхөө сонгогдсон тойрогт давуу байдал олгохыг эрмэлзсэн эсэхийг Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэх, хянах ёстой. Хэрэв хянахгүй гэвэл Цэц өөрөө ийм дур зоргыг хүлээн зөвшөөрч, цааш цаашдын Ерөнхий сайд, сайд нар өөрсдийн тойрог руугаа энэ мэт ялгавартайгаар зоригтойгоор төсвөө төсөвлөж, зарцуулсаар байх болно. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд маань хаана, аль аймагт амьдарч байгаагаас үл шалтгаалж сурч боловсрох эрх нь тэгш олгогдож байна уу, мөн нэгдүгээр үеийн эрх нь хангагдаж уу гэдгийг шалгах ёстой. Нэгдүгээр үеийн эрх гэдэг маань Иргэний ба улс төрийн эрхийн пактад заасан эрхүүд, түүнийг заавал хангах ёстой. Төрөөс эдийн засгийн эрхийн баталгаагаар заавал тэгш хүртээмжтэй хандах ёстой. Үүнээс гадна, хоёрдугаар үеийн эрх буюу Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай пактад заасан эрхүүдийг ч мөн заавал тэгш хангах ёстой. Жишээлбэл, говийн сумдын ундны ус чанарын шаардлага хангадаггүй. Иргэд малын устайгаа адилхан амны ус хэрэглэдэг. Энэ ус хатуулагтай учраас тэдгээр сумдын иргэдийн ходоод, гэдсэнд сөргөөр нөлөөлж, дундаж насжилт бага байдаг. Энэ бол амьд явах эрхтэй хамаатай. Тэгвэл Хэнтийн дөрвөн суманд 5,6 тэрбум төгрөгөөр “Иргэдэд үйлчлэх төв”-ийг барих уу, говийн суманд чанарын шаардлага хангасан гүний худаг байгуулах уу, аль нь нэн шаардлагатай байна гэдгийг харгалзах ёстой. Нөгөө талаас ирэх жилээс өрөө төлөх гэж байж, эдийн засгийн үр ашигтай хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгах ёстой юм. Тиймээс энэ мэтээр УИХ төсөв батлахдаа үүнийг харах ёстой юм. Хүний эрх, тэгш байдал гэдгийг хэзээ улстөрчид ойлгох вэ? Үүнийг ойлгуулах гэr, нөлөөлөл үзүүлэх үүднээс хуульчид, эдийн засагчид санаа зовоод байгаа юм.
Р.ХИШИГЖАРГАЛ