Categories
мэдээ цаг-үе

Б.Гүнбилэг: Аймаг, сумдыг нэгтгэвэл иргэдэд ямар хэмжээгээр нөхөн олговор олгохыг хуульд тусгах ёстой

-СУ МАНД НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫГ НАМААС САЛГАХ НЬ ЗӨВ-

Хуульч, доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.


-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой гурван том өөрчлөлт Үндсэн хуульд орсон учраас Үндсэн хуульд нийцүүлж нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар нэр бүхий гишүүд өргөн барьсан. Нэмэлт өөрчлөлтийн төслийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Төсөлтэй танилцсан. Хэд хэдэн зарчмын хувьд зөрүүтэй томьёолсон асуудлууд байгааг хууль тогтоогчид анхаарах байх. Жишээ нь, төслийн 3.2-т олон улсын гэрээг энэ хуулиас давуу хүчин чадалтай байхаар заажээ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагад олон улсын гэрээг энэ хуулиас давуу хүчин чадалтай байхаар зааж өгөх үндэслэл байхгүй юм. Учир нь Монгол Улс өөрийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээ хэрхэн байгуулах ёстой вэ, хэрхэн удирдах ёстой вэ гэдгийг олон улсын гэрээнд зааж өгөхгүй. Энэ бол тусгаар тогтносон Монгол Улсын нутгийн удирдлагын тухай хууль бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиа л барина. Яагаад олон улсын гэрээ давуу хүчин чадалтай гэж энэ зүйлд оруулсан бэ. Тэр тусмаа өөрийн газар нутаг дээрээ засан тохинох эрхээ хэрэгжүүлэхдээ тус улс нь үндэсний эрх зүйгээ давуу хүчинтэйгээр хэрэгжүүлэх ёстой нь ойлгомжтой.

-Энэ хуулийн төслөөр сумдыг цөөлж, нэгтгэх, аймгийн төвийг хот болгох зэрэг өөрчлөлтүүд орж байгаа. Нэг талаараа сумдыг цөөлж нэгтгэх ажлыг зоригтой, дорвитой хийх хэрэгтэй гэж үздэг. Учир нь хоёр гудамжтай, 17 өрхтэй сум манай улсад байна шүү дээ?

-Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зорилго нь тодорхой нэг аймаг, сум руу чиглэсэн байж болохгүй. Үндсэн хуулийн 57-ын 3-т Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэж байгаа. Энэ зүйл өмнө ч байсан. Нэмэлт, өөрчлөлт ороогүй. Харин шинэ хуулийн төсөлд энэ асуудлыг хэн санаачлах вэ, иргэдээс хэрхэн яаж, санал авах вэ гэдэг асуудлууд зохицуулагдсан байна. Тухайлбал, тухайн нэгжийг өөрчлөхөөр иргэдээс санал авна, сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх оролцсон бол уг санал авах ажлыг хүчинтэйд тооцно гэжээ. Энийг маш сайн бодох ёстой. Аймаг, сумдыг нэгтгэвэл, ядаж хүмүү-сийн амьдрал их өөрчлөгдөнө. Цөөнх болсон хэсгийн амьдрал ч өөрчлөгдөнө. Хашаа, байшин, газар үнэгүйдэж, гомдол их гарах болов уу. Тэгэхээр сум, аймгийн төвүүд өөрчлөгдсөн бол иргэдэд ямар хэмжээгээр нөхөн олговор, төлбөрийг өгөх вэ гэдгийг энэ хуульд оруулах ёстой. Энэ тун эмзэг асуудал шүү.

-Аймгуудын Засаг даргыг Ерөнхий сайд санал болгож, томилдог байхаар хуульд тусгасан байна лээ. Ингэхдээ төрийн бодлогын, хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засаг дарга Ерөнхий сайдын өмнө хариуцлага хүлээх зарчмын дагуу огцруулах асуудлыг Ерөнхий сайд шууд шийдвэрлэж байхаар, харин Хурлын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа асуудлаар тухайн шатны ИТХ-тай зөвшилцөн шийдвэрлэж байхаар тусгасан байсан. Үүнийг та юу гэж дүгнэж байгаа вэ?

-Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дээр Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно гэж байгаа. Тэгэхээр Ерөнхий сайд санал болгох асуудал байхгүй. Харин Засаг дарга гэж ярьсных, нэг зүйлийг энэ хуульд тусгах шаардлагатай. Төслийн 58.3.2-т заасан “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэдэг засаг даргад тавих шаардлагыг тооцохдоо 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зургадугаар зүйлд заасан “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно” гэснийг дагаж мөрдөх талаар энэ хуулийн төсөлд тусгаж өгөх шаардлагатай. Мөн ИТХ-д тэргүүлэгчээр ажиллаж байсан бол түүний Засаг даргад тавьсан төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцох ёстой юм. Өнгөрсөн онуудад аймгийн Засаг дарга нарыг томилох асуудалд “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэдгийг тооцохдоо тооцно, тооцохгүй гэж янз бүрээр тайлбарлан маргаж, шүүх хүртэл энэ зохицуулалтыг янз бүрээр тайлбарласан тохиолдлууд гарч байсан. Энийг нэг тийш шийдэх хэрэгтэй. Орон нутагт удирдлага хэрэгжүүлэх гэж байгаа хүн шүү дээ.

-ИТХ-ыг улс төрөөс ангид байлгах зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагаагаа намын бүлгээр бус, Байнгын болон Түр хороо, Ажлын хэсэг зэрэг өөрийн дотоод зохион байгуулалтын бүтэц, арга хэлбэрээр явуулах зохицуулалтыг оруулсан гэж хууль санаачлагчид мэдэгдэж байсан?

-Бүх нэгжид тэгвэл сонгуульд оролцож байгаа мөрийн хөтөлбөр нэгдсэн байж чадахгүй. Сонгуулийн дараа мөрийн хөтөлбөрөө яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй болно. Суманд бол болж болох юм.

-Мөн сумын Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, мөн бусад Хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулсан байна. Энэ талаар тодруулъя?

-Энэ бол байж болох хувилбар. Нутгийн өөрөө удирдах ёсонд, тэр дундаа суманд ер нь намын нөлөө хэтэрчихээд байгаа. Суманд нутгийн өөрөө удирдах байгууллагыг намаас салгах нь зөв.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *