Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Богд хааны ордон музейн захирал, “Болор цом”-ын эзэн Ц.Эрдэнэбаатар: Өндөр Гэгээний бүтээлүүдийн нэг өвөрмөц онцлог нь амьд мэт бүтээхээс гадна “алхимич” хүн л бүтээж дээ гэмээр нууцлаг… DNN.mn

Энэ сарын 7-17-ны хооронд Богд хааны ордон музейд “Хорин нэгэн Дара эхийн чуулган” нэртэй үзэсгэлэн нээгдэж байна. Энэ талаар тус музейн захирал, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатараас тодруулсан юм.


-Үзэсгэлэнгийн нэг хэсгийг “Сахиус догшдын бүжиглэл” хэмээн нэрлэсэн нь ямар учиртай юм бэ?

-Сахиус догшдыг тэнгэрээс газарт буулгана гэдэг бол хүн төрөлхтний баяр. Монголчуудын баяр бол наадам, наадмын эхлэл бол Даншиг шүү дээ. Даншиг гарахад цам гарч байсан. Цам нь тэнгэр газаргүй баярлаж байна гэх санааг бий болгож, дээд аль нэг орноос догшид сахиусыг буулгаж байгаа хэрэг. Лхачинсүрэн гэх цагаан өвгөн энэ замбуулинд бууж ирээд догшид сахиус, бурхдаа дууддаг. Цагаан өвгөн бол урт нас, аз жаргалын бэлгэдэлт дүр. “Зуу насалж зургаадай таяг тулаарай” гэж монголчууд ярьдаг, ерөөдөг.

Зургаадай таяг гэж юу болохыг энэ үзэсгэлэнгээс харж болно. Энэ таяг зөвхөн Богд хааны ордон музейд л байдаг. Цагаан өвгөний иж бүрэн хувцас, дээл, эрхи, гутал энд байна.

Гутал нь гэхэд барын арьсан гутал. Домогт: Нэгэн анчин ан хийж яваад бар алсан чинь тэр нь эх болох гэж буй бар байж таараад үхэхдээ дөрвөн зулзага төрүүлжээ. Нэг дор таван амь сүйтгэлээ гээд тэр хүн ихэд гэмшээд дахин хүйтэн зэвсэг амьтан руу шагайхгүй гэж тангараг өргөж, түүгээр зогсохгүй гэгээрэн бурхан болсон гэдэг. Яг Б.Лхагвасүрэн “Буутын ус” зохиолд гардаг шиг юм болж л дээ. Ингээд тус анчны агнасан өнөөх барын арьсаар хийсэн гутал гэж болно.

-Цамын ёслол болж, цагаан өвгөн гарч ирэн бүжихэд Богд хааны ордон музейд буй үзмэрүүдийг хэрэглэдэг үү, эсвэл өөрийг хэрэглэдэг үү?

Мэдээж тухайн цагт хэрэглэгдэж байсан л эдүүд байх. Ер нь 1937 онд 700-гаад сүм хийд устгагдсан гэж ярьдаг шүү дээ.

Тэдний 500-гаад нь өөр өөрийн өвөрмөц онцлогтойгоор Цам гаргадаг байсан гэнэлээ. Тэгэхээр цам бол нэлээд хөгжсөн зүйл бололтой. Жахар буюу Даншиг наадам нь шажны хаан буюу Богдыг урт наслуулж, удаан жаргуулах, нас буяныг нь нэмэх зорилготой л хийгдэж буй наадам. Хаанд зориулагдсан цам учраас бусдаас арай өөр байх нь дамжиггүй. Тиймд “Хүрээ цам” бол зиндаа өндөр.

-Энд дэлгэгдсэн үзмэрүүдээс товч танилцуулбал, олон түмэнд илүү хүрэх болов уу?

-Богдын ар талд Аюуш бурхан залдаг байсан уламжлалтай. Энэхүү Аюуш бурхны зээгт наамлаар бүтээгджээ. Зээг наамал гэдэг бол торгон дээр бурхнаа зураад өнгөөр ялгахдаа будгаар бус өнгө өнгийн торго, хоргой зэргийг орлуулж зээглэж оёдог бурхан бүтээх нэг өвөрмөц арга шүү дээ. Дан торго хоргой, хошмог, есөн эрдэнэ хүртэл хэрэглэсэн нь бий.

Хүрээ цамын бас нэг гол дүр бол Хангарьд шувуу байгаа юм. Нийслэл маань Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Богдхан гэсэн дөрвөн уулын дунд оршдог. Энэ дөрвөн уулаас бид бүхэн Богдхан уулыг тэргүүн болгож шүтдэг. Харин уг шүтээний маань савдаг нь Хангарьд шувуу юм. Тиймд манай хотын сүлдэн харгарьд байдаг.

Гонгор бурхан бол эд баялгийг дуудагч сахиус. Тэгэхээр энэ Цамтай цуг эд баялаг ирэх нь гэсэн үг.

-Дамдинчойжоо бурхны талаар тайлбарлавал…?

-Дамдинчойжоо бурхныг Эрлэг номун хаан гэдгээр нь монголчууд мэднэ. Хэн ч бай, төрөөд үхэх нь үнэн. Үхэх үедээ хүн энэ бурхан дээр очдог байх нь. Эрлэг дээр очоод энэ амьдралдаа хэрхэн зөв амьдарч чадсан бэ, шунал тачаал, мунхаг харанхуй, атаа хорсол чинь их байсан уу, бага байсан уу гэдгээс шалтгаалж там диваажингаа сонгоно ш дээ. \инээв\ өөрөөр хэлбэл, мөнх бусыг мөн цам маань сануулдаг байх нь.

Очирваань бурхан бол Монголыг даасан бурхан. Төвөдийг бол Жанрайсиг бурхан, Хятадыг бол Манзушир бурхан даадаг. Монголчууд даасан бурхнаа энэ их баяр дээрээ залдаг. Энэ удаагийн үзэсгэлэнгийн танхим нь жижиг учраас өндөрт нь тааруулж гурван метрийн өндөртэйг л залсан байна. Том үзэсгэлэнгийн танхимтай байсан бол таван метр, долоон метр өндөртэй очирваань бурхныг залж болно. Тухайн үед гадаа тийм өндөртэй бурхдыг залдаг байсан мэдээ бий.

-Цамын ёслол бол сүсэгтэн олныг баярлуулдаг, энэ хэдийд анх Даншиг наадамд орж ирсэн хэрэг вэ?

-Өндөр гэгээн Занабазарыг шашны хаан буюу анхдугаар Богдоор өргөмжлөхөд Даншиг наадам хийсэн түүхтэй. Даншиг наадамд Цамыг оруулж ирсэн хүн бол дөрөвдүгээр Богд юм. 1811 энэхүү “Жахар” буюу хүрээ цамыг үзүүлсэн гэдэг. Дөрөвдүгээр Богдын үед жинхэнэ утгаараа Хүрээ цам зохион байгуулагдсан байдаг.

-Г.Занабазарын өөрийн гараар бүтээгдсэн бүтээлүүд тун ховор гэгддэг. Энэ талаар?

-Өндөр Гэгээний өөрийн мутрын бүтээлүүд бол тун ховор. Ногоон, цагаан дара эх тэргүүт 21 дара эх, язгуурын таван бурхан, Очирдарь,босоо Майдар, Манзушир, Аюуш гээд 30 гаруй л бүтээл бий.

-Богд хааны ордон музей рүү орохдоо ноёд хаадууд нь төрөх гэж байгаа охиноо, тулгар эхнэрээ авчирч босгонд нь мөргүүлдэг байсан гэдэг. Энэ нь үр хүүхэд нь эрүүл энх байх, хүндрэлгүй төрөхгүй ч юм уу ерөөл бэлгэдэлтэй үйл гэх нь бий. Энэ уламжлалын талаар сонирхуулбал…?

Энэ 21 Дара Эхийн үйлс нь хүний бүх хүслийг 21-д багтаан багцалсан гэж үзвэл тэр 21 хүслийг буюу хүний бүх хүслийг биелүүлэх увдис шидтэй л гэсэн үг л дээ. Харин энэ хорин нэгийн бүгдийх нь увдис чадлыг бүрдүүлж чадсан бурхан нь бол Ногоон Дара Эх.

-Ер нь Өндөр гэгээн Занабазарын урласан Дара эхийг хамгийн зөв тэг хэлбэртэй гэж бичсэн байхыг, тэгж тайлбарлахыг олонтаа сонсож байсан шүү?

-Өндөр Гэгээний урлалын тухай Ногоон Дарь Эхийг жишээлэн авч тайлбарлахыг хичээе. Бурхны тэг гэж ярьдаг бурхан багш нас дээр гарахын үест шавь нар нь “Хэн ч мөнх бус. Та ер нь нэлээд өндөр насыг насаллаа, таныг бид ямар дүрээр дурсан санаж байх юм бэ” гэсэн чинь бурхан багш “Бурхны тэг” гэдэг зүйлийг бичээд зураад өгчихсөн. Түүнд нь тэргүүнийх нь өндөр суугаа биеийнх нь гуравны нэг, босоо биеийнх нь долооны нэг, нүүрнийх нь өргөн мөрний толгойноос бүдэрхий хүртэлх зайтай ижил байна, гэдэг ч юмуу? Ер нь бол аман зураг зурж орхижээ.

Энэ бурхны тэгийг анагаах ухаанд хэрэглэж амжаагүй байхад Ленорда да Винчи гэдэг хүн төгс хүн гэдэг зураглалыг гаргаж ирсэн, тэр нь яг бурхны тэг шиг хэмжээст хүний зураг байдаг. Леонардо да Винчи 1500 оны үед амьдарч байсан гэхээр бурхан багш бол түүнээс 2000 жилийн өмнө зурж бичээд үлдээчихсэн гэсэн үг. Леонардогаас зуугаад жилийн дараа Өндөр Гэгээн цутгуурын урлаг дээр Дара Эхийг бүтээсэн чинь Леонардогийн бодсон бодлого, бурхны тэг, Өндөр Гэгээний бүтээл гурав хэмжээсийн хувьд яг нэг цэг дээр давхцаж байгаа юм. Хоёрдугаарт, энэ цутгуурын урлагийг бүтээхдээ тэргүүнийг нь, мутрыг нь, мөрөн дээрх бадам цэцэг болон их биеийг нь тус тусад цутгаад дараа нь хооронд нь нийлүүлж гагнадаг учиртай. Гэтэл энэ Ногоон Дара Эхийг тэгж гагнаагүй юм шиг гагнаас нь мэдэгддэггүй, тийм учраас энийг номын хүчээр бүтээсэн гэж хэлэх нь ч бий. Шинжлэх ухааны үүднээс харвал том алхимич хүн байсан болохоор тэр гагнаасыг нууцалж чадсан байх л даа.

-Ер нь Богд хааны ордон музейд Хорин нэгэн Дарь эхийн үзэсгэлэнг гаргаж байсан уу?

-Ер нь үзэсгэлэн гэдэг бол дэглэлтийг л өөрчлөх асуудал. Үзмэр бол байж л байгаа шүү дээ, үзэгч бол энэ дэглэлтийг өөр орчинд харахыг хүсдэг. Далайн хөвөөн дээр харахыг хүсэж байгаа, магадгүй орчлонгийн хоосон орон зай болсон тэр сансарт харахыг хүсэж байгаа, сүмбэр уулын орой дээр Хорин нэгэн Дара эх заларсан байхыг харахыг хүсэж байгаа шүү дээ хүмүүс, үзэсгэлэн гэдэг бол өөрөө энэ юм. Нөгөө талаасаа манай ордон музейн үзмэрийн арав орчим хувь нь дэлгээтэй байдаг, бусад 90 орчим хувиа үзэсгэлэнгээр дамжуулан үзүүлдэг, улиралд 1-2 үзэсгэлэн гаргаж үзүүлдэг гэсэн үг. Хорин нэгэн Дара эхийн орон зайг сольж бид нар Дүрслэх урлагийн музейд гурван жилийн өмнө гаргасан, хүмүүс маш их сонирхсон. Өнгөрсөн намар Өндөр Гэгээний өөрийн мутрын бүтээлүүдээс бүрдсэн “Өндөр Гэгээний өв” гэж том үзэсгэлэнг Богд хааныхаа ордон музейд зохион байгуулж чадсан, энэ үзэсгэлэнг бол маш их хүн үзсэн. Өнгөрсөн өвөл “Хааны хаш” гэж үзэсгэлэнг зохион байгуулсан, өнгөрсөн хавар бид бурхан багшийн үлдэц эрдэнүүдээр үзэсгэлэн зохион байгуулсан, мөн л маш их хүн үзсэн.

-Үзэсгэлэн гаргаж байгаагийн ач холбогдлыг товчхон дүгнэвэл…?

-Музейд энэ үзэсгэлэнгээр дамжуулж хүмүүс ирээд сурчих юм бол музей өөрөө боловсролын төв байгууллага учраас энүүгээр орж ирж байгаа хүн болгон соён гэгээрэх тухай асуудал юм. Бурхдын энэ сууриуд нь бадам цэцэг байна шүү дээ, энэ яагаад заавал бадам цэцэг байна вэ гэхээр мунхаг харанхуй гэдэг шавар балчгийг ялж гарсан бадам цэцэг шиг ургасан бодит хүмүүс байхгүй юу. Гэгээрсэн гэдэг ойлголт бол: Сэтгэлээ хөгжүүлж, дадуулж чадсан гэсэн үг. Жаахан өөрөөр тайлбарлавал амьдралын мөн чанарыг бүрэн ойлгоод, гуйлга гуйж байгаа хүн, энд арваганаад явж байгаа аалзыг адилхан та өөрийнхөө үрийг яаж хардаг уу тэрэн шиг харж чаддаг болтол дадал суулгахыг хэлдэг. Сэтгэлийн фитнесийг хөгжүүлж чадсан хүмүүс л бурхан болдог. Ард нийтээрээ сэтгэлийнхээ фитнесийг хөгжүүлж чадвал аз жаргалтай амьдрах боломжтой.

-Энэ жилийн тухайд долдугаар сарын 7-ноос үзэсгэлэнгээ дэлгэлээ. Тэгэхээр энэ цаг хугацааг жуулчдын улиралтай харьцуулж гаргасан уу. Ер нь үзэсгэлэндээ хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ?

-Ер нь Монголын хамгийн том баяр бол Цагаан сар, Наадам хоёр. Тэгэхээр энэ хоёр баяртаа зориулаад жилийн өмнөөс ямар зүйл үзүүлж харуулах тухайгаа боддог. Энэ баяраараа дамжуулж, баярлангаа өв соёлоороо бахархах, соён гэгээрх боломж нөхцөлийг бүрдүүлж буй ухаантай.

Ярилцсан

Н.САРАНЧИМЭГ

Э.ОДОНЧИМЭГ

М.УРАНБИЛЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *