Categories
мэдээ цаг-үе

Б.Гарамгайбаатар: Нэр дэвшигчдийн хэлж, ярьж буй үгэн дотроос шинэчлэл хийж чадах эсэхийг намын гишүүд олж харах ёстой

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатартай ярилцлаа.


-Ардчилсан намын даргыг сонгох сонгууль үргэлжилж байна. Явцын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-АН-ын VI Их хурлын шийдвэрээр даргаа сонгох сунгаа болж байна. Таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Саналын үеийн үйл явцыг сайн мэдэхгүй. Сурталчилгаа Хэнтий аймгаас эхлэх үед очиж оролцсон. Ер нь намын даргын сунгааг гишүүд хүсэн хүлээж байсан нь тодорхой. Нэр дэвшигчдэд намын зүгээс тодорхой болзол тавьсан. Бие бие рүүгээ дайрахгүй, намынхаа эсрэг зүйл ярихгүй байх гэхчилэн шалгууртай. Гэхдээ нэр дэвшигчид сурталчилгааны эхний өдрөөс журмаа зөрчиж байна. Ялангуяа сүүлийн үед нэлээн идэвхжиж байгаа тухай мэдээлэл бий. Гэхдээ АН-ын даргын сунгаа боломжийн хэмжээнд, хэвийн явагдаж байна гэж үзэж байгаа. Намын гишүүдийн сэтгэлд хүрч байгаа болов уу гэсэн бодол бий. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр гишүүдийн сэтгэлд нийцэж байгаа байх. Сунгаанд эргэж хармаар, нэр дэвшигчид анхаармаар зүйл их харагдаж байна.

-Даргад өрсөлдөх хүн 500 сая төгрөг тушаасан. Энэ хэр зүйтэй шийдвэр вэ?

-Нэр дэвшигчид намын даргад өрсөлдөхдөө тодорхой хариуцлага үүрэх шаардлагатай. Нам улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй. Өөрсдийгөө бүрэн хариуцдаг. Тэр утгаараа намын даргад өрсөлдөж буй хүн тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдэх ёстой. Сонгуулийн хорооноос тодорхой нөхцөл тавьсан юм билээ. Уг нөхцөл зөвшилцлийн дунд багассан гэсэн. Нэр дэвшигчдээс авсан мөнгөөр сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Нэг ёсондоо эргээд өөрсдөд нь зарцуулж байна. Түүнээс биш нам ямар нэгэн байдлаар бүх мөнгийг нь хамаад авчихсан хэрэг биш.

-Нэр дэвшсэн таван хүн намын даргын шаардлагад нийцэж байгаа юу. Ер нь таныхаар хэр боломжийн хүмүүс өрсөлдөж байгаа вэ?

-АН-ын нэг онцлог бий л дээ. Аль болох нээлттэй байдаг. Бид хаагдмал нам биш. Хүсвэл өөрсдийнх нь оролцоог аль болох хангадаг. Түүнээс биш ямар нэгэн байдлаар чи болохгүй, чадахгүй гэх зүйл ярьдаггүй. Энэ утгаараа хүсэл эрмэлзэлтэй хүн бүрт даргын сунгаанд нэр дэвших эрх нээлттэй байсан. Гэхдээ миний бодлоор намын даргын ч тэр, бусад албан тушаалд ч тэр, тодорхой шалгуур заавал байх ёстой. Нэг ёсондоо АН 25, 26 жилийн дотор өсөж өндийж явсаар өнөөдрийн түвшинд хүрсэн. Намын үйл ажиллагаа унаж, босож, сэхэж явахад гар бие оролцож байсан хүмүүс өрсөлдөөнд орж байвал зүгээр. Тэгэхгүйгээр хаа хамаагүй газраас хэн дуртай хүн гүйж ирээд намын сунгаанд оролцож, янз бүрийн байдлаар үймүүлэх аяс ажиглагдвал буруу. Тийм дүр төрх тодорхой түвшинд харагдахаар юм билээ. Ер нь бол АН-ыг шинэчлэх хөдөлгөөний байр байдлыг анхааралтай ажиглахад үймэн хутгах өнгө аяс гаргах төлөвтэй байна. УИХ-ын сонгуулийн өмнө болон VI Их хурлын бэлтгэл ажлыг хангаж байхад иймэрхүү төрх нэлээн анзаарагдсан. Гишүүд бол бүгдээрээ намын шинэчлэлийг хүсч байгаа. Тодорхой хэмжээнд салхи оруулахыг хүсч байгаа хэдий ч маш их туйлшрал байгаа нь худлаа биш.

-Намын шинэчлэлийн асуудал яригдаж байгаа хэдий ч даргын сунгаанд өрсөлдөж буй хүмүүсээс тэгтлээ их зүйл хүлээгээд нэмэргүй болов уу гэж анзаарагдаж байна?

-Надад ч гэсэн тийм сэтгэгдэл төрж байгаа. Яагаад вэ гэхээр нэр дэвшигчид тухайн намыг хэрхэн шинэчлэх вэ, одоо юу нь болохгүй байна вэ гэдэгт үндэслэн мөрийн хөтөлбөрөө боловсруулах ёстой. Гэтэл гишүүдийн хүсэн хүлээж буй шинэчлэл авчрах мөрийн хөтөлбөр харагдахгүй байна. Зөвхөн би гэдэг хувь хүнээ л тодорхойлоод байна. Нэг талаас би бол залуу хүн, залуус энэ намыг авах ёстой, хөгшчүүл зайгаа тавьж өг гэдэг. Нөгөөдүүл нь залуус орж ирэх цаг арай болоогүй байна гэхчилэн сурталчилгаа явуулж байгаа. Намын гишүүд нэр дэвшигчдийн хэлж, ярьж буй үгэн дотроос шинэчлэл хийж чадах эсэхийг олж харах ёстой. АН яг ямар нам бэ гэдгийг нэр дэвшигчид хэлж чадахгүй байна. Баруун төвийн нам юм бол ямар чиг хандлагатай вэ гэдгийг ярихгүй юм. Уг нь АН-ын дүрэм муу биш. Өнөөдөр мөрдөж буй дүрмийг би сайн гэж хэлэхээр байна. Хамгийн гол нь дүрмэн дотор байгаа олон заалт хэрэгжихгүй байгаа. Тэдгээрийг буцааж хэрэгжүүлэх ёстой. Дээрээс нь нэмээд цаг үетэйгээ тохирсон өөрчлөлт оруулах хэрэгтэй. Миний бодлоор АН баруун төвийн үзэл бодлыг барьдаг консерватив нам. Үндэсний уламжлалаа хадгалдаг, барууны консерватив намуудын холбоонд элссэн байдаг. Тиймээс улс төрийн энэ чиг баримжаагаа илүү хадгалж дүрмээ шинэчлээсэй гэж бодож байна. Ер нь АН адармаатай түүхтэй. Олон нам нийлэхдээ үзэл бодлын маш их зөрүүтэй байлаа. Тэр нь яваандаа фракцуудыг үүсгэж улмаар ашиг сонирхлын хэлбэр рүү шилжчихсэн. Угтаа бол АН гурван үндсэн үзэл бодолд тулгуурласан нам. Социал демократ нам, МоАХ, МҮДН-ынхан нийлж консерватив нам үүсгэн байгуулсан. Магадгүй олон үзэл бодол биелэлээ олохгүй явсаар байгаад өнөөдрийн энэ барууны ч, зүүний ч, төвийн ч биш хачин будлиантай чиг баримжаатай болчихсон байх. Энэ үзэл бодлыг юун түрүүнд зааглаж өгөх хэрэгтэй. Ялгааг гаргахад одоо мөрдөгдөж буй дүрмээ сайн хэрэгжүүлэх ёстой байх.

-АН дотроо хагаралтай байдаг нь өнгөрсөн дөрвөн жилд илт харагдсан. Одоогийн намын даргын сунгаанд ч гэсэн иймэрхүү зүйл харагдаад байх шиг ээ?

-Ер нь АН-ын ялагдлын гол шалтгааны нэг нь дотоод зөрчилдөөн. Үүнээсээ болж бид ард түмний саналыг алдсан. Түүнээс биш гадна талаас дайсан хайгаад хэрэггүй. Нэг ёсондоо гурван намын суурин дээр байгуулагдсан АН сүүл рүүгээ зөвхөн албан тушаал, ашиг сонирхлын фракцуудыг бий болгосон байна. “Шонхор”, “Нэг ардчилал”, “МҮАН-ын нэгдэл” гэхчилэн олон фракцийн үйл ажиллагааг хараад байхад албан тушаал, ашиг сонирхлын төлөө л яваад байдаг. Сүүлд гарч ирсэн АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийхөн ч тэр. Эд АН-ыг сонгодог утгаар нь шинэчлэхийн төлөө яваагүй. Гаднах өнгөлөн далдлалт нь шинэчлэл. Үнэн чанартаа дандаа гомдоллогсдын бүлэглэл шүү дээ. Эсхүл ажил төрөл, албан тушаалгүй хоцорсон нөхдүүдийн зохион байгуулалтад орж байгаа нэг хэлбэр.

-Тийм хүмүүс намыг шинэчилж чадах уу?

-Намын даргад нэр дэвшиж буй хүмүүс ийм фракцийг байхгүй болгох ёстой. Байхгүй болгох гол зам нь АН баруун төвийн буюу консерватив нам гэдгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс үлдэх ёстой. Бусад нь эртхэн өөр өөрсдийнхөө замаар яваасай гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ мэдээж хэрэг нам тарж бутрахыг хэн ч хүсэхгүй. Өдий олон жил үйл ажиллагаа явуулахдаа үзэл бодол нь ойролцоо төвлөрдөг болсон бол шинэчлэл хөдөлгөөнд нэгдээд явахыг үгүйсгэхгүй. Тэгэхгүйгээр яг хуучнаараа яваад амжилт олохгүй. Таван нэр дэвшигчийн сурталчилгааны тоглолтыг нэлээн харлаа. Ж.Батзандан гэхэд тухайн тойргийн сонгогчдын уур амьсгалыг мэдэрч байгаад тоглолтоо хийгээд явж байна. Мэдээлэл муутай хүмүүст Ж.Батзандангийн яриа гоё сонсогдож байж магадгүй. Л.Гантөмөрийн хувьд баруун төвийн либерал үзэл баримтлалыг барина гэж байгаа мөртлөө өмнөх үе рүүгээ дайрсан үйлдэл гаргаж эхэлсэн. Зөвхөн өөрийгөө дээш гаргах гэсэн оролдлого болохоос биш яг АН-ын төлөөх шинэчлэл байхгүй. С.Эрдэнэ намынхаа 26 жилийн түүхийг хамгаалж буй мэт харагддаг хэдий ч мөн л эрх дарх бий болгох гэсэн оролдлого ажиглагдаж байгаа. Н.Алтанхуяг онол биш хийсэн бүтээсэндээ тулгуурлан үйл ажиллагаа явуулах шинжтэй харагддаг. Д.Эрдэнэбатын тухайд хамгийн зөв чигийг барьж байх шиг байна. Гэхдээ нийт намын гишүүд л шийднэ. Тэд хэнд, ямар оноо өгөхөө өөрсдөө л мэднэ. Арай илүү эрүүл сэтгэж байгаа нь Д.Эрдэнэбат юм болов уу. Энэ үүднээс түүнийг дэмжиж байгаа.

-Өнгөрсөн дөрвөн жилд улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс намынхаа шинэчлэлийн асуудалд анхаарал хандуулахгүй байх шиг харагдаж байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нар энэ асуудлаас их хол яваа мэт байгаа?

-Ер нь бол намын гишүүний хувьд шинэчлэлийн асуудалд санаа тавьж, үзэл бодлоо илэрхийлж байгаа. Гэхдээ залуучуудын хэлж буйгаар хаагаад, цензурдээд, хайрцаглаад байгаа юм алга. Тийм зүйл хийхгүйн тулд тодорхой нэр бүхий хүмүүс шинэчлэлийн асуудлаас зайгаа авчихсан байгаа. Аль болох зайнаас харахгүй бол муу бүхнийг тэдэн рүү чихнэ. Тиймээс шинэчлэл хийх гэж байгаа хүмүүсийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээсэй гэсэндээ холхон байна. АН-ын гишүүд тэнэг хүмүүс биш. Тавын таван хүн нэр дэвшиж байхад зөв сонголтоо хийгээд явах байх.

-Ер нь намын шинэчлэлийн асуудал даргаас нэлээн хамааралтай болох нь ээ?

-Уг нь VI Их хурлын өмнө АН дүрмээ шинэчилье гэж байсан. Үүний дараа намын даргынхаа сунгааг хийх гэж байлаа. Нэг ёсондоо дүрмэндээ тохирсон намын даргатай болох гэж байсан. Гэтэл одоогийн нөхцөл байдал өөр байна. Их хурлын дараа шинэ уур амьсгал бий боллоо. Энэ дагуу эхлээд даргаа сонгоно. Дарга гарч ирж байж дүрмэнд өөрчлөлт хийх шийдвэр гарсан. Тэгэхээр ямар даргатай болсноос хамаарч АН ямар дүрэмтэй болох вэ гэдэг зүйл рүү орчихлоо.

-Уг нь эсрэгээрээ явах ёстой байсан юм биш үү?

-Буруу гэж хэлэхэд эрт байна. Магадгүй тухайн дарга болсон хүн өөрийнхөө үзэл бодолд тулгуурласан дүрэм бий болгохыг үгүйсгэхгүй. Гэхдээ миний харж буйгаар манай намын дүрэм консерватив намын дүрмийн дагуу хийгдэх ёстой. Ингэж чадахгүйгээр АН-ын шинэчлэл харагдахгүй.

-Хөгжлийн банктай холбоотой асуудал сөхөгдсөн. Энэ банкаар орж ирсэн гадны хөрөнгийг танай намынхан идэж уугаад дуусгасан мэт ярих юм?

-Нээлттэй ярьж байгаа асуудал. Ардчилсан намынхан шахаж шаардаж байж бүх нууц мэдээллийг ил гаргуулж байх шиг байна. Цаашид улам тод болно. Хэн нь хэн бэ гэдэг цаашид үүнээс илүү тодрох байх. Өнөөдөр би энэ асуудлыг тухайн үед ингэж шийдсэн гэдгийг ярих илүүц биз. Шалгадаг байгууллага нь шалгаад учрыг нь тогтоох байлгүй. Гэхдээ нэг зүйлд харамсаж байна. МАН-ынхан урагшаа харж ажиллаж чаддаггүй гэдгээ алхам тутамдаа харуулах юм. Ер нь юм хийх чадваргүй улс шиг байна. Ардчилсан намын алдаан дээр яаж улс төрийн тоглолт хийх вэ гэдгийг бодохоос улс эх орноо урагшлуулах тухай огт бодохгүй юм. Тэдний өөдөөс янз бүрийн авир гаргаж үг хэлэх шаардлагагүй. Удахгүй учир зүй нь олдоно биз. Мэдээж хэрэг ажил хийсэн хүмүүст алдаа байгаа байх. Гэхдээ их биш байх гэж бодож байна. Тэгээд ч саяхан УИХ-ын тогтоол гарчихлаа. Хөгжлийн банкны хөрөнгийг зөв зүйтэй зүйлд зарцуулсан юм байна гэдгийг тогтоосон. Энэ шийдвэрийг МАН-ынхан гаргасан.

-Хөгжлийн банктай холбогдуулан таныг шалгаж байгаа гэсэн. Тэр шалгалт юу болсон бэ?

-Мэдэхгүй байна. Намайг шалгаж байгаа зүйл одоогоор мэдэгдэхгүй байгаа. Хэрвээ шалгаж байгаа бол намайг дуудаж, асуумаар юм. Хоёрдугаарт, би яагаад Хөгжлийн банктай холбоотой асуудалд шалгагдаж буйгаа ч мэдэхгүй байна. УИХ-д байхдаа би Эдийн засгийн байнгын хорооны даргаар болон УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажилласан. Хөгжлийн банкны асуудал энэ хоёр албан тушаалтай ямар ч хамааралгүй бүтцийн удирдлагатай. Баримт байгаа бол гаргаж ирэх хэрэгтэй ш дээ. Б.Гарамгайбаатар гэж хүн ийм асуудлаар Хөгжлийн банктай холбогдож байгаа гэдгийг тодорхой хэлэх хэрэгтэй. Эдийн засгийн байнгын хороон дарга байгаад бондын мөнгийг захиран зарцуулах ажиллагаанд оролцсон гэж хардаж байж магадгүй. Гэтэл тэр үед Ерөнхийлөгчийн шийдвэрээр Бондын зөвлөл байгуулагдсан. Тэр зөвлөлд санхүүжилт олгож болох эдийн засгийн үндэслэлтэй аж ахуйн нэгжүүд нь энэ байна гэх санал өгч байсан. Зарцуулалт зөв явж байна уу гэдгийг Төсвийн байнгын хороо хянадаг. Дарга нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байсан шүү дээ. Энэ мэтээр ялгаа салгааг нь зөв олох хэрэгтэй. Түүнээс биш Ардчилсан намынхныг буруутгадаг шуурсан үйл ажиллагаа явуулж байгаа бол эцэст нь өөрсдийнхөө хар толгойг цусдах вий дээ. Тэгэхээр надад одоохондоо ярих зүйл алга. Хэрэв задлаад ярь гэвэл зөндөө юм ярьж болно.

-Одоогийн Засгийн газрыг ямар түвшинд ажиллаж байна гэж дүгнэж байгаа вэ?

-Би Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэхийг зөв гэж бодохгүй байна. Ажил хийвэл боломж зөндөө бий. Ажил хийх чадваргүй юм байна, зөвхөн урдахаа ухаж амьдрах юм байна гэдэг нь тодорхой харагдаж байгаа болохоор юу ч ярих вэ. Гадны хөрөнгө оруулалтыг зогсоох ажлыг хэн эхлүүлсэн юм. МАН-ынхан. Г.Занданшатар гишүүн хуулийн төслийг санаачилсан. Гэхдээ би МАН-д буруу өгье гэж бодохгүй байна. Тэртэй тэргүй өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн суурийг МАН-ынхан тавьсан гэдэг тодорхой. МАН засгийн эрх авсан энэ үед төрийн байгууллагад ажиллаж буй хүмүүс өөрсдөө нэг ч ажил хийж чадахгүй байна. Хүний бөгс ухаж, цүнх барьж явахдаа л сайн улсууд төрд ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *