Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Б.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой” ХК хагас жилийн байдлаар 373.3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаад байна

“Эрдэнэс Таван толгой” ХК хагас жилийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Тус компани энэ жил 1.26 их наяд төгрөгийн төсвийн орлого бүрдүүлэхээр төлөвлөж байсан аж. Харин эхний хагас жилийн байдлаар 78 хувийг нь буюу 953 тэбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Мөн улсын төсөвт төвлөрүүлэх ёстой 285 тэрбум төгрөгөөс 216.5 тэрбумыг нь одоогоор бүрдүүлээд байгаа ажээ.

Нүүрсний үнийн бодлогын хувьд “Чалко Трейпинг Хонгконг” компанитай зах зээлийн эрсдэл, үнэ уналтаас хамгаалсан суурь үнийн зохицуулалтыг тохиролцсон байна. Ингэхдээ 59.33 ам.доллар байсныг 61 ам.доллар болгон өсгөж, бусад нээлттэй сонгон шалгаруулалтаар 68 ам.долларыг 70 ам.доллар болон түүнээс дээш үнээр тогтоосон нь орлогыг нэмэгдүүлж, ашигтай ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлсэн аж. Түүнчлэн Дэлхийн хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар олон улсын итгэмжлэгдсэн байгууллагаар аудит хийлгэн хөрөнгийн биржүүдтэй хамтран ажиллахаар болсон байна.

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Энэ ондоо 178.3 цэвэр ашигтай ажиллах төлөвлөгөө гаргасан. Харин хагас жилийн байдлаар 373.3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаад байна. Мөн экспортыг 1.7 сая тоннд хүргэсэн нь 36 хувиар нэмэгдүүлсэн хэрэг болж байгаа юм. Бас энэ онд уурхайн олборлолтыг дөрвөн хувиар нэмэгдүүлж, төлөвлөж байсан 4.9 сая тонныг 5.1 тоннд хүргэсэн. Дан ганц үйлдвэрийн ашиг орлогоос гадна ажилчдынхаа эрүүл аюулгүй орчинд хөдөлмөр эрхлэх боломжийг нь бүрдүүлж өгөхөөр болсон. Үүнд цалинг 21 хувиар нэмэгдүүлж, хөдөлмөрийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн цалин дээр 15 хувийн нэмэгдэл олгож байгаа. Бас гэр бүлд нь нэмэр болох үүднээс дэмжлэгийн санг хоёр дахин нэмэгдүүлсэн. Энэ нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна, тайван ажиллах нөхцөлийг нь бүрэлдүүлж өгч байна гэж бид үзэж байгаа” гэв. Тэрбээр “Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, энэ онд багтаан шинээр 1500 хүүхдийн сургууль, цэцэрлэг байгуулахаар болсон. Түүнчлэн авто зам болон гудамж талбайг тохижуулна. Бас Цагаан-Овоо багийг нүүлгэх ажил хийгдэх юм. Ингээд нийт бүтээн байгуулалтад 40 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн байгаа” гэв.

Харин шинээр бий болгож буй ажлын байрны тухайд, “Эрдэнэс Таван толгой” ХК-ий үйлдвэрийг дагаад шууд болон шууд бус хэлбэрээр 5800 гаруй ажлын байр бий болсон. Бас уурхайн олборлолтыг дан монгол хүмүүс хийдэг. Олборлогч компаниудын ханган нийлүүлэлтийг ч мөн монгол компаниуд хийдэг. Учир нь бидний зүгээс ийм шаардлага тавьдаг юм. Энэ нь өрсөлдөөнийг хязгаарлаж, хууль зөрчиж байна гэж яригддаг ч эрх нь бидэнд байдаг учраас үндэсний компаниудаа дэмжлэг үзүүлэхийг хичээдэг” хэмээлээ.

Мөн 1072 хувьцааг амилуулах асуудлыг хэрхэн талаараа ч дурьдаж байлаа. Өнөөдрийн байдлаар нийт 2.511.000 иргэн 286 аж ахуй нэгж хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байдгаас 393 иргэн л бүртгэлийн данс нээлгэсэн аж. Иймд энэ ажлыг идэвхжүүлж, бүртгэлийн данс нээх ажлыг эрчимжүүлэхээ мэдэгдсэн юм. Өөрийн нэр дээр данс үүсгэвэл энэ нь эргээд таны хөрөнгийн баталгаа болж чадна гэдгийн сануулж байв.

Цаашид компанийн зүгээс төмөр замын ажлыг санхүүжүүлж, нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй ажиллах аж. Хэрэв баяжуулах үйлдвэр байгуулбал, усан хангамжийн хэрэгцээ болон авто замын асуудал үүсэх тул үүнд чиглэсэн төсөл ч мөн хэрэгжүүлнэ гэлээ.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *