Categories
мэдээ нийгэм

Б.Гангаамаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хэлэлцүүлэгт оролцов

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг Нийгмийн Форум арга хэмжээ энэ жил “Спорт, Олимпын үзэл санаагаар хүний эрхийг хүндэтгэж, хамгаалах үйл хэргийг дэлгэрүүлэх нь ” сэдвийн дор 10 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдаж байна.

Спортоор дамжуулан хүний эрхийг хамгаалах асуудлаар гурван өдөр хуралдаж буй тус Форумд Монгол Улсаас Гавьяат тамирчин, уулын спортын мэргэжлийн тамирчин Б.Гангаамаа оролцож байгаа бөгөөд тэрээр “Спортын салбар дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцов.

Б.Гангаамаа эмэгтэй хүн ямар ч төрлийн спортоор амжилтад хүрч болдогийг өөрийн туршлага, түүхээсээ жишээ болгон хуваалцахын сацуу эмэгтэй хүнийг зарим спортын төрлөөр хичээллэхийг дэмждэггүй нийгмийн хандлагыг өөр шиг нь амжилтад хүрсэн эмэгтэй тамирчид бүрэн өөрчлөх боломжтойг тэмдэглэж, Монголын хувьд Олимпын медальтан, нэртэй тамирчдын тал орчим нь эмэгтэйчүүд байгааг онцолсон. Мөн тэрээр байгаль орчныг хамгаалах, өлсгөлөн ядуурлыг бууруулах замаар хүний эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахыг зорьж өөрийн санаачилсан “Зулайгаас нь өлмий хүртлэх эх дэлхийгээ хайрлая” уриан дор дэлхийн 7 оргилд гарсан уулчдын уулзалтыг Монгол дахь НҮБ болон Монголын Үндэсний олипмын хороо, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр 2020 онд байгуулахаар төлөвлөж байгаагаа хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *