Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны монгол эмэгтэй Бадамгаравын Гангаамаа бямба гаригт эх орондоо ирлээ.
Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох 8611 метр өндөр К2 ууланд өнгөрсөн сарын 21-ний өдөр амжилттай авиралт хийсэн юм. Энэ нь түүний гурав дахь оролдлого бөгөөд түүнтэй 31 уулчин хамт авирч нэгэн дээд амжилт тогтоосон юм. Өмнө нь 2012 оны долдугаар сарын 31-нд нэг дор 28 уулчин К2 уулын оргилд хөл тавьж байсан юм.
К2 нь хамгийн хүнд бөгөөд хамгийн аюултай уулын нэгэнд тооцогддог бөгөөд Италийн уулчид Ахиль Компаноьори (Achille Compagnoni) ба Лино Ласедели (Lino Lacedelli) нар анх 1954 онд K2 уулын оргилд хөл тавьснаас хойш 337 уулчин тус оргилд гарсан байдаг. Энэ хугацаанд нийт 84 уулчин авиралт хийх явцдаа осолдож амиа алдаж байжээ. Ингээд гавьяат тамирчин Б.Гангаамаатай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Дэлхийн ноён оргилуудын нэг “Үхлийн уул” гэгдэх “К2” ууланд амжилттай авиралт хийж эх орны далбааг мандуулсан танд баяр хүргэе. Энэ амжилтад хүрэхийн тулд хэдэн жилийг зарцуулав?
-Баярлалаа. Энэ бол маш олон жилийн хөдөлмөр л дөө. Уулын спортод анх хөл тавьсан цагаас тооцвол 28 жилийг ардаа орхижээ. Энэ олон жилийн хөдөлмөр хичээл зүтгэлээр “K2” оргилд амжилттай гарч зорилгоо амжилттай биелүүллээ.
-Уулчин болох гараагаа хэрхэн эхэлж байв. 28 жилийн өмнө уулсын спортын талаар хүмүүс тэр бүр мэддэггүй байсан байх?
-Монголд уулын спорт үүсч хөгжөөд 60 жил болж байна.1989 онд санагдах юм. Монголын уулын спортын шилдэг тамирчид Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд авиралт хийхээр очиж байсан юм. Тухайн үед нэг уулчин нь 10 жилийн сурагч байсан надаас “Чи хамт ууланд гарах уу” гэхэд нь би зөвшөөрөөд, Найдан гэж багштай уулзаад хамт гарч байлаа. Энэ цагаас хойш л уулын спортод эргэлт буцалтгүйгээр орсон түүхтэй.
-Эрсдэл өндөртэй уулын спортоор хичээллэхэд ойр дотны хүмүүс тань яаж хүлээж авч байв?
-Анх уулын спортод сонирхолтой болохдоо гэр бүлийнхэндээ хэлээгүй л дээ. Яваандаа мэддэг болоод төдийлөн дэмждэггүй байсан. Сүүлийн жилүүдэд миний зорилгыг ойлгож дэмжиж ирсэн. “Эцсийн цэг нь хаа байна тэндээ хүрээсэй, сайн явж, амжилттай байгаасай” гэж хэлдэг болсон.
-Зорьсон уулынхаа оргилд гарахад танд ямар сэтгэгдэл төрдөг вэ. Уул бүрийн оргилд гарахад өөр мэдрэмж төрдөг байх?
-Уул бүрийн оргилд гарахад төрдөг сэтгэгдэл адилхан. “За би зорьсондоо хүрчихлээ дээ. Оргилд нь гарчихлаа” гэж боддог. Мэдээж эх орон, үүх түүх, их хаан, монгол хүн гэдгээрээ омогшихын дээдээр омогшиж, бахархахын дээдээр бахархдаг. Харин эргэн тойрон дахь орчин нь мэдээж өөр мэдрэмж төрүүлдэг. Эверест эсвэл Косушкад авирахад өндөр нь ялгаатай, зарцуулах хугацаа нь өөр, эргэн тойрны байгаль нь ч адилгүй болохоор өөр мэдрэмж төрүүлнэ шүү дээ.
Та бүхэнд гавьяат тамирчин Б.Гангаамаагийн эзэлсэн оргилуудыг танилцуулъя.
-2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус (5642 метр)
-2011 онд Ази тивийн ноён оргил Эверест (8848 метр)
-2012 онд Африк тивийн ноён оргил Килименжаро (5895 метр)
-2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали (6194 метр)
-2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа (6962 м)
-2016 онд Австрали тивийн ноён оргил Карстенс (4884 м)
-2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массив (4897м)
-2018 он долдугаар сарын 21 К2 Чогори (8611 метр) өндөрт гарсан анхны монгол эмэгтэй болж байгаа юм.
-Ер нь уулын орой дээр гарсныхаа дараа хэр уддаг вэ?
-Уулын оргил дээр удаан байх шалтгаан, боломж байхгүй. Оргил дээр гараад зургаа авахуулна, эргэн тойрныхоо зургийг авч бага зэрэг бичлэг хийнэ. Удлаа гэхэд 30 минут, багадаа 5-6 минут л болоод бууна. Их хүйтэн байхад зургаа даруулаад буухаа бодно шүү дээ. Эверестийн оргил дээр удаан байх ямар ч нөхцөл байхгүй. Нэгдүгээрт, хүчилтөрөгч багасна, хоёрдугаарт цаг агаар нь хүйтэн. Мөн араас уулчид ирж байгаа, зай талбай бага зэрэг олон шалтгаанаас болоод удаан байх боломжгүй. Ер нь уулын цаг агаар маш хурдан өөрчлөгддөг учраас тааламжгүй цаг агаараас урьтаж аюулгүйн кемпдээ очих ёстой. Тийм учраас ууланд цаг хугацаа маш үнэтэй. Цагаа нарийн тооцох шаардлагатай.
-Сүүлийн жилүүдэд сонирхогчдын болон мэргэжлийн ч түвшинд уулын спортыг сонирхох хүмүүс олон болжээ. Та залуу уулчдад хандаж ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Цагаан толгой сурч эхэлдэг шиг уулчин болохын тулд ч “а” үсгээс нь эхлэх хэрэгтэй. Одоо үед төдийлөн туршлагагүй уулчид том том уул руу яваад байна. Аливаа зүйлийг суръя, амжилт гаргая гэж бодвол анхан шатнаас нь эхлэх хэрэгтэй. Уулчдын хувьд онол болон суурь мэдэгдэхүүнтэй болсон хойноо авирал хийх хэрэгтэй. Мэдээж багаж, техник хэрэгслүүдтэйгээ ч сайн танилцах шаардлагатай. Ингэснээр ирээдүйд авиралт хийх явцдаа алдаа бага гаргана. Шууд л том том уул руу гүйгээд гарчихвал алдаа их гаргана. Алдаа их гаргах нь зорилгоосоо холдож байгаатай адил. Ялангуяа уулын спорт хүнээс асар их тэвчээр, хөлс хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаарддаг. Тэгэхээр цаг хугацаа нь улам сунжирч, зорилгоосоо холдчихно шүү дээ.