Categories
мэдээ нийгэм

Б.Гангаамаа: Би авиралт хийхийнхээ өмнө дараагийнхаа оргил руу давж хардаггүй

Дэлхийн зулай Эверестийн оргилд хөл тавьсан Монголын анхны эмэгтэй, Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаатай ярилцлаа. Тэрбээр дэлхийн долоон тивийн зургаагийнх нь ноён оргилд гарсан бөгөөд долоо дахь авиралтаа удахгүй хийх гэж байгаа юм.

-Та удахгүй Антарктидын ноён оргил ВинсонМассифт гарахаар бэлтгэж байгаа. Өмнө нь зургаан ноён оргилд гарсан. Долоо дахь дайралтын зорилгоосоо манай уншигчидтай хуваалцаач?

-Уулын спортод өндөр уулын төрлөөр хоёр том амжилтыг уулчид үзүүлдэг. Түүний нэг нь дэлхийн долоон тивийн ноён оргилд гарах байдаг. Энэ бол үнэхээр том амжилт байдаг. Тэгвэл тэрхүү долоон том оргилын нэг нь Антарктидын ноён оргил Винсон Массифт юм. Ази, Европ, Өмнөд Хойд Америк, Африк, Австрали ба далайн орнууд, Антарктидын гэсэн долоон ноён оргил байдаг юм. Түүнээс би зургаад нь хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулсан.

Одоо долоо дахь оргилдоо оролдлого хийхээр бэлтгэж байна. Энэ нь миний ч гэлтгүй Монголчуудын хувьд ач холбогдолтой. Өнөөдөр дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан хүмүүсийн нэр / статистик / дунд Монгол гэсэн нэр байхгүй байгаа. Тийм болохоор тэр жагсаалтад Монгол гэдэг нэрийг бичүүлчихвэл зорилго биелэх гээд байна. Иймээс Винсон руу хийх авиралт миний ч, монголчуудын ч хувьд ач холбогдолтой юм.

-Авиралт хийхэд хэр хэцүү бол. Та судалж байгаа байх?

-Дэлхий дээр амархан авираад гарчих уул гэж байхгүй шүү дээ. Ноён оргил болгон өөр өөрийн онцлогтой, цаг агаартай, замтай байдаг. Тийм болохоор энэ уул мэдээж амар биш. Далайн түвшнээс дээш 4897 метр өндөр. Эверестийн оргилтой харьцуулахад намхан юм шиг хүмүүст санагдаж байж болох. Гэвч энэ уул чинь өөрийн гэсэн араншинтай, цаг агаартай. Цаг агаарын хувьд өмнөд туйлд байгаа болохоор маш хүйтэн.

Салхи, шуурга ихтэй байдаг гэсэн мэдээлэл авсан. Ууландаа -30, 40 хэм хүрч хүйтэрдэг гэсэн. Нөгөө талаар, маш хол зам туулж байж авирах ууландаа хүрнэ. Онгоцоор маш олон нислэг дамжина. Харин Антарктид руу уулчид нэгдсэн журмаар захиалгын онгоцоор явж хүрнэ. Энэ бүхнийг нийлүүлээд тооцвол маш үнэтэй авиралт болж байгаа. Өртөг ихтэй юм.

-Авиралт хийхдээ бусад орны уулчидтай хамт явна биз дээ. Ямар орны уулчидтай хамт гарах вэ?

-Одоогийн байдлаар авиралт хийх уулчдын мэдээлэл гараагүй байна. Ер нь ууланд авирах улирал гэж байдаг. Тэгвэл Антарктид тивийн ноён оргил Винсон Массифт гарах хамгийн тохиромжтой хугацаа нь арваннэгдүгээр сарын сүүлээс нэгдүгээр сарын дунд хүртэл. Тэгэхээр авиралт арваннэгдүгээр сарын сүүлээр хаанахын ямар уулчин явах жагсаалт гарах байх. Авиралт эхлэхээс сарын өмнө тодорхой болох болов уу. Мэдээж олон орны уулчид хамт явах нь тодорхой.

-Аялалын зардалд 42 мянган ам.доллар хэрэгтэй гэсэн. Тиймээс та хандив цуглуулахаар хүмүүст хандаад байгаа. Одоогоор тусалж дэмжиж байгаа хүмүүс хэр байна?

-42 мянган ам.доллар гэдэг бол Чили улсаас Антарктид ороод, ууландаа авираад эргэх л зардал. Тэгэхээр Чили ортол нисэх зардал. Хоол унд, буудал гээд зардал нэмэгдэнэ. Ерөнхийдөө 50 орчим мянган ам.долларын зардал гарах байх. Одоогоор хандивын үйл ажиллагаа дөнгөж л эхэлж байна. Миний хувьд хугацаа алдаж байгаа. Гэхдээ монголчууд маань жаахан ч гэсэн дэмжээсэй гэж бодож л нийтэд зарласан. Яагаад гэвэл энэ их мөнгийг би ганцаараа босгож чадахгүй, хэцүү. Нийтэд зарласнаас хойш хүмүүс дэмжиж байгаа. Одоогоор 400-аад хүнээс хандив ирсэн.

10, 20 мянгаас эхлээд чадлынхаа хэрээр хандив өргөж байна аа. Цаашид ч олон хүмүүс дэмжих байх, тийм хандлага ажиглагдсан. Яахав, цуглуулах мөнгө нь их болохоор цугларах гэж удах байх. Гэвч эх орныхоо төлөө, Монголын төлөө гэсэн сэтгэлээр дэмжиж байгаад үнэхээр их баяртай байна. Би цаашлаад бизнесийн байгууллагууд руу хандана, хүмүүстэй уулзана. Уг нь авиралт эхлэхээс 120 хоногийн өмнө урьдчилгаа гэж 5000 ам.доллар явуулах ёстой байсан. Гэвч энэ хугацаа нь өнгөрчихсөн. Одоо 60 хоногийн өмнө урьдчилгаа мөнгийнхөө 50 хувийг.

30 хоногийн өмнө бүрэн төлнө гэсэн төлөвлөгөөтэй л явж байна. Энэ авиралтыг зохион байгуулагчид нь Оросууд. Тийм болохоор урьдчилгаа өгөх хугацаандаа уян хатан хандаж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьчихаад л зүтгэж байна. Энэ хугацаанд зардлаа олно доо. Одоо надад маш олон хүн тусалж байгаа. Хандив өргөсөн тэр бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Мөн уншигчид, Монголынхоо ард түмэнд хандаад намайг дэмжээрэй гэж хүсэх байна.

-Ууланд авирах бол нэг талаар спорт. Төрөөс спортод тодорхой хэмжээнд мөнгө зарцуулдаг. Тийм болохоор та төр засгийнханд хандаад үзвэл яасан юм?

-Би бүхий л арга замыг хайна, хандаж болох бүхэндээ хандана гэж бодож байгаа. Яагаад төр засгаас тусалж болохгүй гэж. Болно шүү дээ. Бид Монголдоо л тэр, энэ гэж ярьдаг болохоос эх орноосоо гарахаар ганцхан улсын нэр гардаг. Уулчид гэхэд “Манай багт нэг Монгол яваа” гэж ярьдаг. Монгол чадсан уу, чадаагүй юу гэдэг. Түүнээс биш Гангаамаа чадсан уу, чадаагүй юу гэхгүй. Тийм болохоор монголчууд, Монголын төр засаг маань дэмжлэг үзүүлж ирсэн цаашид үзүүлэх ч байх гэж бодож байна.

-Дэлхийн долоон тивийн ноён оргил дээр гараад, амжилт гаргачихвал шагнаж урамшуулдаг систем дэлхийд байдаг юм болов уу?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Шагнал байдаг уу гэдгийг судлаагүй. Бодоо ч үгүй. Ямар ч байсан рекорд амжилтад бүртгэнэ. Өнөөдөр Гиннесийн номонд оруулна гээд л янз бүрийн амжилтуудыг бүртгэж авдаг биз дээ.

Түүнтэй адил долоон оргилд гарсан хүмүүсийн жагсаалтыг гаргачихсан байдаг. Хэрвээ би амжилтыг гаргаж чадвал тэр түүхэн хүмүүсийн нэг боллоо л гэсэн үг. Одоогоор дэлхийн долоо тивийн ноён оргилд гарч чадсан 345 эрэгтэй, 71 эмэгтэй уулчин байна. Мөн Австрали ба Далайн орнуудын хоёр ноён оргил болох Карстензпирамид, Костюшкод гарч, нийтдээ найман оргилд хөл тавьсан 148 хүн байгаа.

Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарч, “The seven summits”-ийг долоогоор хийсэн эсвэл наймаар хийсэн гэсэн хоёр амжилт байдаг. Тэгэхээр би наймаар хийхээр зорьж байна даа. Дэлхийн долоон тэрбум хүнээс энэ рекордыг хийсэн ердөө 148 хүн байна гээд бод доо. Хятадаас гэхэд долоон оргилд гарсан гурван л хүн байгаа. Оросоос 12 байдаг. Энэ улсууд хэчнээн хүн амтай их гүрнүүд билээ. Гэтэл ийм цөөхөн уулчин тэр амжилтад хүрч. Дэлхийд бол нийтдээ 416 хүн дэлхийн долоон оргилын амжилтыг хийжээ.

-Та дэлхийн долоо тивийн ноён оргилуудын зургаад нь гараад үзчихсэн хүн. Тэр дундаас хамгийн их сэтгэл хөдөлгөсөн, “Би чадлаа” гэж өөрөөрөө бахархсан мөчөө дурсаач гэвэл?

-Мэдээж дэлхийн зулай дээр гарахад “Би чадлаа” гэж өөртөө хэлж, огшиж байсан. Мөн тив тивийн оргил болгон дээр гарахдаа ч “Би гарч чадлаа” гэж баярладаг. Уулчин хүн оргил дээр гараад баярлаж, хашгирдаггүй юм шиг байна билээ. Би бол “Чадлаа шүү” гэж боддог. Их баярлавал нулимс гардаг. Зургаа, долоон оргилд гарахдаа би бүгдэд нь үнэхээр баярлаж, нэг даваа давлаа гэж боддог байсан. Би зургаа давчихаад байна. Одоо долоо дахь даваа л үлдээд байна даа.

-Долоо дахь оргил дээрээ амжилттай гараад, уулчин хүний хүссэн амжилтыг үзүүлээд ирсний дараа яах бол. Та тэгж бодож үзсэн үү?

-Одоохондоо долоо дахь оргил дээрээ гараагүй байгаа болохоор чухам яахыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ би энэ оргил дээр амжилттай гарчихаад ирвэл том амьсгаа авах байх. Ямар ч байсан зорьсон нэг амжилтдаа хүрлээ шүү гээд л том амьсгаа авна даа. Түүний дараа боллоо гэж бодох уу, яах бол гэдгийг явж ирээд л хэлье.

-Тэгвэл үүний дараагийн зорилго гэвэл?

-Би авиралт хийхийнхээ өмнө дараагийнхаа оргил руу давж хардаггүй. Өнгөрсөн нэгдүгээр сард Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуад гарсан шүү дээ. Оргил руу авиралт хийх гээд бааз дээр байрлаж байтал Оросын хоёр уулчин ирээд “Гангаа, чиний дараагийн авиралт чинь Винсон юм байна. Тэгээд чи долоон оргилоо дуусгачих юм байна” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “Үгүй ээ, би энэ оргилд гараагүй байна” гэж хэлсэн.

Гэтэл “Чи одоо гарчихна шүү дээ” гэж байлаа. Тэр үед “Энэ том ууланд гараагүй байж би хамаагүй хэлж чадахгүй байна. Амжилттай авирчихаад дараагийнхаа ярина” гэж хэлж байлаа. Яг л түүнтэй адилхан одоогийн зорьсон зорилгодоо хүрчихээд дараагийнхаа ярина даа. Винсонд гарчихаад ирснийхээ дараа өөр зорилго тавих байх. Одоохондоо би зодог тайлах арай болоогүй байна.

-Энэ таны сүсэг бишрэлтэй холбоотой юу?

-Мэдээж сүсэг байгаа. Гэхдээ нэг хувь. 99 хувь нь хүндлэл. Өмнө чинь маш том оргил байж байхад түүнийг даваад, цаадахыг нь ярина гэдэг бол дэндүү хүндлэлгүй хэрэг болно. Би өмнөө дүнхийж байгаа тэр том хайрханы оргилд гарч чадах ч юм бил үү, хэн мэдлээ. Тэр хайрхан намайг хүлээж авахгүй ч байх юм бил үү. Тийм байхад давж ярина гэхээр зүрх хүрэхгүй байна. Түүнээс биш өөртөө итгэлгүй байгаа юм биш шүү.

Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *