Categories
мэдээ улс-төр

Б.Ган-Очир: Богинохон хугацаанд ирж байгаа ардчиллыг хамгаалж чадахгүй бол том гүрний нөлөөнд орох аюултай гэдгийг Украин харуулж байна || DNN.mn

АН-ын ХЭГ-ын дарга, Хууль зүйн ухааны доктор Б.Ган-Очиртой ярилцлаа.


– Ардчиллын баталгаа бол Ардчилсан нам –


-АН-д өнөөдөр үүсчихээд байгаа хагарлыг зарим хүмүүс ардчиллын сорилт тулгарч байна гэж томоор дүгнэх юм. АН-ын шинэ залуу лидер хэмээгдэж байгаа таны байр суурийг сонирхмоор байна л даа. Ардчилал өнөөдөр хямраад байна уу, бид ардчиллын сорилтын өмнө зогсож байна уу, та юу гэж дүгнэж байна?

-Монголын ардчилал өнөөдөр дараагийн том сорилттой тулгарч байх шиг байна. Тиймээс өнөөдөр энэ улс бүрэн ардчилсан улс болж чадсан уу, өнөөдрийн ардчилал бидний хүссэн ардчилал уу, бид дахиад хэдэн шат давж байж барууны орон шиг, иргэнийхээ эрхийг дээдэлсэн, хүний эрхийг хамгаалсан, иргэний төлөөх ардчилсан нийгэмтэй болох вэ гэдэг асуултууд ар араасаа нийгэмд тавигдаж байх шиг байна. Зарим газраа үүлэн чөлөөний нар шиг олдсон энэ эрх чөлөөг үүрд байсан юм шиг шинэ залуу үе харах юм.

Ардчиллыг алдахдаа хүрвэл хэзээ ч бэлэн байдаг гэдгийг Украин, Казахстаны жишээ тод харуулж байна. Гэтэл зарим хүмүүс ардчиллаа буруушаах, хамгаалахгүй байх, тэр бүү хэл хувь хүн өөрийнхөө гаргасан алдаа бүрийг ардчилал руу чихдэг гаж үзэгдлүүд сүүлийн үед манайд их гарч байна. Үүнийг бид ардчиллын сорилт гэж харахаас өөр аргагүй болж байна. Гэхдээ бид туулах ёстой замаа туулах л ёстой. Ер нь өнгөрсөн хугацааг дүгнэхэд Монголын ардчилал бол Францын ардчилал шиг хүний эрхийн хувьсгал, Английн ардчилал шиг хааныхаа төлөө цус асгаруулсан иргэний дайныг даван туулалгүйгээр хүн төрөлхтний хувьсгалыг дагаж бидэнд ирсэн. Тиймээс нэг талдаа бид ардчиллын төлөөх төлөөсөө заавал төлөх ёстой юм шиг байгаа юм. Нөгөө талдаа ардчиллыг байнга хайрлаж, хамгаалж явах хэрэгтэй гэдгийг сануулж байна. 30 жилийн өмнө бидэнд ардчилал ирсэн юм биш. Манжийн дарлалд 250 жил болохдоо 1911 онд манай эцэг өвгөд Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийж байсан тэр цагаас эхлэн ардчилал бидний хүсэмж байсаар ирсэн үнэ цэнэтэй тогтолцоо юм.

-Ардчиллыг АН-тай холбож ойлгох иргэд цөөнгүй байдаг шүү дээ. Тиймээс АН-ын хуваагдал ардчиллыг муухай харагдуулаад байх шиг байна. АН ардчилалд ингэж саад болж байхаар нэг бол тарж, үгүй бол нэгдэж болдоггүй юм уу?

-Гаднаасаа хуваагдсан мэтээр харагдаж байгаа АН-ын өнөөдрийн өнгө төрх 2020 оны сонгуулиар гарч ирсэн зүйл биш байх. Ардчиллын энэ 30 жилийн хугацаанд нэг талдаа амжилт гаргаж байхад, нөгөө талдаа цуглуулсан идээ бээр шарх нь хүмүүсийн нүдэн дээр ил урсаж байгаа хэрэг. Гэхдээ би үүнийг сайн талаас нь харж байгаа. Учир нь энэ идээ бээрийг далдалж гадна талаас нь тосолж, хүмүүсийг ч өөрийгөө ч хуурах бус бугласан шарх задарч гарах хэрэгтэй. Үндэсний эрх чөлөөний баталгаа болсон энэхүү намыг энэ хэмжээнд хүргэсэн алдаа завхрал заавал засагдах ёстой. Үүнээс гадна систем өөрөө 30 жил болж байж цэвэршдэг. Дараагийн шат руугаа явах гэж тэр шүү дээ. 1921 онд Ардын хувьсгал ялж 1950-иад он гарах хүртэл 30 жилийн хугацаанд их хямралыг туулсан байдаг. Тухайлбал, социалист хувьсгалуудыг дурдаж болно. Тэр үед Бүрэн эрхт онцгой комисс 35 мянган хүнийг хэлмэгдүүлж, 22 мянган хүнийг цаазалсан. Аз болж ардчилсан тогтолцоо цэвэршихдээ хядлага, геноцит, хэлмэгдүүлэлт хийдэггүй. Сонгуулиар бүх асуудлыг шийдвэрлэдэг тогтолцоо. Энэ утгаараа бидэнд сонгууль хийх боломж байна. Ардчиллыг ганцхан үгэнд багтаа гэвэл дахин сонгох гэсэн үг. Миний өмнөөс төрийн удирдлагыг барьж байгаа хэсэг ажлаа хийж чадахгүй, миний төлөө ажиллаж чадахгүй бол сонгуулиар өөрчилж болно гэсэн үг.

Хоёрдугаарт, Ардчилсан нам ардчилал хоёр тусдаа. Гэхдээ ардчилал өөрөө АН-гүйгээр орших боломжгүй. Үүний баталгаа нь үзэл баримтлал, үүнийг авч ирсэн Ардчилсан нам өөрөө юм. Арчилсан нам өнөөдөр цэл залуухнаараа байна. Ардчилсан тогтолцоо бий болсноос хойш өнөөдөр 30 жил болж байна. Америк, Англи, европ шиг 300 жил биш шүү. Өнгөрсөн хугацаанд АН ганцхан 2012 онд олонхын суудал авсан. Ингэхдээ дангаараа засаг байгуулаагүй. Гэхдээ 2012 оны эдийн засагт реформ хийсэн. Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд социализмын үед 70 жилийн турш хийж чадаагүй тэр бүх бүтээн байгуулалтыг бүгдийг нь хийж чадсан. Гэр хорооллыг олны анхааралд оруулж чадсан. Хагасхан олдсон ч ганц боломж нь энэ байсан. Тиймээс ардчиллын баталгаа бол Ардчилсан нам мөн.

-АН тарахгүй юм байна. Тэгвэл нэгдэж нийлэх чиглэлд одоо юу хийж байна, яаж ойлголцох гэж байна?

-Та биднийг ярилцаж байх энэ цаг үед УДШ дээр нийт шүүгчдийн хуралдаан болж АН-ын ҮБХ-ны, 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны 38 дугаар тогтоолыг Дээд шүүх хүлээн зөвшөөрсөн. Яагаад ингэж хэлж байна гэхээр “..тайлбар өгнө үү гэдэг хүсэлтийг би гаргасан. Учир нь С.Эрдэнэ дарга Улсын Дээд шүүх АН-ын ҮБХ-г хүлээн зөвшөөрөөгүй гэсэн утгатай тайлбар удаа дараа хийсэн. Тиймээс үнэхээр хүлээн зөвшөөрөөгүй бол тэрийгээ УДШ хэлээч ээ гэсэн “хэлэхгүй” гэж байна. Угаасаа үндэслэл хэсэг дээрээ АН-ын ҮБХ-г дүрмийн дагуу гээд үзчихсэн. Тиймээс бид ҮБХ-ныхоо хуралдааныг зарлаж, сунгаагаа зарлаад дүрмээ өөрчлөх асуудлаа ярья. Асуудлыг ҮБХ-ны гишүүдийн олонх нь шийднэ. Дараа нь 330 сум, 181 хорооноос ирж намын гишүүдийн төлөөллийг хангасан Их хурал шийднэ. Тиймээс АН хоёр хуваагдаж хэрэлдээд байгаа зүйл байхгүй. АН хурал хийж олонхоороо шийдвэрээ гаргаж байгаа. Тэр хүмүүсийг батламжлуулж сум бүрийн намын дарга нар тамгаа дарж хурлаа хийж байгаа. Хэрүүл хийе, маргаан тарья, хоёр хуваая гэвэл хэнд ч шалтаг олдоно. Гэхдээ ардчилал өөрөө олонхоороо асуудлыг шийддэг. Олонх нь хаана байна гэхээр О.Цогтгэрэлийн талд байна.

-Гэхдээ Дээд шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа шүү дээ?

-Бид энэ асуудлаар дээд шүүхэд удаа дараа хандсан. УДШ эцсийнхээ хариуг хагалж одоо хэлэх ёстой. Бидний эвлэлдэн нэгдэх эрхийг хангах ёстой. Хоёр талдаа хэрүүл хийгээд байна. Хэрүүл хийж байгаа айл яаж хоорондоо учраа олдог юм бэ. Шүүх дээр учраа олох гэж л ардчилсан тогтолцоо бие даасан шүүхийг бий болгосон биз дээ. Тэгвэл одоо дээд шүүх нь шударга ажиллах хэрэгтэй. Дээд шүүхийн шүүгчид нь ил гарч тайлбаруудаа хэлэх хэрэгтэй. Хэрвээ шүүхэд хандахгүй бол хоёр хүн маргасаар эцэстээ хүчирхийлэл болж хувирдаг. Энэ аюул руу орохгүйн тулд бид шүүхийн тогтолцоог бий болгосон. Одоо бол эцэстээ олонхын гаргаад байгаа шийдвэрийг шүүх нь гаргах хэрэгтэй.

Энд нэг зүйлийг хэлэхэд нам бүртгэлийн байгууллага болоод тамган дээр ч байдаггүй. Нам бол Үндсэн хуульд заасан хүмүүсийн эвлэлдэн нэгдэх итгэл үнэмшил дээр байдаг. Тиймээс АН бол асуудал бүрийг давж гарч чадна гэж бодож байгаа.

-АН-ын хуваагдлыг МАН-ын нөлөөтэй гэж танай намын зарим гишүүд тайлбарладаг. АН-ыг ингэж хуваах МАН-д ямар ашигтай юм бэ. Та бүхэн өөрсдийнхөө бурууг бусдад өгөөд байгаа юм биш үү?

-МАН 2024 оны сонгуульд ялах магадлал тун бага байх шиг байна. Хөгжлийн банкнаас авсан зээл, намын удирдлагууд нь өмнө нь ЖДҮДС-гаас авсан зээл, ковидын үед нас барьсан хүмүүсийн тоо, дампуурсан бизнесүүд, сонгуулийн төлөө улсынхаа бүх үүцийг халамжид өгч хүмүүсийн саналыг худалдаж авсан гээд энэ бүх зүйл цаагуураа Монголын эдийн засаг болон иргэдийн ахуй амьжиргааг тамирдуулаад байна. 2024 оны сонгуульд оролцоход МАН-тай өрсөлдөх хүчтэй сөрөг хүчин аль вэ гэхээр ганцхан АН. Гэтэл 2024 оны сонгуульд өрсөлдөгчдөө ялагдах хэмжээний сая дурдсанчлан буруу зүйлүүд хийчихсэн нам өрсөлдөгчгүй байж ялна биз дээ. Өрсөлдөгчгүй байж ялахын тулд АН-ыг үгүй хийх ёстой. Ингэхийн тулд хоёр хуваагдсан жүжгийг тавих ёстой. Хууль шүүхийн байгууллагын хоолойноос нь багалзуурдах хэрэгтэй. Нөгөөдүүл нь үгнээс нь гарахгүй байх ёстой.

Ер нь бид Монголд шударга шүүх байхгүй болсон гэдэгтэй санал нэгдэх цаг нь болсон. Монголд шүүх засаглал нэр төдий байдаг. Хүссэн эрх мэдэлтэн өрөөндөө дуудахад гүйж очоод хүссэн шийдвэрийг нь хангаж өгдөг ийм л шүүх тогтолцоотой. Авлигажсан, хүнд сурталжсан, өөрийгөө золиосолж чаддаггүй шүүгч нартай. УДШ-ийг энэ мэт алдаануудаа дахин давтаад байвал УДШ өөрөө ард түмнээр шүүлгүүлэх болно гэдгийг мэдэж байна.

Шүүх нь хүчтэй, шударга байгаа цагт улс орон амар амгалан байдаг. Шударга шүүхтэй газар шийтгүүлсэн хүн бүр сэтгэл тэнүүн байдаг. Буруу нь ил тод байдаг учраас. Шударга шүүхгүй газар шийтгүүлээгүй хүмүүс хүртэл зовлонд унадаг. Учир нь маргаашийнх нь ирээдүй айдастай болохоор. МАН хууль зөрчиж болно. Шүүх таслан зогсоох ёстой. МАН луйвар хэрэглэж болно. Шүүх таслан зогсоох ёстой. Түүнийг илрүүлэх ёстой. Засах ёстой. Ийм учраас л бид шүүх байгуулсан. Харамсалтай нь өнөөдрийн Монголын шүүх эрх барьж байгаа МАН-ын шүүх болчихоод байна. Энэ бол бидний дараагийн том тэмцлийн гол бай байх аа даа.

-Зарим хүмүүс хүчтэй удирдагчтай болчихвол бүх зүйл сайхан болчих мэтээр хараад байдаг шүү дээ. Үүнд та юу хэлэх вэ?

Ардчилал зарим залууст таалагдахгүй байна гэж хэллээ. Ардчилал үр дүн биш. Ардчилал хэн нэгэнд таалагдах ёстой зүйл биш. Ардчилал өөрөө процесс. Энэ процесс дунд та сагс тоглолоо гэхэд гурваас заавал гол хийгээд байх албагүй. Оруулж ч болно, оруулахгүй байж ч болно. Гэхдээ та сагс тоглож байгаагаараа эрүүл болж байна. Хамт олонтой болж байна. Шударга өрсөлдөөнд орж байна. Найз нөхөдтэй болж байна гэж үнэлж, хүндэлбэл тэр процессын үр дүн энэ. Ардчилал гэдэг бол хүний эрхийг төгс хэмжээнд хамгаалахгүй ч төгс хэмжээнд хамгаалах гэж яваа процесс. Хувь хүний эрх чөлөөг төгс хамгаалж, эсвэл түүнийг баяжуулж чадахгүй ч хувийн өмчтэй байх, бизнес хийх боломжийг нь хааж боогдуулахгүй гэдэг процесс.

Ер нь Монголын залуус ардчиллыг ярихдаа үр дүн шаардаад байдаг. Үзэж байгаа англи хэл шигээ мянган үг цээжлэх ёстой гээд байдаг. Үгүй, ардчилал өөрөө процесс юм. Сурч боловсрох бүх эрхийг нь баталгаажуулж өгч байгаа юм. Хэл заах сургуулиудыг өрсөлдөөнд оруулж өгч байгаа юм. Үүгээрээ энэ бол процесс. Ингээд ойлговол ардчиллын үнэ цэнийг хөгжүүлж, хамгаалах гээд байх бус дүрэмтэйгээ хамт үнэ цэнэ нь байгаа гэж ойлго.

-Сүүлийн үед хүмүүс ардчилал бүдгэрч байна гэж их ярих болсон. Социалист тогтолцоотой хоёр том хөршийн дунд байгаа бид ардчиллыг бэхжүүлж, хамгаалж үлдэхийн тулд одоо яах ёстой вэ?

-Бид хоёр том хөршийн дунд байдаг улс. Богинохон хугацаанд ирж байгаа ардчиллыг хамгаалж чадахгүй бол том гүрний нөлөөнд орох аюултай шүү гэдгийн баталгаа нь өнөөдөр Украин болоод байна. Украин бол дэлхийд номер нэг хар шороон хөрстэй, дэлхийн хүнсний маш том импортлогч, цөмийн зэвсэгтэй байсан. Шинжлэх ухааны маш том баазтай байсан орон. Үүнээс юу харагдаж байна гэхээр ардчилал гэдэг бол Монголын тусгаар тогтнолын баталгаа. Өнөөдөр бид хоёрхон хөрштэй мэт боловч нөгөө талдаа дэлхийн бүх оронтой хиллэж байгаа. Учир нь интернэтээр хиллэж байна. Агаараар хиллэж байна. Хүн төрөлхтөн улам нягтаршиж, ойлголцож байгаа энэ цаг үед Монголчууд ардчиллын боломжийг ашиглаж дэлхийн тоглогчид болох хэрэгтэй. Ер нь Монгол орон хэзээ хүч нь суларч балардаг вэ гэвэл Цагаан хэрэм, Сибирь хоёрын дунд мартагдахаараа гэдэг шүү дээ. Тиймээс үүнээс илүү гарч том тоглогч болох, илүү гадаад амбицтай байх хэрэгтэй.

Монголчууд амиа бодоод довоо борлуулаад явъя гэвэл улам л агшина. Энэ үндэстэн өөрөө тийм үндэстэн. Нээлттэй бодлого явуулж худалдаагаар, боловсролоор, дэлхийн залуучуудтай хөл нийлүүлэн алхах ёстой. Ардчилал бол бидний тусгаар тогтнолын баталгаа. Мөн эдийн засгийн баталгаа. Гуравдугаарт, ардчилал бол бидний аз жаргалын баталгаа юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *