Categories
мэдээ цаг-үе

Б.Галбадрах: Манайхан фитнессийг мода болгосон нь бахармаар хэрэг, гэхдээ барууны оронд фитнес хүний үнэт зүйл болчихсон

Монгол модел” агентлагийн загвар өмсөгч, “Хербалайф” компанийн фитнесс зөвлөх Б.Галбадрахтай ярилцлаа.


– VR хамтлагийн гишүүний тань хувьд асууя. Хөгжмийн зохиолч Жанцанноровын хүү танай хамтлагийн нэг гишүүн. Яг түүн шиг шоуны оролцогч Э.Энхболд, О.Билгүүн нар ч VR-ынх. Багын найзууд уу?

-Бид дөрөв загварын салбарын найзууд. Бид өөр салбарын хүмүүс дуулж чаддаг юм шүү гэдгийг харуулахыг боддог. Солонгос, Японы загвар өмсөгчид дуучин болсон тохиолдол байдаг. Үүнээс жишээ авч бүгдээрээ яагаад зорилгынхоо төлөө явж, дуулж болохгүй гэж бодсон. Өөр өөрийн зорилготой, амьдралтай учраас биднийг зөвхөн загварын салбар, хамтлагийн хувиар тодорхойлж болохгүй л дээ. Зүгээр л бидний нэг хобби загвар өмсөх, өөр нэг хобби нь дуулах байж таарсан юм.

– Дараачийн уран бүтээлээ гаргах төлөвлөгөө байгаа юу?

– Ж.Дамдинцэрэн маань Соёл урлагийн газрын даргын алба хашиж байгаа учраас маш завгүй болсон. Энхболд маань “Яг түүн шиг” шоунд оролцсон, мөн өөрийнхөө бизнесийг эхлүүлсэн. Билгүүн “Гэрэлт гудамж”-ийг санаачлаад хоёр дахь жилээ үдэж байна. Бас “Яг түүн шиг” шоунд оролцсон, өөрийнхөө лоунжийг нээн ажиллуулж байгаа. Би ч гэсэн өөрийнхөө бизнес болох маркетингийн компаниа байгуулаад таван жил болж байна. Бид уулзахаараа хамтлагийнхаа уран бүтээлийн талаар ярилцдаг. Ойрын хугацаанд хамтлагийнхаа уран бүтээлийг хийнэ гэж төлөвлөсөн.

-“Монгол модель”-ийн нүүр царай болсон шилдэг эрэгтэй модель гэдгээр тань олон хүн мэддэг. Шалгуулаад шууд л гүнзгий шатанд нь тэнцсэн гэл үү?

-Дунд сургуульд байхдаа найзуудынхаа ятгалгаар гурвуулаа загварын дамжаанд бүртгүүлэхээр очиж байлаа.Гүнзгий шатанд нь тэнцчихсэн. Яагаад тэнцсэнээ сайн мэдэхгүй ч их азтай хэрэг болсон. Ингээд загварын ертөнцөд орсон доо.

-Та “Монголмодель”-ийн топ моделоос гадна, “UB Fashion week”-ын топмодель болж байсан. Эрэгтэй загвар өмсөгч байх хэр хэцүү бол. Бүсгүйчүүд загвар өмсөхөөр эрчүүдээс нь илүү амархан хүлээж аваад байх шиг анзаарагддаг.?

– Намайг загварын ертөнцөд орох үед эрэгтэй моделийг хүлээн зөвшөөрсөн байсан.

Харин цөөхөн эрэгтэй загвар өмсөгчтэйгөөс болж шоунуудад эрчүүдийг оролцуулах нь бага байсан юм. 1996 оны “Гоёл” наадмаас эхлээд эрэгтэйчүүд загвар өмсөж эхэлсэн. Эрэгтэй загвар өмсөгч цөөхөн байсан учраас өрсөлдөөн ихтэй үе байлаа. Аливаа зар сурталчилгаа, шоу боллоо гэхэд урт үстэй эсвэл эрлийз царайтай гэдэг ч юмуу, илүү өвөрмөц дүр төрхтэй эрэгтэйг сонгох нь элбэг байсан.

-“Франц үнсэлт” кинонд тоглож байсан. Санал ирвэл ахиад кинонд тоглох уу?

– Ганц хоёр киноны санал ирдэг. Надад кинонд тоглох сонирхол байдаг ч өөрийнхөө характерт тохирсон дүр бүтээхийг хүсдэг. Яагаад гэвэл би мэргэжлийн жүжигчин биш учраас өөрөөсөө өөр характерийг гаргана гэдэг хэцүү. Харин өөртэйгөө ойролцоо детектив, адал явдалтай дүр бүтээвэл илүү амжилттай байх болов уу.

-Инженер, эдийн засагч мэргэжилтэй хэрнээ топ модель, хамтлагийн гишүүн, фитнесс зөвлөх гээд өөр чиглэлүүдээр ажиллаад байх шиг анзаарагддаг. Мэргэжлээрээ эхлүүлсэн ажил, санаж бодсон зорилго төлөвлөгөө бий юу?

– Байгууллага хоорондын хурал, мөн залууст зориулсан эвент, фестиваль зохион байгуулдаг “Глобал маркетинг медиа” гэсэн компанитай. Мөн “Хербалайф” компанийн фитнесс зөвлөхөөр ажиллаад гурван жил болж байна. Зөв хооллолттыг эрхэмлэж, өөрийгөө өөрчилж эрүүл амьдралтай болохыг хүссэн хүмүүст фитнесс талаас нь зөвлөгөө өгдөг юм. Саяхан өөрийн нэрийн “Гал” хувцасны брэндийг гаргаад захиалгаар хувцасаа үйлдвэрлэж байгаа. Улирлын чанартай хувцаснууд маань худалдаалагдаж эхэлсэн. Гэхдээ нэрийн дэлгүүрээ нээж хараахан амжаагүй байна.

-Одоо таны нэг том карьер фитнесс зөвлөх. Манайд бол шинэ содон мэргэшил. Ер нь юу хийдэг хүнийг фитнес зөвлөх гэдэг вэ. Баруунд түгээмэл мэргэжилдээ орох уу?

– Фитнессийн зөвлөх гэхээр хүмүүс шууд фитнессийн багш гэж ойлгоод байдаг талтай. Зөвлөх гэдэг нь дэлхийд түгээмэл болж байгаа мэргэжил юм. Дэлхий хөгжихийн хэрээр хүн өөрийгөө буцаагаад судалж эхэлсэн. Энгийн хүн өөрийнхөө биеийн бүтцийг мэддэггүй. Өлсөх мэдрэмж тархинд очих үед шууд хоол иддэг.

Ямар цаг, ямар үе нь хамаагүй өлсөх л юм бол юм идхийг, цангавал уухыг боддог болсон. Юу ууж, идэж байгаагаа ерөөсөө анхаарахгүй олон жил өнгөрөхөөр илүүдэл жинтэй болдог. Энэ маягаар маш олон хүн илүүдэл жин гэдэг асуудалтай тулгарч эхэлсэн. Зөв хооллолтын талаар мэдээлэлгүй, амттай болгоныг иддэгээс таргалалт үүсдэг. Миний бодлоор дэлхий нийт кайфыг мэдэрч хүссэн бүхнээ идсэн, одоо эрүүл амьдралдаа буцаж орох хандлагатай болсон. Сүүлийн 5-10 жилийн хугацаанд маш олон фитнес клуб, спортын төвүүд нээгдсэн.

Ялангуяа аэробик, иог, спиннинг гэх мэт тураах чиглэлийн клубуудыг дурдаж болно. Мөн эрүүл хооллолттой холбоотой бүтээгдэхүүний мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр тархах болсон. Энэ хэрээрээ Wellness гэх салбар хөгжиж байна. Well­ness гэдгийг фитнесс клуб, дасгал хөдөлгөөн, хоололт зэрэг эрүүл амьдралын бүх зүйлийг хамруулан ойлгож болно. Бүр хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд хүртэл багтсан байдаг.

Тэгэхээр энэ талд дэлхий анхаарлаа хандуулж эрчимтэй хөгжиж эхэлснээр хүмүүс хоол хүнснээсээ биш, өөрийн бие галбираасаа жинхэнэ кайфыг мэдрэх болсон. Амт чанар, материаллаг байдлаасаа биш өөрийн эрүүл мэнд илүү үнэ цэнэтэйг ухаарсан хүмүүс дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтыг эрэлхийлж байна. Тиймээс энэ төрлийн салбар хөгжиж фитнес зөвлөх, дасгалжуулагч багшийн мэргэжил эрэлт хэрэгцээтэй болж эхэлсэн. Фитнессийн багш нь төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар заадаг бол фитнесийн зөвлөх нь тухайн хүний амьдралын хэв маягтай тулж ажилладаг. Юу идэж уудаг, суугаа эсвэл хөдөлгөөнт ажил хийдэг, биеийн галбираа аль хэсгээр нь өөрчлөхийг хүсч байгаа зэргээс нь хамаарч өдөрт ямар ямар хоол идэх, ямар дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг гэсэн үг.

-Фитнесс зөвлөх болсон шалтгаан тань юу вэ?

-Гурван жилийн өмнө “Хербалайф” компани ажлын санал тавьж, олон хүний дундаас шалгаруулж ажилд авсан юм. Миний хувьд фитнессээр хичээллээд мэргэжлийн тамирчин болтлоо өөрийгөө хөгжүүлсэн. Ингэхдээ зүгээр дасгал хийхээсээ илүү хооллолт дээр анхаарч байсан. Хүнсний бүтээгдэхүүний аль нь яаж хүний биед зохицдог, ямар амин дэм, бодис, энерги нь хүний бие хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг судалдаг байсан.

Тэр ч утгаараа намайг ажилд авсан байх. Ажилд ороод гурван жилийн хугацаанд илүү их зүйлийг шинээр мэдэж, туршлагажсан. Ямар ч хүн надаас зөв хооллолт, дасгал хөдөлгөөний талаар асуухад бүрэн зөвлөгөө өгч чадна. Энэ тал дээр жил ирэх тусам мэдлэг маань нэмэгдэж байгаа.

-Жингээ эрүүлээр хаяхын тулд хөдөлгөөн заавал байх ёстой юу. Зайлшгүй шаардлагатай бол хичнээн хувь нь хөдөлгөөн байх ёстой вэ?

– Хоолыг хүн заавал зайлшгүй хэрэглэх ёстой. Сүүлийн үед хоол сойж, дэглэм барьж турах хандлага нэмэгдэж байна. Энэ бол маш аюултай, буруу зүйл. Хоолоо сойсноор хүний булчин суларч, дархлаа муудаж эхэлдэг. Үүнийхээ хэрээр амархан өвчин тусах эрсдэл нэмэгдэнэ. Тэгэхээр хоолыг баланстай хэрэглэх нь хамгийн зөв.

Дасгал хөдөлгөөн хийхгүй зүгээр хоолоо сойсноор булчин суларч унжиж эхэлнэ. Булчин чангарч байж хүн өөрийн хүссэн галбиртаа хүрч чадна. Хооллолт 80 хувь, дасгал хөдөлгөөнд 20 хувь анхаарлаа хандуулах ёстой. Миний фитнесс зөвлөхөөр нь ажилладаг компанийн гол филисофи үүнд оршдог юм.

– Биеийн тамираар хичээллэхийн давуу тал, хичээллэхгүй амьдрахын сул тал нь юу вэ?

– Дасгал хийдэг хүнийг хийдэггүй хүнтэй харьцуулахад л хангалттай. Дасгал хийдэг хүн ямар сайхан бие галбир, эрч хүчтэй байдаг билээ. Тэгэхээр дасгал хөдөлгөөн маш олон талын ашигтай гэж болно. Зөв хооллолт ч мөн адил хүнийг хөнгөн шингэн байлгах, илүү эрч хүчтэй болгодог. Царай муутай, муухай хүн гэж байддаггүй. Зөв төрхтэй хүн гэж байж болох юм. Би саяхан фэйсбүүкээс өмнө нь тарган байсан хүн тураад маш сайхан бие галбиртай болсныг харьцуулсан зураг харсан юм. Тэгж галбиржсанаараа давхар маш үзэсгэлэнтэй харагдаж байсан.

Сүүлийн үед залуус фитнессийг мода болгож байгаа нь бахархууштай. Бусад барууны оронд энэ бол моданоос илүү хэмжээнд хүрч, хүн өөртөө хэр зэрэг арчаатай байгааг харуулдаг үнэт зүйл болчихсон.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *