“Эрдэнэс-Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатаасан нь нийгмийн анхаарлыг татсан үйл явдал болоод байна.“Хүн үхэх гэж байхад сэтгүүлчид тусалсангүй” гэх буруутгал цахим орчинд нэлээд түгсэн. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридтай сэтгүүлчид уулзаж энэ талаархи байр суурийг нь тодрууллаа.
-Сэтгүүлчдийг буруутгаж, муу хэлж байхад МСНЭ яагаад дуугүй байгаад байгаа юм бэ?
-Иймэрхүү онцгой нөхцөл тэр бүр үүсдэггүй. Сэтгэлийн хөөрлөөр яарсан дүгнэлт хийж болохгүй. Манай Дэд ерөнхийлөгч Х.Батхишиг ийм асуудал гарсан тухай мэдээлэл гармагц газар дээр нь очиж ажилласан. Сэтгүүлчид, “Зууны мэдээ” сонины удирдлагууд, ТВ9 телевизийнхэнтэй уулзсан. Ингэж шуурхай ажиллахаас болохгүй. Яагаад гэвэл та бидний мэргэжил, манай салбарын нэр хүндтэй холбоотой асуудал яригдаж байна шүү дээ. Х.Батхишиг Дэд ерөнхийлөгч бид нар бодит байдал, гадуур тарж байгаа мэдээллийг харьцуулан зохих дүгнэлтээ хийчихсэн байгаа.
-Юу гэсэн дүгнэлт хийсэн бол?
-Манайхан онцгой нөхцөлд онц сайн ажилласан гэж дүгнэж байгаа. Нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэндээ баярлалаа гэж хэлье.
-Яагаад? Хүн үхэж байхад туслаагүй гээд буруутгаад байгаа шүү дээ?
-Харин ч эсрэгээрээ юм болсон. Манайхан хүний амь аварсан шүү дээ. “Зууны мэдээ”-гийн хэвлэлийн хурал хийдэг танхимыг та бид сайн мэднэ. Урт ширээ, арын хана хоёрын дунд олон хүн орохоор их зай байхгүй. С.Эрдэнийг шатаж байх үед унтраах гэж хамгийн түрүүнд оролдсонхүмүүсийн нэг нь манай хүн, телевизийн зураглаач залуу байсан. Тэр үед өөр өрөөнд байсан ТВ9 телевизийн бас нэг зураглаач хонгилд байсан галын хорыг авчирч шүршээгүй бол С.Эрдэнэ амь алдах аюул ойрхон байсан. Телевизийн ажилтан залуу галын хорыг ажиллуулах заавар журмыг мэддэг, “Зууны мэдээ” сонин, ТВ9 телевизийн хамт олонгалын аюулгүй байдлаа бүрэн сайн хангасан нь буруу болж байна уу? Хэвлэл мэдээллийнхэндээ онцгой нөхцөлд онц ажилласанд нь дахиад талархал дэвшүүлье. Бас аюултай орчноос бие биедээ саад бололгүй хурдан холдож, илүү уршигтайүр дагавраас зайлсхийх, мэргэжлийн техник хэрэгслээ хамгаалах үүргээ манайхан сайн биелүүлсэн. Өөрөөр хэлбэл манай сэтгүүлч, зураглаачид онцгой байдалд хэрхэн ажиллах талаар мэдлэг дадал сайтай байгаагаа харуулж чадлаа.
-Та тэгэхээр С:Эрдэнийн амийг манайхан аварсан гэдэгт итгэлтэй байна уу?
– Манайхан туслаагүй, ТВ9-ийн зураглаач галын хороор шүршиж унтраагаагүй бол С.Эрдэнэ газар дээрээ амиа алдаж болох байсан. “Зууны мэдээ” сонины газар галын аюулгүй байдлаа хангаагүй бол юу болох байсныг хэлж мэдэхгүй. Тэгээд үүнийхээ төлөө элдвээр хэлүүлж байх шив дээ. Уншигчид өөрсдөө дүгнэлтээ хийг дээ.
Бас нэг зүйл хэлье. Хүн үхэх гэж байхад сэтгүүлч асуулт асуусан гэж буруутгаж байна. Сэтгүүлч хүн өөрөө үхэх гэж байхдаа ч асуулт асууж л байх, өрөөлийг үхэх гэж байсан ч үнэнийг мэдээлэхийн тулд асуулт асуух л ёстой онцгой мэргэжилтэй хүмүүс. Тэд ажлаа л хийсэн.
-Ингэхэд сэтгүүлчид онцгой нөхцөлд хэрхэн ажиллах талаар МСНЭ анхаарал тавьж, ажил зохиодог уу?
-Бид 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлаас сургамж аван шат дараатай арга хэмжээ авч байгаа. Онцгой байдлыг хамгаалах газартай хамтран жил бүр сэтгүүлчдийн сургалт, онцгойгийнхны ажил байдлын онцлогийг сурталчлах ажил зохион байгуулдаг. Сэтгүүлчид, хэвлэлийнхэн хүний амь аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал түймэр унтраах талаар анхны мэдэгдэхүүнтэй болдог. Ийм хамтын ажиллагаа үр дүнгээ заавал өгдөг. Мөн онцгой нөхцөл байдалд хэрхэн аюулгүй ажиллах талаарх зөвлөмжийг МСНЭ хэд хэдэн удаа гаргаж, хэвлэл мэдээллийн байгууллагад хүргүүлж байсан. Цаашид ч энэ чиглэлд илүү их анхаарал хандуулах болно.