Өнгөрсөн оны есдүгээр сарын 03-ны өдөр хичээлээ тараад явж байсан Б.Есүгэн охин барилгын компанийн буруутай үйл ажиллагаанаас болж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өнөөдөр дээд шүүх дээр хохирогчийн аав Ц.Батсайханы гомдлын дагуу хэргийг дахин шүүн хэлэлцлээ.
Тус хэрэгт холбогдогчдын шат шатны шүүх хурал болж шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням нарыг тус тус нэг жил зургаан сарын хорих ял, шүүгдэгч Д.Болдыг барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 2 жилийн хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая 10 мянган төгрөгний торгох ялыг тус тус оногдуулсан шийдвэр гаргасан.
Харин хохирогчийн аав Ц.Батсайхан дээд шүүхэд гомдол гаргасны дагуу уг шүүх хурал өнөөдөр болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.