– МУИС АЗИЙН 12000 ИХ СУРГУУЛИАС 63-Т ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ-
МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Их сургуулиудын эдийн засгийн салбарын судалгааны чансааг гаргадаг Тилбургийн жагсаалтаар МУИС 63-т жагсч, эрэмбээрээ цойллоо гэсэн мэдээлэл цацагдаж байна. Өмнө нь хэдэд эрэмбэлэгдэж байсан юм бол?
-Тэгээс 63 руу шууд орж ирж байна.
-Мундаг үзүүлэлт байна. Дэлхийн хичнээн сургуулиас ямар шалгуураар ингэж эрэмбэлэгдсэн бэ?
-Нидерландын Тилбургийн их сургуулиас дэлхийн их сургуулиудын чансааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гурван үзүүлэлтэд тулгуурлаж тогтоосон. Нэгдүгээрт, топ 35 сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийн тоог харсан. Эдийн засгийн шинжлэх ухаан гээд яривал дэлхийн хэмжээний 356 сэтгүүл бий. Дэлхийн топ 35 сэтгүүлийг тус бүрээр нь эрэмбэлсэн. Мөн тухайн өгүүлэл бусад эрдэмтдийн бүтээлд хэр олон удаа эшлэгдэж байгааг харсан. Article Influence Score буюу өгүүллийн нөлөөллийн оноо гэж бас бий. Гурван үзүүлэлтийн нэг нь тоог анхаарсан бол нөгөө хоёр нь чанарыг нь харсан байгаа биз. Тилбург зөвхөн тоон дээр тулгуурласан үзүүлэлт гаргадаг байснаа энэ жилээс чанарын хоёр үзүүлэлтийг нэмсэн. Манайх өгүүллийн нөлөөлийн оноо гэсэн үзүүлэлтээр Азидаа 63-т жагссан. Азид 12000 сургууль байдаг гэсэн статистик бий. Ази бол маш том тив. Израиль, Арабын улсууд, Япон, Солонгос, Хятад, Энэтхэг гэх мэт олон улс багтана. Оросын хувьд том сургуулиуд нь Европ талдаа учраас Азид ордоггүй. Манай эдийн засгийн шинжлэх ухааны салбарын тухайд Азидаа ийм өндөрт эрэмбэлэгдэж байсан удаагүй. Их сургуулиудыг ер нь эрдэм шинжилгээний ажлын чанараар нь эрэмбэлдэг. Англи, Америк, Хятадын том сэтгүүлүүд их сургуулиудыг ингэж эрэмбэлдэг. Олон өгүүлэл нийтлүүлсэн сургуулийг судалгааны сайн сургууль гэж үнэлдэг жишигтэй.
-Ингэж эрэмбэлэгдэхэд нөлөөлсөн судалгааны өгүүллийн сэдэв сонирхол татаж байна. Ямар сэтгүүлд хэн гэдэг багшийн өгүүлэл нийтлэгдээд МУИС Ази тивдээ цойлчихов?
-МУИС өгүүллийн нөлөөлийн оноо буюу аrticle Influence Score гэсэн үзүүлэлтээр 10 оноо авсан. 5.4 оноо нь миний ажилтай холбоотой. 4.6 онооных нь хувьд Канадын Конкордын их сургуульд багшилдаг Дамбын Лхагвасүрэн гэдэг багшийн өгүүлэл хамаатай. МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд түр хугацаагаар ажилласан юм. Тэр хугацаанд хийсэн ажлууд дээрээ Конкордын их сургуулиасаа гадна МУИС-ийн харьяаллыг давхар оруулсан нь МУИС-ийг оноог өсгөхөд нөлөөлсөн.
-Таны өгүүлэл ямар сэтгүүлд нийтлэгдсэн бэ?
Эдийн засгийн шинжлэх ухааны анхны сэтгүүлүүд 1800 оноос хэвлэгдэж эхэлсэн. Миний ажлын хувьд 1917 оноос үүсэлтэй Америкийн Харвард, MIT гэсэн хоёр том сургуулиас хамтран эрхэлж гаргадаг “Эдийн засаг статистикийн тойм” гэдэг сэтгүүлд хэвлэгдсэн юм. 100 жилийн түүхтэй сэтгүүл. Жилд дөрвөн дугаар гардаг. Эдийн засгийн шинжлэх ухааны сэтгүүлийн топ аравт багтдаг ийм сэтгүүлд Монголоос анх удаа миний ажил нийтлэгдсэн.
-Эдийн засгийн топ сэтгүүл нийтлэх өгүүллээ шалгаруулж авна гэдэг маш том өрсөлдөөн болно биз?
-Их сургуулийн багш нарын мөрөөдөл бол хийсэн ажлаа эдийн засгийн топ сэтгүүлд нийтлүүлэх. Тамирчдын мөрөөдөл олимпийн алтан медаль авах гэдэгтэй ялгаагүй зүйл л дээ. Дэлхий дээр 26 мянган их сургууль бий. Эдийн засгийн хувьд шинжлэх ухааны салбар дотроо хамгийн нөлөөтэй, хамгийн олон хүн сонирхдог салбар. Их сургууль бүр өөрийн гэсэн тэнхимтэй, нэг тэнхимд дунджаар 30 орчим багштай гээд бодоход аварга тоо гарна. Сургуулиудаас гадна мэргэжлийн судалгааны байгууллагууд гэж бий. Жишээлбэл, төв банкууд байна. Сангийн яам бас л мэргэжлийн байгууллага.
Энд ажилладаг мэргэжилтнүүдийн гол үүрэг бол шинжлэх ухаанд тулгуурлаж бодлого боловсруулах. Топ эдийн засгийн сэтгүүлийн хуудасны тоо хязгаарлагдмал, нэг дугаарт арваад өгүүлэл л хэвлэдэг. Жилд 40 өгүүлэл нийтлэгдэнэ гэсэн үг. Ач холбогдол, шалгуурын босгыг нь эндээс харчихаж болох байх.
-Өгүүллийнхээ агуулгыг энгийнээр сонирхуулаач?
-Өгүүллийнхээ тухай ярихын өмнө нэг ойлголт өгөх нь зүйтэй байх. Эдийн засагчид аливаа зүйлийг шинжлэхдээ эдийн засгийн загвар ашигладаг. Математик, статистикийн аргууд дээр тулгуурласан загваруудыг эдийн засгийн загвар гэж нэрлэдэг. Систем тэгшитгэлүүдээс гадна янз бүрийн шокуудтай.
-Тэгшитгэлийг математиктай хамааралтай гэж ойлголоо. Шок гэдэг нь юу билээ, статистикт хамаарах ойлголт уу?
-Тэгж ойлгож болно. Тухайн тэгшитгэлээс хүлээгдэж байгаа үр дүнг гажуудуулж байгаа хэсгийг нь шок гэж нэрлэдэг. Уг нь төгс ертөнц зөвхөн тэгшитгэлүүдээр жолоодогддог гэж математикчид хэлдэг. Харин статистикчид бүх зүйл математикийн томьёо биш, санамсаргүй шокууд байдаг гэж үздэг. Тэр шокуудыг орчуулчихаар эдийн засгийн загвар болж байгаа юм. Энэ загварыг бид эдийн засгийн амьдралыг тайлбарлахад ашигладаг. Олон улсын инфляци гэж бий. Монголын, Хятадын, Америкийн инфляци гэж байна. Энэ инфляциуд хоорондоо ямар холбоотойг судлахыг зорьсон.
-Инфляци хүн бүрт хамаатай учраас их хэрэгтэй сэдэв сонгожээ. Таны өгүүллийн эдийн засгийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь яг юу байсан бэ, энгийнээр тайлбарлаач?
-Тэгшитгэлүүд өөрийн гэсэн параметрүүдтэй. Тэр параметрүүд нь бүтцийн өөрчлөлтөд ордог. Тухайлбал, 1990 оноос хойш параметрийн утга нь өөрчлөгдчихсөн байж болно. Тийм бол хэзээ, хэдэн удаа, хэр хэмжээгээр өөрчлөгдснийг нь яаж тооцож болох вэ гэдэг асуудлыг шийдсэн.
-Таны хийсэн ажлыг хэн ашиглах вэ, инфляци гэхээр төв банкууд сонирхох уу?
– Тэгнэ. Бидний хийсэн ажлыг төв банкууд их ашигладаг. Монголын инфляцийн хичнээн хувь нь дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч, хэдэн хувь нь Орос, Хятадаас хамаарч байгааг тогтоох сонирхолтой байдаг. Тэгж тогтоохдоо бидний загварыг ашиглана гэсэн үг.
– Монголын инфляцийн хичнээн хувь нь төр засгийн бодлогоос хамаардаг бол?
-Одоогоор энэ асуудлаар тухайлан сонирхсон газар алга байна л даа. Бидний судалгааны ажлыг өндөр хөгжилтэй орнууд маш их сонирхож байгаа.
-Ямар улсын төв банкууд сонирхсон бэ?
-Английн төв банк сонирхсон. Ашиглаад эхэлчихсэн. Европын холбооны Төв банк байна. Шинэ Зеланд, Туркийн төв банк бий. Биднийг уриад яг ямар учиртай загвар болохыг лавлаж, ашиглах аргыг нь заалгаж байна.
-Манай улсаас Засгийн газар ч юм уу, Төв банк сонирхоогүй хэрэг үү?
-Сонирхоогүй. Манай мэргэжлийн байгууллагууд мэргэжлийн талаасаа хэлбийж улстөр рүү хальчихсан хандлага анзаарагддаг.
-Уг нь Төв банк, Сангийн яамныхны хувьд чихээ сортойлгох ёстой асуудал байна даа. Та бүхний ажлыг мэдэхгүй яваад байна уу?
-Бүгд мэдэж байгаа. Харамсалтай нь улстөрийн халаа, сэлгээтэй байгууллага болчихлоо л доо. Зүй нь мэргэжлийн байгууллагын үүрэг гэдэг талаасаа сонирхох ёстой. Манай улсын тухайд бодлого боловсруулах хүрээнд сонирхох хүн одоогоор алга.
-Мэргэжлийн судлаачийн тань хувьд асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. Монголбанкны бодлого хэр зөв явж байгаа бол?
-Би өнгөрсөн гуравдугаар сар хүртэл жил гаруйн хугацаанд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллалаа. Төв банкны шинэ хууль гараад цомхотголд орсон. Анзаарч байхад миний тооцооллоос зөрсөн бодлого хэрэгжүүлээд байх шиг. Хэтэрхий хатуу мөнгөний бодлого бариад байна. Ийм арга эдийн засагт маш хор хөнөөлтэй. Тооцоо судалгаагүй хүмүүсийн хувьд болгоомжлох тал харагдаад байдаг. Алдаа хийснээс бодлогын хүүгийнхээ түвшинг нэлээд өндөр тогтоогоод явбал инфляци гарахгүй гэсэн бүдүүн хадуун ойлголтоор хандаад байна. Уг нь шинжлэх ухааны түвшинд нэлээд гүнзгий судлагдчихсан асуудал. Шинжлэх ухааны мэдлэгийг ашиглавал илүү зөөлөн, эдийн засагтаа ээлтэй бодлого хэрэгжүүлэх боломжтой.
-Жишээ нь төв банкнаас ямар бодлого хэрэгжүүлбэл эдийн засагт өгөөжөө өгөх вэ?
-Инфляци өндөр байх нь мэдээж муу. Гэхдээ үүнийг цорын ганц зорилго болгоно гэвэл маш том алдаа. Мэдээж бидэнд эдийн засгийн хүртээмжтэй өсөлт хэрэгтэй. Ажилгүйдлийн түвшин нам дор байх ёстой. Үүнийгээ анхаарахгүй байна л даа. Эдийн засагтаа дэм болохоор бодлогууд хэрэгжүүлчихвэл инфляци гаарчих байх гэсэн ганцхан мангас гаргаад ирчихсэн. Тэгээд тэрнээсээ айсан бодлого хэрэгжүүлээд байна. Өнөөдрийнхөөс илүү зөөллөх орон зай өчнөөн бий.
-Өнгөрсөн Засгийн газрын үед хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр мөнгөний бодлогын хувьд хэр зөв шийдэл вэ?
-Буруу шийдэл. Үндсэн үүргээсээ хальсан зүйл хийсэн. Эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүдийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой.
-Тэгвэл бага хүүтэй орон сууцны зээл зөв шийдэл мөн үү?
-Эдийн засагт нэг үнийн хууль гэж байдаг. Нэг төрлийн бүтээгдэхүүн адил үнэтэй байх ёстой. Зээл бол нэг бүтээгдэхүүн. Гэтэл дотроо задраад нэг төрөл нь орон сууцны найман хувийн зээл, нөгөө төрөл нь 21 хувийн бизнесийн зээл болчихсон. Энэ хоёрын дунд 13 хувийн зөрүү гарч байгаа биз. Ийм тохиолдолд хоёр хүү заавал бие бие рүүгээ тэмүүлдэг. Хүмүүсийн дунд “Ипотекийн зээл аваад бизнесийн зээл болгоод өндөр үнээр авчихъя” гэсэн сонирхол төрдөг. Дундаас нь сул 13 хувийн хүү авна гэсэн үг. Энэ бол авлига хээл хахуулийн үндсэн нөхцөл болж таарч байна. Зүгээр сууж байгаад ийм их мөнгө авч болдог юм бол тэр суудалд нь очихсон, тэр улстөрийн хүчинд нь зүтгэж бялуу хүртэх сэн гэсэн сонирхолтой хүмүүс олширно. Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогоос хувийн ашиг олох сонирхолтой хүмүүсийн тоо эрс өснө л гэсэн үг. Магадгүй найман хувь дээр зээлээ бариагүй бол 21 байгаа хүүгийн түвшин аажмаар бага ч болтугай доошлох байсан.
-Орон сууцны зээлийн хүүг төрөөс бодлогоор анхаарч бууруулаагүй бол өнөөг хүртэл арав хол давсан хүүтэй, зээлд хамрагдсан өрхийн тоо урьдынх шигээ цөөхөн байх байсан юм биш үү?
-Найман хувийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн оны тухайд Хятадын аж үйлдвэржилт, хотжилттой давхацчихсан. Ийм шалтгаанаар тэр үед баригдсан орон сууцнуудад маш үнэтэй цемент хэрэглэсэн. 1930-аад онд Америкийн бүтээн байгуулалт эрчимжих үед цемент бас тийм өндөр үнэтэй болж байсан юм. Засгаас тухайн үед найман хувийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлснийг нөгөө талаас нь Хятадаас маш үнэтэй цемент худалдаж авах хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж харж болно. Харин өнөөдөр баригдаж буй орон сууцанд хэрэглэж байгаа цементийн үнэ найман хувийн хөтөлбөр хэрэгжиж эхлэх үеийнхээс хамаагүй доошилчихсон. Ямар нэг том бодлогыг ингэж өргөн хүрээнд харах ёстой.
-Төв банк энэ жилийн инфляцийн төсөөллөө өсгөж оруулж ирсэн нь буруу гэсэн шүүмжлэл бий. Та юу гэж бодож байна вэ, инфляци өсөх зайлшгүй шалтгаан байсан уу?
-Миний тооцооллоор бол инфляци тэгж өсөхөөргүй байсан. Тухайн үед нь байр сууриа албан хүрээнд илэрхийлснийг төв банкны цахим хуудсан дахь мэдээллээс харж болно. Инфляци найман хувиас давахгүй байх. Найман хувиасаа ч багасах болов уу.
-Инфляцийг долоон хувьд барих боломж төв банкинд бий юу?
-Байгаа. Бид өнөөдөр дэлхийд юу болоод байгааг харах хэрэгтэй. Дэлхийн улсууд инфляциас биш дифляциас айж байна. Үнэ өсөхөөс илүү буурах аюул дэлхийн улсуудад нүүрлэчихсэн. Дэлхийг сөрсөн хандлага Монголд гарах нь юу л бол. Япон дифляцитай маш олон жил тэмцэж яваа. Юмных нь үнэ буурсаар байна. Японы төв банкных нь захирал инфляцийг яаж бий болгох вэ гэж мөрөөдөж байна.
-Дифляцид юу хүчтэй нөлөөлөөд байна?
-Глобалчлал, IT технологи. Амазон байна. Хятадын Aлибаба, Таобао гэх мэт онлайн платформууд аж үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний үнийг маш бага байлгах нөлөө үзүүлж байна. Тэрийг нь тооцох аргыг мэдэхгүй өнөөдрийнхөөрөө амьдарвал инфляци ийм өндөр байна гэж төсөөлөөд явна л даа. Дэлхийн эдийн засгийг хамарсан технологийн хувьсгал явагдаж байна.