Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхбаяр: Хувь хүнд хувьчлагдсан шударга ёс одоо хаа ч байхгүй ээ

Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаярын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас онцлох 21 ишлэл.

  • Хамгийн анх санал зөрөлдөж, ажлаа өг гэдэг яриа болсон нь Эрдэнэтийн 49 хувийн шүүх хуралтай холбоотой. Би Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ерөнхий сайдын захирамжаар томилогдон шүүх хуралд хариуцагчаар оролцож байсан хүн шүү дээ.Тэр шүүх хуралд намайг Ц.Нямдорж сайд “битгий оч” гэдэг байсан юм.
  • Нямдорж сайд өөрөө намайг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллуулъя гэж санал гаргасан байсан. Анхан шатны шүүх хурал хоёрдугаар сард маргаан үүсгэн явж байгаад зургадугаар сард болсон. Аль болох хугацаа хожих чиглэл Засгаас явж байсан. Би анхан шатны хурал гэхэд гурван сарын хугацаанд “барьсан” гэсэн үг.
  • Анхан шатанд намайг аль 12 жилийн өмнө яаманд ажиллаж байх үед цуг ажиллаж байсан гээд шүүгчийг нь болиулаад яг тэр 49-тэй холбоотой асуудал дээр Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан хүнийг шүүгчээр оролцуулсан.
  • Ингээд шүүх дээр анх ялагдсан чинь Ц.Нямдорж сайд “Чи очсоноос болж ялагдлаа. Тиймээс чи өөрөө өргөдлөө өг. Яв” гэсэн. Шахалт гэх юм уу, тэр үеэс эхлэлтэй.
  • “Чи энэ С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хууль дээр өөрчлүүлэх ажлыг Их хуралд нууцаар зохион байгуулсан байна. Чиний талаар ингэж маш ноцтой яригдаж байна” гэдэг юм байна.
  • Уучлаарай, хөөн хэлэлцэх хугацааг Засгийн газар өөрчлөөгүй. Их хурал өөрчилсөн. Та нар өөрсдөө өөрчилсөн. Тэгж ярих юм бол Эрүүгийн хууль батлагдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн эцсийн хэлэлцүүлгийн үе шатанд байнгын хороон дээр гишүүд санал гаргаад та нар өөрсдөө хөөн хэлэлцэх хугацааны зарчмыг нэг нь ч эсэргүүцэхгүйгээр баталсан.
  • Хувь хүнд хувьчлагдсан шударга ёс одоо хаа ч байхгүй ээ. Хуулиар засагласан шударга ёс л гэж бий. Энэ бол Үндсэн хуульт ёс. Энэ бол ардчилал. Энэ бол эрх зүйт нийгэм.
  • Төрийн ба орон нутгийн өмчийн багц гээд арав гаруй хуулийн төслийг яамныхаа болон салбарынхаа шилдэг судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулсан. Бүгдийг нь боловсруулж сайдынхаа ширээн дээр бэлэн болгож тавьсан. Сайдын ширээнээс цаашаа л явахгүй байгаа болохоос. Өөрөө ч хууль явуулдаггүй, өрөөлийг ч явуулдаггүй. Болж байна ч гэдэггүй, болохгүй байна ч гэдэггүй.
  • Зарим буруу бодож байгаа зүйлээ хүмүүсийн санал шүүмжлэлийн үр дүнд мэдэж, бага дээр нь засч ч байсан. Тэр бол ажлаас явуулах үндэслэл биш л дээ.Ц.Нямдорж сайд өөрөө надад “Чиний жиргээ хүнд их сайн хүрэх юм аа. Чи ингээд жиргэчих. Би хараад байж байя” гэж байсан л хүн шүү дээ.
  • 2016 оны наймдугаар сард томилогдчихоод би ажлаа аваад өрөөндөө ч орж амжаагүй байхдаа маргааш нь Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдож ажилласан юм. Гурван долоон хоногийн хугацаатай шалгаж, Засгийн газарт дүнгээ танилцуулах үүрэг өгөгдсөн. Асуудлын үндсэн шалтгаан тэндээс эхтэй гэж бодож байна.
  • Хөгжлийн банкны шалгалт маш өргөн цар хүрээг хамарсан ноцтой асуудал руу орсон. 1.3 их наяд төгрөгтэй холбоотой зөрчил илэрсэн. Жаран тэрбум гэж яриад байгаагаас хорь дахин их мөнгөний асуудал яригдаж байна шүү дээ. Улаанбаатар хотын гэр хорооллын бараг айл болгонд приус машин авч өгөх хэмжээний мөнгө. Тэгэхээр их мөнгөний асуудал байгаа биз. Энэ дотор Төмөр замын хэрэг ч байгаа
  • Шалгалтын дүн ноцтой гарсан. Тийм ч учраас Засгийн газрын хуралдаанаар хаалттай сонссон юм. Их хурал дээр ярьсан. Намын бүлэгт танилцуулж байсан. Мөн л хаалттай. Тийм учраас энэ шалгалтын дүнгийн талаар дэлгэрэнгүй ярьж чадахгүй болчихсон юм. Яагаад гэхээр хаалттай хурал дээр танилцуулчихаар улсын нууц болчихож байгаа юм. Тэгэхээр би ямар нэг юм ярихаар нууц задалсан гэмт хэрэг үйлдчих гээд байдаг. Одоо ер нь энэ хаалттайгаар танилцуулсан материалыг ил болгоход ямар нэг асуудалгүй байх хугацаа болсон. Тэр шалгалтын олон зуун хуудас дүгнэлтийг Засгийн газар ил болгох нь зүйтэй байх.
  • Тэр үед шалгалтын зөрчил дутагдалд орсон нөлөө бүхий нэг хүн шалгалтын дүнгийн дараа надтай Төрийн ордонд таараад хэлж байсан юм. “Чамайг намынхнаар чинь дамжуулж үгүй хийнэ ээ” гэж. Нэг ёсондоо танай намынхнаар дамжуулж чамайг зайлуулна аа гэж хэлсэн. Тэр хэлсэн нь явсаар байгаад бодит болж байна.
  • 2017 оны хавар Байгаль орчны яамнаас хоёр албан тушаалтан Авлигатай тэмцэх газар баригдсан асуудал. Уг хэрэгт холбоотой хушны самар түүж гадагш гаргадаг компанийн захирал дээр бас эрүү үүсгэж шалгаж байсан юм билээ. Нэг эзэнтэй гурван компанийн нэхэмжлэлтэй, 8.5 тэрбум төгрөгийн татвар төлөхгүй гээд Засгийн газрыг шүүхэд өгсөн юм. Энэ асуудал шүүх дээр явж байх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Занданшатар дуудаж уулзсан.
  • “Компанийн захирал нь “эвлэрье” гэж байна. Эвлэрвэл яасан юм” гэсэн. Эвлэрнэ гэдэг нь Засгийн газар тэр хүнээс 8.5 тэрбум төгрөгийн татвар авахгүй гэсэн үг. Тэгэхдээ Занданшатар надад “Энэ бол том даргын ойрын хүн” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Хэрвээ би эвлэрвэл албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн албан тушаалын гэмт хэрэг болно. Бас тэр АТГ дээр шалгагдаж байгаа хэрэг хэрэг биш болох хувь заяанд нөлөөлнө. Намайг байлд гэж томилсон болохоос эвлэр гэж явуулаагүй” гэсэн.
  • Хамгийн сүүлд ажлаа өгөхөөс хоёр долоо хоногийн өмнө 49 хувьтай холбоотой 35 км төмөр замын концессын хэрэг дээр шүүх хуралд Засгийн газрыг төлөөлж ороод ялсан байсан. Шийдвэрийг нь гардаж аваагүй байсан. Одоо албажаад гараа биз.Нөгөө 49-ийнхний өөрийнхөө орд газар луу тавьсан, цэвэр өөрийн бизнесийн төмөр замаа улсад шахаад, улсаас мөнгийг нь авчихсан хэрэг. Энэ ч бас намайг ажлаас шахахад нөлөөлсөн биз.
  • Надад хүртэл хавтаст хэрэг нээж зөндөө дарамталж л байсан. Тэр байтугай одоо энэ шударга бусын хонгилыг нураая гэж ярьж буй хүний гар хөл надад “Чи гэр бүлтэй, үр хүүхэдтэй хүн шүү. Аятайхан байгаарай. Яавал ч яана шүү” гэж ч дарамталж байсан.
  • Би өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн юм. Удирдах зөвлөлд хүсэлтээ бичгээр гаргасан дэд сайд нарыг чинь нууц санал хураалтаар өрсөлдөөнөөр томилсон шүү дээ. Өрсөлдөх хүмүүс хүсэлтээ гаргаад. Дэд сайдууддаа айхавтар шалгуур тавьсан.
  • Үндсэн хуулиас давсан байдлаар хуулиар зохицуулагдсан асуудлыг намаас тогтоол гаргавал Үндсэн хууль зөрчсөн гэдгээр улс төрийн нам татан буугдах улс төр болон хуулийн үр дагавартай байдаг юм аа.
  • М.Энхболд, У.Хүрэлсхүх хоёр. Зуун жилийн түүхтэй Монгол Улсын тусгаар тогтнолын хана хэрэм болж ирсэн нам тарах ёстой юм уу. Улс төрийн нам, улс эх орны хажууд энэ хоёр чинь зүгээр л хувь хүмүүс.
  • Нобелийн шагналт Эрнандо де Сато Монголд тэр үед ирэхдээ ганц юм хэлж байсан. Танай Улаанбаатар хотын гэр хорооллын газар гэдэг чинь Оюу толгойгоос дутахгүй баялаг. Та нар энийгээ эргэлтэнд оруулж, энэ хүмүүсээ хөрөнгөтэй болгож, орон сууцтай болгож хөгжүүлье гэж байгаа бол бүртгэлийнхээ үнэн зөв, нэгдмэл байдлыг ханга, бүртгэлийн системээ төгөлдөржүүл гэж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *