Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг сэргээж буйтай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг өчигдөр орой зохион байгуулж, зургаан цаг гаруй үргэлжилсэн тоглолтоор нийт 2 тэрбум 211 сая төгрөгийн хандив цуглуулав.
“Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дахин сэргээх санаачлагыг Ерөнхийлөгч гаргаж, Ерөнхий сайд дэмжсэн гэх. Энэ дагуу өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар фондыг сэргээн байгуулах тогтоолыг баталж, улмаар тодорхой санхүүжилтийн эх үүсвэр болох 10 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ.
Соёлын яамны санаачилгаар зохион байгуулсан өчигдрийн цахим тоглолтоор 14 хоногийн өмнө байгуулсан “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ-д хандив цуглуулав. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус Соёлын дэд сайд М.Батбаяр, “Херо” энтертайнментийн найруулагч Б.Баатар байгуулсан байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Засгийн газар бол “тусгай сан” байгуулах буюу Тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулж (УИХ-аар заавал батлагдана) байж хуулийнх нь хүрээнд асуудлыг шийдэх агуулга ярьсан байна даа. Одоогийн хууль зүйн орчин төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй тул хуульчлагдаж байж л шийднэ. Засгийн газар энэхүү хуулиар байгуулагдах сандаа 10 тэрбумын эх үүсвэр шийдэж буйг Ерөнхий сайд тодотгосон байна. Харин чоно борооноор гэгчээр Засгийн газрын хажуугаар ТББ байгуулж иргэдээс хандив авсан нөхдийн асуудал хуулийн өмнө очих биз. Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох нь зүй ёс. Энэ ТББ-д өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино. УИХ-аас гадуур, улсын төсөвт оруулж батлуулахгүйгээр хяналтгүйгээр төрийн өмчит компаниуд ямар их мөнгө “эргэлдүүлж” буйгаа өөрсдөө элдэв “буянт үйл” хийж барьж өгч буйд хувьдаа баяртай байгаа. Хууль очих л болно. Хөөн хэлэлцэх хугацаа ч их мөнгөний хэрэг дээр тавиухан байгаа” гэжээ.
Түүнчлэн тэрбээр Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийг хэлэлцэх хэрэгтэй онцолж буй юм. Учир нь сүүлийн үед яам, агентлаг, газрууд өөрөө өөрийнхөө байгуулсан ТББ-тай гэрээ хийж, санхүүжүүлдэг асуудал маш их илэрч байна. Үүнээс улбаалан авлигын асуудал гарч ирж байгаа юм.
“Нэг жилийн өмнө Засгийн газраас УИХ-д өргөн баригдчихсан Төрийн бус байгууллагын хуулиа нэг хэлэлцэж, батлахгүй бол ингэж байгаад нэг баларна. Сан, холбоо, төр гээд цэгцлэх төсөл. Баахан амьтан шоронд орж байж нэг ухаарч хөдлөх юм байхдаа. Арай л удаан дарагдаж байна даа. Манай улсад 21 мянган ТББ бүртгэлтэй байдгаас хуулийн дагуу тайлангаа ирүүлдэг нь 30 гаруйхан байдаг. Шилэн болгохыг төрөөс шаарддагууд нь хүртэл санхүүжилт, зарцуулалт нь хаалттай байна. Ер нь бол манай улс саарал жагсаалтад орсон нэг шалтгаан нь төрийн бус байгууллагаар дамжуулж мөнгө угаагаад байна гэдэг асуудлаас болсон шүү дээ” гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа бичжээ.