Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхболд: Сэжигтэн шүүхийн зөвшөөрөлгүй баривчилгааны талаар 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй болно DNN.mn

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Шүүхийн шийдвэргүй баривчилгаа нийт баривчилгааны 99 хувийг эзэлж байна гэсэн судалгааг хоёр жилийн өмнө НҮБ-ын тусгай элч манайд ажиллаад танилцуулсан. Хүний эрхийн энэ том зөрчлийг арилгах гарц шийдэл, бодлогын өөрчлөлт байна уу гэдгээр яриагаа эхэлье?

-ХЭҮК-оос УИХ-д өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь удаагийн илтгэлд хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, тэр дундаа шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, олон улсын хүний эрхийн зарчимд нийцүүлэх чиглэлээр илтгэлийг боловсруулсан байдаг. Энэ илтгэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд, Засгийн газарт чиглэл өгөх тухай 35 дугаар тогтоол гарсан. Тус тогтоолд нэгд, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, УИХ-д хуулийн төсөл танилцуулах чиглэл өгсөн. Үүний дагуу Засгийн газраас холбогдох хуулийн төслийг боловсруулж 2023 оны аравдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн. Энэ хуулий төслийг батлуулах ажлын хэсэг байгуулагдаж, тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажиллаж байна. Хууль энэ долоо хоногт батлагдана гэсэн хүлээлттэй байгаа. ХЭҮК-оос санал болгосон заалтууд бүхэлдээ тусч чадсан гэдгийг онцлох ёстой.

Хуулийн төсөлд өмнөх хуультай харьцуулахад хэд хэдэн онцлог, дэвшилттэй зохицуулалт туссан. Нэгд, хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг, хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт хойшлуулшгүйгээр баривчлах үндэслэлүүдийг маш нарийн хуульчилсан. Өмнө нь хойшлуулшгүй тохиолдолд гэсэн хэт өргөн хүрээтэй үндэслэлээр баривчлах ажиллагаа явуулдаг байсан нь шүүмжлэлд өртдөг байсан.

-Бүр тодруулж хэлж өгөөч. Ямар тохиолдолд баривчлах юм бэ?

-Хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нэгд, гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь, эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан; хоёрт, гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан, гуравт, хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн зэрэг үндэслэлийг тусгасан.

-Хорих ял оногдуулахаар заагаагүй хэргүүд дээр баривчлахгүй гэсэн үг үү?

-Хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргүүдэд баривчлах ажиллагааг хийж болно. Гэхдээ дээр дурдсан 3 үндэслэлийн аль нэг нь байгаа, дээр нь нэмээд хэн болох нь тодорхойгүй, Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй, Монгол Улсад байнга оршин суудаггүй хүнийг баривчилж болохоор тусгасан.

Эдгээр бүх тохиолдол шүүхээр ямар нэгэн байдлаар хянагдах зохицуулалт туссан. Түүнээс гадна шүүхийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахаар хуульчилсан. Өмнө нь ажлын бус цагаар, амралтын өдрүүдээр болсон шүүх ажиллахгүй байна. Үүнээс шалтгаалан баривчлах ажиллагааг шүүх хянахгүй, мэдэхгүй өнгөрч, улмаар хүний эрхийн зөрчил гарч байна гэдэг шүүмжлэл байсан. Тиймээс энэ нэмэлт өөрчлөлтөөр хуулиар шүүх долоо хоногийн бүх өдрүүдэд 06:00-22:00 цаг хүртэл тасралтгүй ажиллахаар тодорхойлсон.

-Баривчилгаа хаана хийгдсэн гэдгээс шалтгаалж зөвшөөрөл авах шүүхийн харьяаны асуудал нэлээд хүндрэл учруулдаг талаар хуулийнхан ярьдаг. Үүн дээр өөрчлөлт орсон уу?

-Өмнө нь тухайн хэргийг мөрдөн шалгаж байгаа газрын шүүхээс зөвшөөрөл авна гэдэг байсан. Тухайлбал, Улаанбаатар хотод гэмт хэрэгт сэжиглэгдээд шалгагдаж байсан хүн аль нэг аймагт баригдлаа гэхэд тэр хүнтэй холбоотой асуудлыг заавал Улаанбаатарын холбогдох шүүхэд нь авчирч шийдвэрлүүлэх ёстой гэдэг. Үүнээс үүдэж 48 цагийн хугацаа хэтрэх, заримдаа тогтоолыг нь танилцуулахгүй удаашруулах зэрэг асуудлууд гардаг байсан. Одоо сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан тухай шийдвэрийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх, хэрэв 24 цагийн дотор уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд хүргэх боломжгүй бол баривчлах ажиллагаа явагдсан газрын шүүх хянан шийдвэрлэхээр тусгасан.

-Ер нь шүүхийн шийдвэргүй баривчилгаатай холбоотой гомдол гаргаж болдог уу?

-Хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагааны талаар суллагдсан сэжигтэн 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхийг нээж өгсөн. Мөн баривчлагдаад суллагдсан сэжигтэн ямар нэгэн гомдол гаргаагүй байсан ч баривчлах ажиллагаатай холбоотой материалыг 30 хоногийн дотор харьяалах шүүхэд хүргүүлэхээр заасан. Ингэснээр хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаа гэдэг ойлголт олон улсын жишгийн дагуу бүрэн шүүхийн хяналтанд орох эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байгаа.

-Тэгвэл заавал сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй байривчлах шаардлага байдаг юм уу?

-Гэмт хэрэг хэзээ ч, хаана ч гардаг. Тэр тохиолдол бүрт шүүхээр зөвшөөрөл авчихаад дараа нь барина гэвэл цаг хугацаа алдах, гэмт хэргийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлэх, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, эрх ашгийг нь хамгаалахад сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр тухайн үед л яг тэр үйлдэл дээр нь барихгүй бол өөр эрсдэл учруулж болох тохиолдолд мөрдөгч шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлаад энэ талаар даруй прокурорт мэдэгдэж, прокурор шүүхэд шуурхай мэдэгдэх зохицуулалтыг зайлшгүй олон улсын практик туршлагад тулгуурлан оруулж ирж байгаа. Дашрамд дурдахад, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах гэдэг нэр томъёог өөрчилж, сэжигтнийг хойшлуулашгүйгээр баривчлах гэдгээр нэмэлт өөрчлөлтөд тусгасан хэ

-Хууль хүчний байгууллагын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэг сүүлийн үед нэлээд хөндөгдөж ирлээ. Шүүхийн шийдвэргүй баривчилгаа ч үүний нэг том илрэл шүү дээ. Тиймээс эдгээр байгууллагын хүний эрхийн мэдрэмжтэй, мэдлэгтэй болоход ХЭҮК голлох үүрэгтэй болов уу. Энэ тал дээр та бүхэн ямар бодлого чиглэл хэрэгжүүлж байна вэ?

-Аливаа хуулийг хүн хэрэгжүүлдэг. Тухайн хүн нь хуулийнхаа үзэл санаа, агуулга, мөн чанар, зарчмыг маш сайн ойлгосон байх ёстой. ХЭҮК-ын нэг чиг үүрэг хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх явдал. Тиймээс өнгөрсөн жил тодорхой сэдэв, чиглэлүүдээр сургалтуудыг хууль сахиулах болон шүүхийн байгууллага, төрийн захиргааны байгууллага, иргэний нийгэм, олон нийтэд нэлээд өргөн хүрээтэй явуулж ирлээ. Тодруулбал, ЦЕГ, хэмжээндШШГЕГ хамтран 70 орчим хүний эрхийн сургагч багш бэлтгэсэн. Эдгээр сурагч багш нар салбартаа хүний эрхийн боловсролыг түгээх үүрэг хүлээж бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Эдгээр багш нарт хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрхийг дээдлэх, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах явцдаа хүний эрх, хүүхдийг эрхийг хангаж хамгаалах, эрүү шүүлт хүнлэг бус харьцаанаас ангид байх, хоригдолтой харьцах наад захын жишиг дүрэм гэх зэрэг өргөн хүрээний сургалтуудыг явуулсан. Үүнээс гадна жагсаал цуглааны үед цагдаагийн байгууллагаас хэрхэн ажиллах агуулгаар бүх аймгийн цагдаагийн газар, хэлтсийн албан хаагчдад сургалт явууллаа.

-ХЭҮК-ын орон нутгийн ажилтнууд байдаг байх аа. Тэдгээр хүмүүс орон нутагт хүний эрхийг хамгаалах, боловсрол олгоход үүрэг гүйцэтгэж байна уу?

-ХЭҮК-ын гишүүд болон орон нутгийн ажилтнууд орон нутагтаа болон томилолтоор явах бүрд очсон газрынхаа хууль хяналтын байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай энэ чиглэлийн сургалтуудыг тасралтгүй явуулж байна. Өнгөрсөн жил гэхэд цагдаа, шүүхийн шийдвэр, зэвсэгт хүчний салбарын 1000 орчим албан хаагч нар сургалтад хамрагдсан. Халдашгүй, чөлөөтэй байх эрхийн чиглэлээр Улсын дээд шүүхийн сургалт судалгааны хүрээлэнтэй хамтран шүүгч нарт зориулсан цахим контент ч бэлтгэж түгээсэн. .

Энэ жил Хуульчдын холбоотой хамтран шүүгч, прокурор, өмгөөлөгч болон бусад хуульч нарт хүний халдашгүй чөлөөтэй байх, шударгаар шүүлгэх эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олон улсын гэрээ конвенцийг хэрэглэх практик зэрэг чиглэлээр сургалтууд явуулахаар төлөвлөөд байна.

-Иргэдийн өөрсдийнх нь хүний эрхийн мэдлэг, хандлага яг бодит байдал дээр тааруухан байдгийг бид мэднэ. Цагдаа дуудахад, аливаа нэг хэрэг зөрчилд холбогдоход, эсвэл хохирогч боллоо гэхэд ямар эрхтэй гэдгээ нарийн мэддэггүй. Энэ байдал нь иргэдийн эрх зүйн байдлаа дордуудахад хүргэдэг нэг хүчин зүйл болдог гэж хуульч, өмгөөлөгчид хэлдэг. Энэ талаар та бүхэн анхаарч байна уу?

-ХЭҮК-ын хүний эрхийн боловсрол олгохдоо ямар нэгэн инстүүцээр дамжуулж явагддаг. Тухайлбал, өнгөрсөн жил Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын ойлголт үзэл санааг сургагч багш нараар дамжуулан ЕБС-уудад болон их дээд сургуулиудын сурагч, оюутнуудад хүргэсэн байна. .

Нөгөө талд аль ч байгууллагад харьяалагддаггүй иргэд олон байдаг. Хувиараа бизнес эрхэлдэг, эсвэл ажилгүй гэх зэрэг нийгмийн энэ хэсэгт хүний эрхийн мэдлэг боловсрол олгох нь маш чухал. ХЭҮК-ийн цахим хуудсаар олон нийтэд чиглэгдсэн контент мэдээлэл сурталчилгааны зөвлөмж, постеруудыг хүргэх замаар эдгээр хүмүүст хүрэхийг хичээж байна. Дээр нь хүний эрхийн боловсролыг түгээх нэг механизм бол ХЭҮК-т өргөдөл гомдол гаргадаг хүмүүс болон тэдгээртэй хамааралтай хүмүүс юм. Тэр үүднээс бид тэдгээр хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхээс гадна хүний эрхийн зөвлөгөөг давхар өгдөг.

-Зарим судалгаагаар манай иргэд хүний эрхийн мэдлэгтэй гэж үздэг юм билээ. Гэвч нарийвчилсан судалгаан дээр бүдэрдэг. Тэгэхээр ер нь ямар хүнийг хүний эрхийн мэдлэгтэй, мэдрэмжтэй гэж үзэх юм бэ?

-Хүний эрхийн мэдрэмжтэй хүн гэдэг өргөн хүрээтэй ойлголт. Хамгийн наад захын шалгуур Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэн хууль дээдлэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бусдын нэр төр алдар хүндийг хүндэтгэх үүрэгтэй. Энэ үүргээ ягштал биелүүлдэг, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд энэ талаар холбогдох байгууллага албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлэх наад захын мэдлэг хандлага, чадвартай байхыг хэлнэ. Ингэж байж өөрийнхөө эрхийг хамгаалах, ямар нэгэн байдлаар хүний эрхийн зөрчилд өртөхгүй байх үндсэн шалгууруудыг бий болгож эхэлж байгаа юм. Өөрөө хууль дүрэм зөрчдөг, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй атлаа бусдаас яг тийм зүйлийг шаардах нь хүний эрхийн мэдрэмжгүй бөгөөд хүний эрхийн талаарх мэдлэг хандлага өрөөсгөл байна гэж дүгнэж болно. Ийм иргэд манай цөөнгүй байна. Ардчилсан улсын иргэд ийм үүрэг, эрхтэй гэдгээ сайн мэддэг байх хандлагыг суулгахад анхаарч ажиллах ёстой.

Цаашлаад заавал хуульчаас, мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах шаардлагатай хүний эрхийн асуудлууд бий. Тухайлбал, хүн ямар нэгэн хэрэгт шалгагдаж эхлэх үед, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар эрхтэй, ямар үүрэгтэй байдаг. Мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа төрийн байгууллагууд шалгагдаж байгаа хүний өмнө ямар үүрэг хүлээдэг, ямар харилцааг зөрчсөн тохиолдолд хүний эрхийн зөрчил болох вэ гэдэг нарийвчилсан агуулгуудыг мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авч байж эрхээ хамгаалдаг. Сүүлийн үед ХЭҮК-оос болон бусад өмгөөллийн байгууллагууд таныг ямар нэгэн хэрэгт холбогдуулан мөрдөх байгууллага дуудсан тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг зөвлөмжийг олон нийтийн сүлжээгээр түгээж байна. Энэ мэтчилэн бүх нийтийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхэд жижиг хэрнээ бодит хувь нэмэр оруулж байгаа үйлдлүүд юм.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *