УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.
-Засгийн газрын гишүүдийг эхнээс нь баталж байна. гэхдээ дотоод асуудлаа шийдэж чадалгүй хоёр сар гаруйн хугацаа алдсанаас болоод ирэх оны төсөв, мөнгөө ч шийдэж чадаагүй байна. одоо шинэ Засгийн газар уг асуудлыг богино хугацаанд хэлэлцэх гээд хэтэрхий яарах байх даа?
-МАН дотоод асуудлаа шийдэж чадахгүй гэхээсээ илүү нийгэмд үүсээд байгаа хямрал, энэ гажуудлыг засах гэсэн оролдлого боллоо. Ард түмэн шударга ёс, хариуцлагыг хүсэж байна. Төрийн албаны ёсзүйг хүсэж байна. Бид энэ асуудлыг л тойрч ярилцсан. Энэ бол зөвхөн намын дотоод асуудал биш гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд үүссэн хямрал энэ цаг үед ирж, тэсэрч байх шиг байна. Засгийн газар шинээр байгуулагдлаа. Өмнөх Засгийн газрын үйл ажиллагаа тодорхой хэмжээнд үргэлжилнэ. Яагаад гэвэл МАН-ын сонгуулийн өмнө амласан мөрийн хөтөлбөр хэрэгжих ёстой. Шинэ засгийн газар яам агентлагуудын тоог нэмэхгүй, хуучин бүтцээр ажиллана. Ингэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрийн залгамж чанар үргэлжилнэ. Харин энд хариуцлага сахилга батыг дээшлүүлэх, төсвийн хэмнэлт гаргах, эдийн засгийн үр ашигтай шинэ төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээн хөгжүүлэх, ард иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, ажлын байрыг бий болгох зэрэг чухал чухал асуудлуудыг маш яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна.
-Ирэх оны төсвийг хэрхэн төсөөлж байгаа вэ?
-Зөв, түргэн шуурхай эдийн засагт дүгнэлт гаргаад, дотоод болон гадаад нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглавал ирэх оны төсөв хүндрэлтэй байхгүй байх боломж байгаа.
-ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засаг сэргэсэн гэж Ман-ынхан ярьж байсан. Гэвч өнгөрсөн зун буцаад уналтад орж байх шиг байна. Эдийн засгийн сэргэлт бодитой байж чадсан уу?
-ОУВС-гийн ажлын хэсэг өнгөрсөн долдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 2-ны хооронд манай улсад ажиллаж, гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хэлэлцүүлгийг хийсэн. Ажлын хэсэг хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монгол банкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт тоон үзүүлэлтүүдэд урьдчилсан байдлаар үнэлгээ хийж, амжилттай хэрэгжиж байна гэж дүгнэсэн байгаа.
Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Азийн хөгжлийн банк 100 сая ам.долларыг Засгийн газарт шилжүүлж, мөн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк 1.3 тэрбум ам.долларыг гурван жилийн хугацаанд Монгол Улсад шилжүүлнэ гэж тогтсон шүү дээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван жилийн хугацаанд ажлын хэсэг улирал бүр манай улсад ажиллаж, хэрэгжилтийн явцад дүгнэлт гаргана гэж үзээд байгаа. Тэгэхээр ОУВС-гийн Өргөтгөсөн хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхэлсэн байна гэсэн эхний дүгнэлт гарлаа. Тиймээс үргэлжлүүлэн санхүүжилт олгож байна гэж ойлгож байгаа.
-Өнгөрсөн зургадугаар сараас хойш урд хилээр гарах нүүрсний хэмжээ илт багасаж байгаа. Үүнээс болоод эхний хагас жилийн өсөлт эргээд унах гээд байгаа юм биш үү?
-Өнгөрсөн наймдугаар сарын гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс экспортын хэмжээ 37 хувиар буюу 1.1 сая ам.доллароор өс-сөн үзүүлэлттэй байна. Уул уурхайн түүхий эдийн экспортын өсөлт нь экспортыг 36 хувиар, уул уурхайгаас бусад төрлийн экспортыг 0.4 хувиар өсгөхөд хүрлээ. Нэг жишээ хэлэхэд өнгөрсөн оны хоёрдугаар улирлын байдлаар эдийн засгийн бодит өсөлт 1.5 хувиар өсч байсан бол энэ онд хоёрдугаар сард 5.3 хувьд хүрсэн байна. Эндээс нүүрсний экспорт буурсан, энэ нь эдийн засагт нөлөөлөх гэж байна гэсэн тоон үзүүүлэлт харагдахгүй байгаа биз дээ. Гэхдээ нүүрсний экспортын бодит хэмжээний үнэ өссөнөөс шалтгаалж эдийн засаг 1.1 сая ам.доллараар өссөн үзүүлэлт байгаа. Энэ цаашид хэвээр хадгалагдах байх гэж найдаж байна.
-УИХ “Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр” гэж зарласан. Тэр юу болсон бэ. Хэрэгжээд үр дүнгээ өгч буй төсөл хөтөлбөрүүд байна уу?
-Ер нь бол татварын цэвэр орлого 3.9 их наяд төгрөгт хүрсэн. Бас л өмнөх онтой харьцуулбал өссөн үзүүлэлт. Нэмэгдсэн өртгийн албан татвар, гадаад худалдааны орлого, нийгмийн даатгалын орлого, татвар төлбөрийн хураамжийн орлого өссөн үзүүлэлттэй. Энэ мэт үзүүлэлтүүд нь тодорхой хэмжээгээр эдийн засгийг тогтворжуулахад нөлөөллөө гэж үзэж байгаа юм. Цаашдаа эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүдэд үндэсний үйлдвэрлэлийг сэргээх асуудлууд орж байгаа. Энэ асуудлыг дараагийн Засгийн газар идэвхтэй авч хэрэгжүүлээд явах байх.
-Саяхан болсон “Монгол Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалтын ажлын хэсгийг та ахалсан байна лээ. Уг уулзалтаас ямар үр дүн гарсан бэ?
-“Монгол-Оросын хамтын ажиллагаа 2017” эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын эхэнд болж өндөрлөлөө. Уулзалтад ОХУ-аас ОХУ-ын Холбооны Зөвлөлийн гишүүн, эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга С.В.Калашниковоор ахлуулсан ажлын хэсэг ирсэн. Энэ уулзалтын хүрээнд “ОХУ-д үйлдвэрлэв” үзэсгэлэн худал-даа болж ОХУ-ын 70 гаруй аж ахуйн нэгжүүд оролцсон. Тэд бүгдээрээ манай хэрэглэгчдэд зориулж бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь хүргэсэн. Мөн энэ үеэр хөдөө аж ахуй, барилга хот байгуулалт, зам тээвэр, аялал жуулчлал, эрчим хүчний салбаруудын салбар хуралдаанууд явагд-сан. Хамгийн гол нь чуулга уулзалтаар Монгол Оросын худалдааны эргэлтийг нэмэг-дүүлэх, ОХУ-ын Сибирийн зах зээл, Алс Дорнодын зах зээлд Монголын үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээг-дэхүүнийг гаргах, мөн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, төмөр замын нэвтрүүлэх чадварыг сайж-руулах, хилийн бүсийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх гэх мэт олон асуудал хөндсөн юм. Мөн ОХУ манай улсыг онгоц үйлдвэрлэгч орон болохыг дэмжсэн, ОХУ-аас Монгол Улсад олгогдохоор амласан 150 тэрбум рублийн зээлийн асуудлыг хоёр тал хамтран шийдвэрлэх, бодит төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хоёр улсын парламент хоорон-дын харилцааг өргөжүүлэх, тэр дундаа гадаад худалдааг явуулахад хууль эрхзүйн орчныг сайжруулах талаар ярилцсан.
-Та хоёр хөршид болж буй эдийн засгийн уулзалт, арга хэмжээнд нэлээн оролцдог. Тэд манай улсын эдийн засгийг ямар хэмжээнд дүгнэж байгаа вэ. Мөн хөрш орны харилцааны хүрээнд эдийн засгийг сайжруулахад ямар арга хэмжээ авах вэ?
-Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. БНХАУ-ын зүүн хойд мужууд, ОХУ-ын Сибирийн зах зээлд Монголын үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг нэлээд их сонирхдог. Тэнд бас хэрэглэгч нь байгаа. Энэ зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхийн тулд нэгдүгээрт, бараа бүтээгдэхүүний чанар стандартыг тухайн улсын чанар стандартад нийцүүлэх шаардлага хэрэгцээ байгаа. Хоёрдугаарт, Монголоос гарч байгаа түүхий эд, мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг гаргахын тулд монгол малыг эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх шаардлага хэрэгцээ байна. Ингэж чадвал бид хоёр хөршийн зах зээлд гарах бүрэн бололцоо бий. Түүхий эдээ гүн боловсруулж, нэмүү өртөг шингээн, ажлын байрыг бий болгосон, гадаад зах зээлд гарах бололцоо боломжийг бий болгосон үндэсний үйлдвэрлэлүүдийг төрийн бодлогоор дэмжиж ажиллах ёстой. Тэгвэл нэг талаар эдийн засгийг сэргээн хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна.
-Эдийн засаг бодитоор сэргэж, одоогийн нөхцөл байдлаас дээшлэх боломж байна уу?
-Байгаа, би өмнө нь ч хэлсэн. БНХАУ-ын зүүн хойд мужууд болох Хөх хот, Хянган, Бугат, Манжуур, Хайлар, Шилийн гол, мөн ОХУ-ын Сибирийн тойргийн мужууд болон Алс Дорнодын чиглэлд Монголын үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, соёлын арга хэмжээ хийх, эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулах гээд гарцууд байна. Хэдийгээр Монгол Улс далайд гарцгүй ч гэсэн хоёр том хөршийн зах зээлд гарах бүрэн бололцоо бий. Ингэж байж эдийн засаг бодитоор сэргэх боломж бүрдэнэ. Үүн дээр нэмээд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтворжуулах, үнийг тогтвортой барих асуудал нэлээн чухал байгаа.
-Олон улсын дата төвийг Улаанбаатарт байгуулах тухай та ярьж байсан. Тэр ажлууд юу болсон бэ?
-Улаанбаатар хотод Ази Европыг холбосон олон улсын дата төвийг байгуулах асуудал яригдаж байгаа. Энэ маань нэг ёсондоо бид мэдээллийн тээвэрлэгч болно гэсэн үг. Энэ утгаараа Монголын дата төвөөр дамжиж, олон улсын томоохон хэрэглэгч болох Гүүгл, Интел, Майкрософт, Фэйсбүүк зэрэг томоохон цахим мэдээллийн орчинд ажилладаг компаниудын мэдээллүүдийг Европоос Ази руу дамжуулах боломж бололцоо бүрдэнэ. Энэ нь эргээд Монгол Улсын төсөвт томоохон хувь нэмэр оруулна. Монгол Улс мэдээлэл технологийн салбарт дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхах алхам болно. Шинэ Засгийн газар үүнийг дэмжиж ажиллана гэдэгт найдаж байгаа.