Categories
мэдээ цаг-үе

Б.Дэлгэрсайхан: Төрж, өссөн нутагтаа сэтгэлийн их өртэй гэж боддог

“Өдрийн сонин”-ы №027, 028 (5594, 5595) дугаараас авч нийтлэв

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Манай улсын эдийн засаг тун амаргүй байгааг хаа хаанаа мэдэж байгаа. Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав хандивын хөдөлгөөнд уриалж байна. Та уриалгыг дэмжиж 100 сая төгрөг өгөхөөр боллоо. Таны хувьд гэнэт ийм шийдвэр гаргасан уу?

-Монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг. Улсын эдийн засаг үнэхээр хэцүү байна. Үүнээс хэрхэн яаж гарах вэ гэж дор бүрнээ санаа оноогоо уралдуулж байгаа цаг үед бид ажиллаж, амьдарч байна. Манай бизнесийн салбарынхан өнөөдөр хангалуун сайхан явж байгаа юм алга. Ашиг орлого гэхээсээ илүүтэй хэдэн ажилчдынхаа цалинг өгөх, татвар төлөх гэж зүтгэж байгаа нь үнэн. Гэхдээ бид ямар нэгэн байдлаар 580 сая ам.долларын өрийг барагдуулах тал дээр өөр өөрийнхөө боломжоор зүтгэх ёстой гэж ойлгож байна. Ядаж бондын энэ төлөлтийг хийхэд дэм болж чадвал гадны улсуудад “Монголчууд зээл авсан ч гэсэн нэгдээд өр ширээ дарж чаддаг юм байна” гэсэн итгэл найдвар төрнө. Бид авсан зээлээ цаг хугацаанд нь төлөх юм бол улсын зээлжих зэрэглэл нэмэгдэнэ. Монголчууд итгэлтэй хүмүүс гэдэг итгэл үнэмшил төрүүлэхэд тус дэм болох болов уу гэдэг утгаар энэ аянг дэмжиж хандив өргөж байгаа юм.

-Уриалгыг дэмжсэн танд маш олон хүн талархалтай хандаж байх шиг байна. Өмнөд солонгосчууд бас иймэрхүү байдлаар эдийн засгийн хүндрэлийг даван туулж байсан гэдэг?

-Ажилтай, орлоготой болсон иргэдэд үндэсний ухамсар, итгэл үнэмшил сэргэж ирдэг болох нь БНСУ-ын жишээнээс харагдаж байна. Бид солонгос хүнээс юугаараа дутдаг юм бэ. Адилхан л улсаа гэсэн сэтгэл зүрхтэй. Ядаж эдийн засгийн энэ хүнд үед гар нийлээд хамтарч чаддаг байх хэрэгтэй. Тийм эр зориг бий гэдэгт ч итгэж байна. Энэ уриалгыг олон компани дэмжиж нэгдэх болов уу. “Далайд дусал нэмэр” гэгчээр өөрийн чадал чинээгээрээ л хандив өргөх байх гэдэгт итгэлтэй байгаа.

-Өнөөдөр эдийн засаг хүнд байна. Энэ бүхнийг даван туулж ард нь гарах боломжийг та хэрхэн харж байгаа вэ. Эдийн засагт хүнд ачааг нь үүрч яваа бизнесийнхэн хандив өгөх л байх. Гэхдээ төр бизнесийнхэнд эргүүлээд хэр хандах бол?

-Эдийн засгийн хямрал нэлээд олон жил үргэлжилчихлээ. Гэхдээ дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ харьцангуй өсөх хандлага ажиглагдаж байна. Нүүрс, зэсийн үнэ өсч байгаа.

Энэ нь мэдээж эдийн засагт эерэг дохио. Түүхий эдийн үнэ өсөөд ирэхээр уул уурхайн салбарт хөрөнгө оруулах хүмүүс нэмэгддэг, түүнийг дагасан бизнесүүд босоод ирнэ. Тийм ч мөчлөгтэй. Тэр утгаараа жилийн дараа гэхэд Монголын эдийн засаг эрүүлжинэ гэж харж байна. Би хувьдаа сайн сайхан болох цаг удахгүй л гэж боддог. Манайхан өргөс авсан юм шиг шууд л бүх зүйл сайхан болохыг хүлээдэг. Богино хугацаанд энэ бүхэн арилна гэж байхгүй.

-Хүний хэтэвч рүү өнгийлөө гэж битгий ойлгоорой. Та хэр баян хүн бэ. Дорноговь аймагт таны бүтээн байгуулсан сургууль, цэцэрлэг, нутгийн удирдлагын ордон гээд маш их барилга байгууламж байдаг юм билээ. Тэгээд 100 сая төгрөг хандивлалаа шүү дээ?

-Баян нь ч юу байхав. Хүн олсныхоо хэмжээгээр саваа дундлах ёстой. Бурхнаас өгсөн хишгийг дундалж байж амьдрал тэгширнэ гэж бодож явдаг. Хэд насална гэж хурааж, хуримтлуулах билээ дээ. Хүний амьдрал богино. Энэ дэлхийд нүцгэн ирсэн бол нүцгэн л буцна.

Тэгээд ч энэ аймаг, орон нутагтаа төрж өссөний хувьд эргээд сэтгэлийн их өртэй. Үүнийгээ хариулах ёстой гэж боддог. Энэ утгаараа хийх ёстой зүйлээ л хийж байна. Тиймдээ орон нутагтаа барьсан эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан анги танхимтай хоёр цэцэрлэг болон сум бүрт хийсэн бүтээн байгуулалтын ажлуудыг эргээд аймаг, сум орон нутгийн өмчид шилжүүлсэн.

Одоогийн байдлаар Дорноговь аймагт 1000 айлын орон сууц хөтөлбөрийг эхлүүлээд байгаа. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмч, багш зэрэг зорилтот бүлгийг хамруулж хамгийн хямд өртөгтэй,чанартай орон сууцаар хангахад чиглэгдэж байгаа юм аа.

-Хямддаа хэд юм бэ?

-Энэ орон сууцыг ашиг харж бариагүй. Ингэж хямд барихын тулд төр Улаанбаатарт хэрэгжүүлж байгаа шиг дэд бүтцээ аймгуудад ч гэсэн татаж өгөх ёстой. Дэд бүтэц шийдэж өгч байж үнэ хямдардаг. Мөн Дорноговь аймагт “Монполимет” компанийн хэрэгжүүлсэн Цементийн үйлдвэр ашиглалтад орсонтой холбогдуулан цементийг дэргэдээсээ үнэ хямд авч байна. Барилгын материалаа зах зээлдээ хамгийн ойр Эрээн хотоос татах боломжтой.

-Бага хүүтэй, богино хугацааны зээл авах, “Ñтэнд бай” хөтөлбөрт хамрагдах гээд манайхны хувьд шийдлээ олж чадахгүй асуудлууд байна. Та “Ñтэнд бай” хөтөлбөр, зээлийн тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-“Стэнд бай” хөтөлбөрийг авах нь зөв гэж боддог. Монголчууд санхүүгийн сахилга сул ард түмэн. Тэр утгаараа эдийн засгийн хямрал бидэнд их зүйлийг ойлгуулж байна. Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байх үед бялхаж байлаа шүү дээ. Байгаагаа үрээд дуусгадаг болохоос хадгалж сураагүй. Тиймээс эдийн засаг хүндрээд ирэхээр гаргаад ирье гэсэн ч мөнгөгүй таг суудаг. АН-ын Засгийн газрын үед авсан энэ их зээлийг эргүүлэн төлж таарна. Хар, шар гэлтгүй монголчууд авсан болохоор төлөхөөс зайлшгүй. АН авсан зээлийг МАН төлөхгүй гэж болохгүй. Бид нэг л монголчууд. Зээлээ төлж л таарна. Ухрах зам байхгүй.

-Эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг уул уурхайн салбарын хэтийн төлөвийг та юу гэж харж байна вэ?

-Таван толгойгоо нэн даруй хөдөлгөх хэрэгтэй. 2022 онд Хятад улсад өвлийн олимп болно. Тиймээс хятадууд 2020 оноос эхлэн нүүрс түлэхгүй гэсэн хандлага руу орж байгаа. Төмрийн үйлдвэрлэлийн нүүрс хэрэглэдэг үйлдвэрүүдээ хааж байна. Зах зээл ийм байгаа үед том төслүүдээ даруйхан хөдөлгөх хэрэгтэй. Төмөр замаа бушуухан барих хэрэгцээтэй. Ажлаа хийхгүй улстөржиж улсаа хорлоод байж болохгүй.

-Төмөр зам гэж түүх нь зузаарсаар байгаа эхэлдэг ч үгүй нэг ажил байна. Танай компани чинь 100 км төмөр зам барьсан гэдэг бил үү. Хувийн хэвшил нь хурдан барьж мэдэх юм даа. Төмөр замаар танк орж ирнэ гэж айлгах юм, нэг хэсэг нь?

-Энэ тухай ярих юм бол маш урт түүх болно. Төмөр замаар “танк” орж ирдэг үе өнгөрсөн. Муугаар бодож дайн байлдаан боллоо гэхэд танк хэрэглэхгүй байлгүй дээ. Ийм утгагүй зүйл ярихаа болих хэрэгтэй. Нарийн, өргөн цариг ярьж цаг хугацаагаа нэлээд барлаа. Өөрсдөө төмөр замаа барина гэснээс болж баахан хүн хэрэгт ороод байж байна. Хувийнхан өөрсдөө барьж чадах байсан. 2011 онд “Эм Си Эс” компанид эрхийг нь өгсөн бол хэдийнэ төмөр замтай болох байлаа. Жилд 30 сая биш 60 сая тонн түүхий эд экспортолж байх байсан юм.

-Хувийн хэвшил гээд явахаар “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал сөхөгдөж таарна. “Эрдэнэт” үйлдвэрийг хууль бусаар авсан гэж байхад нөгөө талд нь хоёр орны Засгийн газар хоорондоо тохирч хувийн хэвшил мөнгөө төлөөд авсан гэдэг зүйл ярьж байна. Үнэн чухамдаа аль талд нь байгааг ойлгож байгаа хүн цөөн байна. Ажлын хэсгийн гишүүний хувьд байр сууриа илэрхийлээч?

-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлал хууль бусаар явсан уу, үгүй юу гэдгийг хууль хяналтын байгууллага нотлох баримтаар тогтоогоод явах нь зөв. Хуулийн байгууллага нь эцсийн байдлаар шийдвэрээ гаргаагүй байхад хүний өмчийг шууд төр нь аваад явах үзэгдэл байж болохгүй. Ажлын хэсэгт олон гишүүн орж ажилласан болохоор ямар дүгнэлт гаргахыг би одоогоор хэлж мэдэхгүй. Хүн бүр өөр өөрийн гэсэн байр суурьтай л байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг Оросоос авсан учраас асуудал даамжирвал буцаад “эзэн” рүүгээ л явна.

-Эзэн гэж Оросыг хэлээд байна уу?

-Орос руу буцна. Аливаа зүйлийг бодит байдлаар харах нь тун чухал. Оросууд “Уучлаарай, монголчууд дотроо эвээ олдоггүй юм байна. Бид та нарт зарахаа болилоо. Өөр гуравдагч оронд өндөр үнээр зарлаа” гэвэл бид 49 хувь ч үгүй болно. Би ингэж л харж байна.

-Ажлын хэсгийн гишүүдийн байр суурь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд байлгах биш төр мэдэлдээ байлгах чухал гэж байна. Эдийн засгийн тийм боломж байгаа юу?

-Засгийн газар евро бондын эргэн төлөлтийн 580 сая ам.долларыг төлөхөд ердөө 60 хоног л дутуу байна. 60 хоногийн дараа ийм их мөнгө төлөх байж араас нь “Эрдэнэт”-ийг авна гэвэл бид хаанаасаа 500 сая ам.доллар гаргах юм. Ийм худлаа юм ярьж болохгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг нь төлөөд авчихна гэдэгт би л хувьдаа итгэхгүй байгаа.

-Байгаа болоод авъя гээд байгаа юм биш үү?

-Бүх зүйлийг улс төрийн өнцгөөр харж болохгүй. Цаад үр дагаврыг нь бид заавал бодолцох учиртай. Төр шийдвэр гаргаад хувийн хэвшлийг “дээрэмдээд” байх юм бол таны, миний өмчийг булааж авдаг жишиг тогтоно. Ингэж болохгүй. Монгол гэдэг чинь хуультай орон. Тэр утгаараа би ингэж ярьж байна.

-Ямар нэгэн ашиг сонирхол байна гэж танай гишүүд хардаад байгаа юм биш үү?

-Надад ямар ч ашиг сонирхол байхгүй. Худалдаа хөгжлийн банкинд таньдаг хүн ч байхгүй. Хувьчилж авсан хүмүүсийг нь ч танихгүй. “Эрдэнэт”-д ямар нэгэн ашиг сонирхол бий гэж хардаг хүмүүс байгаа бол одоо болих хэрэгтэй. Надад ямар нэг ашиг сонирхол байхгүй.

-Олгой хагаравч тогоондоо гэдэг дээ. Гэтэл манайхан дэвэргэсээр байгаад ажиглагчдын хүрээ томорсон юм шиг байна. Хойд хөршийнхөн харж л байгаа байх даа?

-Тогоон дотроо хагарчихсан. Олон улсын байгууллага, Элчин сайдын яамд манай оронд үйл ажиллагаа явуулдгийн хувьд харж ажиглаж л байгаа.

-“Эрдэнэт”-ийн хувь заяаг цаашид хэрхэх нь зөв юм бол. Хувьчилж авсан хүмүүс нь болохгүй бол Засгийн газар нь мөнгөө төлөөд ав гэж байна шүү дээ?

-Ер нь бол асуудлыг даруйхан шийдэх хэрэгтэй. Хэл амаа ололцохгүй ингээд байгаа бол ард түмэнд нээлттэй хувьцаа хэлбэрээр борлуулах боломжтой. Худалдаж авах хүсэлтэй нэг нь авдаг л юм байгаа биз. УИХ-аар асуудлаа оруулаад хэдэн хувийг нь яаж арилжих юм гээд ярь л даа.

-Энэ бүхнийг ажиглаж байхад өнгөрсөн дөрвөн жилд бизнес, хувийн хэвшлийнхнийг хавчиж байсан цаг үе давтагдах нь гэж харагдах юм. Та хоёр сар гаруй хоригдож байсан байх аа?

-Үнэндээ энэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, эмх замбараагүй байдлыг эмхэлж цэгцлэн зөв голдрилд оруулах, улс орныг хүчирхэгжүүлэх гэж л би гишүүн болсон. Хууль бусаар хууль хяналтын байгууллага нь дээрэм хийдэг, төр нь бизнес рүү халдаж булааж авдаг энэ явдлыг зогсоох нь зүйтэй. Бид хувийн хэвшлийнхнээ дэмжиж байж улс хөгжинө үү гэхээс бүгдийг нь нийгэмчилбэл хэн ажил хийх юм. Бид энэ байдлыг өөрчлөх л ёстой. Миний байр суурь энэ.

-Тантай холбоотой хоёр ч оффшор дансны асуудал яригдаж байсан даа. Одоо оффшорын хууль гээд ороод ирлээ. Тэр дансны асуудал юу болсон бэ?

-Би оффшор бүсэд данс эзэмшиж байсан. Бизнес эрхэлж байхад хүссэн хүсээгүй оффшор бүсэд данс нээдэг. Яагаад гэхээр гадны банк томоохон зээл өгөхийн тулд танай улсын банкинд байршуулахгүй гэдэг. Учир нь тэд өөрсдийн мөнгөө хянахын тулд ийм шаардлага тавьдаг. Тэр зээлийн мөнгөний энэ хэмжээнд нь төмөр замын рейс авна, үүгээр нь вагон авна, үлдсэнээр нь тоног төхөөрөмж авна гээд явах гэтэл данс нээ гэсэн. Тэр утгаараа данс нээсэн нь үнэн. Зарим зээлүүд нь төлөгдчихсөн. Би хоёр газар оффшор нэртэй данстай байсан. Одоо бол хоёуланг нь хаалгачихсан. Албан ёсны бичиг нь ирсэн байгаа.

-Хэзээ хаалгасан юм?

-Оффшор данс идэвхгүй байхаар хаагддаг юм билээ. Тиймдээ ч нэг нь 2007 онд, нөгөө нь өнгөрсөн жил хаагдсан. Уг нь дансаа хаалгах хүсэлтийг эрт өгсөн боловч тухайн банк тодорхой хугацаанд шалгаж байгаад хаадаг юм билээ. Шаардлагатай гэвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргана. Оффшор дансны тал дээр ямар ч асуудал байхгүй.

-Манайхан оффшор данс гэхээр хадны мангаа шиг ойлгодог. Бизнес хийхэд заавал оффшор данс нээх шаардлага тулгардаг юм байна тийм үү?

-Монгол Улсад хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирсэн 14 тэрбум ам.долларын 10 гаруй тэрбум нь оффшор бүсээс орж ирсэн байдаг. Нийт хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь гэсэн үг.

-Танай намын бүлэг оффшорын хуулийн төслийг нь дэмжсэн. Хуулийн зохицуулалтууд дээр нь та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэгэнт төрийн албанд ажиллана гээд сонголт хийсэн бол оффшор дансаа хаалгах хэрэгтэй. Хуулийнхаа хүрээнд ажиллаж, амьдрах ёстой. Зарим зүйлээс татгалзаж байж төрийн албыг хашна шүү дээ. Тиймээс үүнд санаа зовж, эмзэглээд байх юм байхгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *