Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Дэлгэрсайхан: Би хэлээд байгаа, ажил хийж, цалин тавьж үзээгүй хүмүүс Хөдөлмөрийн тухай хууль боловсруулжээ…

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ хуулийн өөрчлөлтөд ажил олгогчид сэтгэл дундуур байна. Та энэ хуулийг амьдрал мэдэхгүй цагаан захтнуудын хийсэн хууль болжээ гэж хатуухан шүүмжилж байр сууриа илэрхийлсэн?

-Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны хурлаар Хөдөлмөрийн хуулийг дагаж орж ирэх Зөрчлийн хуулийн төслийг танилцуулсан. Энэ төсөлд Ажил олгогчийг торгох, эрүүгийн хэрэг үүсгэж шалгах, нийгмийн даатгалаа хугацаанд нь төлөөгүй, татвар, цалингаа хугацаанд нь төлөөгүй бол гэх мэтээр баахан торгох зүйл заалтууд оруулсан байна. Гэтэл Татварын болон Нийгмийн даатгалын тухай хуулинд “та татвараа, нийгмийн даатгалаа хугацаанд нь төлөөгүй бол танд ийм алданги тооцно, торгоно”, мөн Зөрчил, Эрүүгийн хуулинд ч тэр компанийн удирдлагад хариуцлага хүлээлгэнэ, хэрэг үүсгэнэ гээд тодорхой заасан байхад давхардуулж, Хөдөлмөрийн тухай хуулинд аж ахуйн нэгжүүдэд дарамт болсон цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг хааж боогдуулсан халгаатай зүйл заалт оруулж ирсэнд шүүмжлэлтэй хандахаас аргагүй. За яахав, хөл дээрээ тогтсон том аж ахуйн нэгжүүдийн хувьд бас учиртай. Хүний нөөцийн албатай, хуулийн зөвлөхтэй, өөрийгөө хамгаалж чадна.

Гэтэл цар тахалтай, хөл хориотой, эдийн засаг хүнд байгаа өнөө үед дөнгөж хөл дээрээ зогсох гэж байгаа компани, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг цөөн ажилтантай аж ахуйн нэгжид энэ хууль үйлчилж эхэлбэл том дарамт болно.

Энэ хуулийн цаана гарч, ажлын байр бий болгоно гэдэг бол маш төвөгтэй болчихоод байгаа учраас би шүүмжилсэн.Хөдөлмөрийн хуулиар хүмүүсийн амьдралын суурь харилцааг зохицуулдаг учраас ажилтан, аж ахуйн нэгжийн хоёр талын харилцан эрх ашгийг хангах ёстой. Гэтэл энэ хуулийн өөрчлөлтөөр ажил олгогч нь хавьгүй их үүрэг, хариуцлага хүлээж, хууль хэрэгжээд эхэлбэл ажил олгогчоос гарах зардал ч огцом нэмэгдэнэ. Иймд иргэд бизнес эрхэлж, баялаг бүтээх сонирхол эрс багасна.

-Тухайлбал, хуулинд орж байгаа гол зохицуулалтаас дурдахгүй юу. Ямар тодорхой заалтуудыг та ярьж байна вэ?

-Бүхэлд нь буруу гэж хэлэхгүй, хуучин хуулийн эрх зүйн байдлыг сайжруулсан, цаг үеэ дагаад хөдөлмөрийн шинэ харилцаануудын тухай тусгасан зүйл заалтууд байгаа. Хуулинд ажилтны цалинг хугацаанд нь өгөөгүй бол хариуцлага ярихыг оруулж ирсэн нь зөв гэж бодож байна. Тэр ажилтны ард ар гэр нь байгаа учраас ямар ч байгууллага үүргээ ухамсарлаж нэн тэргүүнд цалингаа хугацаандаа тавихад анхаарах ёстой.

Мөн ажилчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагыг хуулинд тусгасан нь ч зөв. Ялангуяа, уул уурхайн компаниудад энэ заалтаар хариуцлага ярихад болохгүй юм байхгүй. Хэдэн ноорхой гэр барьчихаад олигтой хоол ундгүй дааруулж ажиллуулдаг газрууд байдаг. Харин ажилтан дур зоргоороо ажлаа хаяад явахыг зөвшөөрсөн заалтыг хуулинд оруулж болохгүй. Ажил олгогчийг ажиллах бүх нөхцөлөөр хангаад байхад удирдлага таалагдахгүй байна, намайг загнаад байна гэдэг өөрийн эрх ашгаас ялих шалихгүй гомдол тавьж, ажлаа хаяж явахыг зөвшөөрсөн зүйл заалт хуулинд оруулж болохгүй.

Мөн ажилтан үндэслэлгүй халагдсан гэж ажил олгогчоо шүүхэд хандаж, ажилтан ажил хийхгүй байгаа ч шүүхийн шийдвэр гартал ажил олгогч цалинг бүтэн олгоно гэж байгаа.Эвлэрэхгүй бол шүүхдэлцээд 2-3 жил маргалдаад яваад байвал цалинг нь бүтэн олгоод байна л гэсэн үг. Мөн ажилтан нь тэр хугацаанд төрөөс ажилгүйдлийн тэтгэмж авна. Ажил хийгээгүй хүнд цалин өгөөд байвал компани дампуурна биз дээ. Үүнээс харахад бүтээлч биш, маргалддаг нийгэм болно.

Ялангуяа хуулиндаа жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд тавих шаардлагыг нэг тусад нь, том аж ахуйн нэгжүүддээ тавих нөхцөлөө бас тусад нь ялгаж өгөхгүй бол дөнгөж хоёр, гурван ажилтан аваад ажлын байр бий болгох гээд зүтгэж байгаа газарт энэ шаардлага үйлчлээд эхэлбэл хэцүү.

Хуулийн төслийн 37.1-т Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил хийлгэхийг хориглоно гээд заачихсан байна. Дөнгөж хөл дээрээ босох гэж байгаа газруудын ажилчид бүгд л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байж өндийнө. Жишээ нь, Дулмаа оёдлын цехэд оёдолчингоор ороод, зав чөлөөндөө шалаа угаачихаж болно. Хэдэн төгрөгийн цалингийн нэмэгдэл тохиролцоод авчихдаг байж л босч ирнэ үү гэхээс, би юм оёх гэж ирсэн болохоос биш шал угаах ёсгүй гэж маргахыг хуулиар зөвшөөрч болохгүй. Энэ зүйлүүд ажилчин, ажил олгогч хоёрын хоорондын гэрээгээр шийдэхээс биш нарийн хуульчилж өгвөл хууль ч биелэгдэхгүй, аж ахуйн нэгжүүдэд ч хүнд тусна.

Ялангуяа зогсолтгүй дамжлагаар ажилладаг үйлдвэрийн ажилчдыг та өнөөдөр ирэхгүй байж болно гэх ямар ч боломж байхгүй. Дээр нь ажил хаялт жагсаал цуглаан хийхэд турхирсан зүйл заалтыг хуульчилмааргүй байна. Бас ажилчнаас барьцаа авахгүй байх гэсэн заалт ороод ирсэн байна лээ. Зарим чухал ажилд барьцаа тавихаас өөр аргагүй нөхцөл байна шүү дээ.

-Таны хувьд өмнө нь олон жил бизнесийн салбарт ажиллаж байсан. Ер нь манай хөдөлмөрийн харилцаанд дутагдаж байгаа зүйл юу байна гэж харж байна вэ?

-Манайд нэг дутагдаж байгаа зүйл бол ажиллах хүчний Нэгдсэн мэдээллийн сантай болмоор байна. Ажилтны өмнө нь хаана ямар ажил хийж байсан, ажлын туршлага, түүхийг оруулсан нэгдсэн мэдээллийн сантай болохыг хуулинд тусгах шаардлагатай. Хууль дүрэмгүйгээс болоод олон асуудал гардаг. Жишээ хэлэхэд, хүнсний бөөний газар ажилладаг нэг нөхөр хулгай хийгээд ажлаасаа халагдаад, дараагийн байгууллагад ороод дахиад хулгай хийгээд хөөгдчихдөг. Үүнийг нь дараагийн ажил олгогч мэдэхгүй ажилд аваад хохироод байдаг жишээ олон байдаг. Хуучин 1990 оноос өмнө хөдөлмөрийн дэвтэр гэж юм байсан. Тэрийг орчин үеийн хэлбэрт оруулж цахимжуулж, ажиллах хүчний мэдээллийн цахим сан байгуулах л шаардлагатай байгаа юм. Мэдээллийн цахим сан үүсэх нь ажилтан, ажил олгогч хоёрын эрх ашиг зэрэг хангагдах боломжтой.

Дахин нэг жишээ хэлэхэд, шинээр үйл ажиллагаа эхэлж байгаа уул уурхайн компаниудад ажилд орох хүмүүс их ирдэг. Олон сая долларын өртөгтэй уул уурхайн техник тоног төхөөрөмж дээр нь баахан дадлага хийж, компанийн зардлаар суралцаж байгаад эвдчихээд өндөр цалин амласан дараагийн газар руу яваад өгдөг. Иймээс ажилтны түүх, туршлага, ур чадвар зэргийг тусгасан мэдээллийн сантай болохыг хуулиар зохицуулж өгвөл нэг талаасаа компанийн эрх ашиг, нөгөө талаасаа ажилчдад мөн маш хэрэгтэй. Компаниуд дадлага туршлагатай, ур чадвартай ажилтныг өндөр цалин амлаж, урьж ажиллуулахаар булаацалдах болно.

Ийм хяналттай байснаар хүн ажилдаа сэтгэлээсээ хандах, алдаа дутагдал, хулгай зэлгий хийхгүй байхыг бодно биз дээ. Ажилтан ч хариуцлагатай байна.

-Хөдөлмөрийн хуулинд аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулж, тэдний саналыг нь тусгаж чадаагүй байна гэж үзэх үү?

-Хөдөлмөрийн хууль амьдралын суурь зарчмыг зохицуулдаг учраас бүх нийтээр хэлэлцүүлж, бүх нийгмийн төлөөллийн дунд судалгаа хийх ёстой. Гэтэл энэ хуулийн төслийг уншаад ажил олгогчдын төлөөллөөс санал асуулга, хэлэлцүүлэг явуулаагүй гэж хардсан. Цалин тавьж үзээгүй хэдэн цагаан захтнууд Үйлдвэрчний эвлэлийн нөхдүүдийг дуудаж асуугаад хийчихсэн мэт уншигдаж байна. Манайд угаасаа Үйлдвэрчний эвлэл давуу эрхтэй байдаг. Тэдний санааг нэлээд сайн оруулж өгсөн хууль байна гэж харлаа. Тэгээд ч бизнес эрхлэгчид, ажил олгогчид ажилтан хүн хамгийн үнэтэй капитал гэдгийг мэддэг. Юу юугүй халаад солиод байхыг боддоггүй. Ажилтан хүн нэг газраа тогтвор суурьшилтай ажиллах тусмаа өөрийнх нь үнэ цэнэ, боломж бий болж байдаг гэдгийг харин хуулинд суулгаж өгч болно.

Сая ковидын үед нэг ажиглагдсан зүйл бол хүнд цалингаас илүү бас хамт олон, ажлын орчин, нийгмийн харилцаанд оролцох нь чухал юм байна гэдгийг хүмүүс мэдэрч эхэлжээ. Мөн хөдөлмөр эрхэлж байж би амьдрах юм байна гэдэг сэтгэхүйн өөрчлөлт бий болж байна гэж харагдсан.

-Одоо Хөдөлмөрийн хуулийг батлах нь цаг хугацааны хувьд хэр тохиромжтой гэж харж байна вэ?

-Хөдөлмөрийн хуулийг Ковидын цар тахлын үед хойшлуулмаар байна. Хэрэв Хөдөлмөрийн хууль батлагдвал олон ажил олгогчдыг боомилсон хэрэг болно. Цар тахал хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй байгаа ч дэлхий нийтээрээ 2023 оноос нар мандаж магадгүй гэдэг прогноз хэлж байна. Гэтэл одоо энэ хууль батлаад 2021 оны 6 дугаар сараас мөрдөнө гээд хийчихээр аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босоогүй байтал хуулиндаа боомилуулж эхэлнэ. Тиймээс цаг хугацааны хувьд тохиромжтой харагдахгүй байна. Хөдөлмөрийн хуулийг хийж байгаа бол давагдашгүй хүчин зүйл, гамшигийн үед ажил олгогч, ажилтанд төр нь яаж дэмжлэг үзүүлэх юм гэдгийг тодорхой тусгаж өгөх ёстой. Барууны оронд цар тахлын үед сул зогссон ажил олгогч нарын ажилчдынх нь цалинг төр нь төлж өгч байна.Тиймээс давагдашгүй нөхцөлд яах вэ гэдгийг тодорхой заамаар байна.

-Төр засгаас ковидын үед авсан арга хэмжээ аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болж чадсан эсэхэд та юу хэлэх вэ?

-Ер нь тэгээд компаниуд ачаа үүрээд зүтгээд л байдаг, ямар ч урамшуулал байхгүй. Татвараа төлчихөөд байхад төлөвлөгөө биелэхгүй байна, дараа сарынхаа татварыг нэмээд төлчих гээд дарамталдаг байцаагчид олон байдаг. Банкны зээл, татвар, цалин гээд аж ахуйн нэгжүүд чинь ядарч байна шүү дээ. Дээр нь төрийн хяналт шалгалт, дарамт багадаагүй л гэж бодож байна.Үүнийг ажил хийж үзээгүй, цалин тавьж байгаагүй хүн мэдэхгүй учраас амьдралгүй хууль болчихож гэж би хэлээд байгаа юм.

-Иргэн, аж ахуйн нэгжүүд банк болон ББСБ-аас авсан бизнесийн зээлийн хүүг бууруулах тогтоолын төсөл яригдаж байна лээ. Та энэ тогтоолын төсөлд ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүн Г.Дамдинням тэргүүтэй 13 гишүүн хүндэрсэн аж ахуйн нэгжийн зээлийн хүүг 50 хувиар бууруулах тогтоолын төсөл барьсан байсан. Бас л сайн судалгаатай хийх хэрэгтэй. ЖДҮ-ийн зээл шиг зорилтод бүлэгтээ очихгүй, араасаа олон асуудал дагуулсан ажил болж болохгүй.

Зээлийн хүүг хөнгөлөх гэж байгаа бол жижиг, дунд аж ахуйн нэгжүүд голдуу хамрагдаасай. Нэгэнт том зээл хүсч байгаа компаниуд том бизнес хийж чадна гэсэн бол тэрийгээ л даах ёстой. Энэ зээлэнд уул уурхайн компаниуд болон хүнсний үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд орж болохгүй. Мөн, малчдын зээлийг хаана гэвэл утгаа алдана. Хөдөө ямар ч цар тахал алга, хөл хорио тогтоогоогүй, хэвийн үйл ажиллагаа явж байгаа аймгуудын аж ахуйн нэгжүүдийн зээлийг хааж, хөнгөлж хэрэггүй. Яг хотод голомтод өртөөд үнэхээр хүнд байдалд орсон жижиг аж ахуйн нэгжүүдээ харж хандаж болно. Хэтэрхий хавтгайруулаад ирэхээр төр эрсдэлээ даахгүй.

Нөгөө талаас,банкны эрсдэлтэй зээлийг лоббидож хаах гэж байна гэж хүмүүс хардаж бичээд эхэлсэн. Банкны эрсдэлтэй зээлийн хүүг төр хариуцаж хааж болохгүй. Энэ мэт анхаарах ёстой, судлах ёстой зүйлүүд байгаа харагдсан. Улстөрчдийн өөрсдийн болон хамаарал бүхий компаниудад очвол яах ёстой юм. Агаар дээгүүр хууль хийж болохгүй. Сүүлийн үеийн манайхны том алдаа бол судалгаагүй, бүх юмыг нарийн тооцож харахгүйгээр хууль хийснээс болж хуулийн хийдэл, цоорхой гарч байна.

-Ковидын нөхцөл байдалд хөл хориог сулруулсан нь дээр, чангатгах ёстой гэдэг янз бүрийн байр суурь нийгэмд явж байна. Ер нь таны бодлоор төр засгаас хүндэрсэн аж ахуйн нэгжүүддээ тодорхой ямар дэмжлэг үзүүлбэл сэргэх бол?

-Дэлхийн улс орнууд цар тахалтайгаа хүссэн ч, эс хүссэн ч зэрэгцэж амьдраад аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг зогсоохгүй явуулъя гэдэг бодлогыг баримталж байна. Манайх ч гэсэн дэглэмээ бариад,цаашдаа аж ахуйн нэгжүүдээ зогсоохгүй явахад болохгүй юм байхгүй. Цөөхөн хүн амтай,иргэд нь дэглэмээ бариад байхад заавал хориг тавиад хэрэггүй гэж бодож байна.

Одоо харин хөл хорионоос болж хүндэрсэн аж ахуйн нэгжүүдээ дэмжих нь чухал байгаа нь үнэн. Гаднаас орж ирсэн хөнгөлөлттэй зээл тусламж байвал жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүстээ шууд өгчих хэрэгтэй. Тэгвэл шууд босоод ирнэ. Тэрнээс биш 50, 100 сая төгрөгийн зээл аваад хаанаа ч хүрэхгүй. Мөнгөний ханш уначихсан энэ үед 50 сая төгрөгийн ханш 20 мянган ам.доллар ч хүрэхгүй байна. Үүгээр бизнес хийж байснаас машин авч, таксинд явсан нь дээр гэнэ. Улаанбаатар хотод машин багтахгүй байхад таксичин болцгооно шүү дээ. Тэрэн доор 500,0 саяас 1,0 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй зээлийг жилийн 3 хувийн хүүтэй өгөөд ажлаа эхлүүл гэвэл бодитой дэмжлэг болно. Сайн зээлжүүлэх л хэрэгтэй.

Ер нь тэгээд том төсөл хөдөлж байж жижиг дунд бизнес дагаж хөгждөг. Жишээ нь, муулаад байгаа Оюу толгой компани хэдэн мянган компаниудаас худалдан авалт хийдэг ба ханган нийлүүлэлт хийдэг компаниуд нь дагаад өсч өндийж байна. Өгөөжийг нь сайн харахгүй, шууд өгч байгаа татвар нь биднийг хохироож байна гэж хашгирсаар байгаад нэг гараараа хийсэн ажлаа нөгөө гараараа нурааж болохгүй гэж бодож байна.

-Одоо ярилцлагаа таны сонгогдож гарсан орон нутгийн ажил руу чиглүүлье. Дорноговь аймаг бол төсвөө өөрөө бүрдүүлдэг цөөхөн аймгийн нэг. Сүүлийн жилүүдэд Дорноговь аймагт бүтээн байгуулалтууд эрчимтэй босч байна гэж ярьж байгаа. Ямар бүтээн байгуулалтуудын ажлууд хийгдэж байна вэ?

-Дорноговь аймаг төсвөө өөрөө бүрдүүлдэг цөөхөн хэдэн аймгийн нэг. Улсаас татаас авдаггүй улсад татвар бүрдүүлдэг Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Дорноговь гээд байна. Цаашид, Дорноговь энэ үзүүлэлтээ илүү бататгаж улсад төлдөг татварын хэмжээгээ нэмэгдүүлнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байна. Мөн Өмнөговь-Таван толгойн чиглэлийн төмөр зам тавигдсанаар Дорноговьд коксын үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр болон ширэм хайлуулах үйлдвэрүүд баригдах суурь нь тавигдсан.Мөн эдийн засгийн чөлөөт худалдааны бүс, Олон улсын тээвэр логистикийн төв, Таван толгой-Зүүнбаян болон Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Замын-Үүд боомтыг шинэчлэх төслүүд бодит ажил хэрэг болж байна.

Дорноговь нь Монгол Улсын эдийн засгийн гол судас нь болж, өнгөрсөн дөрвөн жилд тэрхүү хөгжилд хүргэх бүтээн байгуулалтууд эрчимтэй явагдаж эхэлсэн. Эдгээр бүтээн байгуулалт нь эх орны эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулахын сацуу ажлын байр олноор бий болгож, орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх учиртай.

-Дорноговь аймаг руу шилжих иргэдийн урсгал эрс нэмэгдсэн гэсэн үү?

Дорноговь аймагт олон мега төслүүд хэрэгжиж, бусад аймаг, орон нутгийн иргэд шилжин ирж байна. Тиймээс Сайншанд хотын төлөвлөлтийг 150 гаруй мянган хүн амтай байхаар шинэчлэнтөлөвлөж байгаа. Үүнтэй уялдуулан аймагт Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх төв байгууламж зэргийг барьж, шинэчлэх зайлшгүй шаардлагатай болж байгаа. Монгол Улсын 21 аймгаас Дорноговь нь бүх сумдаа инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбож байна. Инженерийн шугам сүлжээтэй болсноор сумдад үйлдвэр, сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол барих боломж бүрдсэн.

Дорноговь аймаг 14 сумтай, зургаа нь хатуу хучилтай хар зам, төмөр замд холбогдсон. Одоо Зүүнбаян-Таван толгой чиглэлийн төмөр зам ашиглалтад орохоор дэд бүтцэд холбогдсон сум дахиад нэгээр нэмэгдэж байна. Дээр нь Ханги- Мандал-Зүүнбаянгийн төмөр зам ирэх хавар эхэлнэ. Энэ зам ашиглалтад ороход дахиад гурван сум дэд бүтэцтэй холбогдоно гэсэн гэсэн үг. Айраг, Даланжаргалан, Замын-Үүд, Эрдэнэ зэрэг төмөр замаа дагасан сумдуудад орон сууц баригдчихсан. Малчид орон сууц их худалдан авч байна. Одоо Дорноговь руу цахилгааны төв шугам манай Засгийн газар Европын сэргээн босголтын банкны хөнгөлөлттэй зээлээр тавигдах гэж байна. Монгол талаас 53 сая ам.долларыг нь гаргах юм билээ. Манай аймагт 60,70 мегаваттын нарны станц, салхины 55 мегаватын станц өнгөрсөн дөрвөн жилд маш хурдтай баригдлаа шүү дээ.

Дэд бүтэц, аж үйлдвэрлэлийг дагаад аймгийн хүн ам өсч, Дорноговь нь Эрдэнэт, Дарханы дараа орох аж үйлдвэрийн гуравдагч том бүс нутаг болох ирээдүй ойрхон байна.

-Дорноговь аймаг Монголын ирээдүй болж хөгжиж байна гэдэг мэдээлэл сайхан сонсогдож байна. Орон нутагтаа ажилтай, орлоготой, тав тухтай амьдрах нөхцөл хангагдсан байхад хүн бүр хот руу зүтгэхгүй гэдэг үнэн шүү…

-Би нэг зүйл дээр санал хэлмээр санагдаад байна. БНХАУ өнөөдөр Хөх хот хүртэл хурдны галт тэрэгний зам тавьчихсан. Одоо тэдний төлөвлөгөөгөөр 2022 он гэхэд Эрээнд орж ирэх юм билээ. Манайх хүссэн хүсээгүй татагдаж орох байх.

Манай улс төв магистрал шугамаа дагуулаад Замын-Үүд, Сайншанд, Говьсүмбэр, Улаанбаатар, хойшоо Дархан, Сэлэнгэ хүртэл хурдны галт тэрэгтэй болчихвол хүмүүс заавал хотод амьдрах хэрэггүй болно. Сайншандаас нэг цаг давхиад л Улаанбаатар хотод, Говьсүмбэрт амьдарч байгаа хүн 30 минутад ажилдаа ирэх жишээтэй. Тэгвэл хүн бүхэн заавал хотын утаа, түгжрэл дотор амьдрах гэж зүтгэхгүй.

Хөгжилд тэмүүлсэн хүсэл зорилго байхад боломж, гарц, шийдэл үргэлж бий. Дорноговь аймаг нь ашигт малтмалын нөөц ихтэй, дэлхийн хамгийн том зах зээлтэй хиллэдэг тул Монгол Улсын дэд бүтцийн логистикийн зангилаа, аж үйлдвэрлэлийн бүс нутаг болох боломжтой. Төрийн бодлого тухайн орон нутгийн давуу талын онцлогт тохирч, оновчтой, уялдаатай хэрэгжүүлбээс улс орны нийгэм, эдийн засагт жигд үр нөлөөг үзүүлж чадна.

-Цаг гаргаж бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *