УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас ОХУ-д суух бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэлийг эргүүлэн татахыг гишүүдийн 82.9 хувийн саналаар дэмжлээ. Түүний оронд Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилох тухай асуудлыг гишүүдийн 92.3 хувь нь дэмжив.
Хэлэлцүүлгийн шатанд
УИХ-ын гишүүн Л.Болд: Өмнөх Элчин сайдыг хугацаанаас нь өмнө татах боллоо. Маш олон Элчин сайд, консулыг эргүүлэн татахаар дууддаг. Зарим нэгийг нь гадаадын байгууллагын шаардлагаар татсан. Нэг дор 10 Элчин сайд татсан. Цаашдаа УИХ дээр энийг яаж шийдэх вэ. Ш.Алтангэрэл сайдыг ямар шалтгааны улмаас татах болов. Үүнд хариулт өгөөч
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр: Дуудах асуудлыг Засгийн газар дээр яриад шийдчихсэн юм билээ. Тийм учраас дараагийн хүнийг зэрэг оруулж ирж байна.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: ОХУ-д сууж байсан Элчин сайд Францаас шууд томилогдоод ирсэн Элчин сайд байсан. Ажил төрлийн байдал, мөн өөрөө өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д очиход хүсэлт гаргасан. Зургадугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шийдсэн. Наадмын өмнө УИХ-аар асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байсан ч улс төрийн нөхцөл байдлын улмаас хойшилсоор өнөөдөр хэлэлцэгдэж байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: ОХУ-д тавигдах Элчин сайд маш чухал. Б.Дэлгэрмаа нэр дэвшигчийг дэмжиж байна. Гадаад хэргийн сайдаар Л.Пүрэвсүрэн томилогдсооноос хойш энэ газрыг самарч байна. Хэчнээн олон хүнийг бөөн, бөөнөөр нь өөрчлөв. Дэндүү самарч байгаа юм биш үү.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Нэр дэвшиж байгаа хүнд хэлээд байх юм алга. Өмнөх сайдыг нь дуудахдаа яамныхаа тамгын газрын даргаар бичиг үйлдүүлээд дуудсан байгаа. Яагаад энэ олон орны Элчинг дуудав. Ирэх онд АСЕАМ болно. Бүгдийг нь сольчихоор сайн ажиллаж чадах уу. Хойд хөрш дэх Элчин сайдаа байн байн солиод байна. Энэ бол УИХ-ын бодлого биш. УИХ-аас дуудах ёстой байтал, яамнаас үүрэг өгөөд дуудсан. Гадаад бодлого дээр ийм байж таарахгүй. Эвтэй, хүчтэй нэгдсэн бодлого явуулдаг байсан. Цаашдаа энэ хүний асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр эргүүлэн дуудсан. Хуулийн дагуу.
Д.Оюунхорол: Улстөрчдийн ёс зүйг хамгийн зөв эрэмбэлж чаддаг, чадварлаг эмэгтэйчүүдийн нэг нь. Энэ том гүрэнд анх удаа эмэгтэй Элчин сайдаар томилогдож байгаад баяр хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчид мөн баяр хүргэе. Ачаа даах чадвартай гэж бодож илгээсэн болов уу. Өнөөдрийн хүлээлтийг шинэ шатанд гаргаж чадна гэж итгэж байна, амжилт хүсье.
УИХ эл асуудлыг хэлэлцсэнээр чуулганы үдээс өмнөх хуралдаанаа өндөрлөлөө. Чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.