Дэлхийн банкнаас “Монгол Улсын эдийн засгийн тойм тайлан”-г гаргаад байна. Уг тайлан болон бидний өмнө тулгамдаж буй бусад сорилтын талаар Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалайтай ярилцлаа.
-Манай улсын эдийн засгийн тойм тайлан гарчээ. Уг тайлангийн голлох дүн мэдээллээс дэлгэрүүлэхгүй юү?
-Дэлхийн банкнаас жилд хоёр удаа тайлан гаргадаг. Энэ удаагийнх өнгөрсөн оны эцсийн тоон дээр үндэслэж гарсан тайлан юм. Хэвлэмэл хувилбар нь өнөө маргаашгүй бэлэн болно. Энэ удаагийн тайланд оны эцсийн зарим үзүүлэлтүүдийн гүйцэтгэл, үүнд үндэслээд төсөөлөл, тооцоог агуулсан болно. Хоёр дахь хэсэг нь банкны секторын зээлийн талаар хураангуй судалгаа хийсэн. 2016 оны сүүлээс Монголын эдийн засагт сайн үзүүлэлтүүд гарч эхэлсэн. Тухайлбал, 2017 онд эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай гарч байсан бол 2018 онд 7.2 хувь болж нэмэгдсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гарсан эерэг үзүүлэлтүүдийн тухайд манай гол нэрийн экспортын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр харьцангуй сайн байлаа. Хоёрдугаарт, дотооддоо бодлогын шинжтэй реформуудыг хийлээ. Ялангуяа, төсөв дээр нэлээн эерэг үзүүлэлтүүд гарсан. Мөнгөний бодлогын хувьд ч гэсэн валютын нөөцөө нэмэгдүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргалаа. Олон улсын байгууллагуудтай хамтраад эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг ЗГ-аас хэрэгжүүлж ирлээ. Мөн бодлого боловсруулагч байгууллагуудын уялдаа холбоо өмнөхөөс бага зэрэг сайжирсан зэрэг эерэг өөрчлөлтүүд байсан нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гэж харж байна.
Харин Үндэсний статистикийн хорооноос зарласан гүйцэтгэлээс харахад 2019 онд эдийн засаг 5.1 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, 2019 онд эдийн засгийн өсөлт бага зэрэг саарчээ. Гол шалтгаан нь уул уурхайн салбараас ихээхэн хамаарсан байна.
Гэхдээ 5.1 хувь нь өмнөх хоёр жилээс буурсан үзүүлэлт боловч ер нь бага өсөлт биш юм. Бусад ижил төстэй, бүс нутгийн орнуудтай харьцуулахад энэ хэмжээний өсөлт өндөрт тооцогдоно. Саарсан шалтгааны тухайд уул уурхай, тэр дундаа алт, зэсийн үйлдвэрлэл бага зэрэг буурсан. Дээрээс нь өнгөрсөн оны сүүлийн 11, 12 дугаар сард нүүрсний экспорт нэлээд буурсан. Шалтгаан нь манай дотоод хүчин зүйл гэхээс илүү Хятадын талаас татан авалт саарсантай холбоотой. Энэ байдал 2018 оны сүүлчээр ч мөн ажиглагдаж байсан. Хятадын талаас эхний 10 сард хангалттай хэмжээний нөөц бүрдүүлсэн учир нэмэлт импорт авах шаардлага буурсан гэсэн тайлбар өгдөг. Түүнчлэн, дээр дурдсанчлан зэсийн үйлдвэрлэл бага зэрэг буурсан. Үүнд зэсийн үнэ өнгөрсөн оны дундаас нэлээн буурч эхэлсэн нь нөлөөлсөн болов уу. Хоёрдугаарт, “Оюу толгой”-н зэсийн баяжмалд агуулагдах алтны агууламж сүүлийн улирлаас эхлэн буурсан. Мөн алтны үйлдвэрлэл 2018 онтой харьцуулахад бага байлаа. Алт тушаалт ч гэсэн бага байв. Дотоодын зарим шинжээчийн алтны роялтийг өнгөрсөн гуравдугаар сард нэмсэн нь үйлдвэрлэл буурахад голлон нөлөөллөө гэж байсан.Харин уул уурхайгаас бусад салбарыг аваад үзэхээр өсөлт харьцангуй сайн байсан бөгөөд6.7 хувиар өссөн дүнтэй байна.
-Ирэх жилүүдийн эдийн засгийн төлөвийг тодруулахгүй юу. Өсөлтөө энэ хэмжээнд барьж явах, цаашлаад нэмэгдүүлэх боломж харагдсан уу?
-Ирэх хоёр жилийн төлөвийг 2019 оны эцсийн зарим сарын үзүүлэлтүүдийг ашиглан тооцоон дээрээс харахад эдийн засаг дунджаар 5.6 хувиар өсөх боломж байгааг харуулсан.
Гэхдээ томоохон эрсдэлүүд бий. Нэгдүгээрт, сонгуулийн жил тохиолоо. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар, төв банк, бусад бодлого боловсруулагчдаас сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн шинэчлэлийн шинжтэй алхамуудаа тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тал дээр эрсдэл үүсч болзошгүй. Тэгэхээр үүн дээр илүү анхаарах шаардлагатай байна. Тууштай хэрэгжүүлж, үр дүнгээ үзэх нь хамгийн чухал. Хөрөнгө оруулагчид болон эдийн засгийн харилцаанд оролцож байгаа талуудын гол сонирхож байгаа асуудал нь энэ байх гэж бодож байна. Дараагийн нэг асуудал гэвэл гадаад талдаа түүхий эдийн үнэ алгуур буурах хандлагатай болсон. Үүн дээр коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор зэсийн үнэ буурах төлөв ажиглагдаж байна. Нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байна. Гэхдээ буурах эрсдэл ирэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр түүхий эдийн үнийн бууралтаас шалтгаалж анх төсөөлж байсан эдийн засгийн өсөлтөд хүрэхэд тодорхой эрсдэл үүсч болзошгүй.
Үүнээс гадна Америк, Хятадын худалдааны маргаан хоёр жил гаруйн хугацаанд явлаа. Сая нэгдүгээр сарын дундуур хоёр тал зарим тохиролцоонд хүрсэн. Гэхдээ энэ хоёр орон сүүлийн тохиролцоогоо тууштай баримталж, амжилттай хэрэгжүүлээд нөхцөл байдлыг сайжруулна гэдэгт бүрэн итгэхэд төвөгтэй байна. Энд онцолж хэлбэл, сүүлийн тохиролцооны хүрээнд АНУ нь Хятадыг Америкаас авдаг эрчим хүчний салбарын бараа, үйлчилгээний импортыг нэмэгдүүлэхийг хүссэн. Хэрэв Хятад уг хүсэлтийг хүлээн авч, импортоо нэмэгдүүлэх юм бол бусад орноос авдаг дээрх салбарын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний импорт буурах эрсдэлтэй. Тухайлбал, манай нүүрс байна. Ихэнх нь гангийн үйлдвэрлэлд зориулж экспортолдог боловч эрчим хүчний салбарт гаргадаг бараа бүтээгдэхүүнд дарамт үүсч болзошгүй. Үүнийг нарийн харах нь зүйтэй байх.
-Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор нөхцөл байдал тааварлахад төвөгтэйгөөр хурдацтай өөрчлөгдөж байна. Тайлангийн дүн мэдээнд одоогийн нөхцөл байдлыг тусгаагүй байх?
-Короанвирустэй холбоотой үйл явдал маш хурдацтай өрнөж байгаа учир бүх сувгийг нарийн тооцож, нөлөөллийг нь бүрэн дүүрэн тодорхойлоход эрт байна. Бидний тооцоонд коронавирусийн нөлөөллийг тусгаагүй. Яагаад гэвэл 2019 оны 12 дугаар сарын эцсийн тооцоон дээр үндэслэсэн тайлан юм. Дээрээс нь Засгийн газраас өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд ихэвчлэн өнгөрсөн сарын сүүлээр хийгдлээ шүү дээ. Нэгдүгээр сарын тоог аваад үзэхээр нүүрсэн дээр нөлөө нь орж ирээгүй байна. Тус сард нүүрсний экспорт жилийн өмнөх үетэй харьцуулахад өсөлттэй харагдсан. Харин зэсийн үйлдвэрлэл бага зэрэг буурчээ. Энэ нь үнэ буурсантай холбоотойгоор бий болсон үр дүн болов уу. Мөн Оюу толгойн зэсийн баяжмал дахь алтны агууламж буурсан хэвэээр байгааг анхаарах хэрэгтэй.Хил дээр тавьсан нүүрсний хориг хоёрдугаар сард гарсан. Ер нь ихэнх эрдэс бүтээгдэхүүний үнэ, экспортод үзүүлэх нөлөө 2, 3 дугаар сард гарах болов уу гэж харж байна. Тухайн үед гарсан тоонуудыг авч үзэж байж нөлөөлөл нь ямар цар хүрээтэй байх вэ гэдэг нь нарийн тодорхойлогдох байх. Гэхдээ коронавирусийн халдварын тархалтыг Хятадын талаас хэр хурдан хугацаанд намжааж чадах вэ гэдгээс хамаарч эдийн засагт үзүүлэх нөлөөлөл ямар байх нь шалтгаална. Үүнээс хамаарч Засгийн газар, төв банкнаас ямар арга хэмжээ авах нь тодорхойлогдох байх. Одоо шууд төсвийг тодотгох, бусад мөнгөний бодлогод ямар тохиргоо хийх эсэхийг хэлэх нь арай эртдэх болов уу. Яагаад гэвэл тодорхойгүй зүйлс маш их байна.
Ер нь коронавирустэй холбоотой асуудал юуг илэрхийлж байна гэвэл, хэдий 2-3 жилд эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарсан ч эдийн засгийн суурь нь эмзэг хэвээр байгааг харуулж байна. Гаднаас нэг л сөрөг нөлөөлөл орж ирэхэд орлого нь тасардаг, цөөн хэдэн бүтээгдэхүүн экспортолдог, эдийн засаг нь төрөлжөөгүй, валютын нөөц хангалтгүй гэх зэргээр эмзэг байдал байсаар байна. Тиймээс сүүлийн хэдэн жил хэрэгжүүлж байгаа эдийн засгийн реформын шинжтэй хөтөлбөрүүдээ тууштай авч явах нь чухал. Ойрын 2-3 жилдээ хөтөлбөрөө үр дүнтэй хэрэгжүүлж байж нарийн үр дүнг хүлээнэ үү гэхээс биш сүүлд гарсан өөрчлөлтүүдэд сэтгэл амарч, тайвшраад хөтөлбөрүүдээсээ ухарч болохгүй. Ялангуяа, ирэх онуудаас том төлбөрүүд хийгдээд эхэлнэ. Хөрөнгө оруулагчдын зүгээс хамгийн их харж байгаа зүйл бол Монгол Улс ямар санхүүгийн чадавхтай вэ, авсан өр зээлээ эдийн засгийн эерэг үзүүлэлтүүдээрээ хэрхэн барагдуулж чадах, хөрөнгө оруулагчдын итгэлийг яаж бий болгож, валютын нөөцөө хэрхэн өсгөн нэмэгдүүлж байна гэдэг асуудал. Эндээс бүх зүйл хамаарна. Иймд одоо хэрэгжүүлж байгаа шинэчлэлээ тууштай авч явах хэрэгтэй. 2020 он маш чухал жил. Үүн дээр л бодлогын зөв алхам хийж чадахгүй бол ирэх дөрвөн жилд эдийн засаг эргээд хүндрэлд орох эрсдэл ч үүсч болзошгүй.
-Хамгийн чухал анхаарах шаардлагатай асуудлыг эрэмбэлж хэлбэл?
-Төсвийн орон зай, төсвийн боломжоо улам сайн бэхжүүлэх хэрэгтэй. Орлогоо нэмэгдүүлэх тал дээр тууштай ажиллах шаардлагатай. Төсвийн алдагдлаа бууруулах хэрэгтэй. Засгийн газрын өр сүүлийн гурван жил буурч байгаа ч гэсэн ижил төстэй орнуудтай харьцуулахад өндөр хэвээр байна. Тэгэхээр цаашид бууруулж, зохистой түвшинд аваачих шаардлага хэвээр байна. Хоёрдугаарт, валютын нөөцөө зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн оны эцэст 4.3 тэрбум ам.долларын нөөц байгаа ч эдийн засгийн эмзэг байдлаа харахаар энэ нь хангалтгүй түвшин байхаар байна. Энэ хоёр чиглэл бол бодлогын нэн тэргүүний зорилтууд хэвээр байх шаардлагатай.
-2021 оноос эрдэс бүтээгдэхүүний үнэ буурна гэсэн ерөнхий төлөв яригдаж байсан. Уг хандлага 2019 оны сүүлчээр ажиглагдаж эхэлсэн үү. Мөн Хятадад үүссэн огт таамаглаагүй нөхцөл байдал биднийг барьц алдуулах уу?
-Дэлхийн эдийн засаг бага зэрэг саарч байсан. Үүн дээр коронавирусээс болоод Хятадын эдийн засагт ямар эрсдэл үүсэх вэ гэсэн асуудал нэмэгдлээ. Гол нь Монголын эдийн засгийг тэтгэх хэмжээнд байгаасай гэж хүсч байна. Хятадын засгийн газар, төв банкнаас нь эдийн засгийг тэтгэх бодлогууд зарлаж байна шүү дээ. Их хэмжээний мөнгийг эдийн засагт оруулж байна. Хятадын Засгийн газраас нь хувийн хэвшлүүдийг хамгаалах төрөл бүрийн арга хэмжээ авах болсон. Иймд Хятадын эдийн засаг саарах ч огцом буурахгүй болов уу гэж харж байна. Мэдээж өвчин хэр удаан үргэлжлэх үү гэдгээс бүх зүйл хамаарна. Өвчин намдсаны дараа эдийн засгаа богино хугацаанд сэргээхийн төлөө эрчимтэй ажиллах байх. Тэр тохиолдолд манай түүхий эдийн үнэ өсөх, эдийн засагт бусад эерэг нөлөөллүүд авчрахыг үгүйсгэхгүй. Тиймээс нөхцөл байдлыг ажиглаж байна. Ер нь өнгөрсөн оны сүүлээс дэлхийн эдийн засаг бага зэрэг саарч байгаа учир түүхий эдийн үнийг 2020 онд бууралтай байна гэж харж байсан. Гэхдээ нэлээд зүйл Хятадын эдийн засгаас хамаарахаар болчихлоо. Одоогийн байдлаар Хятадын эдийн засаг сөрөг нөлөөллүүдийг аваад эхэлсэн. Түүхий эдийн үнэ буурч байна. Тэгэхээр Монголын эдийн засагт эрсдэл нэмэгдээд байна гэсэн үг.Гэхдээ 2, 3 дугаар сарын нөхцөл байдлыг харж байж дүгнэлт хийх шаардлагатай.
-2, 3 дугаар сарын нөхцөл байдлыг харж байж ямар алхам хэрэгжүүлэх эсэхээ тодорхойлно гэсэн үг үү. Тухайлбал, нүүрснээс олох орлого хумигдах нь тодорхой болсон. Энэ мэт нөхцөл байдалтай уялдаад төсвийн зардлаа бууруулах, төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтуудыг дахин эрэмбэлж, заримыг нь ирэх жил болгож хойшлуулах зэргээр одооноос алхам хийх хэрэгтэй биш үү?
-Мэдээж Засгийн газрыг энэ талаар ажиллаж байгаа гэж ойлгож байна. Миний хэлсэн санаа бол төсөвт шууд тодотгол хийгээч гэх зэргээр томоохон өөрчлөлтийг санал болгоход эрт байна. Харин орлогоо зөв үнэлээд зардлаа эрэмбэлэх зэргээр ажиллах нь одоохондоо чухал болов уу. Нэгдүгээрт, ард түмний эрүүл мэнд хамгийн чухал. Иймд эрүүл мэндийг нь амжилттай хамгаалах хэрэгтэй. Нөгөө талд бусад төлөвлөсөн хөрөнгө оруулалт, ажлуудаа цаг алдалгүй яаж хэрэгжүүлэх үү, эдгээрийг төсвийг хэрхэн эргэж харж тохиргоо хийх үү гэдэг дээр анхаарах шаардлагатай. Үүнийг Засгийн газраас хийгээд явж байгаа тогтмол ажил нь гэж ойлгож байна.
-Банкны секторт хийсэн дүн мэдээг тодруулахгүй юу. Чанаргүй зээл нэлээн өндөр дүнтэй байна. Үүнээс үүдэлтэй эрсдэлийг хэрхэн харж байна вэ?
-Тайлангийн хоёрдугаар хэсэгт банкны зээлийн өсөлт сүүлийн 10 гаруй жилд ямар байдалтай байгааг товч авч үзсэн. Ер нь Монгол Улсын банкны секторын нийт зээлийг аваад үзэхээр зээлийн өсөлт өнгөрсөн хугацаанд огцом өссөн, зарим үед огцом буурсан нөхцөл харагдаж байна. Өөрөөр хэлбэл, тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байна. Тэгэхээр зээлийн өсөлтийг эрүүл, зөв өсөлттэй байлгах нь маш чухал юм. Ялангуяа, төв банкны зүгээс зээлийн өсөлтийг тогтвортой байлгах, макро бодлогын зохистой арга хэмжээгээ хэрэгжүүлснээр эерэг эхнээсээ үр дүн өгч байна. Өнгөрсөн оноос макро зохистой бодлого гэдгийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд маш их өсч байсан иргэдийн зээлийг хумихыг оролдож байна. Оны эцэст иргэдийн зээл 4 орчим хувиар буураад иржээ. 2018 онд энэ нь 35 хувийг даваад байсан шүү дээ. Тэгэхээр тодорхой үр дүнгээ өгч байна. Гэхдээ ингээд санаа амрахгүйгээр хувийн хэвшилд очиж байгаа зээл дээр ч анхаарлаа хандуулах нь зөв болов уу. Зээлийн өсөлтийг санхүүгийн салбарт эрсдэл үүсгэхгүй байх, эдийн засгийг тогтвортой өсөхөд дэм үзүүлэх зохистой түвшин рүү аваачих шаардлагатай.
Чанаргүй зээлийн тухайд оны эцээр 10 орчим хувь байна. Нийт зээлийн 10 хувь нь чанаргүй байна гэдэг өндөр үзүүлэлт. Чанаргүй зээлийг богино хугацаанд тодорхой хэмжээнд бууруулах тал дээр хурдтай, үр дүнтэй ажиллах нь чухал. Ихэвчлэн хувийн хэвшилд олгосон зээлүүд чанаргүй байх их байна. Иргэдийн зээлийн хувьд чанаргүй зээлийн хэмжээ харьцангуй бага.
Аж ахуйн нэгжүүдэд очиж байгаа зээлийн өсөлт 7 орчим хувьтай байгаа ч гэсэн чанаргүй зээл нь өндөр байна. Тэгэхээр иргэдийн зээл гэж хязгаарлахгүйгээр хувийн секторт очиж байгаа зээл дээр ч анхаарал тавих хэрэгтэй. Хувийн сектор дотроо уул уурхай, түүнтэй холбоотой тээвэр, худалдаа зэрэг салбаруудад олгосон зээл дийлэнх нь байна.
-Тэтгэврийн зээлийг тэглэсэн. Энэ нь стандарт бус, гэнэтийн шийдвэр байлаа. Та бүхэн ямар дүгнэлт өгч байна вэ?
-Тэтгэврийн зээлийн макро эдийн засгийн өнцгөөс нь зарим зүйлийг тайлан дээр богино шигтгээ байдлаар оруулсан. Нэгдүгээрт, тэтгэврийн зээлийг тэглэх үйл явцад батлагдсан хуулийг нь харахаар төв банк санхүүжилтийн механизмд оролцохоор юм шиг ойлгогдоод байгаа юм. 2018 онд төв банкны тухай хууль шинэчлэгдсэн. Уг хуулийн гол өөрчлөлт нь төв банк төсвийн шинжтэй өөрчлөлтөд оролцохгүй байхаар зохицуулсан. Яагаад гэвэл 2013-2016 онд нэлээд олон төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн. Үнэ тогтворжуулах, сайн хөтөлбөрүүд гээд бид мэднэ. Тэгэхээр ийм үйл ажиллагаанд төв банк оролцох нь зохисгүй гээд хуулиар хязгаарласан юм. Гэтэл тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой хуулийг харахаар төв банкны төсвийн шинжтэй үйл ажиллагаанд оролцохгүй байх хуулийн заалтыг энэ тохиолдолд үйлчлэхгүй байхаар заасан байх шиг байсан. Энэ нь эргээд өмнө хийсэн шинэчлэлээсээ ухрах эрсдэлийг үүсгэж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүнийг сайтар бодолцох ёстой. Хоёрдугаарт, Салхитын мөнгөний ордын орлогыг барьцаалаад бонд гаргана гэж байгаа. Гэтэл уул уурхайн салбар маш эмзэг, эрсдэл өндөртэй, дээр нь ирээдүйн орлого нь орж ирэх баталгаа бүрэн биш, үнэ нь байнга хэлбэлзэж байдаг. Энэ шалтгаануудаас хамаарч уул уурхайн ирээдүйн орлогыг барьцаалж зээллэг хийнэ гэдэг тийм ч түгээмэл биш туршлага. Мөн ямар нэг эрсдэл учраад бондыг мөнгөжүүлж чадахгүй болж, үнэлгээ нь унавал эцэстээ Засгийн газар дээр хамаг эрсдэл бууна. Яагаад гэвэл хэрэв Төв банк банкуудаас уг бондыг худалдан авч, тухайн хугацаанд бондын үнэлгээнээс болж алдагдал хүлээвэл Засгийн газраас Төв банкны алдагдлыг хаахаар заалт дээрх тэтгэврийн зээлтэй холбоотой хуулинд харагдсан. Энэ нь эцэстээ Засгийн газрын болзошгүй өр, төлбөрийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байж болох юм.
-Валютын нөөц бүрдүүлэх нь тун чухал байна. Гэхдээ нөгөө талд Төв банк интервенц хийхгүй байгаагаас болж валютын ханш өсөх, үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх зэрэг эрсдэлүүдийг мартаж болохгүй. Энэ нөхцөл байдлыг зөөлрүүлэх ямар алхам хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
-Мэдээж валютын нөөцийг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилт. Гэхдээ аж ахуйн нэгж, иргэдэд очих валютын ханшийн дарамт гээд асуудал бий. Тиймээс аль болох зөв балансыг олж валютын бодлого явуулах нь зөв байх. Гол нь яаж энэ экспортын орлогыг нэмэгдүүлэх үү гэдэг дээр төвлөрч, хурдтай ажиллах шаардлагатай. Үүний тулд уул уурхайн дэд бүтцүүдээ хурдан явуулах хэрэгтэй байна. Валют олдог эх үүсвэрээ л нэмэх хэрэгтэй. Хоёрдугаарт, импортыг өдөөдөггүй арга хэрэгсэл рүү бодлогоо чиглүүлэх нь зүйтэй. Одоогийн нөхцөл байдлаар ханшийн дарамтын хувьд нааштай нэг алхам нь өвчинтэй холбоотойгоор Цагаан сарыг тэмдэглэхийг хориглосон нь импортын дарамтыг бууруулах боломжтой юм. Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайлангаар Монгол Улс Цагаан сарын баяртай холбоотойгоор дунджаар 400 сая орчим ам.доллар зарцуулдаг. Үүний ихэнх нь импортын бүтээгдэхүүнд зориулагддаг. Тэгэхээр уг нөлөө энэ жил харьцангуй буурах юм шиг байна. Иймд ханшин дээр ирэх дарамт ойрын саруудад бага байх болов уу. Ерөөсөө л гадагшаа бид хэр хэмжээний юм зарж байна, эргүүлээд хэдий хэмжээний зүйл оруулж ирж байна гэдэг суурь үзүүлэлтээс ханш хамаарч байгаа. Ингээд худалдааны тэнцлээ харахаар манайх харьцангуй сайн явж байна. Хамгийн гол нь сүүлийн үед алдаад байгаа зүйл нь тээвэр, аялал жуулчлал гэх мэт үйлчилгээний импорт нэлээн өсөөд байгааг анхаарах хэрэгтэй. Дээрээс нь бусад төрлийн үйлчилгээний импорт, ялангуяа, уул уурхайн салбар дээр тээврийн төлбөрүүд их дүнтэй байна. Нүүрсэн дээр том тэргүүдийг ихэвчлэн хятадууд эзэмшдэг. Ингээд үйлчилгээн дээр валютаа алдаад байдаг нэг шалтгаан болдог. Иймд импортоо аль болох бага байлгах тал дээр анхаарах хэрэгтэй байх.
Ер нь бүр валютын ханшийн суурь үзүүлэлтийг харвал ханшин дээр ирэх дарамт харьцангуй бага байгаа. Манай худалдааны тэнцэл байнга ашигтай яваад байна. Өөрөөр хэлбэл, гадагшаа гаргаж байгаа валют, экспортоор олж байгаа валютаа харьцуулбал сүүлийнх нь их байна. Тэгэхээр ханш өсч буй шалтгаан нь ард иргэдийн хүлээлттэй холбоотой. 10 дугаар сараас хойш саарал жагсааалтад орсон гэх зэргээр ам дамжсан ярианаас болж иргэдэд хүлээлт үүссэнээр ханш сулрах үзэгдэл яваад байна. Түүнээс биш цэвэр тоон үзүүлэлтүүдийг харвал ханш огцом сулрах дарамт бага байна гэж харж байна. Харин ч нэгдүгээр сард ханш 6 хувиар буурсан (2018 оны мөн үетэй харьцуулбал) байна лээ. Цагаан сараа цомхон тэмдэглэвэл дарамт бага байна. Ер нь хүмүүсийн ханш суларна гэсэн хүлээлтийг удирдах талаас нь Төв банк олон нийттэй харилцах сувгаа улам сайжруулж, иргэдийг мэдээллээр тогтмол хангаж, хүлээлтэд нөлөөлөх нь зөв арга болов уу.
Г.БАТЗОРИГ