Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Дашдорж: Төр үүргээ гүйцэтгэсэн бол эрдэнэт хүний амь үрэгдэхгүй, хүүхэд гэмт хэрэгт холбогдохгүй байсан

Шинэ оны эхний амралтын өдөр Хандгайтад чаргаар гулгаж байсан хүү 60 орчим настай иргэнийг дайрсан харамсалтай хэрэг гарсан. Чаргаар гулгаж явсан хүүд дайруулсан иргэн амиа алдсан. Цагдаагийн байгууллагаас хүүг хүний аминд хүрсэн хэргээр шалгаж байсан юм. Хүүгийн өмгөөлөгч Б.Дашдоржтой ярилцлаа.

-Танай үйлчлүүлэгчийг санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгаж байсан. Хэрэг аль шатанд байгаа вэ?

-2015 оны нэгдүгээр сарын хоёрны өдөр энэ харамсалтай хэрэг гарсан шүү дээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад хэргийг өчигдөр прокурор руу шилжүүлсэн. Хүүг Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар буюу бусдыг болгоомжгүй алсан гэдэг үндэслэлээр шалгаж прокурорын байгууллагад шилжүүлсэн.

-Тухайн үед амралтын өдөр байсан. Хандгайт руу маш олон хүн очсон. Ямар ч хамгаалалт, хашаагүй уулын аманд тэр олон хүн нэгнийхээ завсар зайгаар л гулгаж байсан шүү дээ. Хүний аминд хүрсэн гэгдээд байгаа хүү ч тэдний нэг.

-Дулаахан ч өдөр байсан. Хохирогч ч, холбогдогч ч баярын өдрүүдэд цэвэр агаарт гарч чөлөөт цагаа өнгөрөөхөөр л очсон. Хэн ч атгаг санаа агуулаагүй. Тэр хүү тоглож яваад ийм асуудалд орсон. Хохирогч ч үр хүүхдүүдтэйгээ агаарт гарахаар очсон хүн. Өнөөдөр таны ч, миний ч хүүхэд тоглож наадахыг хүсдэг. Хэн ч үр хүүхдээ дагуулаад агаарт гарахыг боддог. Үнэхээр алийг нь ч буруутгах аргагүй. Өндөр уулын орой дээрээс гулгасан хүүхэд хөөрчихсөн л байсан. Хэн ч л тэгдэг шүү дээ. Тэр хүү өөрөө ярьдаг юм. “Дээрээс гулгаад явж байтал гэнэт чарга довон дээр үсрэх шиг болсон. Цас үсэрч, юу ч харагдахгүй унах шиг л болсон. Босоод иртэл тийм зүйл болчихсон байсан” гэж ярьдаг юм. Өглөө хоёр найзтайгаа “Цанын бааз дээр тоглочихоод ирье” гээд инээгээд гарсан хүү орой тийм аймшигтай зүйл болчихсон. Тэр хүү ч биш өөр хэн нэгний хүүхэд тоглож яваад гэмт хэрэгтэн болох нөхцөл бүрдсэнийг л энэ хэрэг харууллаа шүү дээ.

-Хүмүүс олноороо цугласан газар цагдаа ч, эмч ч оччихсон байх үүрэгтэй. Олон хүнтэй газар төр өөрөө зохицуулалт хийх ёстой. Гэтэл тэр олон хүнийг зохицуулахыг оролдсон ч хүн байгаагүй. Энэ бас нэг нөхцөл болов уу?

-Хэргийн газрын зургийг харахад өөрийн тань асуугаад байгаа дүр зураг харагддаг. Буруутан нь хэн бэ гэдгийг шүүх тогтооно. Хуулийн хариуцлагаар яривал холбогдсон хүүхэд буруутан болох гээд байдаг. Гэтэл хэрэг гарах болсон нөхцөл, шалтгааныг нь авч үзвэл Хандгайтад үйл ажиллагаа явуулж байгаа, зохион байгуулах үүрэг хүлээсэн байгууллагын гэм буруугийн асуудал яригдана. Нөгөө талаас эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хүүхэд аюулгүй газар тоглох ёстой гэх зэрэг Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг хангахгүй байгаагаас энэ хэрэг гарсан. Төр засаг, түүний үйлчилгээг үзүүлэх ёстой байгууллага, хяналт тавьдаг газруудын хоорондын уялдаа холбоо байхгүйгээс энэ хэрэг үүссэн. Аюулгүй ажиллагааны журмыг хангаагүй байгууллага үйл ажиллагаа явуулаад байхад төр яагаад хяналт тавиагүй юм бэ. Стандарт, заавар журмыг яг таг баримтлуулаад төр ажлаа хийсэн бол бол эрдэнэт хүний амь үрэгдэхгүй, хүүхэд гэмт хэрэгт холбогдохгүй байсан.

-Хандгайтыг ажиллуулж байсан байгууллага нь чарга түрээслэх л үйлчилгээ үзүүлдэг байсан юм биш үү. Тэднийг хянадаг байгууллага гэж байсан юм болов уу?

-Түрээсээр хувь хүн ажиллуулж байсан юм билээ. Өдөр тутмын үйл ажиллагааг нь хянаж байх ёстой төрийн байгууллага ажлаа хийгээгүй. Үнэхээр болохгүй байсан бол хаах байсан. Ядаж олон хүн цугласан тэр өдөр зурвасаа зааж өгөөд, хамгаалалт гаргаж, өндрийн цэгийг тогтоочихсон бол энэ гэмт хэрэг гарахгүй байсан. Тэнд хүмүүс очоод иргэний үнэмлэхээ тавиад чарга түрээслэж хаа, хамаагүй л гулгаж байгаа.

-90 гаруй жилийн түүхтэй тусгаар улсын нийслэл ганц цанын бааз тохижуулж чадаагүй. Өвөлжөөний хажуудах уулын энгэр шиг газар хамгаалалтгүй олон хүн цуглаж, завсар зайгаар тоглодог. Төр иргэндээ хүрч үйлчилдэггүйн жишээ нь энэ биз?

-Ядаж малгай өмсүүлээд, амарч байгаа хүмүүсийг замын зоноос холдуулах зэргээр заавар зааварчилгаа өгсөн хүн нэг ч байхгүй. Эмч ч, цагдаа ч бэлэн л байх ёстой. Хэрэг гарах үед цагдаа байсан эсэхийг мэдэхгүй. Дуудлагаар эмч очсон. Анхан шатны тусламж үзүүлэхэд цаг алдсан. Төр хүндээ хандсан ямар ч ажил хийдэггүйг энэ золгүй явдал харуулсан нь үнэн.

-Аюулгүй орчинг нь төр хангаагүйгээс болж хүний амь эрсдэж, хүүхэд хүн амины хэргээр шалгагдаж байгаагийн хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ. Тэр хүү хэрэгтэн болоод өнгөрөх үү?

-Гэмт хэргийн бүрэлдэ­хүү­ний тухайд миний үйлчлүүлэгч 16 нас хүрээгүй учраас гэмт хэргийн субьект биш. Гэхдээ эрүүгийн хариуцлагаас мултрах тухай ярих гээгүй. Тэр хүүхдийн бие махбодь, сэтгэл санаа нь гүн цочролд орсон. Нөгөө талд эрдэнэт хүний амийг хэн хариуцах вэ гэдэг асуудал яригдана. Хайртай ааваа, ахаа алдсан ар гэрийнхэнд нь маш хүнд байгааг ойлгож байна. Эрүүгийн гэмт хэрэгт хохирогчийг гомдолгүй болгох асуудал тэргүүнд тавих ёстой. Тиймээс ч хохирогчийн тооцож өгсөн хохирлыг хамгийн түрүүнд барагдуулахаар ар гэрийнхэн нь зүтгэж байна.

-Хүүгийн аав, ээжид боломж хэр байна вэ?

-15 сая төгрөг нэхсэн. Хүүгийн аав, ээж группт байдаг. Тэр мөнгийг өгөхөд үнэхээр хүнд юм. Бүтэн жилийнхээ группийн мөнгийг авахад дөнгөж хоёр сая төгрөг болох юм. Тэр мөнгийг аваад хохирогчийн ар гэрийнхэнд өгсөн. Одоо аав, ээж нь мөнгө хайж байгаа. Танай сонинд бодит байдлыг ярьж байгаагийн хувьд харьяа дүүргийн хүүхдийн байгууллага, сайн дурын байгууллагууд, сайхан сэтгэлтэй хүмүүс хүүд туслаач гэж хүсмээр байна. 15 сая төгрөг аваад хохирогчийн гомдол арилчихгүйг ойлгож байна. Ядаж эд материалын хохирлыг төлчих юмсан. Сайн, сайхан үйлсийн төлөө нэгдсэн хүмүүс хүүгийн эцэг, эхтэй холбогдож туслаасай. Яагаад ингэж хүсээд байна гэхээр нэг талаас хүүхдийн эрх, нөгөө талаас эрдэнэт хүний амь яригдаж байгаа. Хохирогч тал хохирлоо нэхэмжилж байгаа нь зөв. Хүү үйлдсэн хэргээ ухамсарлаж манай тал хохирлыг бүрэн төлье гэж хичээж, зүтгэж байгаа. Даанч тэр айл хоёр сая төгрөгөөс илүүг олж чадсангүй. Насанд хүрээгүй хүүхдийн онцлог, хэрэг гарсан нөхцөл шалтгааныг тооцоод тэр хүүхдэд туслаасай гэж бодох юм.

Аав нь хохирогч талтай уулзсан, уучлал гуйсан. Талийгаачийг босгоод ирж чадахгүйгээс хойш ажил явдалд гарсан мөнгийг өгье гэсэн. Хохирогч тал энэ хэрэг юунаас болов гэдгийг бас тунгааж байгаа байх.

-Хүүхдийн байгууллагад хандсан уу. Манай сонин хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудаас энэ хэрэг дээр хэр анхаарч байгааг асуухад нэг нь нөгөө рүүгээ түлхсэн хариулт өгч байна лээ.

-Баянгол дүүргийн хүүхдийн байгууллагаас хүмүүс ирж уулзсан. Сэтгэл санааны чиглэлээр тусалъя гэсэн учраас аав, ээжтэй нь холбосон. Хүүхдийн төлөө байгууллагын төсөв хүрдэггүй байх. Ерөөсөө л төрийн бодлогын хэмжээнд хүүхдийн төлөөх ажил орхигдчихсон. Хүүхэд гэмт хэрэгт холбогдоход хүүхдийн төлөө байгууллагаас “Асран хамгаалж, харгалзан дэмжинэ” гэдэг бичгийг шүүхэд өгдөг. Дараа нь тэр хүүхдэд хандсан үйл ажиллагаа явуулж байгаа нь харагддаггүй. Төр үнэхээр хариуцлагагүй байснаас өнөөдөр насанд хүрээгүй хүүхдэд гэм буруугийн асуудал яригдаж байна. Тэр хүү гулгасан нь буруу юу, тоглоё гэж гэрээсээ гарсан нь буруу юу. Машин жолоодож явсан бол арга хэмжээ авсангүй гэж болно. Чарга бол чарга, хүүхэд бол хүүхэд шүү дээ. Хөөрчихсөн хүүхдэд “Ингэвэл ингэнэ шүү дээ” гэх ухамсар байдаг бил үү. Олон хүн харж хөөрсөн, чарган дээр салхи татуулан яваа тэр хүү тийм аймшигтай зүйлийг төсөөлөө ч үгүй. Хэний санаанд орох юм бэ.

-Тэр ослоос хойш Хандгайтад юу өөрчлөгдсөн бол?

-Өөрчлөгдсөн юм байхгүйг иргэд мэдэж байгаа. Ийм байдалд хүүхдээ оруулахгүйн тулд хүүхдээ гэрээс гаргахгүй, таг цоожлох л арга байна. Нэгэнт төр ажил хийхгүй байна, өөр яах юм. Уг нь хүүхэд эрүүл агаарт тоглох нь хамгийн зөв гэж дэлхий нийт зөвлөж байгаа. Одоо төрийн эрх барьж байгаа хүмүүсийг багад нь цоожлоод үлдээж байсан гэж төсөөл дөө. Хүүхдэд том шийтгэл биз. Гэтэл тоглож, наадаж яваадгэмт хэрэгтэн болбол яах билээ. Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь жил ирэх тутам өсч байна. Ерөөсөө л төр муу ажиллаж, хүүхдийн төлөө юу ч хийдэггүйнь эндээс харагдаж байгаа.

-Хүүхдэдээ анхаарал тавьсангүй. Хамт явсангүй гэж эцэг, эхийг нь шүүмжилдэг юм болов уу?

-15 настай хүүхэд найзуудтайгаа цанын баазад тоглоно гэхээр дагах хүн олон уу. Тэр хүү байрны хонгилд сууж компьютер тоглоогүй. Манайд хүүхэд чөлөөт цагаа зөв өнгөрөөдөг газар байдаг уу. Хэдэн кино театрыг л нэрлэх байх. Тэгэхээр цанын баазад очиж тоглосон хүүхдэд буруу өгч чадахгүй.

Сурлага сайтай, даруухан хүү байна лээ. Аав ээж нь хүүдээ маш сайн анхаарал тавьдаг. Аав нь өдөр бүр надтай утсаар ярьж, яах вэ гэж асуудаг. Гэр бүлээрээ хямарчихсан. Маш хүнд байдалтай байгаа.

-Төр буруутай гэж үзэж байгаа бол хохирогчийн хохирлын мөнгийг төрөөс гаргуулахаар гомдол гаргаж болдоггүй юм уу?

-Их сонин асуулт байна. Хууль хяналтын байгууллага үүнийг шалгаж, хянах ёстой. Төрийн буруутай үйл ажиллагаанаас боллоо гэвэл тэнд хүний амь хохирчихоод байхад бид буруугаа бусдад нялзааж байгаа мэт харагдана биз дээ. Шүүх хүүг шүүхдээ гэмт хэрэг гарах үеийн нөхцөл байдлыг харгалзаж хөнгөрүүлэх болов уу.

-Шилжилтийн насны хүү­хэд тоглож яваад тийм хэрэг үйлдчихлээ гэж бодоход л сэтгэлийн хямралд орох байх. Хүүгийн сэтгэл санаа ямар байна вэ?

-Чаргатай хүн унадаг. Унаад босоод иртэл тийм үйл явдал болсныг, өөрөө дайрсныг мэдэхэд хүүхдэд ямар байх нь ойлгомжтой. Шөнө бүр хар дарж, орилж босдог байсныг аав ээж нь ярьсан. Тухайн үед болсон үйл явдал байнга нүдэнд нь харагддаг болсныг гэрийнхэндээ хэлдэг байсан. Нэг сар сургуульдаа яваагүй. Аав, ээж нь сэтгэлзүйчтэй хамтарч ажилласан юм билээ. Түүний хүчинд арай гайгүй болсон. Өөрийгөө буруутай гээд нэг их дуугардаггүй. Өмгөөлөгчийн хувьд ч олон юм асуух хэцүү байдаг. Хүүхдийн сэтгэл зүй маш эмзэг. Насан туршдаа гэмшиж явах вий гэж айх юм. Олон хүн цугладаг газар очихоо болино, үйлдэл бүрээ цэгнэдэг болно, зожгирно гэх зэргээр эрсдэл их байгаа.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *