Categories
мэдээ цаг-үе

Б.Дашдаваа: Тагнуулын гол үүрэг нь улс орны эдийн засгийг хамгаалах болохоос УИХ-ын гишүүдийг тагнаж чагнах ажил биш

Тагнуулын байгууллагад 30 гаруй жил ажилласан ИЗОУИС-ийн Аюулгүй байдал, хууль сахиулах салбарыг үүсгэн байгуулагч, эрхлэгч, аюулгүй байдал судлаач,профессор, бэлтгэл хурандаа Б.Дашдаваатай уншигч та бүхнийг уулзуулж байна. Түүнтэй 1970 оноос 2010 хүртэл тагнуулын байгууллага хэрхэн ажиллаж байсан болоод сүүлийн үед ТЕГ-тай холбоотой бусдыг хууль бусаар тагнаж, чагнасан мөрдөн шалгасан, удирдлагууд нь улс төрчдийн гар хөл болсон гэх мэдээлэл гарч байгаатай холбоотой асуудлаар ярилцлаа.

-Та олон жил тагнуулын байгууллагад ажилласан. Мөн улс орны аюулгүй байдлын талаар олон жил судалгаа шинжилгээ хийж байгаа судлаачийн хувьд хэдэн зүйл асуух гэсэн юм. Тагнуулын байгууллагын үүрэг, зорилго яг ямар асуудалд чиглэж байх ёстой юм бэ?

-Юуны өмнө энэ тагнуулын гэдэг нэр манай орны иргэдийн сэтгэхүй, уламжлалд тохирохгүй байсаар ирсэн. Зүгээр л хэнийг ч хамаагүй тагнаж, чагнаж байдаг байгууллага мэт сонсогддог болчихоод байна. Үүнээс болоод зарим нөхдийн ажлын ур чадваргүй байдлаас хамаарч сүүлийн жилүүдэд Тагнуулын ерөнхий газрыг маань “Засгийн ордны баруун талын ховч, худалч хоёр байгууллага тэр юу вэ, “Бууны нохойны” газар ч гэх шиг маш эвгүй онигоо таавар нийтийн дунд яригдах болчихлоо. Тагнуулч, тагнуул хийх гэдэг ойлголт нь хуулиараа гадаад улсын иргэн буюу харьяалалгүй этгээдэд хамаардаг. Иймд монгол хүнийг тагнуулч, Монголын байгууллагыг тагнуулын гэж нэрлэх нь хуулиараа боломжгүй асуудал болчихоод байгаа юм. Харин Аюулгүй байдлын ажилтан, Улсын аюулаас хамгаалах газар гэж нэрлэвэл зохилтой. Тагнуулын байгууллагын үндсэн зорилго бол Тагнуулын байгууллагын тухай хуульд тодорхойлсноор хэд, хэдэн ерөнхий чиг үүрэгтэй байдаг. Үүнээс өнөө цагт хамгийн тулгамдсан тодорхой биелүүлбэл зохих үүрэг нь “Улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэн таслан зогсоох” гэсэн үүрэг юм. Гадаад тагнуул эрхэлдгийн хувьд гадаадтай холбоотой эдийн засгийн том хэргүүдийг илрүүлнэ гэсэн утга юм шүү дээ.

Миний хувьд одоогийн ТЕГ-ыг Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газар гэсэн нэртэй, хошууч генерал Б.Цийрэгзэн гуай дарга нь байхад хэдэн жил энэ байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн байж, системд нь 32 жил ажилласан хүн. Тийм ч учраас үйл ажиллагааг нь багагүй гадарлана. Сүүлийн үед ТЕГ-ын талаар яригдаж байгаа ноцтой зүйлсийг ажихад зарим талаараа үндсэн үүрэг, зорилгоосоо хазайсан, хэт өнгөцхөн, гол чиглэлээ эрэмбэлж бариагүй, улс төр, хувийн сонирхолд автсан, мэргэжлийн ур чадвар дутсан гэмээр зүйлс харагдаж, ойлгогдож байна.

-Та ТЕГ-ыг одоо ажиллаж байгаа нөхцөл байдлаасаа өөрчлөгдөх ёстой гэж үзэж байгаа гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Тийм ээ. ТЕГ-ын чиг үүргийг өөрчилж ажиллах шаардлага бий болоод байна. Тиймээс юуны өмнө Тагнуулын ерөнхий газар гэсэн нэрийг Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газар гэж хуучнаар нь сэргээж, улсынхаа жинхэнэ язгуур эрх ашгийг хангах бодит утгаар нь нэрлэж, үүнд нь нийцүүлж ажлаа явуулах, хуулиндаа заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын гол судас болсон эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. Гэтэл эдийн засгийн гадаад, дотоод дамнасан зохион байгуулалттай том хэргүүдийг санаачлан илрүүлэхгүй байснаас гартаа ганц бороохой ч бариагүй сэтгүүлч илрүүлэн хөөцөлдөж байх жишээтэй. XXI зуунд Монгол орон хоцрогдсон, хэдэн зууны өмнөх шигээ түүхий эдийн орон хэвээрээ байгаа нь хэн, хэний буруу вэ. Үүнийг тогтоох ёстой. Юуны өмнө өндөр технологийг олж эдийн засагт нэвтрүүлэхэд бүх хүч, хэрэгслээ дайчлах (Хятад улсын хөгжлийн нууц нь технологийг тагнуулын аргаар олж чадсанд байна гэж мэдээллийн хэрэгслээр яригдсаар байна). Хүн амын эрүүл мэндэд хор учруулж буй хүнс, хэрэглээний асуудлыг ил тодоор шийдүүлэх ёстой. Саяхан ундны уснаас хорт бодис илэрсэн ч гэх шиг зүйл яригдлаа. Худлаа шуугиан тариагүй л юм бол эх сурвалжийг нь нийтэд зарлаж сэрэмжлүүлэх хэрэгтэй. Олон улсын жишгээр далайц багатай буурай орны хувьд ашиг сонирхол нэгтэй зарим орны тусгай албадтай хамтран ажиллавал үр дүнд хүрнэ. Тэгэхгүй бол олон түмэн хохирно. Энэ мэт өөрийн үндсэн чиг үүргийн дагуу ажиллах хэрэгтэй юм.

– ТЕГ ямар тохиолдолд хүнийг чагнаж, мөрдөн мөшгөдөг юм бэ. Сүүлийн үед ТЕГ улстөрчдийн захиалгаар дуртай хүн болгоноо тагнадаг, гар утсыг нь чагнадаг болсон гээд байгаа. Энэ нь ч үнэний ортой юм шиг санагддаг. Тэгвэл таныг ажиллаж байх 30 гаруй жилийн хугацаанд хүнийг яаж тагнаж, чагнаж байсан юм бэ?

-Бидний үед тухайн сэжигтэн эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд энэхүү ажиллагааг тусгай хяналтын прокурор хянаж, ерөнхий газрын орлогч зөвшөөрч, газрын дарга баталж байж хэрэгжүүлэх журамтай байсан. Одоо ч хэвээр байгаа байх гэж бодож байна. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг шууд зөрчиж, хэлмэгдүүлэлт болдог.

-ТЕГ УИХ-ын зарим гишүүний хууль бус мэдээллийг олоод авчихсан байдаг. Хүмүүс мэдээллээ алдсан хүнийг “бөлдөг”-дүүлчихээд айгаад байна гэж ярьдаг болсон.

-УИХ-ын гишүүд тагнуулын байгууллагаас айх үндэслэл уг нь баймааргүй юм. Их даруухан байх алба юм шүү дээ. Хуучин ЗХУ дахь хэлмэгдүүлэлтийн айдастай үед энэ байгууллагыг толгойлж байсан Ф.Э.Дзерженский “Чекист хүний тархи нь сэргэлэн, зүрх нь халуун, гар нь цэвэр байх ёстой” гэж сануулсан байдаг. Энэ сануулга намайг ажиллаж байхад бидний өрөөний хананд байнга хадаастай л байлаа. Манай улсад хэлмэгдүүлэлтийн үед Дотоодыг хамгаалах газрыг толгойлж байсан генерал Б гэдэг хүнийг иргэд “бөлдөг Б” гэж одоо хүртэл ярьдаг. Хэлмэгдүүлэхэд тэр хүн оролцсон ч гэж түүхэнд тэмдэглэсэн нь бий. Яагаад тэр хүн тийм “хоч” авсан нь учиртай л байх. Тэр “айсан” гэх нөхөд Монгол Улсынхаа батлан хамгаалах цэрэг, зэвсэг, шинжлэх ухааны нээлт, шинэ технологи гэх мэт улс орны чухал нууцлалыг задруулаагүй, эсвэл улс дамнасан эдийн засгийн том хэргүүдтэй орооцолдоогүй л бол энэ байгууллагаас айх шаардлага огт байхгүй. Хэрэв ТЕГ-ын зарим хүмүүсээс айж эмээгээд байгаа бол өөр шалтгаан байдаг биз дээ.Одоо ч тэгээд улсынхаа Батлах хамгаалах, цэрэг, зэвсэгийн бодлого , хөрөнгө чинээгээ нууцлах ёстой боловч хурал, чуулган дээрээ хамаагүй ил тодоор ярьдаг болжээ. Уг нь үүнээс өөр тусгаар тогтнолтой холбоотой төрийн нууцлал гэж дайнгүй, энх өнөө цагт байхгүй л дээ. Энэ талаар Улсыг аюулаас хамгаалах байгууллага хатуу хяналттайгаар үүргээ гүйцэтгэх байх аа.

-Хар хайрцагны бодлого гээд яриад байдаг. Улс орны хар хайрцагны бодлогод ТЕГ ямар үүрэг оролцоотой байдаг юм бэ ?

-Миний ойлголтоор энэ нь хар хайцагт хийгээд нам дарчихсан онц чухал маш нууц гээч зүйл биш. Эрээвэр хураавар нууц гэсэн дардастай, бичиг ч биш. Тухайн улс өөрийнхөө оршин дэвших онцлогт тохирсон алсын бодлого байх гэж ойлгодог. Манай улсын онцлогийн хувьд энгийнээр бодоход “хүчтэний дэргэд хүчгүй хэрхэн оршин тогтнож бие даан хөгжих вэ гэдэг бодлого тэмүүлэл л байх болов уу. Үүнийгээ бүх нийтээрээ мэдэж, ой ухаандаа шингээж, хэрэгжүүлэхээр дор бүрнээ зүтгэцгээвэл үр дүнд хүрнэ байх. Монголчууд бидэнд нэгдэж тэмүүлэх үнэн цэнтэй, юугаар ч орлуулалшгүй зорилго дутагдаж байгаа. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Тус байгууллагын байнгын хүчин чармайлт нь олон улсын эдийн засгийн байдлын өөрчлөлт, түүнээс эх орны эдийн засагт нөлөөлөх үр дагаврыг тооцоолох, эдийн засгийн ашиг сонирхлыг хилийн чинадад илүү идэвхтэй хамгаалах хэрэгтэй” гэж аюулаас хамгаалах албадынхандаа хэлсэн байдаг. Үүнээс тагнуулын байгууллага улс оронд ямар их хэрэгтэй вэ гэдэг нь шууд харагдаж байгаа биз дээ.

-Тагнуулын байгууллага социализмын үед ажиллаж байснаасаа хэр өөрчлөгдсөн гэж та бодож байна вэ. 1990 оны ардчилсан хувьсгал ялахад тагнуулын байгууллагын үүрэг оролцоо их байсан гэдэг байх аа?

-Нийтийн ашиг сонирхолд тулгуурласан тогтолцоо барууны либериал хувийн чөлөөт тогтолцоо руу гэнэт шилжихэд манай ажилтнуудын дийлэнх нь энэхүү өөрчлөлтөд урьдаас үзэл санаа сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. Генерал Б.Цийрэгзэн Н.Алиасүрэн, Ш.Тогтох гээд олон хэл мэддэг өндөр боловсролтой дарга нарын нөлөө ч их байсан. Тэр үеийн том өөрчлөлтийг НАХЯ-ны сайд агсан А.Жамсранжав, УАХЕГ-ын дарга асан Б.Цийрэгзэн нар эртнээс мэдэрч ардчилсан хувьсалыг бусад орных шиг цус асгаруулахгүйгээр тайван замаар хийгдэх гавьяа байгуулсан гэж боддог. Тухайн үед төрийн эрх барьж байсан улс төрийн товчоог огцроход Ж.Батмөнх даргад эдгээр хүн цагийг нь олж бодит мэдээллийг ятган үнэмшүүлсэнд оршино. Ийм хүмүүсийн гавьяа дурсгалыг мөнхжүүлэх хэрэгтэй. А.Жамсранжав агсаны “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэсэн алс холын уриаг ойртуулж, байранд нь “Монгол орноо мандуулъя” гэсэн уриагаар солих санал гаргасанаар энэ уриа Сүхбаатарын талбайн баруун талд одоо ч гэрэлтэн байгаа. Монгол оронд өнөөдөр 1990-ээд оныхоос дутуугүй эдийн засгийн хувьсал хийх нөхцөл бүрдээд байгаа нь үнэн. Саяхан тус газрын даргаар нь унаган мэргэжлийн туршлагатай хүн томилогдсон байна. Амьдралын маань салшгүй хэсэг байсан, байсаар ч байгаа энэ байгууллагын нэр төр, үйл ажиллагаа сэргэн дэвжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаа.

Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *