Categories
мэдээ цаг-үе

Б.Дамба: Богино хугацаанд оновчтой шийдвэр гаргадаг чанараараа Монгол тамирчид онцлогтой

Монголын сагсан бөмбөг сүүлийн үед хурдацтай хөгжиж 3х3-ын шигшээ багийн залуус Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ өвөртлөөд байгаа. Бид сагсан бөмбөгийн дасгалжуулагч, гавьяат багш Б.Дамбатай ярилцлаа.


-Та хэдий үеэс сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бэ?

-Анх сургуулиа төгсөж ирээд 10 жилийн хүүхдүүдтэй ажиллаж байгаад дараа нь Полийн дээд, МУБИС-ийн оюутнуудтай ажилласан. Улмаар Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лиг 1995 онд анх удаа зохиогдоход “Генерал”-ууд багийг дасгалжуулж орсон. 1997 онд хамгийн анхны лигийн шилдэг дасгалжуулагч болж байлаа. Дараа нь “Баганат-Өргөө” багийг дасгалжуулж лигт аман хүзүүдсэн. Тус багт үзэгчдийн хайртай тамирчин болох Данди буюу Бат-Эрдэнэ, Андрей Рычков зэрэг шилдгүүд тоглодог байлаа. Дээд лигээс гурван удаа мөнгөн медаль зүүж байсан даа.

-Монголд багийн спорт хөгжихгүй гэсэн сэтгэхүй нийгэмд байсныг сагсан бөмбөгийн 3х3-ын залуус үгүйсгэж тив, дэлхийн хэмжээнд өндөр амжилт үзүүлж байна. Энэ талаар та юу гэж бодож байна.

-Сүүлийн үед 3х3-багийн залуус маань оюутны дэлхийн аварга, Азийн аварга, Дэлхийн цомын тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцож медальт байруудад шалгарч байна. Одоо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, цаашлаад олимпийн наадамд оролцохоор төлөвлөж системтэйгээр бэлтгэлээ базааж байгаа. Үүнээс үзэхэд манайхан тив дэлхийн хэмжээнд өрсөлдөх хэмжээнд байгаа нь тодорхой харагдаж байна.

-3х3-ын төрөл сонгомол сагсан бөмбөгөөс дүрмийн хувьд ялгаатай зүйл олон байдаг. Манай шигшээ багийн залуус энэ төрлөөр богино хугацаанд хичээллэж өндөр амжилт үзүүлж байна. Энэ монгол тамирчдын онцлогтой холбоотой юу?

-Тавын эсрэг тав буюу сонгомол сагсан бөмбөгөөс 3х3-ын төрөл маань дүрмийн хувьд ялгаатай тал олон байгаа л даа. Дасгалжуулагч талбайн хажууд суухгүй үзэгчидтэй хамт сууна. Иймээс тоглогчид өөрсдөө бие дааж шийдвэр гаргаж солилцоогоо өөрсдөө хийж, өөрсдөө минутийн амралтаа захиалдаг. Мэргэжлийн хүний нүдээр харахад монгол хүний хурдан сэтгэж, оновчтой шийдвэр гаргадаг чанар нь 3х3-ын сагсан бөмбөгт их тохирсон юм шиг санагддаг. Энэ чанараараа бид бусад орны тамирчаас ялгардаг. Үүнээс гадна манайхны бие махбодьд их тохиромжтой төрөл. Монголын баг маань сонгомол сагсан бөмбөгөөр олон улсын тэмцээнд оролцоход эсрэг багийн төвийн тоглогчдыг зогсооход хүнд. Манай хамгийн өндөр нь Б.Билгүүн 1.95 тай байхад бусад орнуудын самбарын тамирчид хоёр метр гаруй өндөртай байх жишээтэй.

-Шигшээ багт зөвхөн Монгол тамирчид тоглоод эх орондоо Азийн аварга болж байсан нь бахармаар санагдаж байсан л даа. Япон зэрэг орнууды тухайд легионер тамирчид урьж тоглуулж байсан шүү дээ?

-Зөвхөн Монголчуудаараа дэлхийн хэмжээнд өрсөлднө гэсэн бодлого юм даа.

-3х3-ын сагсан бөмбөгийн тамирчид сүүлийн үед тэмцээнд оролцоод өндөр амжилт үзүүлж байгаа ч сонгомол 5х5-ын баг маань сүүлийн гурван жилийн хугацаанд олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцсонгүй шүү. Энэ төрөл орхигдоод байх шиг?

-Та бүхэн мэдэж байгаа байх. Сүүлийн үед сагсан бөмбөгийн холбоодын асуудал маргаантай байгаагаас шалтгаалж олон улсын сагсан бөмбөгийн холбооноос олон улсын тэмцээнд оролцохыг түр хугацаагаар түдгэдзүүлээд байгаа. Сагсан бөмбөгт хэсэг бүлэг хамааралгүй хүмүүс Монголын сагсан бөмбөгийн холбооны нэрийг барьж удирдлагууд нь гэж өөрсдийгөө танилцуулаад хууль бус тэмцээн уралдаан зохиогоод яваад байгаа. Уул нь манай сонгомол 5х5-ын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид 2012 оны Инчоны Азийн наадамд оролцож шилдэг наймд шалгарсан. Энэ бол том амжилт. Бид үүнээс өндөр амжилт үзүүлье гэвэл багш дасгалжуулагчдынхаа ур чадварыг сайжруулах шаардлагатай байна. Тодорхой хэмжээнд тамирчдаа бэлдэж амжилт үзүүлж байгаа ч цаашаа алхахад тамирчдын ур чадвар, багш нарын мэдлэг дутагдалтай байна л даа.

-1990-ээд оны сүүл үе, 2000 аад оны эхэн үеийн хүүхдүүдийн нуруу өндөр болжээ. Энэ сагсан бөмбөгийн хөгжилд эергээр нөлөөлж байгаа болов уу?

-Энэ үнэн. 1995, 1996 оны үед лигийн багт 190 см-тэй тоглогч бараг байдаггүй байлаа шүү дээ. Шаравжамц, Чойжамц, Түвшинбаяр гэх мэт цөөхөн хэдэн өндөр хүмүүс тоглоно. Өнөөдөр бол дээд лигийн ихэнх тамирчид 190-ээс дээш өндөртэй, ур чадвар сайтай болсон. Үүнээс үзэхэд олон улсад өрсөлдөх боломжтой нь харагдаж байна.

-Монголын сагсан бөмбөгийн ирээдүйн хөгжлийг та яаж харж байна вэ?

-Яг өнөөдрийнх шиг сандал ширээ булаацалдсан тэмцэлтэй байвал хэцүү л санагдаж байна. Сагсан бөмбөгийн спортын хөгжлийн төлөө ажиллах ёстой хүмүүс маань албан тушаалын төлөө хэрэлдээд байж таарахгүй шүү дээ. Энэ нь сагсан бөмбөгийн хөгжилд шууд нөлөөлөхгүй ч далдуур нөлөөлж байгаа. Ц.Цэвэрбал гэж ерөнхийлөгчийг Дээд шүүхээр орж батлуулаад байхад Тамир тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс хууль тэмцээн зохиогоод яваад байгаа. Энэ мэт улс сагсан бөмбөгийн холбоо бодлогоо хэрэгжүүлээд явахад чөдөр тушаа болж байна. Хэрэв монгол дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлээд тамирчдыг зөв системтэй бэлдвэл манай сонгодог сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломж байгаа гэдгийг ам бардам хэлж чадна.

-Монголын нөхцөлд зөвхөн сагсан бөмбөг тоглоод амьдралаа аваад явах боломж байгаа юу?

-Байгаа. Хувь тоглогчид ур чадвартай л бол дээд лигийн том багуудтай гэрээ байгуулаад хэдэн сая төгрөгийн цалин аваад явах боломж нээлттэй байгаа. Тухайн тамирчны хичээл зүтгэлээс л бүх зүйл шатгаална.

-Монголын сагсан бөмбөгийг олон улсад үнэлж байгаагийн илрэл нь Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын бөгжтэй тамирчин Монголын лигит ирж өрсөлдөж байна?

-Монголд нэг үеэ бодвол чанартай легионер тамирчид ирдэг болсон шүү. Хармсалтай нь ийм өрсөлдөөнтэй лиг зохиогдож байхад БТСГ-ын дарга Ц.Шаравжамц заалаар хангахгүй байна. Сагс өндөр хөгжсөн АНУ-ын тамирчдын уран гоё тоглолтыг хангалттай олон залуучууд заалны багтаамжаас шалтгаалаад олуулаа үзэж сэтгэлийн цэнгэл эдэлж чадахгүй байна.

Хамгийн том лиг нь заал заал дамжаад явж байхад Спортын төв ордоны зааланд жирийн секц дугуйлан хичээллээд, албан байгууллагын тэмцээн уралдаанууд явж байх жишээтэй. Шараваа өөрөө сагсны гавьяат хүн байж сагсан бөмбөгийн спортын хөгжлийн эсрэг зогсож байгаа нь харамсалтай байна.

-Монгол сагсан бөмбөгийг чадварлаг легионер тамирчид шинэ түвшинд гарахад чухал нөлөө үзүүлсэн үү?

-Манай тамирчид Америкийн легионер тамирчдаас асар их зүйл сурсан. Хэдийгээр тэр зөвхөн тамирчин статустай тоглож байгаа ч бэлтгэл дээр багийнхандаа олон хувилбарын талаар зөвлөгөө өгч сургаж байгаа. Зарим нэг тал дээр дасгалжуулагчаас ч илүү ур чадвартай байгаа нь ажиглагддаг. Эднээс л манай залуус суралцаж байгаа. Би 2005 онд “Халлелуяа” багт Пак дасгалжуулагчийн туслахаар ажиллаж байхад олон хүн надад “Та болиоч дээ. Хачин Солонгосд загнуулаад зогсоод байх юм. Өөрөө баг дасгалжуулаач” гэж хэлж байсан. Үнэн дээ би тэр хүнээс маш их зүйл суралцаж байсан хэрэг л дээ. Сурсан мэдсэн зүйлийнхээ ч ашиг тусыг гаргаж шавь нартаа хэлж өгсөн. Тэд маань өнгөрсөн жил дээд лигит “Этүгэн Ирвэс”-үүд багаас амжилттай тоглож мөнгөн медаль зүүлээ.

-Тухайн улсын сагсан бөмбөгийн хөгжилд оюутны лигийн тэмцээн чухал нөлөөтэй юм шиг санагддаг. Энэ талаар?

-Олон улсын жишгээс харахад тийм тал ажиглагддаг. Жишээ нь Америкийг NCEE гээд коллежийн лигээс л Үндэсний сагсан бөмбөгийн холбооны одод төрсөн байдаг. Манайд оюутны лигийн тэмцээн байдаг ч төдийлөн хөгжөөгүй л байна. Уул нь оюутны лигт амжилттай тоглосон тамирчдаа дээд лигийн багууд драптын журмаар сонгож авдаг тогтолцоотой байвал олон хүний сонирхол татмаар. Өнөөдөр аль мөнгөтэй баг нь өндөр цалин амлаад шилдгүүдийг эгнээндээ элсүүлж байна. Энэ нь дээд лигийн өрсөлдөөнийг үгүй болгох сөрөг үр дагавартай. Уул нь 2004 онд талийгч Маргад-Эрдэнэ маань бүх тоглогчдыг дээд лигийн багуудад яг тэнцүүхэн хуваагаад өгч байсан. Хүч ойролцоо багуудын хооронд мөн гал гарсан ширүүн өрсөлдөөн явагддаг байж билээ. Тийм өрсөлдөөн өнөөдөр үгүйлэгдэж байна. Багуудын хүч тэнцвэргүй байхад үзэгчид хаалтын шийдвэрлэх тоглолтуудыг л үзнэ. Мөн сул багийн эзэд ганц хоёр жил хөрөнгө оруулаад л больчихдог. Багаа хожигдохыг хараад суухыг хүсэхгүй биз дээ.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *