“Өдрийн сонин”-ы 2017.08.10-ны пүрэв гаригийн №170(5737) дугаараас авч нийmлэв.
Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Энэ оныг дуустал хүүхдийн мөнгө олгох асуудал хүндэрч байгаа талаар уиХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хэлж байна. Энэ хүрээнд төсвийн тодотголыг өргөн барьж, ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай гэдгийг мэдэгдсэн л дээ. Хүүхдийн мөнгө олгох асуудал үнэхээр хүндэрсэн юм уу?
-Засгийн газраас долдугаар сарын 4-ний өдөр бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олгох тогтоол гарсан. Ер нь бол 2017 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан төсвийн тодотголоор хүүхдийн мөнгөнд зориулж 161 тэрбум төгрөгийг батласан. Энэ мөнгөөр наймдугаар сарыг дуустал хүүхдийн мөнгийг олгоно.
-Төсвийн тодотголыг одоо өргөн барих юм уу. Төсвийн тодотгол хийхгүйгээр хүүхдийн мөнгө олгох боломжгүй биз дээ?
-2017 оны төсвийн тодотголыг аравдугаар сарын нэгний дотор УИХ, Засгийн газарт өргөн барихаар ажиллаж байна.
-Эдийн засгийн өсөлт 2019 оноос эхлэн ажиглагдана гэж байсан байх аа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан, үүний зэрэгцээ нүүрс, зэсийн үнэ өсөөд эдийн засаг эерэг гарч эхэллээ. Энэ бүгдийг анх тооцоолоогүй байсан юм уу?
-ОУВС-тай хөтөлбөр тохирч байх үед бид эрсдэлийг тооцон тийм тооцоо хийж байсан юм. Ямартай ч 2017 оны эхний хагас жилийн гүйцэтгэл гарч байна. Ерөнхийдөө эдийн засгийн өсөлт бидний тооцоолж байснаас өндөр гарсан. Тиймээс 2017 оны төсөвт бид тодотгол хийнэ. Долдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын хоёрны хооронд ОУВС-гийнхан хөтөлбөрийн эхний үнэлгээг хийж дууссан. Аравдугаар сарын 20-ны үеэр гуравдугаар улирлын үнэлгээ ирэх байх. 2018 оны нэгдүгээр сарын сүүлээр 2017 оны хөтөлбөрийн үнэлгээ хийгдэнэ.
-Томоохон төслүүд хэзээ хөдлөх вэ гэдэг асуулт олны анхаарлыг татсан хэвээр байна. Том төслүүдийг 2019 оноос биш одоо өргөн баригдах төсвийн тодотголд суулган эртхэн ажлыг нь эхлүүлэх ёстой гэсэн байр сууриуд харагдах боллоо…
-ОУВС-тай хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн өмнө бид эрсдэлийг тооцсон гэж түрүүн хэлсэн дээ. засгийн газар менежментээ сайжруулж, экспортоо нэмэгдүүлж чадсаныг зориуд дурдах хэрэгтэй. БНХАУ-д хүсэлт тавьсны дагуу БНХАУ-ын Засгийн газар 2017, 2018 онд Монгол улсаас авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлье гэсэн. энэ хүрээнд нүүрс, төмрийн хүдрийн үнийг боломжийн хэмжээнд хадгалах талаар ярьсныг БНХАУ-ын тал нааштай хүлээн авч шийдвэрлэсэн. Тиймээс эдийн засгийн өсөлт тооцоолж байснаас давуу гарсан. Бусад салбарууд дээр засгийн газар анхаарч ажилласны хүчинд эдийн засгийн өсөлт 4.2 хувьтай гарч байна.
-Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төсвөөс багагүй мөнгө шаардагдахаар байна. Яамдын зүгээс шаардлагатай мөнгөн дүнгээ илгээж байна уу?
-Засгийн газар дээр өвөлжилтийн бэлтгэл ажил ид яригдан, салбар яамд тус бүртээ өвөлжилтөд анхаарал хандуулан ажиллаж байна. Яамдаас шаардлагатай хөрөнгийн хэмжээгээ манай яаманд ирүүлэх учиртай. Өвөлжилтийг бэлтгэх хэмжээнд санхүүгийн эх үүсвэр засгийн газарт хангалттай бий.
-Таны ярьж байгааг сонсоход төсвийн тодотголыг ээлжит бус чуулганаар бус намрын чуулганаар хийх юм байна гэж ойлголоо. Зөв үү?
-Төсвийн тодотголыг намрын чуулганаар хэлэлцэнэ. УИХ-аар эхний асуудал болгон 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх болов уу гэж бодож байна. УИХ-аар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл гаргадаг. Засгийн газар ямар ч байсан намрын чуулганаас өмнө төсвийн тодотголыг өргөн барина.
-Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ ОУВС “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдийн мөнгөний асуудлаа эргэж харахгүй бол Азийн хөгжлийн банкны 1.3 тэрбум ам.доллар орж ирэх боломжгүй болж байна гэсэн. Үнэхээр тийм бэрхшээл тулгарчихаад байгаа юм уу?
-Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Жайка, Койка, оувс, БНХАУ-ын төвбанк гээд бүгдээрээ л ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд багц санхүүжилтэнд орж байгаа. Эдгээр байгууллагууд дээр хоорондын уялдаа холбоог хангах асуудлууд бий. Монгол улсад төсвийн дэмжлэг үзүүлж байгаа бол тодорхой хэмжээнд бодлогын өөрчлөлт хийх, санхүүгийн сахилга батыг нэмэгдүүлэх, чангаруулах асуудлыг тавьдаг нь нууц биш. Энэ хүрээнд азийн хөгжлийн банкны бодлогын матриц дотор тодорхой хэмжээнд зөвшилцөх, хэлэлцэх зүйлүүд байсан. Тэр асуудлууд шийдэгдсэн.
-ОУВС-гийн эхний үнэлгээгээр мал, лицензийг банкны барьцаа гэж тооцохгүй байхаар асуудал оруулсан гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч хэлж байсан. Энэ үнэн юм уу. Малчид малаас өөр барьцаалах хөрөнгө байхгүй шүү дээ?
-Ташаа мэдээлэл гарсан байна лээ. Малыг барьцаанд тооцох эсэх асуудал дээр тодорхой хэмжээнд зөвшилцөх шаардлага байсан. Монголд 400 орчим мянган малчин өрх бий. тиймээс малыг үндсэн хөрөнгөнд тооцох асуудал дээр ОУВС-тай тохиролцсон.
Харин “Х” талбай буюу хайгуулын талбайн лицензийг барьцаалах уу, үгүй юу гэдэг дээр хоёр талдаа маргаантай зүйлс бий. “А” лиценз буюу ашиглалтын талбайг барьцаалж болно. Хайгуулын талбай дээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тэр газар доороос баялаг олдох уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Тиймээс барьцаа хөрөнгөнд бүртгэх нь эрсдэлтэй гэдгийг оувс гэлтгүй санхүүгийн байгууллагуудаас анхааруулсан.
-Хөтөлбөрийн хүрээнд мөн Монгол Улсанд анх удаа банкны салбарт активын үнэлгээ хийхээр боллоо. Энэ хэр зөв зүйтэй асуудал юм бол. Ер нь бол банкны салбаруудад эрсдэл бий болж мэднэ гэсэн яриа байна л даа?
-Үүнийг мушгиж тайлбар хийгээд байх шиг байна. Бүх арилжааны банкууд дээр хөтөлбөрийн хүрээнд активын чанарын үнэлгээ хийлгэнэ гэдэг дээр тохирсон. Монгол улсын засгийн газрыг төлөөлж Сангийн яам, Монголбанкны ерөнхийлөгч бид нар хэлэлцээрийг байгуулсан. Энэ хүрээнд банкуудад бүтцийн өөрчлөлт хийж муудсан активуудыг активын чанарын үнэлгээгээр илрүүлнэ. Активын чанарын үнэлгээ гарсны дараа хэрхэх вэ гэдэг шийдвэрүүд гарна.
-Шийдвэрүүд хэзээ гарах юм бол?
-Энэ онд багтаад гарчих болов уу. Банкуудыг зориудаар муутгах гэж байгаа зүйл биш юм. Эдийн засаг сайжирсан ч гэсэн банкууд дээр найдваргүй эх үүсвэрүүд ихээр хуримтлагдвал хадгаламж ч мөн адил эрсдэлд орох аюултай. Тэр утгаараа үүнийг зайлшгүй хийх шаардлагатай. Олон улсад ийм стандарт бий.