УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. “Өдрийн сонин” уламжлал болсон “Speak Out” булангаараа валютын ханшийн эсрэг ямар хариу арга хэмжээ авах нь зүйтэй талаар УИХ-ын гишүүдээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Өнөөдрийн долларын ханш Монголын эдийн засгийн чадавхыг л тодорхойлж байна. Монгол төгрөг гаднаас орж ирж байгаа валютыг шингээж байх ёстой. Гэтэл үүнийг шингээх чадвар монгол төгрөгт алга. Хоёрдугаарт, долларын үнийн өсөлтийг бодит болон бодит бус хэмээн ангилах ёстой. Бодит бус өсөлт дээр асуудал байна. Монгол төгрөгийн евро, вон, юаньтай харьцах ханш тогтвортой байхад зөвхөн долларын ханш өндөр байна. Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр иргэд олсон орлогоо долларын хадгаламж болгоод байна. Энэ бол бодит бус өсөлт. Харин бодит өсөлтийн тухайд инфляци, нийлүүлэлттэй холбоотойгоор өсч байгаа үнийн өсөлт юм. Энэ хоёрыг ялгаж, тохирсон арга хэмжээг авах ёстой. Уул уурхайн болон уул уурхайн бус салбараас доллар олох боломж бий. Засгийн газар ажиллах ёстой. Оюу толгой доллараа оруулж ирэхгүй байна. Нүүрс зарсан мөнгөө урьдчилаад авчихсан учраас одоо долларын нөөц хомсдож байна. Ийм замбараагүй зүйл байж болохгүй. Үүнээс болоод Засгийн газар бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байна. Хэдийгээр төгрөгийн ханш суларсан нь үнэн боловч үүнээс гаргах бодлогын арга хэмжээнүүдийг шат дараатай авах ёстой.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: -Долларын ханштай холбоотой асуудал МАН-ын бүлэг дээр яригдсан. Тусгайлсан ажлын хэсэг гаргаж мөнгөний бодлогыг хэрхэн барих, эдийн засгаа яаж өсгөх, ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх, халамжийн бодлогыг шат дараатай хэрхэн бууруулах зэрэг олон асуудал дээр анхаарч ажиллахаар болсон. Тус ажлын хэсэгт миний бие орж ажиллана. Тиймээс ажлын хэсэгт орж ажилласныхаа дараа энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллах талаар нарийн мэдээлэл өгье. Хамгийн гол нь халамжаас хөдөлмөрт шилжсэн бодлого баримтална гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэн. Хүүхдийн мөнгийг хэдэн хувьд нь олгохоо тооцъё. Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрт олгож байгаа бэлэн мөнгө үнийн өсөлт бий болгож, эдийн засгийн өсөлтийг зогсоож, ажил хийдэг хүнгүй болгочих гээд байна. Мөн төрийн өмчит үйлдвэрийн газрууд орлогоо нэмэгдүүлэх асуудал ч яригдаж байна. Тухайлбал, хорих ангиуд хоригдлуудаараа юм хийлгээд таван цаас олдог байх асуудал ч яригдаж байгаа. Ер нь бол дор бүрнээ хөдлөхгүй бол болохгүй гэдэг санаа явж байгаа. Ажлын хэсэг энэ долоо хоногт байгуулагдахаар бүх зүйл тодорхой болно.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: -Долларын үнийг хязгаарлах талаар тайлбарлахад олон зүйл хэлж болно. Нэгдүгээрт, төлбөрийн тэнцэл дээрх дарамт буюу валютын урсгалын зөрүү өндөр байна. Өөрөөр хэлбэл, манай улсын олж байгаа валют, гарч байгаа валютын хэмжээгээ нөхөж чадахгүй байна. Иймээс валютын нөөцөөсөө гарах урсгалаа нөхөж байна. Ийм цаг үед тодорхой хэмжээний саад бэрхшээл үүсэх нь тодорхой. Өнгөрсөн жилүүдэд цар тахлын хүндрэлийн улмаас урьдчилж төлбөр тооцоог нь авсан асуудал байгаа. Ингээд авсан мөнгөө зарцуулчихсан, ганц нэг том төслүүдэд заруулсан асуудал яригдаж байгаа. Нэгэнт мөнгийг нь авчихсан учраас бүтээгдэхүүнийг нь өгөхөөс өөр аргагүй. Үүссэн хүндрэлүүдийг шийдэх тал дээр Засгийн газар ажиллаж байгаа. Бид долларын ханшийг тогтоож барья гэвэл нэг бол валютын нөөцгүй болох, нэг бол ханшийн өсөлтийг сул тавиад валютын нөөцөө хэвээр хадгалах гэсэн хоёр сонголт л байна. Валютын нөөц шавхагдвал улс орон дампуурах эрсдэлд ойртно. Тэгэхээр долларын ханшийг сул тавих, валютын нөөцөө багасгах аль аль нь амаргүй шийдвэр. Гэхдээ миний хувьд аль нэгийг нь сонгохоор бол эдийн засгийн тусгаар тогтнолоо хадгалж үлдэхийн тулд эргэлзэхгүйгээр валютын нөөцөө хадгалж үлдэхийг сонгоно. Энэ хоёр эрсдэлийг зэрэг бууруулах боломж байхгүй.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: -Ханшийг тогтвортой байлгахын тулд нөөцөөсөө их хэмжээний доллар гаргахаас өөр аргагүй сонголтын өмнө ирсэн хүнд үе тохиож байна. Учир нь экспортын орлого сайн орж ирэхгүй байна. Импортын орлого их хэмжээгээр нэмэгдсэн буюу өнгөрсөн онтой харьцуулахад 25 хувиар нэмэгдсэн. Ийм цаг үед бодлогын тохируулга чухал байна. Тиймээс Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой валютын нөөцөө хангах тал дээр Монголбанк ажиллаж байна. Энэ утгаараа ханш зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зарчмаар явах ёстой. Тэр утгаараа төгрөгийн ханш өнөөдөр 15 хувиар суларчихаад байна. Энэ бол хангалттай хэмжээний сулралт. Үүнээс цааш эдийн засгийн утгаараа сулрах зүйл харагдахгүй байгаа. Өнөөдрийн байдлаар валютын нөөцийн хэмжээ хоёр тэрбум долоон зуун саяд хүрээд байна. Ханш бол эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрээс хамаарч байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал цаашид ханш сулрах орон зай байхгүй. Бид экспортоо хэрхэн нэмэгдүүлж, нөөцөө аюулгүй хэмжээнд барих вэ гэдэг чухал асуудал болоод байна.