Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Чойжилсүрэн: Эдийн засагт ногоон гэрэл аслаа

Өчигдөр буюу тавдугаар сарын 24-ний 15:00 цагийн үед буюу манай цагаар үүрийн 04:00 цагийн үед ОУВС-гийн зөвлөл хуралдаж, Монгол Улсыг ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамруулах шийдвэрийг гаргасан. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Сангийн яам болон ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер зэрэг албаны хүмүүс хамтран олон нийтэд мэдээлэл өгсөн билээ.

Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн дараахь мэдээллийг хийсэн юм.

Тэрбээр: Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас ОУВС-тай удаа дараа хэлэлцээр хийж, Монгол Улсын эдийн засагт үүсээд байгаа хүндрэлийг даван туулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, өрийн дарамтыг бууруулах чиглэлээр өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсон талаар урьд нь мэдээлж байсан. Зөвхөн ОУВС-гаас гэхэд 314.5 сая ам.долларын зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 434 сая ам.долларын санхүүжилтээр дэмжихээр болсон. Эхний ээлжийн 38.6 сая ам.долларын санхүүжилт ойрын хугацаанд орж ирнэ.

Уг хөтөлбөрийн зорилтуудад нийцсэн 2017 оны төсвийн тодотгол батлагдсан бөгөөд цаашид хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулах, төсвийн нэгдмэл байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн зарлагын үр ашгийг нэмэгдүүлэх замаар дунд болон урт хугацаанд төсвийн алдагдал, өрийн дарамтыг бууруулна. Цаашид нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын төрийн үйлчилгээг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, банк санхүүгийн салбарыг бэхжүүлэх бодлогын арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь энэ хөтөлбөрийн гол зорилго юм.

Монгол Улсын Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийг шийдвэрлэж манай улсын зээлжих зэрэглэл САА1 болон сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна.Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг уналтаас өсөлт рүү шилжиж, эдийн засагт ногоон гэрэл ассан гэсэн үг. Цаашид хөтөлбөрийн хэрэгжилтэд Засгийн газар, Монголбанк, ОУВС улирал тутамд үнэлгээ өгч ажиллана гэв.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *