Categories
мэдээ цаг-үе

Б.Чойжилсүрэн: Бидний хүсэл таазанд, хийх боломж ширээн дээр байна

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.

-Их хурал ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Та Төсвийн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа хүний хувьд ирэх оны төсвийн талаар ямар бодолтой байна вэ. Ирэх жил сонгууль болно. Зарим гишүүдийн зүгээс сонгуулийн төсөв болчихож гээд байгаа?

-Төсвийн тодотголын тухайд анзаарагдсан хэдэн зүйлээ эхлээд хэлчихье. 2015 оны төсвийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 15-нд баталсан. 2016 оны нэгдүгээр сарын 24-25-ны хооронд төсөв дээрээ тодотгол хийсэн. Тэр үед санаа зовоосон нэг зүйл байсан нь нэгдсэн төсвийн орлогыг 7.1 их наяд төгрөгөөр баталсан. Нэгэнт бүтэшгүй зүйлийг тухайн үед хүчиндсээр байгаад эрх баригчид баталсан юм.

-Эрх баригчид гэхээсээ илүүтэйгээр танай нам Засгийн газарт орчихсон, Сангийн сайд нь МАН-ын хүн байсан шүү дээ. Огцорсныхоо дараа ингэж ярих нь хэр зохистой вэ?

-Манай намаас Сангийн сайд томилогдсон байсан нь үнэн. Гэхдээ биелэх боломжгүй зүйлийг оруулж ирсэн. Тэгээд ч манай нам Засгийн газарт 30 хувийг бүрдүүлж, зургаан сайдтай байсан цаг үе. Гэтэл Засгийн газар кабинетаараа шийдвэр гаргадаг. Тухайн үед бид ярьж байгаад орлогыг нь 5.7 их наядаар батлаад өгье, төсвийн алдагдлыг чинь хоёр хувьд багтаая гэсэн юм. Тэгэхэд дотоодын бондын үлдэгдэл 3.1 их наяд төгрөг болчихсон байсан. Хөгжлийн банкны санхүүжилтийг төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгоё гээд 700 гаруй тэрбум төгрөгөөр төсвийнхөө цоорхойг нөхье гэсэн.

Их хурал дээр ярьж байгаад төсвийн тодотголоор төсвийн орлогыг 6.6 их наядаар баталсан. Харин бидний хэлэлцэж буй төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн орлогыг 6.1 их наядаар оруулж ирсэн. Оны эхний есөн сарын байдлаар нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг харахаар ойролцоогоор дөрвөн их наяд орчим төгрөг байна. Үлдэгдэл 2.1 их наяд төгрөгийг дөрөвдүгээр улиралдаа багтаан цуглуулж чадахгүй гэдэг нь тодорхой болчихоод байгаа. Оны төгсгөлд улсын төсвийн орлого 5.7 их наядаас хэтрэхгүй болов уу. Дахин 400 гаруй тэрбум төгрөг 70 хоногийн дараа сох дутна гэдэг зүйлийг төсвийн ажлын хэсэг дээр сануулж байгаа. Сангийн яам, Засгийн газар болохоор бид орлогын төлөвлөгөөгөө биелүүлчихнэ гээд байх юм. Харин биелүүлж чадахгүй бол яах вэ гэдэг асуултад хариу өгөхгүй байна.

-Одоо яана гэж?

-Орлого зарлагаа тохируулахын тулд төсвийн тодотгол, 2016 оны төсвийг Их хурлын ажлын хэсэг дахин шинээр хийхийг ч үгүйсгэхгүй. 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл дээр ирэх оны төсвийг 6.9 их наяд төгрөг гээд оруулаад ирсэн. Энэ жилийн бодит гүйцэтгэл 5.7 их наяд хүрэхтэй үгүйтэй байхад ирэх оны төсөв үүнээс илүү байна гэдэг эргэлзээтэй. Тиймээс ирэх оны төсвийн орлогыг 5.4 их наядаар баталъя гэж байгаа юм. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль дээр 6.4 хувьтай байх ёстой. Ингээд 900 тэрбум төгрөгийг нэмэх юм бол нэгдсэн төсвийн зарлагыг 2016 онд 6.4 их наяд төгрөг байх ёстой атал бараг 7.9 их наяд гээд тавьчихсан. Ойролцоогоор 1.5 их наяд төгрөг дутахаар байгаа. Ингэхээр төсвийн зарлагаа санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрчихээд байна. Ийм бүтэшгүй, биелэшгүй төсвийг дөрвөн жил дараалан батлаад явж байгаа. Үүнээс болж бизнесийнхний дунд төрийн нэр хүнд унасан. Санаагаар болдог бол макро тоонуудыг зөв тавих хэрэгтэй байна. Өрийн сүлжээнд ямархуу болтлоо орсныг Монголбанк бараг өдөр бүр л зарлаж байгаа. Монгол Улсын нийт гадаад өр 21.6 тэрбум ам.доллар болсон. Түүний дотор Засгийн газрын дотоод, гадаад өр ДНБ-ний 58 хувьд хүрч 14 орчим их наяд төгрөгийн өртэй болчихлоо. 2015 оны төгсгөлд Засгийн газрын дотоод бондын үлдэгдэл дөрвөн их наяд орчим төгрөгтэй тэнцэнэ. Хувийн хэвшлийнхний цусны эргэлт болж байх ёстой дөрвөн их наяд төгрөгийг Засгийн газар авахаар эдийн засаг уруудахаас яах юм. Бид энэ болохгүй байгаа зүйлсийг дөрвөн жил шүүмжиллээ. Сүүлдээ МАН гацаадаг, шүүмжилдэг, зогсоодог, харлуулдаг гэсэн яриа гарч байна. Тиймээс сүүлийн үед аль болох хэвлэлд ярилцлага өгөхгүй, нийгэмд хар мэдээлэл цацахгүй гэж шийдсэн. Бид шүүмжилсэн, шүүмжлээгүй бидний яриад байдаг нөхцөл байдал үүсч байгаа. 2015 онд гэхэд зээлийн хүүний төлбөрт улсын төсвөөс 700 орчим тэрбум төгрөгийг төлж байгаа л даа. 2016 онд 900 орчим тэрбум төгрөг зээлийн хүүнд төлнө. Энэ нь улсын нийт төсвийн орлогын 18 хувьд хүрнэ. 2011 онд зээлийн хүүнд улсын төсвөөс 37 тэрбум төгрөг төлдөг байсан. Одоо 963 тэрбум төгрөг болно. Хэд дахин өсч вэ гэдгийг бодох ёстой. Дөрөвхөн жилийн дотор эдийн засгийг ингэж нурааж болдог л юм байна гэдгийг харлаа.

-МАН-ынхан сөрөг хүчин гэдэг утгаараа шүүмжлэх нь зөв ч гарц ярьж байгаа гишүүн аль аль намд алга байгаа юм биш үү?

-Гарц тодорхой. Эхлээд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж сурах хэрэгтэй. Эдийн засгийн шинжлэх ухаан гэдэг чинь биднээс өмнө үүсээд манайхтай ижил төстэй зах зээлийн нийгэмд туршигдчихсан байхгүй юу. Шинжлэх ухаанаар нотлогдчих тэр замаар нь яваад эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээ цэгцлэх ёстой. Эхний ээлжинд эдийн засгийн суурь тоонуудаа зөв болгоно гэдэг чинь гарц. Эдийн засгийн суурь зөв болчихоор Монгол Улс руу орж ирэх мөнгөний үнэ цэн бий болно. Хамгийн сүүлд Монгол Улсын Засгийн газрын баталгаатайгаар гаргасан Худалдаа хөгжлийн банкны бондын жилийн хүү 9.00375 хувьтай гарсан. Үүний дараа Засгийн газар нэг тэрбум ам.долларын бонд гаргах гэхэд авах хүн олдоогүй. Одоо гаргавал мөнгөний үнэ цэн жилийн 11-12 хувийн хүүтэй болчих гээд байгаа юм. Ийм өндөр хүүтэй мөнгөөр бүтээн байгуулалт хийж ашиг гарган хүү төлнө гэдэг боломж багатай зүйл. Нэг үгээр хэлбэл Грекийн араас явчих гээд байна. Одоо бол Засгийн газраас оруулж ирсэн 7.9 их наядын зарлагаас 1.7 их наядын зарлагаа хасахаас өөр аргагүй. Зарлага хасна гэдэг хэцүү. Гэхдээ хасахаас өөр аргагүй. Байхгүй юмыг яаж гаргаж ирэх гээд байгаа юм. Өнгөрөгч нэгдүгээр сард манай нам Засагт байхад би төсвийн тодотголын ажлын хэсгийг ахалж байхдаа “Одоо бодит амьдралдаа хүргэе” гэж УИХ, Засгийн газрын удирдлагуудтай хоёр цаг гаруй ярьсан. Харамсалтай нь манайх 26 кноптой учраас бидний санал биелэх боломжгүй болсон. Одоо бол тухайн үед ярьж байсан тэр тоо руугаа очиж байна. Бид ухаантайдаа үүнийг яриад байгаа юм биш. Дөрөвдүгээр курс төгсч байгаа чамбай оюутнууд ч үүнийг гаргаад ирнэ. Түүнээс би мундагтаа шинээр пуужин зохиогоод байгаа юм байхгүй. Тэгж ч цэцэрхээд баймааргүй байна.

Хэрэглээ гэдэг чинь донтолт дагуулдаг юм. Анх бид лада унадаг байсан. Дараа нь эксел, элентра гэж байгаад пажеро жийп унадаг болсон. Төд удалгүй ланд круйзер 100, 105, лексус 470, 570 унаж байна. Улаанбаатарын гудамжаар явж байгаа зөвхөн машинаар жишээ авахад дараа үеийн сайн машин унасан хүмүүс хэзээ ч лада унадаггүй л байхгүй юу. Энэ чинь донтолт юм шүү дээ. Хэрэглээний донтолтыг “үгүй” гэж хэлээд зогсоох цаг ирэх ёстой. Энэ цагийг ирүүлэх гэж сүүлийн үед ярьсан, тэмцсэн. Харамсалтай нь дийлээгүй.

-Гарц гэдэг дээрээ эргээд жаахан төвлөрөх үү?

-Дээр хэлсэн дээ, хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэж. Төсвийг алдагдалгүй байгаа хэмжээнд нь батлах ёстой. Иймэрхүү байдлаар нэг жил орчим явна. Дараа нь төсвийн суурь макро тоонууд тогтворжоод ирэхээр манай орны бизнесийн эрсдэл багасч, мөнгөний үнэ цэн бууна. Мөнгөний үнэ цэн буухаар бараа бүтээгдэхүүний үнэ дагаад бууна. Тэгж байж тогтворжино. Энэ дахин 1-2 жил үргэлжилнэ. 2016 онд байгуулагдах шинэ Засаг энэ байдлаар 2019 он хүртэл уналтыг зогсоохоор ажиллавал жаахан сэргэлт ирэхийг үгүйсгэхгүй. Манай экспортын бараа бүтээгдэхүүний үнэ сайнгүй байгааг бүгд мэдэж байна. Манай эрх баригчдын нэг зовлонтой юм нь бүх зүйлээ гадаад нөхцөл байдал руу чихчихээд тэндээс л боллоо гээд байдаг. Эдийн засгийн уналтын шалтгааныг 100 хувь гээд аваад үзэхээр гадаад хүчин зүйлсийн нөлөөлөл 30 хувь, бидний дотоодын арчаагүй байдал 70 хувь болчихоод байгаа юм. Таны ойр орчны хүмүүсийн амьдрал сайжирч байна уу.

-Хэцүү байгааг мэдсээр байж асууж байгаа юм уу?

-Улстөрчид амьдрал сайхан болж байна. Та нар албаар “Амьдрал хүнд байна” гэж зохиож яриад байна гээд байгаа юм. Би сонгогчидтойгоо уулзахаар “Амьдрал хүнд байна” гэдэг. Сайхан амьдарч байгаа хүмүүс нь хаана яваад байна аа. Тэрийг үнэхээр олж сонсохгүй байна л даа.

2016 онд сонгууль болоод манай нам яллаа гэхэд бид бурхан биш ийм үр дүн гарна гэж амлаж чадахгүй. Өнөөдрийн нийгэмд гоё ярьдаг хүмүүс нь ихэдчихээд хэцүү байна. Гоё ярихын уралдаан явж байгааг хараарай. 2016 онд МАН олонхи болчихвол зарим хүнд уйтгартай болно.

-Тэр нь юу гэсэн үг юм…

-МАН гарчихаад Засгийн газар тогтвортой байх тул огцрохгүй. Тэр нь зарим хүнд уйтгартай. Тэр нь харин ард түмэнд жаахан тустай байж магадгүй. Одоо 600 мянган төгрөгийн цалин авч байгаа хүнийг дөрвөн жилийн мөчлөгт чадвал 850-900 мянган төгрөгийн цалинтай болгох тийм л зүйл ярина. 2012 онд өсч байсан трэндийг бид хадгалаад явж байсан бол одоо 900 мянган төгрөгийн цалин авч болох байсныг үгүйсгэхгүй. Бид алдагдсан боломжийн талаар ярихаа больчихсон. Намайг ингээд ярихаар “Энэ Чойжоо нам нь ялагдчихаад ийм юм ярьж байна” хэмээн шүүмжлэх байх. Миний хувьд шүүмжилж ч чадахаа байчихаад сууж байна.

-Төрийн зарим албан хаагчид, улс төрийн албан хаагчдын цалинг 10-30 хувиар хасна гэж байна. Өөр ямар ямар урсгал зардлуудыг танахаар төсөвт оруулж ирээд байгаа вэ?

-Би мэдэж төсөв зохиодог байсан бол төсвийн зарлагын мөр болгон дээр ажиллана. Төрийн өөрийнх нь зардал замбараагүй нэмэгдсэн.

-Та төсвийн ажлын хэсэгт байгаа юм чинь нэлээн нягт ажиллах боломж байгаа биз дээ?

-Байгаа. Би ажлын хэсэг дээр эхний ээлжинд нэг санал тавьж байгаа. Орлогоо л зөв тооцъё гэж байгаа юм. Төсвийн орлого 5.7 их наядаас хэтрэхгүй тул төсвийн алдагдлаа хамаагүй дөрвөн хувиар тавьж байгаад зарлагаа түүнтэй тохируулъя. Эхлээд макро хязгаараа тогтоочихоод түүн дээрээ нарийн ажиллах ёстой. Нэгэнт орлогодоо захирагдаж таарах тул цалинг бууруулахаас ч өөр замгүй. Гарцаагүй амьдрал зогсоочихгүй, гал алдчихгүй хэмжээний зардлуудаа гаргаад, тэвчиж болох зардлуудаа бүгдийг нь хасахаас өөр аргагүй. Харин улстөржиж, энийг тэрийг хасах ёстой гэж онцолж яримааргүй байна.

-ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажлаа явуулахгүй байж ирэх оны төсөвт 100 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ гэж байна. Тэр төсөвт нь сургууль, цэцэрлэгийн барилгаас эхлээд нэлээдгүй урт жагсаалт байна лээ. Магадгүй сургууль, цэцэрлэгийн төсвөөс сонгуулийн мөнгөө гаргах гээд байна уу гэж хардаж болохоор байгаа юм?

-Мөнгө нь байхгүй зүйлийг төсөвт суулгахаар дахиад л нэг үлгэр болоод байна. Сургууль, эмнэлэг дээрээ ч тэвчихээс өөр аргагүй болж магадгүй. Өнөөдрийн нөхцөлд сургууль, цэцэрлэг, эмнэлгээ ч барьж чадахааргүй болчихоод байгаа. Төрийн албан хаагчдын цалинг буулгамааргүй байна. Чаддагсан бол сургууль, эмнэлгийг нь бариад, амьдрал сайжруулмаар байна.

Сургууль, цэцэрлэгийн мөнгөнөөс сонгуулийн мөнгө босгох гэж байна гэсэн хардлага гадуур байгаа. Гэхдээ эрх баригчдыг би харлуулж, будмааргүй байгаа юм. Ажил хийж байгаа хүнийг хажуугаас нь шүүмжлээд байхад хэцүү байдаг. Шүүмжлэх зүйл заавал олддог. Би бие хүн болж төлөвшихдөө бизнес хийгээд сурчихсан. Төрийн албанд шилжихээсээ өмнө 10 гаруй жил бизнесийн замаар явчихсан хүн. Юм бүтээе гэхэд нурах магадлал их өндөр байдаг л даа. Би бизнес сэтгэхүйтэйгээс гадна инженер хүн. Тиймээс ийм юм хийх гэж байна гэж зарлах дургүй. Хийчихлээ гэж хэлэх дуртай. Нурах, зогсох тэр олон эрсдэлийг чимээгүй байж байгаад давсныхаа дараа хийчихлээ гээд дуугарах чинь кайф байхгүй юу. Амьдралыг үр дүнгээр хэмжих ёстой. Одоо бол тэгнэ, ингэнэ гэсэн ирээдүй цаг дээр бид амьдарч байна. Жаахан бодитоор сэтгэж харвал яасан юм. Бидний хүсэл таазанд, хийх боломж ширээн дээр байна. Энэ хооронд асар их орон зай бий. Байнга том зүйл хүсээд боломж нь түүнийгээ гүйцэхгүй болохоор бухимдал үүсдэг.

-Уул уурхайгаас орж ирдэг хөрөнгө оруулалт буурснаас хойш бид эдийн засгаа солонгоруулах ёстой гэж ярьж байгаа. Гэвч нэг хөл дээрээ дэгэнцэн буй эдийн засаг өнөө хэр нь явсаар байна. Боломж байна уу. Байвал ямар?

-Бид хэтэрхий яараад байна. 2000 онд МАН ялаад Засгийн газар байгуулж байсныг эргээд сана даа. 320 тэрбум төгрөгийн төсвийн зарлагатай байсан. Одоо бол 5.4, 7.5 их наяд гээд 10 дахин өссөн тоонууд яриад байгаа биз дээ. Тэгэхээр амьдрал жаахан ч гэсэн урагшилж байгаа. Харин хэт яараад байна. Эдийн засаг солонгоруулах талаар та ярьж байна. 2000 оноос хойших цаг хугацааг аваад үзэхээр шулуухан хэлэхэд солонгоруулах цаг хугацаа байгаагүй. 2006 оны төгсгөлөөс зэс дээр нүүрс гэдэг нэг сэдэв гарч ирсэн. 2008-2009 оныг дамжсан дэлхийн эдийн засгийн хямрал явагдаж 2010 оноос дөнгөж бодлогын зөв сонголт хийгээд гуравхан жил бид засагламаар аядан солонгоруулах чиглэлд бодлого явж эхэлж байтал бид сонгуульд ялагдсан.

2012 онд гадна ертөнц Монголыг сонирхож эхэлж байсан тэр боломжийг эрх баригчид алдсан. Одоо нэг хаширч, энэ нялхсын өвчнөөсөө салах байлгүй дээ. 2016 онд бид яллаа гэхэд нэг давуу тал ирнэ.

-Ямар давуу талын тухай ярьж байна вэ?

-Зовлон үзсэн чавганц гэдэг шиг эрх барихын зовлонг үзсэн бид цөөнх байхын зовлонг үзчихсэн байх юм. Тэгснээр үүнээс цааш алхаж болохгүй хязгаар бий юм байна гэдгийг бага зэрэг ойлгосон байх байлгүй гэж найдаж байна.

-Ирэх оноос гадны хөрөнгө оруулалтууд сэргэх болов уу гэж гишүүн бүрээс шахам асууж байна. Танаас ч бас асууя?

-Энэ жил гадаадын хөрөнгө оруулалт хасах тоотой гарах юм шиг байна.

-Оюу толгой, Таван толгой гэсэн томоохон ордуудаа их харж байна?

-Бид их том зүйл хүсдэг. 2016 оноос Оюу толгой хөдөлж эхэллээ гэхэд 300 орчим сая ам.доллар орж ирэх юм байна лээ. Үүнийг зарим нөхдүүд бага байна гэх юм. Бага ч гэсэн нэмэх тал руугаа явах ёстой. Оюу толгой гэлтгүй бусад төслүүд ч гэсэн яг адилхан. Бага багаар солонгоруулаад явах шаардлагагүй. 1000 гэдэг тоо ч гэсэн нэгээс бүтдэг гэдгийг санаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *