УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.
–Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцсэн ч харамсалтай нь олонхийн дэмжлэг авалгүй хууль санаачлагчид нь буцаахаар болчихлоо. Одоо тэгэхээр төсвийг дахин өргөн барина гэсэн үг үү?
-Ирэх оны төсвийг батлахад 10 гаруй хоногийн хугацаа үлдлээ. Хаврын чуулганаар баталсан төсвийн хүрээний мэдэгдлийн дээд доод хязгаартаа багтаан төсвийн орлого, зарлагаа тохируулна гэсэн үг. Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсэг гарч тоон дээрээ ажиллах байх. УИХ-ын баруун гарт Засгийн газар, зүүн гарт нь Монголбанк байдаг. Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг гарч төсвийн төсөл, мөнгөний бодлогыг хамтад нь хэлэлцье. Төсвийн тэлсэн бодлого явуулаад байгаа үед Монголбанкнаас ирэх онд валютын ханшийг одоо байгаа түвшинд нь барих магадлал тун тааруу. Олон улсын байгууллагуудын тайланг харж байхад экспортын бүтээгдэхүүний үнэ ирэх онуудад өсөхгүй бөгөөд магадгүй буурах хандлага ажиглагдаж байгаа. Орлогодоо тааруулж зарлагаа төсөвлөхгүй бол болохгүй. Тухайлбал, манай улс дөрвөн төгрөгийн орлоготой байж долоон төгрөгийн зарлага гаргах гээд байна. Орлого, зарлагын зөрүүг богино хугацаатай Засгийн газрын үнэт цаас, гадна дотнын зээл тусламж авч санхүүжүүлэх нь өрийн гинжин хэлхээ бий болгоод байгаа юм. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор тавьсан Засгийн газрын бондын дийлэнх хэсгийг сүүлийн 2012, 2013, 2014 онуудад нэмэгдүүлчихсэн. Өнөөдрийн байдлаар хоёр их наяд 110 орчим тэрбум төгрөгийн зөвхөн дотоодын өрийн үлдэгдэл байна. Энэ нь ирэх хоёр жилд маш том хүндрэлийг үүсгэнэ. Хамгийн том хүндрэл нь бид валютын ханшаа барьж чадахаа болино. Орлогодоо тохируулж зарлага гаргаж амьдаръя л даа. Таван метрийн өндрөөс унасан хүний хөл нь хугараад амьд үлддэг. 15 метрээс дээш өндрөөс унахаар амиа алддаг. Ирэх хоёр жилд ирэх хүндрэлээс урьдчилан сэргийлж зарлагаа хянаж таван метрийн өндрөөс унах хэрэгтэй. Өнөөдөр бидний орлого 2011 оны хэмжээнд байгаа бол зарлагаа ч гэсэн түүндээ тааруулж гуравхан жилийн өмнөх амьдралдаа эргээд очицгооё л доо. Тэгэхгүйгээр орлогоосоо давсан зарлага гаргаад яваад байвал гадагшаа хандсан Монгол Улсын бүх гэрээ хэлэлцээр ашиггүй болно. Хоолойд тулсан өртэй болчихоор гадныхан түүнд нь тааруулаад амь тариа залгах мөнгө өгч хариуд нь бугуй барьдаг. Нууцгүй хэлэхэд сүүлийн хоёр гурван жил ийм зүйл явагдсан. Одоо манай нам сайн ажилласан, танай нам муу ажилласан гэж маргалдах цаг биш. Монголоо бодох цаг.
–Төсвөө энэ чигт нь батлаад явчихбал хаврын чуулганы төгсгөл рүү төсвийн тодотгол хийгээд явчих боломжтой гэдгийг Ерөнхий сайдын зүгээс цухуйлгаж байсан. Харин та юу гэж бодож байгаа вэ?
-Би Ерөнхий сайдыг ойлгохгүй юм. 2014 оны төсвийн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр дутна. Орлого дутаж байгаа юм чинь зарлага талаас нь тэр хэмжээний мөнгийг хасч таарна биз дээ. Юуг нь хасч, алийг нь цааш үргэлжлүүлэх вэ гэдгээ 2015 оны төсвийг батлахаас өмнө 2014 оны төсөвт тодотгол хийх хэрэгтэй байсан. Тэр дутуу санхүүжүүлсэн юмаа үргэлжлүүлээд явуулах шаардлагатай. Үүнийгээ хийхгүй байна. 2015 оны төсвөө батлаад дараа нь 2014 оныхоо төсөвт тодотгол хийе гээд байх юм. Ерөнхий сайд олон төрлийн ажилтай завгүй л байдаг байлгүй. Сангийн яам нь ядаж тодорхой зүйл хэлээд явчихаж болдоггүй юм уу. Биднийг хэлэхээр “Муу үзэх гэлээ. Муу ёрлож харлууллаа” гээд унадаг. 2013 оны төсөвт хоёр удаа тодотгол хийсэн. Энэ оны төсөвт нэг удаа тодотгол хийснийг санаж байгаа байх. Дахин нэг тодотгол хийх зайлшгүй шаардлагатай байна. Ийм замбараагүй үйл ажиллагаа яваад байхаар магадгүй тендер дагасан будилаан газар авна. Тендерийг санхүүжүүлэх үгүй нь ч тодорхойгүй болно. Төгрөгөөр тендерт орчихоор валютынхаа ханшийг алдчихдаг. Тендерт ороод алдагдал хүлээсэн компанийн тоо хэдэн зуугаараа байна. Зээл авч тендерт орсон компани банкнаас алдагдал хүлээхэд банкууд дагаад хүндэрдэг. Энэ гинжин хэлхээ явсаар л байгааг харахгүй юм. Өрийн хэмжээ дээд хязгаартаа тулчихсан үед цаашаа өр зээл авна гээд явбал улам хүнд байдалд орно. Хоёр гурван жилийн дараа байдал маш ноцтой болно.
–Ерөнхий сайдыг огцруулах нь үүнээс гарах гарц мөн үү?
-Би Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан 28 гишүүний нэг нь. Эдгээр 28 гишүүний кнопоор асуудлыг шийдэж чадахгүй. Энэ нь эрх баригчдын шийдэх асуудал. Эдийн засгийн бодлогын тал дээр барьж буй чиглэлээ өөрчлөхгүй бол амаргүй байна. Энэ байдлаараа цаашаа явбал эдийн засгийн нөхцөл байдал маш хүндэрнэ.
–Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад хөрөнгө оруулалт дээд цэгтээ хүрч эдийн засгийн өсөлт 17.8 хувьд хүрсэн гэж ярьдаг. Тэр үед эдийн засгийн нөхцөлөө сайжруулж чадсангүй гэдэг. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Би 2008 онд УИХ-ын гишүүн болсон. Түүний дараахан буюу 2008, 2009 онуудад дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болсныг санаж байна. 2010 оноос эдийн засгийн нөхцөл байдал гайгүй сайжирч эхэлсэн. 2011 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.8 хувьд хүрч түүхэн дээд амжилт тогтоосон. Тэр үед Оюутолгойн хөрөнгө оруулалт, түүнийг дагасан хөрөнгө оруулалтууд маш ихээр орж ирснийг санаж байна. 17.8 хувь гэдэг бол маш өндөр тоо. Ийм өсөлтийг байнга хадгалах нь хэцүү гэдэг нь тодорхой юм. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд тогтвортойгоор хоёр оронтой тоонд хадгалах нь чухал байсан. Тиймээс тухайн үед МАН-аас төсвийг тэлэхгүй, хөөсрүүлэхгүй бодлого барьж төлөвснөөс илүү орсон орлогыг тогтворжуулалтын санд хуримтлуулах чиглэл барьсан. Харамсалтай нь бид энэ бодлогоо 2012 оны сонгуулиар ард түмэнд зөв ойлгуулж чадаагүйгээс болж ялагдсан. Хэдийгээр бид дээрх бодлогыг барьж байсан боловч хоёр нам хамтарсан байсан тул 2012 оны төсвийг хөөстэй, тэлж баталж байсныг санаж байна. Гэтэл 2013, 2014 онуудад түүнийг бүр ихээр давуулан хөөсрүүлсэн. Тогтмолжоогүй орлогоор тогтмолжсон зарлага бий болгочихлоо.
Анх Хөгжлийн банк байгуулаад Засгийн газрын баталгаатай бонд босгох үед бондыг худалдан авахаар таван тэрбум ам.долларын санал ирж байсныг санаж байна. МАН-ын бүлэг дээр тухайн үед “Энэ хэмжээгээр авах нь эрсдэлтэй байна” гээд зөвхөн 580 сая ам.долларын бонд аваад нэг ч цент зарцуулалгүйгээр 2012 оны УИХ-ын сонгуульд орсон гээд бод доо. Шулуухан хэлэхэд бид эх оронч царайлж яваад сонгуульд ялагдсан.
–Одоо тэгээд араас нь харамсаад байгаа юм уу?
-Би харамсахгүй байна. 2014 оны өндөрлөгөөс эргэн харахад бидний тухайн үед явуулж байсан бодлого зөв байжээ.
–Чалкогоос мөнгө аваад Хүний хөгжил санд оруулаад ард түмэнд тараачихсан. Тэр өрийг чинь өнөөдөр төлөх гээд асуудал болж байна шүү дээ?
-Эрх баригчид ямаа шиг зүйлийг тэмээтэй зүйрлэж ярьдаг. Чалко компаниас Эрдэнэс Тавантолгой компаниар дамжуулан нүүрсний урьдчилгаа авахуулаад тэрийг нь хүний хөгжил санд 350 сая ам.доллар өгүүлсэн нь үнэн. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид зээл аваагүй гээд гүрийх шаардлагагүй. Эрдэнэс Тавантолгой Чалко компанийн хооронд гэрээ байгуулсан. 2008 онд Австралийн коксжих нүүрсний уурхайнууд үерт авсан. Тухайн үед Хятадын эдийн засаг хурдацтайгаар 10-аас доошгүй хувиар өсч байсан. Коксжих нүүрсний үнэ тонн тутам нь 135 ам.долларт хүрч байсан. 2011 оны дунд үеэс коксжих нүүрсний үнэ буурч эхэлсэн. Эрдэнэс Тавантолгой компани Чалкотой гэрээ байгуулахдаа нэг тонн нүүрсний үнийг 70 ам.доллараар 10 жилдээ үнэ тогтвортой байх нөхцөлөөр тохирсон байсан. Магадгүй тухайн үед 80 ам.доллар байхад нь бид 70-аар гэрээ байгуулсан нь үнэн. Цаашид нүүрсний үнэ үргэлжлэн унах нь тодорхой байсан тул 70 ам.доллар дээр тогтмолжуулах бодлого барьсан. Одоо коксжих нүүрсний үнэ унаад 33 ам.доллар болсон. Үнийг унагаахгүй 10 жил тогтмолжуулах гэтэл “Монголын баялгийг үнэгүйдүүлж гадныхантай хуйвалдаж хямд өглөө” гэж шүүмжилж байсан биз дээ.
–Та бизнесийн салбарын амжилт, ололт нь юундаа байдгийг ч мэднэ. Аливаа бизнес зээл авч л хөл дээрээ босдог гэдэг нь манай болон дэлхийн томоохон компаниудаас харж болдог. Хувийн бизнестэй хүмүүс нь зээл авч хөл дээрээ зогсоно гэчихээд улс нь зээл авъя гэхээр яагаад эсэргүүцээд байдаг юм бэ?
-Улс ч ялгаагүй хувь хүн ч ялгаагүй зээл авч болно. Хөгжихийн тулд зээл авдаг нь үнэн. Банк зээл өгөхдөө ирээдүйн орлого тогтмол, эргэн төлөлтийг нь харж байж зээл өгдөг. Таван тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний Чингэс бондыг анх гаргахдаа УИХ-аас зөвшөөрөл өгснийг санаж байгаа байх. Ардын намын бүлгийн гишүүд дотор үүнийг нь санаачлаад дэмжээд явъя гэж байсан хүний нэг нь би. Гэхдээ бондыг эргэн төлөх хугацаанд орлого тогтвортой байх нь баталгаажсан нөхцөлд энэ орлогыг аваад зарцуул гэдгийг Эдийн засгийн хөгжлийн яамныханд би хэлж байсан. Гэтэл экспортын орлого тооцоолоогүйгээр унаад байна. 2015 оны нүүрсний экспорт хэд байхыг хэн ч тааж мэдэхгүй. Орлого байхгүй үед зээл авахаар тэр нь өр болж хувираад байгаа юм. Улсын суурь болсон Засгийн газрын зээлжих зэрэглэл буураад эхлэхээр Монголын аж ахуй нэгжүүдийн зээлжих зэрэглэл дагаад унана. Засгийн газраасаа илүү баталгаатай зээлжих зэрэглэлтэй аж ахуй нэгж байдаггүй.
Татвар төлөгчдийн мөнгөөр хариуцлага хүлээхээ болъё. Менежментээ зөв хийгээд гадаад, дотоодын зах зээл дээрээс мөнгө босгоод ирэхээр Засгийн газар нь зээлжих зэрэглэлээ унагаад, мөнгөний унацыг нэмээд байгаа юм. Дахин хэлэхэд зээл авч болноо, эргэн төлөгдөх нөхцөлд чинь орлого тогтмолжсон байх ёстой гэдгийг хэлье. Төлж чадахгүй бол яах вэ гэхээр Парисын клубийн зарчим яриад байх юм.
–Тэр нь юу билээ?
-“Өрийг цайруулж өгдөг юм аа” гээд байгаа. Парисын клубийн зарчим яваад эхэлбэл хэвийн горим үгүй болно. 2000 оны эхээр ОХУ их өрийг тэглэж, манайхан “Орос шиг бай л даа” гэж хэсэг ярьсан даа. Одоо тийм зүйл байхгүй ээ. Яаж ч хүлээгээд нэмэргүй. Хүмүүсийн тархийг угаахаа боль. Одоо арилжааны зээлүүд л явж байна.
–Асуудал энэ мэтчилэн хоолойд тулчихаад байхад Засгийн газраар ажлыг нь хийлгэмээр байна. Бондын хүүгээс эхлээд ярих юм их байгаа юм биш үү. Гэтэл сандал ширээний хэрүүл хийгээд байх юм…
-Хэн саад болсон юм.
–Танай намынхан Ерөнхий сайдыг огцруулна, салбарын сайд нарыг огцруулна гээд ажил хийлгэсэнгүй шүү дээ?
-Манай зээлжих зэрэглэл B- болсон. Үүнээс доош унаж С ангилалд орох гээд байна. Хэрэв тэгвэл дампуурлын менежмент явагдана. Одоо харин төсөв дээрээ тэлсэн бодлогоо болиод орлогодоо зарлагаа тохируулан ороод ирвэл заавал огцруулна гээд сандал ширээ ярих ямар ч шаардлагагүй. Энэ чинь аргаа барсан л арга шүү дээ. Гадна дотно хүмүүстэй уулзахаар амьдрал хүндрээд байна гэдэг. Энэ саарал байшинд ороод ирэхээр амьдрал сайхан байна гэх юм. Амьдрал сайн муу байгаагийн үнэлэмжид би хүртэл эргэлзэж эхлээд байна. Ерөнхий сайдыг огцруулах нь тийм ч чухал биш. Бодлогын алдаагаа л засчих. Юм л бол биднийг ажил хийлгэхгүй байна гэх юм. Эрх баригчдад 50 кноп байгаа биз дээ.
–АН-ынхныг дотроос нь жаахан өдөөгөөд өгөхөөр хагаралддаг. Үүн дээр нь танайхан тоглолт хийгээд байгаа юм биш үү. Хамтарсан Засгийн газар байгуулах сонирхол танайханд байгаа гэх юм?
-Ардчилсан намын дотоод хэргийг би мэдэхгүй. Хардах эрх хүн бүхэнд байдаг. Харин гүтгэх эрхгүй. Бид Засагт орох шаардлагагүй. Бид үнэний туйл биш. Хүмүүн биеийг олж төрсөн адилхан хүмүүс тул бидэнд алдаа оноо байсан л байх. Манайхан бүх хүнд тааруулж сайн ажилласан гэж өөрсдийгөө өмөөрмөөргүй байна. Гэхдээ Ардын нам ингэж нурааж яваагүй. Хүн болгоныг диваажинд байгаа мэт амьдруулж чадаагүй нь үнэн. Угаасаа тэгж чадахгүй юм байна лээ. Ардын нам тэмцэж чаддаггүй, Ардчилсан нам засаглаж чаддаггүй гээд хэлц үг гарсан байна. Энэ үнэний хувьтай үг шүү.
–Тавантолгойг хувьчилна гэсэн. Ирэх оны эдийн засагт нөлөөлөл үзүүлэх үү?
-Тавантолгойг хувьчилна л гээд байгаа. Газрын доорх баялгийг бид бүтээгээгүй. Хэдэн мянган жил эцэг өвгөдийн халуун амиар олдсон баялаг. Үнэгүйдсэн үед нь хувьчилж өөрсдөө хувааж идэх гэж байна гэсэн янз бүрийн хардлага байдаг. Би хараар будмааргүй байна.
Хэдэн жилийн өмнө Лексус-570 гэдэг машин Улаанбаатарын гудамжинд хэд явдаг байлаа. Одоо битүү л явж байгаа биз дээ. Энэ чинь зарлага шүү дээ. Ам.доллараар авдаг зүйлсийг багасгах хэрэгтэй.
–Та ч гэсэн дөнгөж саяхан гарсан үнэтэй гар утсыг доллараар л авсан байна шүү дээ. Мөнгөтэй хүмүүс бүгд ингэж байна. Үүнийгээ зогсоочихооч?
-Үнэн. Намайг шүүмжилсэн шүүмжлэлийг хүлээж авъя. Манай эхнэр гадагшаа явж ирээд IPhone 6 гар утсыг бэлэглэсэн юм. Энэ мэтчилэн Монголын ам.долларын урсгал гадагшаа явж байна. Хувь иргэн бүр өөрсдийн хэрэглээн дээрээ анхаарах хэрэгтэй. Би ч гэсэн эргэж харъя.
Э.ЭНХБОЛД