Categories
мэдээ цаг-үе

Б.ЧОГСОМ: Дайны дараа Монгол минь л танагтай үлдсэн дээ

Түрүүч нь ¹ 073 (5025) дугаарт

Ардын зураач Б.Чогсомтой хийсэн ярилцлагын төгсгөлийг хүргэж байна.

-Ойрдоо та юу хийж байна даа. Бүтээл дээрээ ажиллаж байгаа биз дээ?

-Одоохондоо зотонгоо цардаад л байна. Үүнд их хугацаа орно оо. Бүтээл эхлэх үеэр маань ирж сонирхоорой. Нэг ийм юм би их бодох боллоо. Уг нь манай урчуудын байгууллага 1942 онд байгуулагдсанаасаа хойш улсдаа маш их хэрэгтэй юмнууд үлдээсэн дээ. Энэ хугацаанд юу болоод өнгөрөв гэж жар далан жилийн судалгаанаас нэлээн анализ би хийсэн юм. Их ч юм судалж, их ч юм үзэж тууллаа. Ингээд үзэхэд, дүрслэх урлагийг энэ улс мөн ч өнгөцхөн ойлгох юм даа. Мэргэжлийг нь эзэмшчихээд зураад л байдаг, хүүхэд байхаасаа зураад л байдаг гэж ойлгодог бололтой. Ер нь хүн зурж л байдаг. Хийсэн бүтээлийг нь музей галерей, хувь хүн авбал аваад, өөрт нь хадгалагддаг нь хадгалагдаад, үрэгддэг нь үрэгдээд л өнгөрдөг. Бүтээлчид нь ч үрэгдээд дуусдаг. Гэтэл үүний цаана амьдрал гэж нэг айхтар юм байгаа юм. Зураг зурж, урлагийн бүтээл хийж бүх нас, амьдралаа түүнд золиод зориулчихсан байдаг. Харахад улс маань нэг л их урлаг хөгжүүлж, ялангуяа дүрслэх урлагийг хөгжүүлж байна гэж ярьж явсаар байгаад өдий хүрлээ. Шинээр хичнээн хүн төрж гарч сургууль соёлоор дамжив. Бичдэг, ярьдаг зүйл нь гэвэл, зүгээр зургаа л яриад байдаг. Би бол зургийг хүн нийгмийн түүхээс салангид явж чадах­гүй гэж үздэг хүн. Нийгэм эдийн засгийн асуудлаас са­лан­гид явж чадахгүй. Гүн ухаан философиос салангид явж чадахгүй. Тэр тусмаа дүрслэх урлагийн бүх онолоос салахгүй. Ийм олон зүйлийн нягт холбоон дунд зураг хөл дээрээ сая нэг юм зогсч байгаа юм. Энэ талаар хэн ч үг дуугарахгүй байна. Манай зураач нар ч ярьдаггүй. Нэг сургуульд сураад шалгалт өгч төгсөөд зургаа л зурна. Миний амьдрал ч тэгж өнгөрсөн. Гэхдээ би нийгэм эдийн засаг, философи, дүрслэх урлагийн онолын тэр нягт холбоон дунд явсан хүн. Улсынхаа дүрслэх урлагийг тэр л замаар явуулах юм сан гэж боддог хүн.

-“Хорго” гэж таны алдартай уран зураг бий. Ийм хэд хэдэн бүтээлээрээ өмнөх нийгмийн үзэл сурталд үл нийцэж, үзэсгэлэнгээ гаргах, үзэсгэлэнгүүдэд бүтээлээ тавих эрхээ хасуулж явсныг тань, Сайд нарын зөвлөлийн 68 дугаар тогтоол гэгчээр 20 жил уран бүтээлчдийг цензурдсаныг хүмүүс сайн мэдэх учир энд яриад яахав. Харин Хоргыг та анх хэзээ харсан бэ?

-1956 он болсон чинь Багшийн дээдийн захирал намайг дуудав. Зургийн дээд мэргэжлийн дипломгүй хүнээр зураг заалгалаа гэсэн хэл ам гарчээ. Би ч дуртайяа больчихмоор байдаг. Гэтэл захирал гаргасангүй. “Би чамд нэг арга зааж өгье. Чамд нэг жилийн чөлөө өгье. Нэг сэдэв авчих. Уран зургийн анхны ангийг төгсгөх гэж байна. Ху намын түүх, философи, урлагийн түүх гэсэн дөрвөн шалгалт авдаг юм, чи аль алийг нь цээжилчихсэн хүн. Тэр дөрвөн шалгалтыг чи ёс болгоод өгчих. Би чамайг эргүүлээд авъя” гэсэн. Тэгэхээр нь Немой эмчийн сэдвийг аваад Архангай явлаа. Немой гэж 1932 оны эсэргүү бослогын үеэр амиа алдсан хүн л дээ. Зөвлөлтөөс нэг залуухан сайн эмч, эхнэр хоёр настай хүүхэдтэйгээ Монголд ирээд Архангайд хуваарилагдсан юм. Очоод нэг жил юм уу хоёр жил болж байтал Тариатын бослого гарчээ. Бөөн юм болж. Нөгөө орос эмч би явна, шархадсан улсыг эмнэнэ, би явахгүй бол болохгүй гэж зүтгэсээр байгаад явжээ. Очоод эсэргүүний удирдагч Дамдинсүрэнд баригдаад алуулсан хүн, хөөрхий.

-Архангайд очоод юу болов?

-Тэгээд Архангайн Хоргод би очлоо. Хоргын захиргаа намайг арван жилийн сургуулийн ганц гонзгой байшингийн гаднаасаа ордог нэг хаалгатай нэг ортой өрөөнд орууллаа. Би нэг сарын томилолттой яваа. Надад туслах нэг хүн өглөө. Норжинжав гэдэг хүн юм байна. Тэр бол яг 1932 оны эсэргүүний бослогын жинхэнэ халуун цэгт нь явж байсан, Эвлэлийн үүрийн дарга, хориод насны хүн байв уу даа. Тэр хүн надад нэг цагаан морь өгсөн юм. Хоёулаа морьтой явж өглөө. Би судалбар хийгээд л явлаа. Тэгж явахдаа “Хорго”-ыг зурав аа. “Хорго”-ын судалбарыг хийсэн юм. Немой эмчийн сэдэвт зургаа ч зурлаа. Сэдвээ хамгаалах цаг болов. Л.Гаваа гуай комиссын дарга байсан. Миний шавь нар хориод оюутан орлоо. Дундуур нь би орлоо. Миний зураг өлгөөтэй байна. Зөндөө л асуулт тавьцгаасан. Сүүлд нь номонд тэр зургийн дүгнэлтүүдийг бичсэн байна лээ. Тэгээд надад онц тавьж диплом өгсөн юм. Дайны жилүүдэд монголчууд юун дүрслэх урлаг хөгжүүлэхтэй манатай л байлаа даа. Бүх юмаа фронтод илгээнэ. Гэртээ яваад ороход ээж минь баруун хаяагаар дүүрэн цагаан хонины ноос зулчихсан, утас ээрч суудаг байв. Бээлий, оймс нэхээд л. Дандаа хонины сэгсүүргэн арьсаар хамт ажилладаг хүүхнүүдтэйгээ нэхий дээл оёно. Түүнийг нь хороо хорины дарга айл айлаар нь бүртгэж данслаад аваад явна. 1945 он хүртэл ингэж амьдарцгаасан. Тэглээ гээд ямар ч цалин мөнгө өгөхгүй. Тэр тусмаа даргын авгай их идэвхтэй байх ёстой.

-Ээж тань хаана ямар ажил хийдэг байв?

-Ээж минь бага ангийн ч боловсрол байхгүй. Жирийн л нэг эмэгтэй. Бүх сайд нарын авгай нар тийм л эмэгтэйчүүд байсан юм. Тийм үед яагаад ч юм манай Монголд улаан стрептоцид гэгч орж ирсэн юм. Улаан будагтай стрептоцид. Ээж минь тэр стрептоцидыг нунтаглаж усанд уусгаад хонины ноосон утсаа дотор нь хийхээр улаан өнгөтэй болчихдог байв. Улаан утсаараа алаглуулаад их гоё бээлий, оймс нэхдэг байсан. Яахав дээ, фронтод байлдаж яваа хүмүүст Монголоос тийм гоё юм очно гэдэг чинь гоё л биз дээ. Манайх 1948 онд одоогийн Сансар хорооллын байршилд дэнж дээр дөрвөн ямаа, хоёр үнээ аваад зусланд гарав аа. Үнээ, ямаануудаа би Толгойт Баянголоос авчраад намар нь дугуйгаа унаад Галбадрах гэдэг нутгийн нэг өвгөнийд тууж аваачиж өгөв. Цаад жалган дор нь зургаан зенит буу зоогоостой байх. 1939 онд тэнд зоосон гэдэг. Улаанбаатар руу Япон ирж бөмбөгдвөл өмнөөс нь буудах юм гэнэ. Наад дэнж дээр нь нэг өчүүхэн жижигхэн модон байшин байгаа юм. Түүн дотор сум нь байдаг юм байна. Нэг цэрэг ч байдаг байсан, сүүлдээ байхаа больсон. 1945 он хүртэл Улаанбаатарын айлуудын ихэнх нь гэрт байхад бүгд дэнтэй, тооно нь хав хар хөшигтэй, байшингуудын цонх нь бүгд хав хар хөшигтэй байв.

-Ямар учиртай юм бол?

-Япон бөмбөгдөнө, гэрэл гаргаж болохгүй. Хаа нэг цонх, өрх гэрэлтэй байх юм бол бөөн хэл ам гарна. Бараг л гучин долоон оных шиг Японы тагнуул гэж мэдэхээр тийм ширүүн байлаа. Цэргүүд байнга хотоор явж хянана. Хот даяараа пад харанхуй байна. Дотроо л гэрэлтэй. Манайх бол дэнтэй байдаг байсан.

-Хар хөшигтэй амьдрал хэдэн жил үргэлжлэв?

-1946 он хүртэл үргэлжилсэн. Үйлдвэрүүд л чийдэнтэй байдаг сан. Дайн дуусчихаар хар хөшгөө аваад хаячихгүй яахав. Манай монголчууд тиймэрхүү маягийн амьдралтай, улс даяараа нийт 600-гаад мянган хүн л байсан байх. Дайн дууслаа. 1945 онд би тавдугаар ангид 15 настай байхад биднийг Жаргалантын сангийн аж ахуй руу хадлан хадуулахаар явуулав. Ангиараа 28 хүүхэд очоод нэг сард 28 нуруу өвс нуруулдсан. Хоёр майхантай. Бас хоёр өвөр монгол хүү ирж бидний тогоог барьсан юм.

Биднийг өвс хадахаар явах бүрт хоёр тогооч маань зараа авч ирээрэй гэж захина. Тэр нутагт дүүрэн зараа байх. Бид ч орой болгон зараа авчирч өгдөг байв. Тэр хоёр ч бидэнд их гоё хоол хийж өгдөг байлаа.

-Зараагаар хийх үү?

-Яалаа гэж. Бидэнд их сайхан хоол хийж өгчихөөд өөрсдөө зараагаа шарж иддэг байсан юм. Зараа бөмбийчихөөд дөрвөн мөчөө ер нээхгүй. Өөд нь харуулж тэлж байгаад дотор нь томоо шавар хийчихээр эргээд хумьчихна. Тэгээд өргөсөн дээр нь битүү шавардаад нурам руу хийчихэж байгаа юм. Хэсэг хугацааны дараа түлэнхий хар бөөрөнхий юм гаргаж ирээд хэдхэн цохиод арьсыг нь өргөстэй нь салгачихаад идчихдэг байж билээ. Инээлдээд шулганаад л идэж өгнө. Их сонин сонин амьдрал байсан. Янжмаа гуай “Ишш, Чогсом минь, хувьсгалын эхэн үед их хэцүү байсан шүү дээ” гээд л сонин хачин юм их ярьдаг байв. Сум баг байгуулагдаад шинэ амьдрал өрнөж эхлэхэд даргаар нь хувьсгалт үзэл санаатай гэсэн хүмүүсээ томилдог л байж л дээ. Язгууртан, баяд ноёд гэдэг ч юм уу ялгаад өөрчилчихсөн, хувьсгалын талын хүмүүсээ ялгаад төрд авчихсан үе. Нөгөөдүүл нь янз бүрийн өвчтэй, ажлаа хийж чадахаа болиод хэвтэрт орчихсон, тэр тухай мэдээ сэлт хүлээж аваад Маршал хариуцлагатай улсуудаа эмч дагалдуулаад явуулдаг байж л дээ. Янжмаа гуай өөрөө бас л том хүний авгай байсан юм чинь тиймэрхүү ажил төрөлд нь явдаг, ядардаг зүдэрдэг, сэтгэл нь их зовдог байсан юм билээ. Арьс өнгөний өвчнөөс авахуулаад нийтээрээ янз бүрийн зовлонтой байсан юм байна лээ. Манжийн дарлал гэдэг чинь ямар л золиг байв гэж. Олигтой ганц эмнэлэг ч байсан биш. Ах ламынд очиж нэг залбираад болохгүй бол зүүн урд зүгт хонин гүрвэл болж төрнө, ердөө тийм л байсан байна л даа. Анхны Засгийн газар маань одоогийн Багшийн дээдийн цаадтаахь байшинд орчихсон. Хэсэгтээ орох оронгүй, одоогийн хоёрдугаар эмнэлгийн урдах засмал зам байгаа газар сайхан ногоон дэнж байсан үе. Түүн дээр нэг монгол хөх майхан зоочихоод жанжин тэр хоёр майхандаа хонодог. Зүүхэнтээ нь морио чөдөрлөчихдөг байсан гээд л Янжмаа гуай ярьдаг байсан. Тэр нь 1959 он шүү дээ. Нэг бодлын саяхан л юм шиг санагдах юм. Жаран жил өнгөрчихсөн байна. Энэ бүхэн нэг талдаа яах аргагүй л давж туулж өнгөрөх түүх юм. Хичнээн ч юм болж өнгөрөв дөө. Би бол бүгдийг нь нүдээрээ үзэж дунд нь хутгалдаж явсан ч хүүхэд байсан болохоор юу ч мэдэхгүй. Жаахан ухаан суугаад, энд тэнд яваад нүд тайлаад ирэхээр манайх мөн ч их хоцрогдсон байна даа гэж бодогддог байсан. Гэхдээ яах вэ, нийт дэлхий даяараа бүр сүйрчихсэн байсан юм чинь. Хоёрдугаар дайнд. Европ юу ч үгүй сүйрээд, Ази юу ч үгүй сүйрээд. Хятад улс Японы дарлалд юу ч үгүй хяргуулчихсан, Япон өөрөө хяргуулчихсан, Солонгос, Вьетнам Америкаар хяргуулчихсан, дэлхий тэр чигээрээ нэг ийм. Харин Монгол минь нэг юм танагтай үлдсэн. Нэг тийм энхийн маягтай. Гэтэл Орос зүдрээд туйлдаа тулчихсан, 50 сая хүнээ алуулаад хамгийн их зовлон үзсэн. Англи мөн зүгээр байгаагүй, Герман бүр ч тэр чигээрээ баларсан. Хажууд нь Польш Германдаа баллуулаад, Болгар ч бас ингээд ер нь бүгдээрээ дээ.

-Арай гайгүй нь Англи л байсан байх?

-Ёстой л тийм дээ. Европт Англи, Азид манайх танагтай үлдсэн. Харин тэр дунд Америк л нэлээн завшсан. Америк нэгдүгээр дайнд ч завшсан, Хоёрдугаар дайнд ч завшсан. Нэгдүгээр дайн эхлэхээс арай өмнөхөн1880,90-ээд оны үед хүн төрөлхтний дүрслэх урлагт нэг цоо шинэ үе эхэлсэн. Тэр нь импрессионизм. Импрессионизмын суурь төлөөлөгч нь Эжен Делекруа. Бүр эх суурь нь. Домье, тэгээд Сезанн, бүр жинхэнэ гүн рүү нь ороод ирэхээр Бонар, Синьек, Тулуз Лотрек, Ренуар, Эдгар Манэ, Клод Моне гэхчлэн баахан улсыг тоочиж болно. Энэ хүмүүс ердөө л их сайндаа арван жил бужигнасан. Гал түлэхэд ус нэг сайн буцлаад гал унтрахаар эргээд нам болдог доо, яг түүн шиг. Гэхдээ цоо шинэ юм нээгээд хаячихсан. Тэр нь агуу их онол байсан. Онол нь сэргэн мандалтын онолыг классицизмын онолтой, актимизм гээд энэ олон урд талын гол гол онолуудыг ашигласан мөртлөө дүгнээд задлаад, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр цоо шинийг нээсэн байгаа юм. Импрессионизмын дараа пост импрессионизм гэж нэг үе гарсан. Ний нуугүй хэлэхэд пост импрессионизм өнөөдрийг хүртэл байна. Урдах импрессионизмын дотор зөндөө олон изм бий. 62 изм байгаа юм. Тэр бүгд онолтой онолгүй аль нь ч тэнэглээгүй. Шинэ юм нээх гээд л зүтгээд байсан хэрэг. Гэтэл тэр дунд нэг их гойд гарч ирсэн урсгал нь фовизм. Фовизм бол ер нь бүх юмыг агуу мундаг гаргаж ирсэн. Жорж Брак, Анри Матисс, Ван Гог, Поль Гоген, Поль Сезанн, Пикассо байгаа юм. Суурийг нь Эдгар Манэ тавьсан юм. Дараа нь тэд маань юу ч болоогүй юм шиг алга болчихсон. Тухайн үед тэднийг хэн ч хүлээж аваагүй. Ван Гогоос нэг ч зургийг нь амьдад нь худалдаж аваагүй, Гогенийг бүр хайхраагүй. Сезанн бол ер нь, онигоо ч биш юм шүү, амьдрал дээрээ гудамжинд гутлаа дэрлээд унтаж байдаг хүн байсан гэж намтарт нь байдаг юм. Аж амьдрал дээрээ бүгдээрээ тийм л нэг арчаагаа алдсан хэдэн зураачид. Тархи нь агуу ажилладаг. Ер нь хэцүү. Өрөвдмөөр. Бүгдээрээ залуугаараа шахуу хорвоогоос явчихсан. Гэтэл тэд тийм их агуу юм хүн төрөлхтөнд хийж өгчихөөд өнөөдөр тэдний бүтээл хэзээ ч мөхөхгүй, хэзээ ч унтрахгүй, дараа дараагийн зуун жил өнгөрчихөөд байхад өнөөдөр мөн хүн төрөлхтний агуу их соёлын өөв болоод явж байгаа юм. Европ тийм байж. Манайхыг тойроод Япон, Хятад мундаг улсууд шүү дээ. Тэд энэ шинэ үзэгдлүүдээс бас амсаад л байсан. Өөрийн гэсэн Азийн соёлтой, Европын соёл бас нэлээн түгчихсэн. Монголыг тойроод байсан. Монголд 1921 онд хувьсгал гарч, гучаад он болж байхад урдаас манай руу соёлтой улсууд орж ирж байгаа юм. Урдаас Соёлтой ирж багшийн сургуульд багшиллаа, хойноос Бельский, Помаренцев гээд хэд хэдэн хүн ирлээ. Орос бол 1917 онд хувьсгал хийсэн юм чинь гучаад онд нэлээн мундаг болчихсон том академийн улсууд ирж байгаа. Сургууль соёл байгуулаад ийм замаар манайд нөлөө орж ирсэн юм.

-Таны тавин хэд, жаран хэдэн онд зурсан тэр алдартай бүтээлүүдийн үр хөврөл Москвад дипломатын сургуульд сурч байх үеэс эхтэй юм болов уу гэж боддог байсан. Бүр эртнийх юм уу?

-Бельский манайд нэлээн нөлөө өгч эхэлсэн тэр үед би суралцаад эхэлчихэж байгаа юм л даа. Хожим Москвад олон улсын харилцааны сургуульд франц судлалаар сурч байхдаа харин бие дааж хүн төрөлхтний урлагийг нэлээн гүнзгий судалсан. Зарим талаар бүтээлдээ тусгасан, ашигласан юмнууд бий. Би хойшоо явахдаа огт өөр сургууль дээр амьдралаа зохицуулаад, хоёр өөр мэргэжлийн агуулга учрыг олох гэж зүтгэж байх үед яг надтай зэрэгцээд Цүлтэм гуай, Одон гуай, Доржсүрэн гуай гурав Москвад, Гаваа гуай Ленинградад ирж сурсан. Бид хэд бүгдээрээ дугуйланд хамт явдаг байлаа.

Н.ПАГМА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *