Монгол Улсын гавьяат тамирчин, Азийн наадмын аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Чинзориг үүсээд буй асуудлын талаар сошиал хуудсаараа дамжуулан мэдээлэл хийв.
Тэрбээр “Би 2005 оноос хойш 18 дахь жилдээ боксын спортоор хичээллэж байна. Энэ жил би Узбекстанд болсон ДАШТ-ээс мөнгөн медаль авсан. Мэдээж, миний хамгийн том зорилго бол Парисын олимп. Энэ сард болсон Ханжоугийн Азийн наадмын үеэр миний өгсөн шинжилгээнээс допингийн эсрэг дүрмийн зөрчил илэрсэнтэй холбоотойгоор энэхүү бичлэгийг хийж байна” гэлээ.
Б.Чинзориг анх уг мэдээг сонсоод цочирдон, сэтгэл санаа нь хэд хоног хүнд, тогтворгүй байсныг хэлэв. Түүний хувьд одоо Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг агентлагаас батлан гаргасан тамирчны эрхээ хамгаалах дөрөвдүгээр бүлэгт заасны дагуу уг хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт болон өмгөөлөгч авах хүсэлтээ уг байгууллагад тавьсан байна.
Энэ тухайгаа тайлбарлахдаа “Спортын арбитрын шүүхэд хандсан гэсэн үг. Надаас болж нийт шигшээ багийн эрх нь зөрчигдсөн тамирчдаасаа уучлалт хүсье. Эцсийн шийдвэр гарсны дараа та бүхэндээ эргээд мэдээлэх болно” гэв.