Categories
мэдээ цаг-үе

Б.Чинбат: Хөгжимд уусч хязгааргүйн цаана аялж болох байх

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбаттай ярилцлаа.


-Таны Хязгааргүйн цаана тоглолт удахгүй болно. Хязгааргүйн цаана юу байдаг юм бэ?

-Харин тийм, юу байдаг бол.

-Хязгааргүй гэхээр хязгааргүй орон зай гэсэн үг. Хязгааргүй учраас юу байгаа нь мэдэгдэхгүй биз дээ?

-Ийм асуултыг өөрөөсөө асуусан. Хязгааргүйн цаана юу оршиж байдаг юм бэ гэдэг нь маш сонирхолтой. Хөгжимдөө буулгаад яривал миний бүтээсэн, туурвисан бол хязгааргүй. Аливаа юм болгон хязгаартай, тийм биз. Ер нь хязгааргүйн цаана юу байдаг юм бол оо гэдгийг ялангуяа монголчууд боддог байх. Нэг өдөр сууж байсан чинь тэр нэг ая аялгуу маш хүчтэй орж ирсэн байхгүй юу. Би тэрийг бодохдоо, над руу хязгааргүйн цаанаас илгээж байгаа ая аялгуу юм болов уу гэж бодсон. Тэр хөгжмийг хүн сонсохоороо уйлдаг. Их сонин. Тэр хөгжмийг сонсохоороо хүн эх орноо хайрлаад байдаг юм. Ээж, аавыгаа хайрлаад байдаг. Байгаль, эх дэлхийгээ хайрлаад байдаг юм. Сүнслэг ч гэх юм уу, тийм нэг хөгжмийг надад илгээсэн. Тэрийгээ би нот болгож буулгаад “Хязгааргүйн цаана” гэж нэрлэсэн. Ийм л учиртай нэг хөгжим бүтсэн юм.

Уран бүтээл, хөгжмүүд дунд зарим нэг бүтээл их содон буудаг шүү дээ. Түүгээрээ нэрийдсэн тоглолт. Хязгааргүйн цаана юу оршдогийг би хэлж мэдэхгүй. Та ч хэлж мэдэхгүй. Магадгүй бид хөгжмөөр хөллөж, хөгжимд уусч хязгааргүйн цаана аялж болох байх.

-Хүй нэгдлийн үед ч юм уу, балар эрт цагт хөгжим гэх зүйл үүсээгүй байхад хэн нэгэн нь эд юмс хангир, жингэр гэж дуугаргасан ч юм уу, чулуу харшуулахад гарсан чимээг сонсоод хөгжим гэх зүйлийг бүтээх санаа төрж гэж бодъё. Анхны тэр хөг аяыг сонсоход хүн төрөлхтөн, хүй нэгдлийн тэр хэдэн хүнд яг ямар мэдрэмж төрсөн бол. Хөгжимтэй болсноор амьдралд нь ямар өөрчлөлт гарсан бол доо?

-Маш гоё асуулаа. Таны асуусантай уялдуулж ярихад “Хязгааргүйн цаана” хөгжим эхлэхдээ усны дуслын чимээнээрээ эхэлдэг байхгүй юу. Тэр чимээ нь явсаар булаг болно, гол болно. Бүр нэмэгдсээр байгаад мөрөн болдог ч юм уу ийм шийдлээр таны асуусантай яг адилхан ингэж бууж энэ хөгжим бүтсэн. Хүй нэгдлийн үед амьдарч үзсэн биш. Гэхдээ чулуу чинь хөгжим болж байгаа биз. Чулуу янз бүрийн өнгөтэй. Тэр чулуу гэдэг юм чинь юу вэ. Амьтай байхгүй юу. Амьтай болохоороо л хөгжим болгоход дуу гарч байна шүү дээ. Гайхамшигтай байхгүй юу. Ийм болохоор бид байгаль дэлхийгээ хайрлах ёстой гэдэг логик, ухаан энэ хөгжмийн цаана байгаа.

-Хөгжмийн зохиолчдын тоглолтыг үзэхдээ ялангуяа барууны үзэгчид нүдээ аньж сонсдог. Бүр уйлдаг. Төгөлдөр хуурчийн арван хуруунаас эгшиглэх аялгуу тэр олон мянган үзэгчийн зүрх сэтгэлд буухдаа түмэн янзаар очиж буудаг байх нь?

-Гоё хэлж байна, баярлалаа.

-Ямар уран бүтээлчийн тоглолт вэ гэдгээс хамаарч үзэгчид алга ташна, босч бүжиглэнэ, шүгэлдэнэ. Харин таны тоглолт дээр яадаг вэ. Чимээгүй болох уу?

-Чимээгүйгээс аадар бороо асгаж байгаа юм шиг л алга ташилт шаагина гэж бод доо. Миний тоглолтод Монголын сор болсон авьяастнууд, гайхамшигтай хүмүүс хамтарч оролцож байгаа. Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Чингис хаан” хамтлагийн Жагаа ах, “Хурд”-ын Д.Отгонбаяр байна. Бид хоёр хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Манан” гэж бүтээлийг тоглосон. Тэр бол бас гайхамшигтай. Яг л тэр мэдрэмжийг хүмүүс авна. Бид тэрийг тоглохдоо ёстой хязгааргүйн цаана дагуулж, аялж, аваачих тийм тоглолт болох байх гэж бодож байна. Тийм учраас уран бүтээлч хүний хамгийн гол эрч хүч бол алга ташилт байдаг. Миний фенүүд, сонсогч олон, үзэгчид надаас хэзээ ч алга ташилтаа харамлаж байгаагүй. Үзэгчид алга таших тусмаа л эрч хүч ороод жинхэнэ бахдаж ядсан тэр тэсрэлт, хайр энэрэл гадагшилдаг. Миний тоглолтын онцлог бол нэг ёсондоо дэлхий ээж гэж хэлж болдог юм. Тэнд бүх юм багтаж байгаа биз дээ. Тэгээд бас хязгааргүйн цаана юу байх бол. Магадгүй таны асуусан шиг “Хайр” гэж нэртэй хөгжмийг тоглолоо гэхэд хүн өөр өөрийнхөө төсөөллөөр л тэр хайрыг хүлээж авна шүү дээ. Эсвэл “Хайр” гэдэг хөгжмийг сонсоод байгаль дэлхий ч юмуу, өөр юмыг төсөөлж хүлээж авахыг би мэдэхгүй. Тиймээс энэ гоё гоё гайхамшигтай мэдрэмжүүд эгшиглэнэ.

-Найруулагч гэж хүн бий. Дууны уран бүтээлд хөгжмийн зохиолч бий. Эдгээр хүмүүс бол далд фронтынх. Хөшигний ард үлддэг хүмүүс. Харин тайзан дээр гарч ирэх ямар байдаг вэ. Тэр дундаа хөгжмийн зохиолч нь өөрийнхөө бүтээлийг тоглох нь?

-Би бас арын фронтын хүн байхгүй юу. Жишээ нь, намайг “Толин хул” дууг хийсэн гэхээр тийм ч олон хүн мэдэхгүй байх.

-Тийм билүү?

-Тэр хэлээ биз. “Толин хул”-ын хөгжмийн найруулгыг би хийсэн юм. Л.Балхжав ахын “Монгол наадам” гэж гоё дуу байдаг даа.

-Рок поп, зохиолын дуучид бөөнөөрөө дуулдаг?

-Тийм, тийм. Тэр болгоны чинь ард арын фронтынхон байгаа биз дээ. Тэрний нэг л би байхгүй юу. Тэрийгээ би бас тайлагнамаар байдаг. Тийм болохоор энэ тоглолтыг хийж байгаа юм.

-Тоглолтын тов?

-Энэ сарын 21, 22, 23-нд болно. 23-ны 18 цагт, 21, 22-ны 19 цагт тус тус тоглогдоно.

-Хаана болох билээ?

-“Corporate Convention Centre”-ийн Концертын их танхимд.

-Уг танхим хэдэн хүний суудалтай юм?

-1006.

-Тэгэхээр Хязгааргүйн цаана-ыг 3000 хүн л үзэх юм байна шүү дээ?

-Хангалтгүй шүү дээ, тийм ээ. Миний “Давтагдашгүй” тоглолтыг 10 мянган хүн үзсэн байдаг юм.

-Тэр тоглолтыг хэд хоног тоглож байлаа?

-Соёлын төв өргөөнд гурав хоног тоглоод дараа нь үзэгчдийн хүсэлтээр UB pal­ace, Төрийн ордонд тоглосон. Энэ тоглолт маань ч мөн тэгж магадгүй. 3000 хүн үзнэ. Гэхдээ хамгийн гол нь уг концертын их танхим нь хүн суухад их тохь тухтай. Энэ нь нэг шалтгаан нь. Хоёрдугаарт, тоглож байгаа уран бүтээлч, үзэгчдийн хоорондын харьцаа маш ойрхон. Тэгэхээр бие биенээ мэдэрч чадах тайз юм гэж бодоод сонгосон. Ерөөлөөр болог. “Хязгааргүйн цаана”-ыг дахин хэд хэд тоглох байх.

Хязгааргүйн цаана тоглолтын цаана хичнээн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна вэ?

-Бараг 300, 400-гаад хүн ажиллаж байна шүү дээ. Бэлтгэл ажил эхлээд сар гарны хугацаа өнгөрч байна.

-Оркестр тоглож байхад хийлийн утас тасрах ч юмуу, ямар нэг асуудал гарах нь бий. Гэхдээ тэр нь заримдаа үнэн гэдэг мэдрэмжийг үзэгчдэд үлдээдэг?

-Тэр бол амьд тоглолтын нэг гол онцлог нь байхгүй юу. Энд тэнд хөгжим янз бүр дуугарах ч юм уу. Гэнэт тог тасардаг ч юм уу. Түй түй тийм юм холуур байг (инээв). Тэгэхдээ энэ чинь амьд л тоглолт учраас бүхнийг маш сайн хангасан байх ёстой. Тийм асуудал манайд байтугай баруунд ч гарч л байдаг. Америкт би зөндөө л тоглосон. Томоохон концертын танхимуудад ч тоглосон. Бас л тийм юм гарч л байсан. “Metallica” гараад тоглосон чинь дуучин нь уурлаад микрофоноо өшиглөчихсөн. “Энэ дуугардаггүй микрофоноо ав” гээд л өшиглөчихсөн. Тэд маш нээлттэй. Тэгсэн ч үзэгчид үзэж л байдаг. Энэ нь амьд тоглолтын алдаа мөртлөө онцлог зүйл байж магад.

-Тоглолтын баг нэгдээд хэдий хэрийн хугацааны дараа жигдэрдэг юм бэ?

-Надтай хамтарч тоглож байгаа залуучууд бол яг одоо Монголд сор болж байгаа гайхамшигтай хөгжимчид. Дандаа залуучууд. Манай дүү нар. Мэргэжлийн хөгжимчид. Сарын дотор бэлтгэл сайн хангагдаж байна. Урд нь эд нартайгаа хамтарч ажиллаж байсан. Студийн цаг хугацаа, нэг дуу бүтэх цаг хугацаа гээд л эдэнтэйгээ их нягт ажиллаж чадсан байхгүй юу. Тэрнийхээ үр дүнд сарын дотор бүх юмаа базаж гаргаж чадаж байна.

-Яруу найрагч, зураач, хөгжмийн зохиолч гээд уран бүтээлчид том бүтээлийн өмнө маш их хүч гаргадаг. Зарим нь их өвөрмөцөөр. Тамхи зогсоо зайгүй баагиулах, хар кофе их хэмжээгээр уух, бусдаас өөрийгөө тусгаарлах гэх мэтээр. Таны хувьд томоохон хөгжмийн бүтээл дээр ажиллахаараа яадаг вэ?

-Цаг хугацаа өнгөрөх тусам нас нэмнэ. Бодох бодол нь илүү өргөн хүрээтэй болно. Энэ чинь өөрийн эрхгүй л хүний амьдралд байдаг зүйл. Тийм болохоор илүү их боддог болчихдог юм байна. Миний хувьд хөгжим бичиж байхдаа янз бүр л байдаг юм. Тамхи татах, кофе уух зэрэг тийм юм бол надад байхгүй. Харин байгальд л гарах дуртай. Байгалиас зохиолч, яруу найрагч, уран зураач, хөгжмийн зохиолч, дуучин гээд бүх хүн эрч хүч авдаг. Ер нь хүний хорвоо тийм шүү дээ. Хүн байгалийн бүтээгдэхүүн учраас энэ хүн гэдэг амьтан тэндээс л эрч хүчээ авдаг. Чулуу хүртэл хөгжим. Гол горхины хоржигноон хүртэл хөгжим. Байгаль чинь өөрөө хөгжим.

-Хөгжмийн зохиолч Чинбаа гэхээр яалт ч үгүй Sweetymotion гэх нэр дагалддаг. Нэг юмыг анзаарахад манай хамтлагууд харин ч урт настай юм шиг ээ. Гэтэл монголчуудыг багийн спортод муу, багаар ажиллах чадваргүй гээд байдаг нь худлаа юм биш үү. Sweetymotion л гэхэд 20 гаруй жил болчихож?

-“Sweetymotion” хамтлагийн хувьд дэлхийд гэж яригдана шүү, үнэхээрийн. Эмэгтэй гишүүдтэй хамтлаг хамт байгаагаараа гэж ярих юм бол шүү дээ. Энэ бол шууд хөгжимтэй холбоотой. Хөгжимчин хүнийг хатуу дэглэмийн дор сургадаг. Биднийг долоон настай байхаас л гамм унш гэдэг байсан. Бид хэдэн ч цагаар хамаагүй гамм уншина. Моцарт, Бетховен, Римский Корсаков нарын бүтээлийг тогло гэнэ. Бид дэндүү хүлээцтэй, дээрээс нь гарын арван хуруу сална. Тэр бол амаргүй. Маш хэцүү хөгжим тоглоно. Энэний дараа ямар такт билээ, тэрэн дээр би юу хийх билээ, аяар, чанга нь юу билээ гээд л тархи толгой завсаргүй ажиллаж байх завсарт хөл педаль дээр ажиллана. Ингэхээр дөрвөн мөч салж байгаа биз дээ. Хөгжим гэдэг бол хөгжимчдийг хагас цэрэгжилтийн байдалтай байхаас өөр аргагүй болгодог. Тийм болохоор бид бэрхшээлийг давж, туулж сурсан. Ийм л хүмүүс. Тэрэнтэй л холбоотой байх.

Sweetymotion-ийг АНУ руу явахад хүмүүс та нарыг тэнд од болж, шоу бизнест нь хөлөө тавих нь гэж бодсон болов уу. Гэтэл та бүхний гадагшаа гарсан зорилго ерөөсөө л эрдэм өвөртлөөд эх орондоо буцаж ирэх байжээ?

-Тийм л байхгүй юу. Юу гэж л од болъё гэж тэгэхэв. Явж суралцъя л гэсэн юм. Хэрвээ бид сурч чадвал эргээд Монголдоо ирж монгол хүмүүстээ бүтээл хүргэе гэдэг үндсэн суурь, язгуур маань байсан учраас бид өнөөдөр байж л байна, ирчихсэн. Мөнгө хүний амьдралын хэрэгцээ л дээ. Мөнгө хайгаад явсан бол би тэнд аль хэдийнэ тогтноод, оршоод Холливудын тойрогт орчихсон байх хүн л дээ. Тэрнээс би өөрөө больсон тэнэг ч хүн гэх юм уу. Би монгол хүн. Гэтэл тэр амьдрал руу сая сая хүн тэмүүлж байгаа шүү дээ, зөвхөн тэр тойрогт орох гэж. Монгол хүний аз түшээд ямар нэгэн байдлаар явсаар байгаад гарц олоод тэр нь жим байснаа зам болчихсон байхгүй юу. Тэгээд л би буцаж ирээд сурсан мэдсэнээ хийе гээд хамгийн анхны тоглолт болох “Давтагдашгүй”-гээ тоглосон. Тэгэхэд үзэгчид ямар гоё урам өгч, ямар их эрч хүчийг хайрласан гэж санана.

-Аав, өвөөгийнхөө хийж бүтээснээр үр хүүхэд ач зээ нар нь бахархаж ярих дуртай. Миний өвөөгийн барьсан барилга, орон сууц, миний аавын барьсан зам, миний аавын зурсан уран зураг гэж бахаддаг. Үүнтэй адил таны үр хүүхэд, ач зээ нар хөгжмийн бүтээлийг тань бахархан ярих нь дамжиггүй. Энэ нь таны бас нэг том мөрөөдөл биз?

-Тэгэлгүй яадаг юм. Яг тэгнэ. Хурай, хурай. Миний хийж байгаа зам бол гэгээн зам. Энэ бол гэгээрлийн зам. Би үзэгчдэд хайр бүх л зүйлийг өгье гэж боддог. Тэрнийхээ дагуу л би өнөөдөр хийж хөдөлмөрлөж амьдарч, алхаж яваа. Тиймээс миний үр хүүхэд, тэдний минь үр хүүхдэд үлдэх ганцхан өв бол миний оюун бодлоос ургаж гарсан төдөн мянган нот.

-Гэргий тань урлагийн хүн байдаг нь таны амжилттай яваагийн бас нэг шалтгаан нь байх. Таны хань боловч нөгөө талаар найз тань юм шиг харагддаг?

-Ц.Сарнай бол гайхамшигтай ээж. Гайхамшигтай хань. Миний найз. Би азтай л байхгүй юу. Намайг аз түшиж байна шүү дээ. Би ингэж боддог юм. Миний эцэг дээдэс маань сайн юм хийсэн болоод өнөөдөр би өдий зэрэгтэй л явж байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд үзэгч, уншигчдыг тоглолтдоо уривал ямар вэ?

-“ON’n &OFF” продакшнтай хамтарч хийж байгаа энэ удаагийн тоглолтод маань Монголын сор болсон авьяастай залуучууд, өнөө цагийг байлдан дагуулж байгаа гайхамшигтай авьяастнуудтай нэгэн цул болоод үзэгчдийгээ хөтөлж “Хязгааргүйн цаана” хамт аялъя. Энэ өдрийг тэсэн ядан хүлээж байна. Миний хувьд бэлтгэл хангагдсан. Манай хөгжимчдийн хувьд ч бэлтгэл хангагдсан. Одоо тайз заслын ажил л үлдээд байгаа. Монголчууддаа аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Цог хийморьтой байж, нар шиг мандаарай. Монголчууд бид маш азтай хүмүүс. Өвгөдийнхөө сургаалийг бүгд дагаасай. Энэ гайхамшигтай орныг цэцэглүүлэн хөгжүүлэх ёстой. Тиймээс залуучууд өнөө цагт заавал юм хийж, мэргэшиж хамгийн гол нь боловсролтой байгаад нэгдэж чадаарай гэж хэлье.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *