ХӨСҮТ-ийн болон “Бона вита” эмнэлзүйн нэгдсэн төв лабораторийн эмч, удирдлагууд элэгний B, C вирусын өвчлөлтэй холбоотой асуудлаар өчигдөр олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Тэд “Монгол Улсын хувьд элэгний B, C вирусын халдварт өвчин хамгийн өндөр хувьтай байгаа. Сүүлийн үед ХСҮТ, ХӨСҮТ-д элэгний вирусын өвчнөөр хандаж буй иргэдийн дийлэнх хувь нь хүндэрсэн шатандаа эмчид ханддаг. Үүнийгээ дагаад эмчилгээний үр дүн хангалттай бус байгаа. Тиймээс иргэд цус, цусан бүтээгдэхүүнээр халдварладаг элэгний B, D, C гепатит болон ахуйн замаар халдварладаг “шар” буюу A, E гепатитийн шинжилгээндээ эрт хамрагдах шаардлагатай. Учир нь элэгний B, C вирусын эхэн болон дунд шатанд шинж тэмдэг илэрдэггүй. Харин хүндэрсэн шатандаа эмчилгээний үр дүн тааруу байдаг. Элэгний B, C вирусын халдварт өвчин нь элэгний үрэвсэл, хатуурал болон хавдрын суурь болдог” гэж байлаа.
Энэ талаар АШҮУИС-ийн халдвартын тэнхимийн профессор, ХӨСҮТ-ийн зөвлөх эмч Я.Давгадорж “Монгол Улс элэгний B, C вирусын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг. Энэ вирусээр халдварлан нас барж буй хүмүүсийн тоо өндөр байгаа. Төр засаг, эрүүл мэндийн салбар, хувийн хэвшлийн зүгээс энэ өвчний эсрэг хамтдаа нэгдэж, шат дараатай олон арга хэмжээ, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Энэ үйлсэд ЭМСЯ, ХӨСҮТ-с элэгний B, C вирусын шинжилгээ хийх албан ёсны эрхээ аваад байгаа “Бона вита” эмнэлзүйн нэгдсэн төв лаборатори шинжилгээний тарифаа хямдруулж, чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр үйлчилж нийгмийн хариуцлагаа хүлээж байгаа нь сайшаалтай” гэв.
Эмнэлзүйн нэгдсэн төв “Бона вита” лаборатори нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох IVD сертификаттай Cobas 4800 бүрэн автомат тоног төхөөрөмж ашиглан молекул биологийн шинжилгээ хийдэг. Ингэснээр хүний гар ажиллагааг халж, гар ажиллагаанаас болж гарч болзошгүй эрсдлийг үгүй хийж чаджээ. Мөн шинжилгээгээ Австралийн RCPA компанийн гадаад хяналтад сар бүр хамруулж чанарын баталгаажилт хийлгэдэг аж. Элэгний B, C вирус илрүүлэх, тоолох шинжилгээг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт салбар лабораториороо дамжуулан авч байгааг хуралд оролцсон хүмүүс онцлон хэлж байлаа.