Categories
мэдээ цаг-үе

Б.Бямбасайхан: Олон улсын хэмжээнд тоглож эдийн засгаа томруулах боломж байна

Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.


-Төмөр зам дээр Таван толгойн ордоосоо шууд Хятад руу эхлээд тавих хэрэгтэй гэсэн байр суурь дуулддаг. харин өнөөдөр нөгөө тал руу нь төмөр замын бүтээн байгуулалт өрнөөд эхэлчихсэн. Эхлээд нэг тийш нь тавиад дараа нь нөгөө чигээ шийдэх ёстой юу, эсвэл хослуулаад явах хувилбар нь зөв үү?

-Төмөр замын тухайд олон улсын нүүрсний зах зээл рүү гарах гэж яваагийн илрэл л дээ. сүүлийн 10 жилийн туршлагаасаа бид нүүрсний зах зээлийг ойлгож эхэлж байна. Хятад бол нүүрсний хамгийн том зах зээл. Эрчим хүчний нүүрсний эрэлт 2019 онд дэлхий даяар 6.470 сая тонн байсан. Хятадын эрэлт 3.305 сая тонн, харин үйлдвэрлэл нь 3.124 сая тонн. Коксжсон нүүрсний хувьд дэлхий даяар 978 сая тонн үйлдвэрлэдгийн 55 хувийг Хятад дангаараа үйлдвэрлэсэн тоо бий. Энэ том зах зээл дотооддоо маш олон хэсэгт хуваагддаг онцлогтой. Монголын хувьд тэр олон зах зээлүүд рүү хүрдэг болвол өрсөлдөх чадвар маань сайжирна. Өнөөдрийнх шиг зөвхөн Хятадын нэг зах дээр бүтээгдэхүүнээ зараад суувал манай бүтээгдэхүүн үнэ хүрэхгүй. Урд хөршийн том зах зээлийн олон хэсэгт хүрэхийн тулд бидэнд дэд бүтэц шаардлагатай. Зүүн хойд азийн дэд бүтцийн сүлжээнд холбогдъё гэж идэвхтэй ярьж, ажиллаж яваа маань ч ийм учиртай. Ирээдүйд аливаа бараа бүтээгдэхүүнээ илүү үнэтэй зарахын тулд Хятадын зах зээлийн тэр олон хэсэгт хүрэх гарцаагүй хэрэгцээ бидэнд бий. Зөвхөн нэг жижиг зах зээл рүү нь зараад суухаар биднээс худалдаж авах хэмжээ нь хязгаарлагдмал болчихоод байгаа юм. Хил дээр оочер дараалал үүсээд байгаагийн нэг шалтгаан бол энэ.

-Таны хэлдэг үнэн л дээ. Авах ёстой квот хэмжээ нь болчихоод авахгүй байхад наана нь оочер дараалал үүсгэсээр хэдэн жил боллоо. Хятад гэдэг аварга эдийн засгийн өөр зах зээлүүдэд нь хүрэхийн тулд төмөр замаа тал бүрд нь тавих ёстой гэж ойлголоо…?

-Цаад захаа нэгэнт бид удирдаж чадахгүй. Харин өөрөөс шалтгаалах дэд бүтцээ л барих боломж бидэнд байна. Тийм учраас төмөр замынхаа маршрутыг өөр нэг зах руу нь ордог гарцтай болгох бодлогоо хэрэгжүүлж яваа.

Гарц нэмэгдэх тусмаа л сайн. Тэгж байж бид үнийн өрсөлдөөнд оролцоно.

-Манайх аль болох олон гарц руу гарах дэд бүтэц барих гэхээс илүү “Нэг жилд 40,50 саяар нь нүүрс экспортолно” гэж ярьдаг. Яг одоогийн гарцаараа бол яагаад ч боломжгүй юм байна…?

-10 жилийн туршлага, тоогоо бүгд л харж байгаа. Үйлдвэрлэгчээс хэрэглэгч рүү түгээх бүтээгдэхүүн байхгүй бол дэд бүтцийн сүлжээ барих шаардлагагүй. Харин бидэнд зарим нэг бүтээгдэхүүн нь байна. Байгаа бүтээгдэхүүнээ илүү үнээр борлуулах зорилго бий болсон байна. Тиймээс хамгийн том зах руу, хамгийн олон орцтой болох нь бидний зорилго.

-Зүүн тийш тавьж эхэлсэн төмөр замын тухайд зам дагуу нь ашигт малтмалын олон орд бий. Тэгэхээр эдийн засаг талаасаа ашигтай маршрут болж таарч байна, тийм үү?

-Тийм л дээ. Бидний хувьд хамгийн ихээр үйлдвэрлэж чадах, дэлхийн зах зээл дээр үнэ хүрэх боломжтой бүтээгдэхүүн гэвэл уул уурхайн салбарыг онцлохоос аргагүй. Энэ салбар Монголыг олон жил тэжээсээр байх болно. Бүтээгдэхүүнээ хэрхэн хямд өртгөөр үйлдвэрлэж, олборлож, хэрэгцээтэй зах зээл рүү нь гаргах вэ гэдэг л эдийн засгийн бодлого, бизнесийн стратегийн асуудал. Ямар ч ордын тухайд дэд бүтцээсээ хол бол ашиг багатай. Ганцхан Монголд л нөөц ихтэй орд байдаг гэсэн цонхоор харах боломжгүй. Өөр олон улсад өрсөлдөхүйц ордууд бий. Иймд тэр улсууд хоорондоо эдийн засгийн бодлого, хуулийн орчин, татвар, дэд бүтцээрээ өрсөлдөж байна. Австрали гэхэд л сүүлийн гучин жил Хятадын эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүнээ нийлүүлж, тэр хэрээр эдийн засаг нь тасралтгүй өсч байгаа улс. Тэдний зовлон бидний зовлонтой адил. Олборлож, үйлдвэрлэдэг төмрийн хүдэр, нүүрсээ үнэд хүргэхийг зорьж байгаа. Австрали дотооддоо том уурхайнуудаа дэд бүтцээр холбож, хувийн болон Засгийн газрын хөрөнгө оруулалтыг хийж байж уул уурхайн салбараа өрсөлдөх чадвартай урагшлуулж яваа. Бидний хувьд ч ялгаагүй. Сая хэлсэн шиг дэд бүтцээ хөгжүүлж, аль болох олон гарцтай болгож чадвал уул уурхайдаа түшиглэж хөгжих бүрэн боломжтой.

-Хийн хоолойг улсынхаа нутгаар дамжин өнгөрүүлэх нь эдийн засгийн нэг том боломж гэж харах хүн олон байна. Нөгөө талд “Сибирийн хүч”-ээс гадна дахиад хийн хоолой татахад Хятад яаж хандах вэ гэсэн асуулт тавьж суугаа хэсэг ч бий. Энэ орон зай дээр тоглох боломж бидэнд байгаа болов уу?

-Хятад тун удахгүй дэлхийн хамгийн том эдийн засаг болно. Хамгийн том эдийн засаг болохын тулд асар их бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хийсээр яваа. Нөгөө талаас нь харвал Хятадад олон улсын хэмжээнд хүлээсэн үүрэг гэж бий. Аль болох байгальд ээлтэй, хүн амд халгүй, цэвэр маягаар хөгжих бодлого хэрэгжүүлж байгаа улс. Тэгэхээр Хятадын тухайд ирээдүйд нүүрсний хэрэглээ нь багасна. Бүр тодруулж хэлбэл эрчим хүчний нүүрсээ улам багасгана. Оронд нь хэрэглэх гол түлш бол байгалийн хий. Бохирдлын хувьд хамаагүй бага учраас ирээдүйд байгалийн хий түлхүү хэрэглэнэ гэсэн үг.

-Хятад улс ирээдүйд сэргээгдэх эрчим хүчийг нүүрснээс илүү их хэмжээгээр хэрэглэнэ гэсэн судалгааны дүн гарсан байна лээ…?

-Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нь мэдээж өснө. 2018 онд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нийт хүчин чадлын гуравны нэг буюу 2.4 тераваттад хүрсэн. Энэ бол өмнөх оноос 7.9 хувь өссөн үзүүлэлт. 2050 онд нийт хүчин чадлын 60 хувийг нар, салхинаас үйлдвэрлэнэ гэсэн судалгааг Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг гаргасан байсан. Хятад улс сэргээгдэх эрчим хүчний зах зээлийг орвонгоор нь өөрчилж байна. Сэргээгдэх эрчим хүчний асар өндөр хэрэглээг бий больчихсон. Тэр их хэрэглээг дагаад үнэ нь ч унасан.

-Сэргээгдэх эрчим хүч хамгийн хямд эх үүсвэр болсон гэсэн үг үү?

-Тэгж хэлж болно. Ер нь дэлхий дээр гэж ярихад эрчим хүчний хамгийн хямд эх үүсвэр нь сэргээгдэх болсон. Орон болгонд сэргээгдэх эрчим хүчийг илүүд үзсэн том бодлогын өөрчлөлтүүд явагдаж байна. Энэ өөрчлөлтийг дагаад эрчим хүч экспортлох манай улсын зорилго ч явж байгаа. Ингээд харахаар хийх ажил ч их байна даа.

-Азийн том эдийн засгуудыг холбосон сэргээгдэх эрчим хүчний маш тодорхой судалгаануудыг манай улс хийгээд эхэлчихсэн байх аа?

-Тийм ээ, таны хэлсэнчлэн маш тодорхой судалгаанууд хийгдэж байна. Манай улсын хувьд нөөц ихтэй, нөөц ихтэй учраас хямд эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэсэн давуу тал бий. Газар нутаг том, хүн ам таруу байршилтай, том зах зээлүүдтэйгээ ойр гээд маш том боломжууд бидэнд байгаа.

-Гэхдээ сэргээгдэх эрчим хүчин дээр Хятад өөрөө газар нутаг томтой тэндээ үйлдвэрлээд явчих юм биш үү, заавал Монголд үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчийг авна гэх баталгаа хаана байна вэ гэсэн шүүмжлэл, тайлбар дуулддаг..?

-Яагаад заавал Монгол вэ гэдэг дээр хоёр шалтгаан бий. Хятадын эрчим хүчний гол хэрэглээ зүүн эргээ дагаад бий. Монголын говиос Хятадын хэрэглээ өндөр зүүн эргийн Шандонг муж руу мянгахан км зайтай. Хятадын баруун Шинжанаас Шандонг руу эрчим хүч татъя гэж тооцоход гурваас дөрвөн мянган км зайтай. Ийм хол зайд эрчим хүч татвал зардал өртөг их гэсэн сул талтай. Хятадууд 1000 км-т хамгийн бага алдагдалтай, өөрөөр хэлбэл хамгийн бага зардалтайгаар цахилгаан тээвэрлэх технологи өнөөдөр хэрэглэж байна. Энэ технологиороо дэлхийд толгой цохиж яваа. Хоёрт, манай говийн нар, салхины нөөцийн чанар олон улсын дунджаас хорин хувиар илүү гэсэн тооцоо гарчихсан. Хорин хувиар илүү гэдэг нь төдий чинээ хямд эрчим хүч гарна гэсэн үг.

-Одоо хийн хоолойн сэдэв рүүгээ эргээд оръё. Хятадын хувьд аль болох их хэмжээний хий авах нь тодорхой учраас бидэнд газар зүйн давуу талаа ашиглаад мөнгө хийх боломж байгаа гэж ойлгож болох уу?

-Сибирийн бүс нутаг хийн том ордуудтай. Эхний ээлжинд нэлээд даялсан маршрутаар Хятадын зах зээлд хүрчихлээ. Уг нь манайхаар дайруулж тавибал хамаагүй богино зайд хоолой тавина. ОХУ-ын байгалийн хийн гол хэрэглэгч нь Европ. Хийн хоолой нь Украинаар дамждаг. Хориг гэх мэт янз бүрийн шалтгаанаар Орост өөр гарц хэрэгтэй болсон. Ийм бодлогын хүрээнд дэлхийн хамгийн том хэрэглэгч Хятадын зах зээл рүү гарч байна. Мэдээж зүүн тал руугаа зарах нь Орост ач холбогдолтой. Цаашлаад Япон, Солонгос гэх мэт том зах зээл рүү орох сонирхол хойд хөршид бий. Тэгэхээр эдийн засгийн хувьд боломжтой гэсэн үг. Занараараа Америк гэнэт цойлоод гараад ирсэн учраас ОХУ байгалийн хийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог болсон юм. 2018 оноос хойш. Хойд хөршийн хувьд жилдээ 200 тэрбум шоо метр хий тээвэрлэдэг дэлхийн хамгийн том экспортлогч. Сая “Сибирийн хүч” хоолойг барьчихлаа. Хятадын зах зээлийг харахад сүүлийн 16 жилийн турш байгалийн хийн хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байна. Хойд бүс нутагтаа нүүрсний хэрэглээг хязгаарлах бодлого хэрэгжүүлсний үр дүнд хийн хэрэглээ нь эрс нэмэгдэж байгаа. 2018 онд дэлхийн хамгийн том байгалийн хий импортлогч болсон. 2020 он гэхэд хийн хэрэглээ нь 360 тэрбум шоо метрт хүрнэ гэсэн таамаг тооцоо бий. Товчхондоо нэг талд хийгээ Хятадад хүргэх өндөр сонирхолтой үйлдвэрлэгч, нөгөө талд хийн хэрэглээ нь тасралтгүй өсч буй хэрэглэгч зах зээл байна. Энэ хоёрын дунд газар зүйн байршлын давуу талаа ашиглаад бизнес хийх боломж бидэнд байгаа. Газар нутгаар нь дамжиж буй хийн хэрэглээний хэрээр төлбөр авдаг олон улсын практик бий. Тэр жишгээр явах боломжтой. Бид өнгөрсөн гучин жилд шилжилтээ хийж дууслаа гэж ярьцгааж байна. Эргээд харахад тэр гээд хэлчихээр том төсөл хөдөлгөөгүй өнөөг хүрсэн гэдэгтэй та санал нийлэх байх.

-Санал нийлж байна. Өнгөрсөн 30 жилд хэрэгжүүлж амжаагүй том төслүүдээ хөдөлгөх цаг үнэхээр ирсэн болов уу?

-Том хөдлөх цаг ирсэн. Гэхдээ нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Том хэмжээний ажлыг хийхэд асар их тэвчээр, ухаан шаарддаг. Сүүлийн хорин жилийн турш энэ зүг рүү зорьж, ярьж, алдаж, зүтгэлээ. Одоо л нэг ажил хэрэг болох үедээ ирлээ гэж харж байна. Саяхнаас хэрэгжиж эхэлсэн “Сибирийн хүч” гэхэд л хориод жил яригдаж байж ажил болсон төсөл. Ийм онцлогтой ажлыг нэг сонгуулийн циклд хийх боломжгүй л дээ. Уддаг болохоор ад үзэж, үлгэр ярилаа гэж шүүмжилдэг тал бий. Холыг харсан бодлого тодорхойлж, ажлаа нарийн төлөвлөж байж том төслүүд хэрэгжих зам руугаа ордог. Нэг нь гарч ирээд нөгөөгийнхөө хийж байгааг зогсоодог хандлагаасаа татгалзахгүй бол том төсөл урагшлахад хэцүү. Хамгийн том саад нь энэ.

-Сэргээгдэх эрчим хүчин дээр гэхэд л дотоодын хэрэглээгээ хангаж чадахгүй байж том юм ярилаа гэх мэт шүүмжлэл сонсогддог. Энэ мэт шүүмжлэл том төслүүдийг урагшлуулахгүй уяад байх шиг санагддаг.

-Дотоодынхоо хэрэглээг хангаж чадахгүй байж ямар том зүйл ярьдаг юм бэ гэдэг шүүмжлэлтэй би хувьдаа санал нийлэхгүй. Ирээдүйгээ одоо бодохгүй бол дахиад л тав, арван жилээр хоцорно. Хятад, Япон, Солонгост хэрэгцээ байгаа нь үнэн. Биднээс хямд эрчим хүч авах сонирхолтой яваа нь бас үнэн. Гэхдээ тэд биднийг хүлээгээд суухгүй. Өөр газраас хэрэгцээгээ хангачих бололцоотой. Тиймээс бид эдийн засгийн том бодлогын асуудал дээр хөлөө жийлцдэг улс төрийн жижиг сажиг маргаанаасаа хөндийрөхөөс өөр аргагүй. Өнгөрсөн 30 жилийн турш тоглож ирсэн эдийн засгийн багахан талбар дээр нэмж тоглох боломжгүй цаг үе ирчихсэн. Залуус, хойч үе огт өөр зүйл хүсч байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээнд тоглож эдийн засгаа томруулах боломж байна. Тэгэхийн тулд хоёр монгол хоорондоо маргадаггүй болох хэрэгтэй. Монголчуудад хоорондоо хамтраад Австрали, Канад, Хятад, Оростой өрсөлдөхөөс өөр сонголт байхгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *