Categories
мэдээ спорт

Б.Буджаргал Нью-Йоркт болсон гүйлтийн тэмцээнд түрүүлжээ DNN.mn

Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт зургаан өдрийн “Self-transcendence” АНУ-ын нээлттэй тэмцээн дөрөвдүгээр сарын 18-наас 24-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо амжилттай боллоо. Тус тэмцээнд дэлхийн 17 орны 32 гүйгч оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Б.Буджаргал гүйв.

Плашинг Медов хүрээлэнгийн гүйлтийн 1.6 км-ын зам дээр зургаан өдрийн турш тамирчид байгаль. цаг уурын эрс тэс нөхцөлд өдөр шөнөгүй гүйж, тэсвэр хатуужлаа сорьсон юм. Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс тамирчдын тойргийг тоолох шүүгчдийн баг, гүйгчид богино хугацаанд унтаж амрах, хэрэгцээт хүнс тэжээлээ нөхөн сэлбэх, эмнэлгийн түргэн тусламж, биеийн байдлаа тогтмол хянуулж байх бариа засал-эмчийн баг, 24 цагийн туршид хоол, хүнсээр тасралтгүй хангах баг, мөн амраах, үйлчилгээний баг гээд гүйлтийг саадгүй явуулах бүхий л нөхцлөөр хангасан аж.

Тус гүйлтийн тэмцээнд Б.Буджаргал 1031.6 км гүйж түрүүлсэн бол түүний араас Литвийн Аудас 808.4 км, Италийн тамирчин Андрей Маркато 746 км, Румыны тамирчин Адриан Папик 661.9 км гүйж, тус тус барианд оржээ. Эмэгтэйчүүдээс эхний хоёр байрт Австралийн хоёр тамирчин Суузан Мааршал 711.8 км, Аннабел Хейпворт 686.8 км нар орсон бол гуравдугаарт Тайванийн Цай Вей Яа 619.9 км гүйж барианд оржээ.

Сонирхуулахад, Андрей Маркато 2021 онд дэлхийн хамгийн хол зайн гүйлт буюу 3100 милийн тэмцээнд түрүүлсэн дэлхийн шилдэг тамирчин юм. Харин манай тамирчин Б.Буджаргал хэт холын зайн олон улсын гүйлтийн тэмцээнүүдэд нийтдээ 12 удаа түрүүлжээ.

Энэхүү гүйлтийг нэрт тамирчин Шри Чинмой 1995 онд анх санаачилсан бөгөөд өдгөө зургаан өдрийн гүйлтийн тэмцээн 25 дахь жилдээ болов. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж энэ удаагийн тэмцээнд арван өдрийн гүйлтийн төрлийг оруулаагүй бөгөөд оролцогчдын тооны хязгаарыг 40-өөр тогтоосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *