Финляндын Тампере хотод чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Бат-Оршихын Болор-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ээс хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр Тамперегийн дэвжээнд 1/8 шигшээд залуучуудын Узбекистаны Нодира Сабироваг 12:2-оор, шөвгийн наймд Энэтхэгийн Нандини Бажирао Салокег цэвэр ялж, хагас шигшээд ОХУ-ын Ксения Нежгоровад цэвэр ялагдсан.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Пан-Америкийн аварга АНУ-ын Камерон Жайлен Геринийг нэг минутад оноогоор (12:2) цэвэр ялснаар Финландад Монголын багийн гурав дахь хүрэл медалийг авчирлаа.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Бат-Очирын Болортуяа Украины Алёна Кремзертэй, 63 кг-д Энхсайханы Дэлгэрмаа Болгарын Юлиана Яневатай, 72 кг-д Бямбадоржийн Цэцэгбаяр Беларусийн Анастасья Зимианковатай 1/8 шигшээ барилдаанд тус тус хүч үзнэ.