Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Болдсайхан: Охин энэ өвлийг давахааргүй байсан. Тиймээс хотод авчирч, хагалгаанд оруулж амжилттай боллоо

“Улаанбаатар Сонгдо” эмнэлэг хүүхдүүдийн зүрхний төрөлхийн гажгийг үнэ төлбөргүй эмчлэх санаачилга бүхий “Зүрх мартахгүй” төслийг энэ оны зургадугаар сард эхлүүлсэн билээ. Төсөл эхэлснээс хойш Б.Болдсайхан эмч баруун аймгуудаар явж нийт 5000 гаруй хүүхдийг үзэж 50 гаруй хүүхдэд хагалгаа хийж тэдэнд амьдрал бэлэглэжээ. Бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэж байгаа ачтан саяхан Баян-Өлгий аймгийн бүх сумдаар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж дуусган хоёр хоногийн өмнө яаралтай мэс засалд орох шаардлагатай Нуршуан охины хамт Улаанбаатар хотод ирсэн юм. Ингээд бид Б.Болдсайхан эмчтэй уулзахаар өглөө эртлэн “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийг зорилоо. Эмнэлэгт очиход Б.Болдсайхан эмч Нуршуан охины хагалгаанд орсон байлаа. Ингээд бид хагалгаа дууссаны дараа түүнтэй ярилцсан юм.

-Яаралтай мэс засалд орох шаардлагатай Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас ирсэн Нуршуан охины мэс засал амжилттай болов уу?

-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Алтай Таван Богд уулын яг Малчны оргилын бэлд буюу хилийн нэгдүгээр баганын дэргэд заставаас цааш амьдардаг малчин айлын охин Нуршуаны хагалгаа амжилттай боллоо. Бид хоёр өдрийн өмнө ирж өчигдөр бэлдээд өнөөдөр хагалгаандаа орлоо. Хагалгаа одоо ч дуусаагүй байна. Би ханиад хүрчихсэн халуураад дуран цантаад болдоггүй, хоёр гурван удаа арчлаа. Гэхдээ хагалгааны үндсэн хэсэг дуусчихсан болохоор сая гараад ирлээ. Ер нь охиныг шууд дагуулаад ирчихсэн шүү дээ. Нэгдүгээрт, буцах гэхээр зам хаагдчихна. Хоёрдугаарт, их хүндэрчихсэн, энэ өвлийг давахааргүй байсан. Аавд нь хэлсэн “мөнгө байхгүй” гэсэн. Бид хагалгаа, эмчилгээний зардал байтугай нисэх, буцах зардлыг чинь даая гэж ойлгуулсан. Ойлгуулах ч хэцүү байсан. Аав нь монгол хэл, бичиг мэдэхгүй. Ер нь Алтай Таван Богдод малаа хариулахад бичиг үсгээр ч яах вэ дээ. Хүн жаргалтай л амьдарвал болно шүү дээ. Нуршуан охин бол бүр монгол хэл мэдэхгүй.

Хотод ирж, онгоцонд сууж үзээгүй. Онгоцонд суухын өмнө айгаад хөмсөг нь атирчихсан байсан. Хөдөө ганц айлаараа байдаг. Гэтэл аймаг орж ирээд бүр онгоцонд суугаад их гайхсан байх. Тэгэхээр нь би “Энэ онгоц бүргэд шиг нисдэг юм аа” гээд хоёр гараа дэвж тайлбарлсан л даа.

-Баян-Өлгий аймгийн бүх сумдаар явсан шүү дээ. Нийт хэдэн хүүхэд үзэв. Тэднээс хэд нь хагалгаанд орох шаардлагатай байна вэ?

-189 хүүхэд үзсэнээс 56 хүүхэд нь хагалгаанд орохоор болсон. Ер нь зөвхөн хотын боломжтой хүүхдүүдэд хагалгаа хийдэг байж болохгүй. Хөдөө орон нутаг буюу хамгийн холын баруун болон говийн сумдуудаар явах учиртай. Энэ хүүхдүүдэд тусалъя, боломж олгоё гэсэн л санаа байгаа юм.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд Нуршуан охины хамт. 2020 оны аравдугаар сарын 10.

-“Зүрх мартахгүй” төслийг анх хэрхэн санаачилж байв?

-Энэ өвөл коронавирусээс шалтгаалаад гадагшаа ч явах боломжгүй, гаднаас ч эмч нар ирэх боломжгүй болчихсон. “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн хувьд хүүхдийн зүрхний мэс заслыг 2011 оноос хийж эхэлсэн. Гэхдээ цөөхөн. Жилдээ хорь гаруй хүн л ордог. Зүрхний мэс засал, ялангуяа хүүхдийн зүрхний мэс засал өндөр өртөгтэй байдаг. Хэрэглэж байгаа хиймэл уушги, зүрх, холбоос, хиймэс судаснууд, хагалгаанд хэрэглэж байгаа эм гээд. Мөн энэ хагалгаанд гурав дөрвөн багийн арав гаруй эмч нар оролцдог. Зөвхөн хагалгааны өрөө гэхэд бид нэг тэрбум 500 сая төгрөгөөр Солонгосын стандарттай вакум хагалгааны өрөө хийлгүүлсэн. Зүрхний мэс заслыг манайхан гадагшаа явж хийлгэдэг. Хамгийн хямд нь гэхэд Хятадад 80 орчим сая төгрөг. Солонгост 150-250сая вонн. Ингээд жилдээ 20-30 хүнд хагалгаа хийгээд яваад байсан. Харин энэ жил олон бэрхшээлүүд тулгарсан учраас олон хүүхэд ч хандах болсон. Ингээд хагалгаагаа сэргээгээд арай олон хүүхдэд хийе. Хамгийн гол нь эцэг эх, амьдрал ахуй боломжтой үгүй нь ялгаагүй хүүхэд л учраас төлбөргүй хийхийн тулд хандив цуглуулъя гээд хүүхдийн баярын үеэр “Зүрх мартахгүй” гэж төсөл эхлүүлсэн. Анх ийм төсөл эхлүүлнэ гэхээр санаанд багтахгүй байсан. Тийм их мөнгийг хүүхдүүдэд өгнө ч гэж юу байхав гэж бодтол монголчууд маань их сайн ойлгож дэмжиж байна. Эхэндээ гайгүй л явж байна. Гэхдээ сонин дээрээ соохолзоод, сониноо буухаар хаячих байх гэж айгаад байгаа юм/инээв/.

-Төслийн зорилго 2026 он гэхэд 1000 хүүхдэд зүрхний хагалгаа хийнэ гэсэн байсан?

– 2020 ондоо 40 хүүхэд, ирэх жил 100, түүний дараагийн жил 150-200 гээд ирэх зургаан жил 1000 хүүхдэд зүрхний хагалгаа үнэ төлбөргүй хийе гэсэн зорилготой. Энэ жилийн зорилго бол биелчихсэн. Зургадугаар сарын 1-нээс энэ ондоо багтаагаад 40 хүүхэд хагалгаанд оруулна гэж байсан бол одоогоор 50 гаруй хүүхэд хагалгаа хийлгэсэн байна. Он гарахад 60-70 хүүхэд орох юм шиг байна. Ирэх жил 100 гаруй хүүхэд хагалгаанд орно гэж бодохоор 600-700 сая төгрөг олох ёстой болж байна. Сайхан сэтгэлтэй хувь хүн, байгууллагаас их тусалж ирж байна. Мөн эмнэлгийн зүгээс ч гэсэн бид маш их чармайлт гаргаж байгаа. Маш их хөрөнгө гаргаж байна.

-Говь-Алтайн Төгрөг сум Шаргын говьд нэгэн ээж өглөө найман цагаас хойш хүүгээ хүлээсээр үзүүлсэн байсан шүү дээ. Өөр ингэж зам дагуу хүлээсэн тохиолдол байв уу?

-Уг нь Ховдын Алтай сумаас эхлэх ёстой байсан юм. Алтай сумаас эхлэхээр Алтайн нуруугаа даваад Үенч, Булган гээд Алтайн өвөр хавцлаас дээшээ өгсөөд явах ёстой байлаа. Тэгсэн Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг дарга П.Мөнхбаатар, Дарив сумын эмч гээд олон хүн зам зааж өгсөн. Тэгсэн өөрсдийн маршрутаар явах гэсэн Төгрөг сумын Засаг дарга П.Мөнхбаатар шалгаагаад болдоггүй. “Төгрөг сумын хоёрдугаар багт бие муу хүүхэд байгаа, аав ээж нь хот орох бололцоогүй, мөнгө байхгүй, та ядаж оношийг нь тогтоочих” гээд байдаг. Тэр П.Мөнхбаатар айхавтар залуу л даа. Ажилсаг, шаргуу, юманд сэтгэлээсээ ханддаг залуу. Ингээд хамгийн түрүүнд Шаргын говьд хүлээж байсан хүүг үзсэн. Хүү дөрвөн гажиг хавсарсан байсан. Ингээд зөвлөгөө, эм тан өгч, оношийг нь тогтоогоод, хагалгаанд орох товоо ярьсан. Эхлээд жаахан бэлдэх ёстой.

-Хүүг дөрөвдүгээр сард хагалгаанд оруулна гэж байна. Хагалгааны мөнгө бүрдсэн үү?

-Дөрөвдүгээр сард хагалгаанд орно. Тэр хүртэл эм тан уугаад, бор хоолондоо ороод борогшоод ирэхээр нь оруулна. Гэхдээ ирэнгүүт нь дахин нарийн сайн онош тогтооно. Дөрвийн дөрвөн гажиг хавсарсан учраас, ялангуяа уушгины артерийн доод хэсэг, үндсэн болон хоёр тийшээ салаа нь ямар өөрчлөлттэй байна гээд бүгдийг нь тогтоож байж хагалгаандаа орно. Одоогоор хагалгааны зардал бүрдээгүй. Хүүгийн хагалгааны зардалд хүмүүс минь туслаарай.

-Төслийг эхлүүлснээс хойш 50 гаруй хүүхдэд олон байгууллага хувь хүн хандив өргөсөн гэсэн. Ер нь ямар байгууллагууд хандив өгөв?

-700 гаруй хүн хандив өгсөн байна. Одоо ч өгсөөр л байгаа. “Yalguun cashmere” 20 сая төгрөг мөн Ховд аймгийн Булган сумын н.Содномпил гэж залуу, Баян-Өлгийн Цэнгэл сумаас мөнгө хандивласан. Мөн “Петровис” ХХК-ийн Ж.Оюунгэрэл захирал байна. Ж.Оюунгэрэл захирал нэг их яриулаад байхыг хүсдэггүй юм билээ. Би албаар нэрийг нь хэлж байгаа юм. Байгуулагаас гэвэл MCS группээс сар болгон нэг хүүхдийн хагалгааны зардлыг даана. “Голомт” банк жилийн хугацаанд 120 сая төгрөг өгч байгаа. Найм есөн хүүхдийн хагалгааны зардал гэсэн үг. Үүнээс гадна “Монос” групп бүр гоё мэдээ сонсгох гээд байна. Гучин жилийн ойдоо зориулж гучин хүүхдийн хагалгаа дааж магадгүй гэсэн. Энэ мэтчилэн олон байгууллага, хувь хүн байна. Сайхан сэтгэлтэй хүмүүс их байдаг шүү дээ. Яахав, торхтой хоолонд ганц дусал давирхай дусаахад балладаг шиг ганц хоёр зүйлээс болж шуугиан гараад л байдаг . Гэхдээ өнгөрсөн хугацаанд 700 гаруй хүн нийт 400-500 сая төгрөгний хандив өгчихсөн байгаа. Энэ хүмүүсийн хүчээр 50 гаруй хүүхдэд хагалгаа хийчихсэн байна.

-Зүрхний төрөлхийн гажиг засах хагалгааг гадаадад маш өндөр үнээр хийдэг гэж байна. Тэгэхээр энэ үнэтэй хагалгааны багаж хэрэгслээ хаанаас яаж авч байна вэ?

-Хагалгааны багаж хэрэгслийн тухайд гарцаагүй суурь хэрэгтэй болон ахисан түвшний багаж хэрэгсэл гэж ангилдаг. Нэг багаж авчихаад тэрүүгээрээ бүх хагалгааг хийнэ гэж байхгүй. Хагалгааны багаж хэрэгсэл яг хүссэн хэмжээнд бол алга. Жишээлбэл, том хүний хагалгааны үед зүрхний эхогоор хянаж болдог. Харин хүүхдийн эхоны аппарат авах гэхээр өндөр үнэтэй байна лээ. Зарим багаж хэрэгсэл олдохгүй нэг долоо хоног ч зогсож байсан. Одоо бол Япон,Солонгосоос хүүхдийн зүрхний хайч, шарх тэлэгч авсан л даа. Энэ жил хагалгаа хийх хүүхдүүдийнхээ тоогоор хэрэгсэлээ авчихсан. Ирэх жилийнхийгээ яах вэ гээд л гайхаад байж байна.

-Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд зүрхний төрөлхийн гажгийг засах мэс засал багтсан байдаг. Гэтэл улсын эмнэлэгтэй харьцуулахад хувийн хэвшлийн эмнэлэгт хэд дахин бага хэмжээний санхүүжилт олгох бодлого өнөөдөр манайд үйлчилж буй. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Даатгалд маш их үлдэгдэл үлддэг. Зөвхөн 2019 онд гэхэд 396 тэрбум төгрөг үлдчихсэн байсан. Тэр авдарт байгаа мөнгөө яах гээд байгаа юм. Өвдсөн хүмүүстээ өгөхгүй тэгсэн мөртлөө бидний цалингаас аваад байдаг. Манай эмнэлэгт санхүүжилт байхгүй л дээ. Улсын эмнэлгүүд хувийн хэвшлийн эмнэлгээсээ даатгалын мөнгө гэж 2,3 дахин өндрийг авна. Гэтэл бид хүмүүст илүү сайн үйлчилгээ үзүүлээд байдаг. Энэ тухай Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатартай уулзсан л даа. Хамгийн эмгэнэлтэй нь хүүхдийн эрүүл мэндийн зардлыг төрөөс даана гэчихээд орхичихсон байдаг. Одоо бол даатгалаас ямар ч мөнгө өгөхгүй байгаа. Би төр гэж “нөхөр”-лүү нэхэмжлэл бичиж чадахгүй байхгүй юу. Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар санаачилсан эрүүл мэндийн даатгал санхүүжилтийг сайжруулах төслийн хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс арай дээр болно гэж хэлсэн. Яг хэрэгжинэ л гэсэн. Хариуд нь би “Хүүхдүүдээ дагуулаад үүдэнд нь чинь зогсож байна шүү” л гэж хэлсэн. Тэгэхгүй бол монголчууд хэдэн биенийхээ халаасыг ухаад л, дандаа гуйлга, хандив гээд байж болохгүй байх. Яахав, гадагшаа олон улсын байгууллага, компаниуд руу хандаж л байгаа. Ер нь компаниуд бодитой, үр өгөөжтэй, хүүхэд цоо эрүүл болдог төсөлд мөнгө хандивлаасай гэж хүсээд байгаа юм.

-“Зүрх мартахгүй” төслийн дараагийн маршрут аль сумдыг зорих вэ?

-Яг нарийн төлөвлөөгүй. Үнэнийг хэлэхэд, би түрүүчийн аяллынхаа ханиаднаас салж амжаагүй л байна. Ирэх долоо хоногт гурав дөрвөн хагалгаа төлөвлөчихсөн байгаа. Хойшлуулж болохгүй хагалгаанд орох ёстой 20-иод хүүхэд байгаа.

Явах маршрутын тухайд гэвэл Дундговь аймгийн Эрдэнэдалай, Дэлгэрцогт сум орно. Хуучин над дээр ирж арваад жил зүрх, уушгиа эмчлүүлж байсан н.Сугар гээд эмээ байсан л даа. Тэр эмээ жилд нэг хоёр ирж очихдоо надад ямааны ааруул авч ирж өгдөг байсан. Хоёр жилийн өмнө бурхны оронд одсон. Тэгээд би н.Сугар эмээгийнхээ дурсгалд зориулаад Эрдэнэдалай, Дэлгэрцогт сум орж хүүхдүүд үзээд ирье гэж бодож байгаа. Ер нь цаашлаад зүүн аймгуудын Батширээт, Биндэр, Дадал, Баян-Уул, Дашбалбар, Сэргэлэн, Халх гол мөн хилийн сумдуудаар явна гэж төлөвлөж байна.

-Энэ “Зүрх мартахгүй” төслийн аяллын багт ямар хүмүүс багтаж явж байгаа вэ?

-Энэ аяллыг дэмжээд, хөрөнгө мөнгө, төлөвлөгөөг гаргаж зохион байгуулаад байгаа Бямбацоож гээд найз минь бий. Уулын спортын мастер Бямбацоож, Хурандаа Алтаншагай, манай эхнэр тэгээд би. Ийм үндсэн дөрвөн хүн явж байгаа. Мөн жолооч нар авч явна. Энэ хүмүүс бүгд сайн дураараа явж байгаа. Би хүчлээгүй. “Алив дараагийн сумын 20 хүүхэд хүлээж байна гэнэ. Явъя аа” гээд л бараг намайг хүчлээд явж байгаа/инээв/. Их ч эрт босдог хүмүүс. Өглөө зургаан цаг гэж босоод цайгаа угаад үзлэгтээ гарна. Орой арваннэгэн цаг хүртэл үзэж байгаа. Би энэ хүмүүсгүйгээр явж чадахгүй юм байна лээ. Тэгэхээр би энд ямар ч зовлон хэлэхгүй. Техникийн болон байгалийн, бие өвдсөн гэж юу ч ярихгүй. Бид хүсэл зоригоороо явч байгаа. Бид “Насны халуун, чөмөгний халуун дээр ингэж явах хэрэгтэй” гэж зоригжуулж, хөөргөнө өө/инээв/.

-Таны аавыг хөдөө аймгуудаар явж зүрхний үзлэг оношилгоо хийдэг байсан гэж дуулсан юм байна?

-Ер нь манай хөдөөгүүр явж үзлэг оношилгоо хийдэг аялал маань энэ жил л шинээр эхэлчихсэн юм биш шүү дээ. Нарийн яривал хүүхдийн зүрхний оношилгоог аавын минь санаачилгаар 1978,1979 оны үед Өмнөговь аймгаас анх эхэлж байсан түүхтэй. Тухайн үед аав арай өөр байдлаар үзлэг, оношилгоогоо хийдэг байж. Багаараа яваад аймаг дээр нь үздэг байсан.Түүнээс хойш 40,50 жил өнгөрсөн байна. Би энэ үйл хэргийг нь үргэлжлүүлж байгаа хэрэг. Хөдөө явж үзлэг оношилгоо хийх төсөлдөө зориулж машин хүртэл авсан. Үзлэгийн төхөөрөмж миний цүнхэнд багтахаар авсаархан ч боллоо. Аавын үед бол цүнхэнд ч багтахааргүй, зүрхний эхо ч гараагүй байсан. Мөн аймгийн төв рүү сумаас ирнэг гэдэг хэцүү. Жишээлбэл бид Хөвсгөлд 113 хүүхэд үзсэн. Сая 189 хүүхэд үзсэн. Бид суманд нь яваад очиход тэдний мөнгийг хэмнэж байна. Сая наашаа ирэх гээд онгоц таван цаг саатах хооронд арвангурван хүүхэд үзсэн. Аавын үед аймаг дээрээ очиж үзүүлж байсан бол би сумын төврүү дөхөж үздэг боллоо. Магадгүй миний хүүгийн үед хөдөө гэрээсээ дата мэдээллээ явуулаад оношлуулдаг болох байх.

-Хөдөө сумдаар үзлэг хийж явахдаа хүүхдүүдэд бэлэг тарааж харагдсан?

-Бид үргэлж бэлэгтэй явдаг. Сая хоёр том шуудай тоглоом авч явсан. Хүүхэд үзэх их хэцүү. Алив эмч нь чагная гэхээр уйлна шүү дээ. Уйлахаар сайн чагнаж болохгүй. Бүр айхавтар уйлдаг хүүхэд зүгээр байдаг юм. Уйлах хооронд нь чагначихдаг. Тэгэхээр хүүхдэд заавал тоглоом өгнө, аргадна. Эмнэлэгт байхад ч тоглоом өгдөг. Хүүхэд хамгийн хүнд хагалгаанд орох гэж байхад бид өвтгөхгүй сайхан байлгана гэж хэлж үнэхээр чадахгүй. Айдасгүй, тайван тухтай тийм орчинд байлгахын тулд аав, ээжийг нь хамт байлгадаг. Манай сэхээний сувилагчид бол мөөмөө өгөхөөс бусдаар үйлчилнэ шүү дээ.

-Үзлэгээр явахдаа нэг цүнхтэй явдаг гэлээ. Цүнхэнд тань бүх үзлэг оношилгооны багаж хэрэгсэл багтдаг хэрэг үү?

-Би эмчийн ажлыг сумын эмчээс эхэлсэн. Нарийн ярих юм бол Анагаахын Их сургуульд орохдоо шал угааж, асрагч хийж, сувилагч, бага эмч хийж байсан. Завхан аймгийн Тэлмэн суманд хоёр жил шахам сумын эмч хийж байлаа. Сумын эмч нарт нэг дадал байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, заавал нэг цүнхтэй явдаг. Цүнхэн дотор нь хүнд тусламж үзүүлж болох бүх зүйл байдаг. Одоо миний хөдөө авч явдаг цүнхэнд хоёр төрлийн чагнуур бий. Нэг нь маш сайн чагнуур байгаа. Нөгөөх нь бүр сайн чагнуур байгаа./инээв/ Бүр сайн нь хувцасны гаднаас чагнаж болдог л доо. Би зоогийн газар, хөдөө хээр, олон хүний дунд хүүхдийг үздэг. Хөдөөний хүүхэд байна гээд л цээжийг нь нүцгэлээд байж болохгүй. Мөн зүрхний бичлэг хийх алганд багтдаг жижигхэн аппарат байгаа. IPad-нд залгадаг эхо гээд миний цүнхэн дотор жижигхэн зүрхний эмч яваа даа. Тэгэхээр одоо сумдаар явж үзэхэд гучин жилийн өмнө сумын эмч хийж байсан тэр дадал зуршлууд минь хэрэг болж байна. Цүнхээ үүрээд л гарахад хөөрхөн жижигхэн зүрхний эмнэлэг явж байна шүү дээ. Ингээд хүүхдүүдээ үзнэ. Эмнэлэг дээр ирсэн хойно манай оношилгооны зарим эмч нар загнана. “Чи яана гэнэ ээ, урцанд онош тавьчихаад хагалгаа хийнэ гээд өдөр сарыг нь товлочихоод ирнэ гэнэ ээ, алив нааш нь авчирч шалгуул” гээд л шалгадаг../инээв/ Азаар одоог хүртэл оношууд нь овоо тохироод байгаа.

-Хөдөө сумдаар явахад цаг агаарын байдлаас хамаараад бэрхшээл их тулгарсан байх?

-Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд очиход хоёр өдөр далайн шуурга шиг бороо орж зам хаагдсан. Тэндээсээ морь хөлслөөд л явсан. Гэхдээ тэр болгоныг тоочмооргүй байна. Дурандаа явчихаад ялархаад байх юм байхгүй.

-Дараагийн долоо хоног бүх өдрүүдэд хагалгаатай завгүй юм байна шүү дээ. Энэ олон хагалгааг амжилттай хийхийн тулд маш их сэтгэл зүтгэл шаардагдах байх?

– Эмч хүн өнөөдөр хагалгаагаа сайн хийхийн тулд сайн амарч, эрүүл чийрэг байх ёстой. Би архи уудаггүй. Өмнөх орой нь архи уучихсан шартчихсан, салгалсан, оюун нь бүдгэрч зангирсан хүн хүүхдэд хагалгаа хийнэ гэдэг огт байж боломгүй зүйл. Тэр дундаа эмч нар архи уух ёсгүй гэж боддог. Эмч хүн 365 хоног 24 цаг эрүүл саруул байх ёстой. Энэ бол миний өнөөх л сумын эмчээс сууриа тавьсан дадал зуршил. Сонин түүх яривал суманд би шинэ жилээр хүүхэд төрүүлж байсан. Тухайн үед эмнэлгийнхээ шинэ жилийг арванхоёрдугаар сарын 31-нд хийсэн л дээ. Арванхоёр цаг гээд л өвлийн өвгөн орж ирлээ, түүний хажуугаар хоёр, гурван хүн цан хүүрэг татуулаад гүйгээд ирдэг юм байна. “Болдоо эмч хаана байна, нэг эмэгтэйн ус нь гараад хүүхдийн толгой цухуйчихлаа” гээд л намайг аваад явсан. Би уудаггүй байсан учраас очоод л хүүхдийг нь төрүүлсэн. Бас нэг удаа Завханы Тэлмэн суманд наадам болж байлаа. Наадамд хоёр давчихсан, шилээ шөргөөгөөд л… Зодог шуудагтайгаа сууж байтал машин ирээд л аваад явлаа. Миний халатыг гаргаж өглөө. Би зодог шуудган дээрээ шууд халатаа өмсөөд “юу болсон бэ” гээд асуусан нэг хүн байшин дээгүүр гүйгээд үхэх нь” гэнэ. Кино шиг юм болж байгаа юм. Сумын төвд очсон нэг хүн байшин дээр гүйгээд л байна. Би доор нь зодог шуудаг дээрээ халат өмсчихсөн хаана унах нь вэ гээд л.. Тэгээд барьж авсан хөөрхий минь урьд өдөр нь сумын төв орж ирэх гэж байгаад хүн тавьдаг газар хоночихсон байсан. Нутгийнхан “сүнс нь зайлчихаж” гээд сүнсийг нь дуудаад, би наана нь эмчилгээ хийгээд л… Энэ бүгдээс би эмч хүн архи уух ёсгүй, эрүүл саруул байх ёстой юм байна л гэж ойлгосон. Үүнээс гадна бидний үеийнхэн сайн муу ч гэсэн хоёр үеийг дамжсан. Яг далайн хар шуурга шиг үеийг даваад гарсан. Одоо харин залуу үеийнхэн өөрийнхөө хийх юмыг тултал нь хийх ёстой. “Би тэтгэлгээр явсан. Надад өндөр цалинтай даргын ажил хэрэгтэй” гээд суугаад байж болохгүй. Би цагаан үс сахлаа унжуулаад тэр хол очиж чадаж байхад залуу үе яагаад чаддаггүй юм. Морьтойгоо Монгол Улсаа тойролдоо. Яагаад болохгүй гэж. Залуус сайхан сургуульд сурч ирчихээд хүмүүст хүрч ажил л даа. Их сургуулиа төгсчихөөд суманд очиж ажиллах хэрэгтэй. Би АШУҮИС-д сурдаг хүүгээ төгсөнгүүт нь Ховдын Булган ч юмуу хөдөө сум руу явуулна. Хүчээр явуулна. Тэнд очоод эмч болох сууриа тавиг. Хүн болог. Энд гэр сургууль хоёрын хооронд явдаг жижигхэн ертөнцөд амьдарч болохгүй. Гэхдээ залуу эмч нарт олон юм ярихгүй. Харин би өөрөө сайн ажиллаж, шаргуу хөдөлмөрлөж үлгэр дуурайлал болж биеэрээ харуулна. Ер нь эрүүл мэнд, улс ороноо ингээч ээ гэсэн анхаарлын тэмдэгтэй пост өдөр болгон оруулж болно. Гэхдээ тэрний оронд би өөрөө хийж болно. Хөдөө нутаг руу яваад оношлоод, хагалгаа хийгээд хамгийн чадахаараа хичээх ёстой.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *