Categories
мэдээ цаг-үе

Б.Билгүүн: Уханьд онц байдал зарлах үед хамгийн түрүүнд “Хүүгээ л хамгаалах ёстой. Би хамаагүй” гэж боддог юм билээ

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдэж, өнөөдрийг хүртэл олон мянган хүн халдвар тээгч болж зарим нь амь насаа алдсаар байна. Өвчний голомтод суралцаж байсан Монгол Улсын 31 оюутныг Засгийн газрын шийдвэрээр эх оронд нь авчраад удаагүй байна. Тэд одоо ХӨСҮТ-д тусгаарлагдан хянуулж буй. Оюутнуудын дунд нэг ойтой бяцхан хүүтэй залуу гэр бүл Б.Билгүүнийх байсан юм. Б.Билгүүн Ухань хотын төв Хятадын шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Эдийн засгийн сургуульд Хүнд аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр магистрт суралцдаг бол эхнэр Р.Болорцэцэг нь ч тус сургуульд менежмэнтийн чиглэлээр магистр горилж буй төгсөх курсийн оюутан аж. Гэр бүлийнхээ хамтаар эрүүл саруул эх орондоо ирсэн баярт мөчийг нь хуваалцаж Б.Билгүүнтэй ярилцлаа.


-Монгол оюутнуудаа эх оронд нь авчрах Засгийн газрын шийдвэрээр МИАТ-ийн онгоц Ухань хотыг зорьсон мэдээллийг анх сонсоход ямар байв?

-Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. МИАТ-ийн онгоц хөөрлөө гэсэн мэдээллийг фэйсбүүкээс анх авсан. Мэдээж баярлах сэтгэл цээжинд багтаж ядсан. Түүнээс хоёр, гурван цагийн дараа Бээжин дэх Монголын Консулын газраас холбогдож ийм дугаартай жолоочтой автобус та бүхнийг авахаар очиж байгаа. Маскаа олон давхарлаж зүүгээд, чихээ бөглөж, дулаан хувцас өмсөөрэй. Аль болох бага ачаатай явахыг эрмэлзээрэй гэсэн. Удалгүй автобус ч ирж биднийг авч явсан. Манай оюутнуудыг нийт зургаан байрлалаас очиж авсан юм билээ. Онгоцны буудалд очсон даруйд биднийг эрүүл мэндийн үзлэгт оруулж эхэлсэн. Самбар дээр Улаанбаатар ОМ72-26 чиглэлийн онгоц 02:14 цагт буулаа гэсэн мэдээлэл урсахад зүрх пал пал гээд. Монголын онгоц газардсан мэдээг уншаад бас л их баярласан. Бүгдээрээ алгаа ташаад л бөөн юм болцгоосон. Бараг л удахгүй онгоцондоо суух нь гэж бодтол тийм ч амар байгаагүй. Үзлэгт орохоор бидний өмнө Орос, Пакистан, Солонгос гээд хэд, хэдэн орны 400 гаруй оюутан дугаарлаж байсан. Бүгдийнх нь халууныг хэмжиж, анкет бөглүүлсээр дөрвөн цаг орчим болсон байх. Тэгж явсаар 06:00 цаг өнгөрч байхад МИАТ-ийнхээ онгоцыг цонхоор харсан. Бараг онгоцоо хараад л Монголдоо ирчихлээ гэж баярлацгаасан.

-Монгол Улсын төрийн далбаа нүдэнд туссан биз?

-Биднийг угтсан онгоц бүр “Зүчи хаан” гэсэн нэртэй байсан шүү. Маш их омогшсон. Тэр онгоцыг харах хүртэл хоёр гурван шат дамжлагаар гурав дөрвөн цаг зогсоогоороо байсан. Тэр хооронд маш их түгшүүртэй. 300, 400 хүн оочерлож байдаг. Тэр дунд халдвартай хүн ч байж мэдэх учраас аль болох зайгаа барьж, хол байхыг хичээж байсан. Яг кинон дээр гардаг шиг, үнэхээр их түгшүүртэй байсныг яана. Ялангуяа нялх хүүхэдтэй болохоор бүр хэцүү. Хүү маань маскаа зүүж сураагүй. Авч шидчих гээд. Тэгэхээр нь маскийг нь толгойных нь ард гаргаад зангидчихсан чинь 10 миунт орчим уйлж байгаад сая нэг дассан. Уг нь тэнд хүүхэдтэй хүмүүс харагдсан. Гэхдээ манай хүүхдээс арай том, биеэ даачихсан хүүхдүүд болохоор маскаа зүүгээд сурчихсан.

-Онгоцонд яваад ороход монгол хүмүүс угтахад ямар байх юм?

-Хамгийн гол нь Уханиас Монгол руу анх удаагийн шууд нислэг байсан. Энгийн үед бид Уханиас заавал Бээжин юм уу Шанхай руу явж байж шууд нислэгт суудаг. Гэтэл Уханиас анх удаа МИАТ-ийн цэнхэр морины логотой “Зүчи хаан” гэсэн онгоц угтаж хараад үгээр илэрхийлэх аргагүй сэтгэл хөдөлсөн. Онгоцонд яваад очиход хоёр, гурван эмч тусгай хувцастайгаа, онгоцны багийн ахлагч нар бүгд гарч ирээд тосч авсан. “Сайн байцгаана уу” гэж монголоор мэндлээд ямар сайхан байсан гээч. Бидэнд анхаарал халамж тавиад л хүүг маань “Өө нөгөө хүүхэд үү” гэж ирээд л өхөөрдөөд л. Онгоцонд суухын өмнө гар ариутгагч өгөөд “Суудал бүрт та бүхний нэрийг биччихсэн. Түүний дагуу суугаарай” гэсэн. Ачаагаа тавиад тус тусынхаа бичсэн суудал дээр суугаад хартал 200, 300 хүний суудалтай онгоцонд 31-үүлээ суухыг харах их сонин юм билээ.

-Монгол Улсынхаа 31 оюутны төлөө монгол түмэн ч сэтгээлээ чилээж, Засгийн газар шийдвэр гаргаж илгээсэн хөлөг шүү дээ?

-Ухань чинь боловсрол судалгааны төв гэдэг утгаараа маш олон газраас хүмүүс очиж судалгаа хийж суралцдаг. Нийтдээ 138 орны оюутан залуус тэнд ажиллаж амьдарч сурч байгаа. Энэ өвчинтэй холбоотойгоор өөрийн орны иргэдээ авна гэж хамгийн эхэлж хүсэлт гаргасан 50 хэдэн орны эхний арван хэдэд Монгол Улс багтсан байдаг. Баярлаж, бахархмаар зүйл биш гэж үү. Ингэж бодохоор л цаанаасаа огшоод явчихсан. Герман, Солонгос гээд манайхаас хөгжилтэй улс орон байгаа ч Монгол Улс маань 30 хэдхэн оюутнаа авах гээд ирчихсэн байна гэдэг… Сайхан байсан л даа. Онгоцонд суучихсан чинь нутагтаа ирчихсэн юм шиг санагдаж байсан.

-Онгоцондоо суух хүртэл дөрвөн цаг орчим оочерлосон гэлээ. Магадгүй тэр дундаас сэжигтэй гээд буцах вий, гэр бүлээсээ тусгаарлагдах вий гэсэн айдастай байв уу?

-Тийм айдас маш их байсан. Гадны тэр оюутнууд оочерлоод үзүүлж байхад л халуурч ханиалгаж байвал эмч нар хамгаалалтын хүмүүстэй ирээд дагуулж яваад өөр өрөөнд үзлэгээ улам нарийн хийгээд л. Тэндээс бүр хүнд байгааг нь шууд эмнэлэгт хүргэхээр түргэний машинаар авч яваад л. Тийм зүйлийг өөрийн нүдээр харахаар улам сандарч, “Хилээр гарч чадахгүй бол яана. Ханиадтай байсан ч ханиалгаж болохгүй юм байна шүү” гэж бодоход хүргэсэн шүү. Цаг нь тулахаар их олон сонин зүйл толгойд орж ирдэг юм билээ. Ямартаа ч эхнэр, хүүхэд хоёроо оочерлож байгаа хүмүүсээс нэлээд хол зайд суулгачихсан. Хөл муутай нэг найз маань бас хамт явсан юм. Түүнийгээ ч эхнэр, хүүхдийнхээ дэргэд суулгачихаад өөрөө би оочерлосон. Хамгийн түрүүнд надад “Хүүхдэдээ л халдааж болохгүй. Би хамаагүй” гэж бодогддог юм билээ.

-Монголдоо хөл тавихад бас л сонин байсан биз?

-Монголынхоо хөх тэнгэрийг харах л хамгийн сайхан байсан даа. Онгоцноос буунгуут биднийг ХӨСҮТ-д хүргэж, өрөө өрөөнд тусгаарласан. Энд биднийг эмч нар маань маш халуун дотноор угтаж авсан. Тийм ч болохоор бид ч бас сэтгэл санаа тайван байлаа.

-Шинжилгээний хариу өнөөдөр /өчигдөр/ албан ёсоор гарч, оюутнууд бүгд эрүүл гэсэн мэдээг зарлалаа. Хэдийгээр бие сайн байсан ч шинжилгээний хариу гарах хүртэл айдастай байсан уу?

-Тэгэлгүй яахав. Халуунаа байнга үзээд биеийн байдлаа хянаад байгаа ч нээрээ халдвартай бол яана гэсэн айдас байсан.

-Тусгаарлагдсан үед ХӨСҮТ-ийн зүгээс ямар хяналт тавьж байна вэ?

-Биеийн халууныг тогтмол хэмжихээс гадна даралт байнга үзэж байгаа. Дээр нь биднээс байнга асуумж авч байна. Дархлаа дэмжих эм бэлдмэл, хоол ундаар маш сайн хангаж байгаа.

-Монгол хоолоо амтлах өөр байв уу?

-Мэдээж гоё. Гоё хоол хийж өгч байгаа Халдвартын хамт олонд маш их баярлалаа.

-Ар гэрийнхэн нь юу гэж байх юм. Хөгшид нь маш их сэтгэл зовнисон байсан биз?

-Аав ээж нар маань “Тосоод авах эх оронтой хүмүүс ийм сайхан шүү. Хүүхдүүдийг минь авчирч өгсөн төр засагтаа л маш их баярлалаа” гэсэн хүмүүс л байгаа. Фэйсбүүк, олон нийтийн сүлжээнд ч баярлаж талархсанаа чадах чинээгээрээ илэрхийлж байна. Үнэхээр ч бид азтай. 130 гаруй орноос эхний орнуудад багтаад эх орондоо ирчихдэг. Сургуулийн гадаад оюутнуудын харилцдаг олон нийтийн сүлжээн дээр гэхэд өнөөдрийг хүртэл Уханиас явж чадаагүй оюутнууд маш олон байна. Зарим нь бүр эх орноос нь өнөөдөр хүртэл сураг алга гэцгээж байна. Тэдний зарим нь дотуур байрандаа тусгаарлагдаад байрных нь хаалгыг хаачихсан байх жишээтэй. Биднийг Уханиас авч ирж байхад халдвар авсан хүний тоо 9800 гэж байсан бол өнөөдөр 17000 гэж байна. Нөхцөл байдал хүндрэхээс өмнө Монголдоо ирж чадсан маш их азтай л хүмүүс юм гэж бодож байна. Манай улс орон маш сайн шуурхай ажиллаж чадлаа.

-Энэ бүх зүйлийг даван туулаад Монголдоо ирсэн залуус эх орны үнэ цэнийн тухай юу гэж ярилцацгааж байх юм. Энэ үйл явдлаас улбаалж эх оронтой байхын омогшил, бахархлын тухай их ярьцгааж байна шүү дээ?

-Уханиас ирсэн залуус маань бүгд ам сайтай байгаа. “Эх орондоо сайхан бүхнийг хийхийн төлөө сайн суралцана”. “Хийж байгаа бүх ажлаа чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй юм байна” гэдгийг л хамгийн түрүүнд хамгийн их хэлж байгаа. Уханьд байхад хятад хүмүүс тэр айхавтар өвчний эсрэг тэмцэж байгаа эв нэгдлийг харахад их бахархшуутай байсан. “Ухань амжилт, Ухань амжилт” гээд хашгирч байгаа хүмүүсийн бичлэгийг үзсэн байх. Тийм хүнд нөхцөлд цонхоо нээгээд тагтан дээрээ гараад хүн бүр яг нэг тогтсон цагт дуу нэгтэй хашгирч байсан. Монгол хүмүүс бидэнд яг тийм нэгдмэл байдал хэрэгтэй юм болов уу гэж бодогдсон. Монгол хүн бүр ийм ийм сайхан оронд төрснөөрөө бахархах ёстой. Цөөхөн ч гэсэн бид нар бахархах омогших эх орон байна. Өмнө нь надад эх орны төлөөх бахархах сэтгэл байдаг ч гэсэн одоо бол бүр их омогшил төрж байна.

-Өвчний голомтод байсан бага насны хүүхэдтэй залуу гэр бүл хэрнээ өөрсдийгөө маш сайн хамгаалсан нь харагдаж байна. Өвчин анх гарсан захаас танай сургууль хэр хол вэ?

-Манай амьдардаг сургуулиас 22 км-ийн радиуст тэр зах байгаа юм билээ. Ухань бол 11 сая хүн бүртгэгдсэн том хот. Бид ч кампусаасаа гарах шаардлага бараг гардаггүй.

Монгол хүний өөрсдийнх нь онцлог байдаг шүү дээ. Далайн бүтээгдэхүүнд хошуурч шуурдаггүй. Монгол мах байхад хоолоо хийж идээд явдаг хүмүүс. Гадны оюутнууд биднийг хэлдэг. “Монголчууд нутгаасаа ирэхээрээ бүгд хоол хүнсээ чирээд ирэх юм. Та нар гадаадад ирж байгаа хүмүүс биз дээ” гэцгээдэг. Тэр нь давуу тал боллоо. Өөрсдийнх нь үндэсний онцлог мах, ааруул, борц, боорцгоо авч ирээд л хүнсэндээ хэрэглэдэг. Манайх гэхэд өнгөрсөн есдүгээр сард хүүхдээ авч явах шийдвэр гаргаад ирэхдээ шар тос, сүүлний тос гээд хүүхдийн дархлаа дэмжих бүх юмыг аваад явсан. Тэр бүхэн маш их хэрэг боллоо. Монголоос эмээ, өвөө нар маань “Хоолондоо шар тос хийгээрэй, цайндаа борц хийгээрэй” гээд зааж зөвлөсний дагуу тэр бүхнээ ашиглаж байсан.

-Хамгийн гол нь бага насны хүүхэдтэйгээ хөл хорионд орсон нь их эмзэглэмээр байлаа. Та хоёр хүүгээ хамгаалах гэж багагүй хичээсэн байх?

-Хүү маань Монголоос анх явахад дөнгөж хөлд орж байсан юм. Намар очиход бол гадаа дулаахан. Вирус гараагүй байсан үе. Бид хоёр хүүхдээ хөлийг нь чангаруулах гээд орой болгон салхилуулдаг. Хүү маань ч гадна гараад сурчихсан байсан. Тэнд 11 дүгээр сараас эхлээд хүйтэн усан бороо орж эхэлдэг. Сүүл рүүгээ бараг өдөр болгон шахуу ордог. Маш их хүйтэн бороо. Бидний байранд Монгол шиг паар гэж байхгүй. Кондейшн асаадаг. Гэтэл вирус дэгдэх үеэр кондейшн асаах дэмий. Кондейшн гаднаас агаар салхи сэлгэдэг учраас халдвартай агаар өрөө рүү орох боломжтой гэсэн. Тэгэхээр нь бид өрөөндөө тенн асааж эхэлсэн.Тенн байнга асаахаар өрөөний агаар хуурайшиж хүүхдийн хамар битүүрээд хэцүү. Хүү маань Монголд байхад зургаан сартайдаа хатгалгаа аваад эмнэлэгт хэвтэж байсан. Хүүхэд өвдөх маш их хэцүү юм билээ. Тийм болохоор дааруулчих вий, халдвар авахуулчих вий гэж л хамгийн түрүүнд эмзэглэж байсан. Ядахдаа хүүхдээ санадаг юм байна гээд аваад явчихсаныг хэлэх үү. Гэтэл тийм нөхцөл үүсэхээр “Яах гэж хүүхдээ авч ирэв ээ. Эмээ өвөө дээр нь Монголдоо л үлдээдэг” байж гэж өөрийгөө их зүхсэн. Тэгээд хүүхэд рүүгээ харахаар өөдөөс инээхээр нь л “За за давж гарна даа” гээд зориг орж аль чадахаараа өрөөгөө чийгшүүлж, гаднаас агаар оруулахгүй гээд хаалга үүдээ скочдоод битүүлчихсэн. (инээв). Монголоос явахдаа шингэн хүчилтөрөгчтэй явсан болохоор хүүхдэдээ өгөөд унтах болгонд шар тосоор тослоод л, монгол арга маань их нэмэр болсон доо. Монгол түмний маань бэлгэдлээр хүүхдийн маань буян заяа түшиж бид элэг бүтэн, эрүүл саруул эх орондоо ирсэндээ талархаад баршгүй. Бид бүхний дуу хоолой болж үнэн зөв мэдээллийг уншигчдадаа хүргэж байгаа танай сонины хамт олонд маш их баярлалаа.

Эцэст нь хэлэхэд, монгол залуус бидэнд хийх зүйл маш их байна. Хүчирхэг Монгол Улсыг бүтээхийн төлөө дор бүрнээ өөр өөрсдийнхөө чаддаг бүхнээ хамгийн сайнаар хийцгээе гэж уриалмаар байна.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *