Categories
мэдээ цаг-үе

Б.Билгүүн: Монголчуудтайгаа харилцаатай байхын тулд чөлөөт цагаараа YouTube ашиглан хүмүүст мэдээлэл хүргэдэг

Б.Билгүүн Германы “Kaiserslautern University”-д химийн ухааны доктор хамгаалсан. Одоо Германы Хайделберг хотод “CaRLa” институтид судлаачаар ажиллаж буй. Өнгөрсөн жил тэрбээр “Sustainable methods for the introduc­tion of fluorinated groups” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Түүнийг “Power Nutrition” –аас зохион байгуулсан “Эрүүл зөв хооллолт” фитнесс өдөрлөгт лекц уншсаны дараахан уулзсан юм.


-Билгүүн яаж Германтай холбогдсон бэ?

-Би арвангурван настайдаа ээжтэйгээ Герман явж байсан юм. Ээж Удирдлагын академид ажиллаж байгаад, Германд магистр, дараа нь доктор хийх боломж гараад хоёулаа явсан юм. Тэнд очоод анх герман хэлгүй, юу ч мэддэггүй байхдаа шууд сургуульд нь ороод эхний нэг жилдээ зочин сурагч маягаар яваад, герман хэл сурч аваад, дараа нь тэндээ үлдсэн. Дунд сургуулиа төгсөх үед маань ээж доктор хамгаалж дуусаад, Монгол буцах болсон. Тэр үед “Би эндээ үргэлжлүүлж суръя” гээд үлдсэн.

-Ямар сэдвээр судалгааны ажил хийдэг вэ?

-Органик хими дотроо катализ гэдэг сэдэв байдаг. Ерөнхийдөө үйлдвэрийн явцад ямар нэг химийн бодисоос өөр бодис бий болгоход явагдах процессийг яаж илүү сайжруулах вэ. Өөр ямар химийн бодисийг ашиглаж, шинэ бүтээгдэхүүн гаргаж авах вэ гэдэг чиглэлээр ажилладаг гэх үү дээ. Ийм сэдвээр докторын ажил хийсэн. Монголд катализ сэдвээр ажиллана гэвэл ажлын байр байхгүй. Хөгжсөн оронд том үйлдвэрүүд дараагийн шинэ бүтээгдэхүүнээ яаж гаргах вэ, одоо байгаа бүтээгдэхүүнээ өөр материал ашиглаж, яаж шинээр боловсруулах вэ гээд өөрийн судалгааны групптэй байдаг. Монголд болохоор судалгааны групптэй үйлдвэр байдаггүй. Бэлэн үйлдвэр оруулж ирээд копи хийдэг болохоор надад Монголд ажил олдохгүй гэсэн үг. Тийм болохоор би Германд ажиллаж амьдарч байгаа.

-Химийн нарийн процесс ярина гэвэл хэцүү л дээ. Гэхдээ таны ажлын үр дүнд хүмүүст ямар боломж авчирсан тухай хэлбэл сонин байх?

-Докторын ажил хийж байхдаа би эм тарианд орсон зарим химийн найрлагыг яаж илүү хор багатай аргаар гаргаж авах вэ гэдэг чиглэлээр ажиллаж байсан. Германд ялангуяа бүх юмыг ногоон болгоно гэж ярьж байгаа. Ерөнхийдөө дандаа шинэ процесс хайдаг гэх үү дээ. Дэлхийн эхний аравт ордог химийн сэтгүүлд 11 нийтлэл гаргасан.

-Ийм залуухан доктор, тэр тусмаа Германд хамгаалсан гэхээр мундаг юм?

-Би өсвөр насандаа Германд очоод тал монгол, тал герман процесст ороод явчихсан болохоор ерөнхийдөө гайгүй. Хэрвээ өдий насандаа би Германд очоод доктор хамгаална гэсэн бол асар их ачаалалтай тулгарах байх.

-Одоо өөрийг чинь монгол эр хүн гэх үү, герман маягийн хүн гэж ойлгох уу?

-Мэдээж монгол. Тийм ч учраас Монголд зориулж юм хийх хоббитой. Монголчуудтайгаа харилцаатай байхын тулд чөлөөт цагаараа YouTube ашиглаж, хүмүүст мэдээлэл хүргэдэг. Сүүлийн үед Монголд ирэхэд анзаарагдсан зүйл нь хүмүүс зөв зохистой хооллолт бол эрүүл мэндийн асуудал гэж сайн ойлгодоггүй юм шиг санагдсан. “Витаминлаг юм идээрэй” гэхээр шууд эмийн сан орж витамин худалдаж авна гэж ойлгох нь олон. Гэртээ идэж байгаа хоол хүнс чинь витаминтай байх ёстой гэдгийг хүмүүс нэг их анзаардаггүй юм шиг. Ирэх болгондоо үүнийг анзаараад сүүлдээ YouTube-ээр зөв зохистой хооллолт гэж юу болох, хоолны бүтцийн талаар ярьсан. Уураг, нүүрс ус, тос ямар үүрэгтэй талаар мэдээлэл өгч эхэлсэн л дээ.

Монголчууд ихэвчлэн мах, гурилтай хоол иддэг. Гурил танд зөвхөн энерги өгөх үйлчилгээтэй, мах тос уургаар хангадаг. Нарийн эрдэс бодис, витамин байдаггүй. Тийм учраас монголчууд ерөнхийдөө витамины дутагдалтай байдаг.

-Юу идэж, хэр зэрэг аминдэм авч байна вэ гэдгээ яаж тооцоолох вэ?

-Нарийн тооцоо хийх гэхээсээ таны оройн хоолны тал нь ногоо байх хэрэгтэй. Ногоо нь аль болох олон төрлийн байх ёстой. Зөв зохистой хоол гэдэг шим тэжээл агуулсан гэсэн үг. Ерөнхийдөө хоолны гол бүтэц нь уураг, нүүрс ус, тос байдаг. Уураг нь амино хүчил болж хувирдаг. 60 кг-тай хүн 60 грамм уураг өдөртөө идэх учиртай. 100 г мах 20 г уурагтай байдаг. Нэг өндөг 8г уураг агуулдаг. 60 г уургаа өдөртөө хувааж иднэ. Нэг удаа хооллохдоо 20 г уураг хэрэглэнэ гэсэн үг. Нүүрс ус бол хүнд зөвхөн энерги өгнө. Гурил, будаа, төмс бол нүүрс ус. Тос ханасан, ханаагүй гэж хуваагддаг. Загаснаас бусад амьтны гаралтай тос нь ханасандаа ордог. Масло, өөх тос мөн ханасанд тооцогддог. Ханаагүй гэдэгт ургамлын тос багтана. Ханасан, ханаагүй гэдэг нь химийн бүтцээс нь харагддаг л даа. Ханасан тос хүний биед ямар ч урвалд ордоггүй. Тэгэхээр ийм тос нүүрс ус шиг энерги болно. Ургамлын тос нь хүний биед янз янзын урвалд ордог болохоор ашиг тустай. Энэ бол макро шим тэжээл буюу гол бүтэц нь. Микро шим тэжээл гэж байгаа. Витаминууд, эрдэс бодисууд ордог. Витамин органик бүтэцтэй. Усанд болон тосонд уусдаг гэдгээрээ ялгаатай. Эрдэс бодист давсны төрлүүд орно. Хоолны давс бол натри хлорид шүү дээ. Натри нь хүний арьсны усны хэвийн байдлыг хангадаг. Кали нь хүний булчингийн эд эсийн усны хэвийн байдлыг хангадаг. Цайр бол хумс, үс бүх зүйлд хэрэгтэй. Олон төрлийн металлууд бүгд өөрийн гэсэн үйлчилгээтэй байдаг. Хоолноосоо бүгдийг нь авах хэрэгтэй гэсэн үг.

-Химичид бүх юмыг химийн урвал гэдэг үүднээс нь хардаг уу?

-Химичид бүгдээрээ тэгж харна гэж байхгүй. Монголд ирэхдээ зөв зохисгүй хооллолтоос болоод олон төрлийн халдварт бус өвчин ихсэж байгааг анзаардаг. Чихрийн шижин, цус харвалт их байна. Халдварт бус өвчин бол бусдаас халддаггүй өөрөө өөртөө бий болгоод байгаа өвчин. Тэгж бодохоор харамсалтай. Би хүмүүст хэлдэг. “Та машиндаа шаардлага хангасан тос авдаг. Тэгэхгүй бол машинд доголдол гарна, мотор эвдрэнэ. Гэтэл яагаад хоол идэхдээ бараг хор болохоор зүйлс идэж ууж байна вэ” гэж асуудаг. Одоо бол хоол харахаар нүүрс ус, тос харагдаад явчихдаг л даа. Хоол бол таныхаар ямар үүрэгтэй вэ?

-Хоол бол эрчим хүч авдаг зүйл. Бас амттай хоол гэдэг бол амьдралаас авдаг кайфуудын нэг.

-Хүмүүс ингэж хэлдэг юм. Хоол бол таныг амьд эрүүл байлгах үүрэгтэй. Хоёр дахь үүрэг нь амт. Зөв зохистой хооллолтын өдөрлөг дээр би хэлсэн. Бүх хүн өдөр бүр хоолондоо анхаарлаа төвлөрүүлж чадахгүй. Тийм учраас ажлын таван өдөр эрүүл мэнддээ хэрэгтэй зүйл ид. Амралтын өдрүүд эрх чөлөөтэй, аз жаргалын цаг үе. Дуртай амттанаа ид. Ингээд явбал таны амьдралын 75 хувь нь зөв хооллолттой болно гэж хэлсэн.

-Зөв, зохистой хооллолтын талаар таныг сонсдог олон хүн байна. Харин химичид, эрдэмтэдтэй холбоо тогтоосон уу?

-МУИС-ийн химичидтэй Монголд ирэх болгондоо уулздаг. Тэнд гадаадад сураад ирсэн маш мэдлэгтэй залуус бий. Монголын нөхцөлд нано технологи, уул уурхайд химичид шаардлагатай байгаа. Тэд ажлаа сайн хийж байгаа.

-Мэргэжлийнхээ чиглэлээр ямар өндөрлөгт хүрэхийг хүсдэг вэ?

-Миний бодлоор яаж ийж байгаад германчууд бас монголчуудтай хамтарч ажиллахыг мөрөөддөг. Жишээ нь Монголд ган болоод авах ёстой ургацынхаа тал хувийг алдсан гэж байна. Миний мөрөөдөл химийн мэдлэгээ ашиглаад, Монголын газар тариалангийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх. Хэрвээ би Германд үр тарианы судалгаа хийж байгаа том компанид ажиллаад, магадгүй ургацыг хоёр дахин нэмэгдүүлж чадах ч юм билүү.

-Таныг Монголтой уяж байдаг зүйлс юу вэ?

-Мэдээж миний гэр бүлийнхэн, ээж, аав, өвөө, эмээ бүгд Монголд байдаг. Монголд ирэхэд салхи, шороо бүх юм ондоо мэдрэгддэг. Буянт-Ухаад буугаад “Монголд тавтай морил” гэсэн үг сонсох хамгийн сайхан.

-Ээж тань бас доктор хүн юм байна. Мэргэжлээ сонгоход чинь нөлөөлсөн үү?

-Миний ээж эдийн засагч хүн. Намайг химиэр сурна гэхэд ээж бараг харамссан. Намайг бас эдийн засагч болно гэж боддог байсан болов уу. Сургуульд байхад надад хими, физик, математик барьцтай, сонирхолтой санагдсан. Тийм болохоор сонирхсон чиглэлээрээ суръя гэж бодсон. Ээж “Миний хүү өөрөө шийд” гэсэн. Одоо бол “Миний хүү зөв шийдэж дээ” гэдэг. Би хэн юм бэ гэж өөрөөсөө асуусны эцэст химич болох юм байна гэдгээ ойлгосон.

-Германд байгаа монголчуудтай хэр холбоотой байдаг вэ?

-Германд монголчууд хаа сайгүй байдаг л даа. Багаасаа германчуудын дунд өссөн болохоор монголоо хайгаад яваад байдаггүй л дээ. Хайгаагүй болохоор надад монгол найз цөөхөн.

-Гаднаас Монголыг харахаар ямар өнгө төрхтэй мэдрэгддэг вэ. Энэ туршлагыг Монголд нэвтрүүлчих юм сан гэж бодогддог зүйлс байдаг уу?

-Тийм юм маш олон. Монгол маш их өөрчлөгдөж байгаа л даа. Зам их сайжирсан байна.

-Энэ зун хаагуур амрав?

-Өгий нуурт, Тэрэлжид очиж амарсан. Шарга морьтод лагерьт байрлаж байгаа. Тэндхийн зам өмнө нь их хэцүү байсан. Одоо бол гучин минут яваад очно. Монгол хөгжиж байгаа, их юм хийж байгаа гэдэг нь анзаарагддаг. Гэхдээ бас хийх ажил маш их байгаа. Эрүүл мэндийн салбарт тодорхой чиглэл алга. Хүмүүст мэдээлэл дутагдаж байна. Хагас үнэн мэдээлэл сошиалаар хаа сайгүй тархдаг. Тэрнийг л өөрчлөх хэрэгтэй гэж бодогддог.

-Таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

-Өглөө зургаад босч, өглөөнийхөө цайг уугаад ажилдаа гардаг. Миний судалдаг чиглэлээр өөр олон судлаачид дэлхий даяар ажиллаж байгаа. Өглөө кофе уунгаа хэн, хаана, ямар юм хийчихэв гээд цаг орчим сэтгүүл уншдаг. Дараа нь лабораторийнхоо ажилд ордог. Өдөр гэртээ бэлтгэсэн хоолоо иддэг. Үдээс хойш тав, зургаа хүртэл ажиллаад, гэртээ хариад долоо хоногийн гурван өдөр спортоор хичээллэнэ. Миний хувьд чөлөөт цаг хамгийн үнэтэй. Спортоор хичээллэнэ, салхинд гарна. Монгол залуустаа зориулж видео бичлэг бэлтгэнэ.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Хамгийн сүүлд нэг хөгжилтэй ном уншсан. Тэр нь яаж олон найзтай болох вэ гэсэн философийн ном. Яаж нөхөрсөг байх вэ, олон найзтай байх вэ гэдэг нь таны сошиал, нийгэмтэй яаж харилцаж байгаагаас шалтгаалдаг.

-Эрдэмтэд гадаад үзэмжиндээ ч анхаардаггүй, судалгааныхаа ажилд л төвлөрсөн хүмүүс байдаг. Харин та бараг л кино жүжигчин шиг харагдаж байна?

-(инээв) Хувь хүнээс өөрөөс нь хамаардаг байх. “Миний хобби YouTube-ээр видео хийх” гэхээр Германд ч химичид гайхдаг. “Чи судалгааныхаа ажлын хажуугаар видео хийгээд, хүмүүст өөрийгөө харуулаад” гэдэг. Үнэхээр хэрэгтэй гэж үзсэн учраас би энэ ажлыг хийдэг. Түүнээс биш зарим залуус шиг сошиалаар “Би тэнд явж байна” гээд селфидээд, “Би өнөөдөр тийм юм худалдаж авлаа” гээд өөрийгөө рекламдаж байгаа юм биш. Үзэмжтэй байх сайхан. Гэхдээ миний гол зорилго хүмүүст зөв мэдээлэл хүргэх гэж хичээдэг гэх үү дээ. Таны хэлдгээр Германд зөвхөн шинжлэх ухааны ажилдаа анхаараад, өөр юм бодохгүй явдаг хүмүүс зөндөө. Тэд ч бас заримдаа хоолны талаар надаас зөвлөгөө авдаг.

-Хаана жаргалтай байна тэр миний эх орон гэсэн үг байдаг. Харин та ирээдүйд хаана амьдрах тухайгаа төсөөлсөн үү?

-Миний гэр бүл хаана амьдарвал аз жаргалтай, эрсдэл багатай гэдэг талаас нь анхаардаг. Нөгөө талаар Монголд ирэхэд хийх юм маш ихтэй санагддаг.

-Германд Монголыг сонирхдог химичид хэр олон байдаг вэ?

-Монголыг германчууд олон талаас нь сонирхож хардаг л даа. Нэг талаасаа эрдэс баялаг ихтэй гэж харна. Хэдэн жилийн өмнө Меркель энд ирээд явахдаа Монголын томчуудтай уулзаад, гэрээ хийгээд дараа нь нүүрс Герман руу ачигдсан. Нөгөө талаар хүн хүрээгүй газар ихтэй гэж маш их сонирхоно. Говьд байдаг ховор металлыг хятадууд л гаргадаг, монголчууд гаргаагүй байгаа. Тэр талаар химичид Монголыг ирээдүйтэй гэж хардаг. Монголд олборлох ч юм их, хийх ч зүйл их байдаг л даа. Тийм болохоор сонирхолтой газар.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *