УИХ-ын гишүүн Б.Бейсентэй ярилцлаа.
-Баян-Өлгий аймгаас сөрөг хүчний төлөөлөл болж сонгогдлоо. Улс төрийн замналаар замнаад хэдий хугацааг өнгөрүүлж байна вэ. Ер нь яагаад улс төрд орохоор болов?
-Би Ардчилсан намын анхны гишүүдийнх нь нэг. Энэ намд элсээд 30 жил болж байна. Энэ хугацаанд би Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд таван удаа оролцож, дөрвөн удаа ялалт байгуулсан. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр 2004-2012 он хүртэл найман жил ажиллаж байлаа. Харин 2016 оноос аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн даргаар ажилласан. Товчхондоо Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх, шударга ёсыг тогтооход л хүчин зүтгэж яваа хүн. Миний хувьд урьд нь хоёр удаа УИХ-д нэр дэвшихээс татгалзаж, намынхаа нөхдөд боломж олгож байлаа. Харин энэ удаад сэтгэл шулуудан нэр дэвшихээр шийдсэн.
-Та бол Монгол Улсын хүний гавьяат эмч. Тэр ч утгаараа таныг эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлуудад дуу хоолой болж явна байх гэж харж байна…
-Миний УИХ-д орох болсон гол зорилго минь ердөө энэ юм. Эмч хүний хувьд би эрүүл мэндийн салбарт тэр дундаа хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг сайтар мэднэ. Ер нь өмч хувьчлалаас ямар нэгэн юм хүртээгүй хүмүүс хэн байна вэ гэвэл хамгийн түрүүнд багш, эмч нарыг нэрлэж болно. Тэр үеэс эхлээд л өнөөдрийг хүртэл эмч, багш нарыг дэмжих төрийн дэмжлэг дутмаг байна. Эмч, багш нарын цалин амьдралд нь хүрэлцдэггүй. Өнөөдөр эмнэлгийн ажилчдын 80 хувь нь цалингийн зээлтэй байна. Ийм учраас тэдний эрх ашгийг хамгаалж, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх талаар тууштай анхаарна. Мөн баг, сумын түвшинд нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд хичээх болно. Хүмүүс өндөр өртгөөр гадны улсыг зорьж эмчлүүлсээр л байгаа. Монгол Улс Эрүүл мэндийн салбар, эмнэлгийн тусламж үйлчилгээндээ анхаарч, нарийн мэргэжлийн эмч нарыг сурган эмнэлгүүдийг нэмж, хүмүүсээ дотооддоо эмчилдэг болмоор байна. Энэ бол уг салбар дахь шийдэх ёстой нэн тэргүүний асуудал.
-Хөдөө орон нутгийн эмнэлэг, эмнэлгийн ажилчид, эмийн сангийн хүртээмж ямар байдаг вэ. Шаардлагатай түвшинд хүрч ажиллаж чаддаг уу?
-Багийн төв дээр эмийн сан байхгүй учир иргэд шаардлагатай эмээ авахын тулд 80-100 километр зам туулах шаардлагатай байдаг. Энэ мэт асуудлууд бий. Сумын эмнэлгийн лабораторийн оношлуурын аппаратаар нэн даруй хангах хэрэгтэй байна. Уг нь Засгийн газраас шаардлагатай хөрөнгө мөнгийг төсөвт суулгадаг ч тэр нь бодит байдал дээр ажил хэрэг болдоггүй. Шаардлага хангахгүй жижигхэн эмнэлэг барьж, төсвийн мөнгөнөөс шамшигдуулсан явдал ч гарсан. Аймгийн төвөөс сумдад туршлагатай эмч нар очиж мэс засал хийе гэхээр өрөө нь стандартын бус, багтаамж багатай байдаг. Яаралтай түргэн тусламжийн асуудал ч хурцаар хөндөгдөх учиртай. Дарга нар л жийп машин хөлөглөдөг байж болохгүй. Хамгийн сүүлийн үеийн туулах чадвар сайтай машиныг тэдэнд бус түргэн тусламжийн үйлчилгээнд зориулах шаардлагатай. Мөн эмч, эмнэлгийн ажилчдын ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.
-Таны хувьд эрүүл мэндийн салбарт хичнээн жил ажиллав. Ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?
-Би 1988 онд Анагаах ухааны дээд сургуулийг мэс заслын эмчээр төгссөн. Сонирхуулахад, оюутан байхдаа оюутны байрныхаа Зөвлөлийн дарга, сургуулийнхаа Эвлэлийн хорооны гишүүн байлаа. Сургуулиа төгсөөд Ногоон нуур суманд очиж, мэс заслын эмчээр ажиллаж эхэлсэн. Улмаар Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 32 жил ажилласан. Энэ хугацаанд мэс заслын эмч , бөөрний мэс заслын эмч, тасгийн эрхлэгч, Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгийн даргаар тус тус ажилласан. Дарга боллоо гээд үндсэн ажлаасаа хөндийрөөгүй, шаардлагатай мэс заслуудыг хийж ирсэн. Тэр дундаа орон нутагт хийдэггүй хагалгаануудыг их хийжээ. Баруун аймагт анх удаа бамбайн булчирхай, түрүү булчирхайн мэс заслыг чадварлаг эмч нарынхаа хамтаар хийж байлаа. Элэгний том тайралт буюу цөсний хүүдийтэй нь хамт тайрах мэс заслыг ч 21 аймгаас анх удаа Баян-Өлгий аймагт хийсэн.
Миний хувьд өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт гарсан тарваган тахлыг оношилсон. Тахал гарчээ гэхэд тухайн үеийн удирдлагууд надад итгээгүй л дээ. Тиймдээ ч хугацаа алдаж, хавьтагчид эрсдэл учирч байв. Ямартаа ч Онцгой байдлын газар, цагдаагийн албан хаагчдад учирлаж байж тэдгээр хүмүүсийг хөл хорионд оруулж чадсан. Эрүүл мэндийн яам, Ардчилсан нам, аймгийн удирдлагууд энэхүү гавьяаг минь үнэлж надад Монгол Улсын Хүний гавьяат эмч гэх эрхэм цол олгосон юм.
-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манайх найман хүүхэдтэй. Эхнэр маань орос хэлний багш мэргэжилтэй. Одоо бол хувийн эмнэлгийнхээ захирлаар ажилладаг. Хүүхдүүдээс маань тав нь эмч мэргэжлийг минь өвлөсөн. Хүүхдүүд маань дүүрэгт, ОХУ-д, аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт, хувийнхаа эмнэлэгт тус тус эмчээрээ ажиллаж байна. Харамсалтай нь саяхан миний залгамж халаа болох байсан нэг хүү маань осолд орсны улмаас нас барсан. Харин бусад гурав нь сургуульд сурч байгаа.
-Сонгуульд оролцож байх үедээ хууль бус явдлуудтай нүүр тулав уу. Хэр шударга сонгууль болсон гэж харж байгаа вэ?
-Энэ удаагийнх сонгогчдыг авлигад сургасан сонгууль боллоо л доо. Сонгогчид үдээс хойш 16:00-20:00 цагийн хооронд хэн мөнгө өгөх бол гэсэн байдлаар хандсан нь илт ажиглагдсан. Хэн их мөнгө өгнө түүнд л саналаа өгдөг байдалтай болжээ. Энэ мэтчилэн энэ удаагийн сонгуулиар шударга бус явдлууд ихээр гарсан. Төрийн, төсвийн байгууллагуудын ажилчдыг дарамталж сонгууль өгүүлж байна. Тодруулбал, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн ажилчдыг дарамталж сонгох эрхэд нь халдсан. Уулзалтад ирэхэд нь өөр хүнд саналаа өгвөл ажлаас чинь хална гэх зэргээр дарамталж, саналыг нь авсан асуудлууд байсан. Мэдээж ганцхан Баян-Өлгий аймагт бус бусад бүх л аймагт ийм шударга бус явдлууд байсан. Орон тооны хязгаарлалт бүх аймагт байгаа. Ер нь бол орон нутгийн иргэд ардчиллын төлөө саналаа өгөхөд бэлэн байсан. Гэхдээ луйвар орсон гэж бодож байгаа.
-Энэ удаагийн ээлжит сонгуулиар МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулж, эрх баригч боллоо. АН-ын цөөн гишүүдэд дахин сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдлээ. Таны хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд ямархуу байдлаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Энэ дөрвөн жилд шударга ёсны төлөө саналаа хэлж, зөв шийдвэр гаргуулан ажиллах болно. Эрүүл мэндийн салбар, төсвийн зөв зүйтэй зарцуулалтаас гадна хүнсний аюулгүй байдлын асуудал дээр анхаарах цаг болсон. Импортын гэхээсээ илүү эх нутгийнхаа хөрсөнд ургасан хүнсийг хэрэглэх нь чухал байна. Баян-Өлгий аймгийн гол дагасан сумдад хүнсний ногоо тариалах бүрэн боломжтой. Миний хувьд энэ талаараа ч чуулганы нэгдсэн хуралдаан дээр У. Хүрэлсүх сайдад санал болгож хэлсэн байгаа.
-Ардчилсан намд намын удирдлагуудаа сонгох, улмаар өөрчилж шинэчлэгдэх шаардлага тулгарч байна. АН цаашид ямархуу байдлаар явбал зөв зүйтэй вэ?
-Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд дүрмээ шинэчилсэн. Нам багагүй цэгцэрч, намын хэмжээнд хүрсэн гэж бодож байна. Аймгуудын намынхан ч сайн ажилласан. Гэсэн хэдий ч энэ удаад ялагдал хүлээлээ. Дүрмийн дагуу намын удирдлагууд огцрох ёстой. Одоо Үндэсний бодлогын хорооны хурал хуралдаж дараагийн намын даргаа сонгоно.
-УИХ-дахь Ардчилсан намын бүлэг бүлгийн даргаа сонгосон. Бүлгээрээ ирэх дөрвөн жилд хэрхэн ажиллах тухайгаа ярьж, нэгдэж чадсан уу?
-Миний хувьд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд даргаар сонгогдсон. Цаашид хэрхэн ажиллах тухайгаа бид ярилцана. Одоогоор хэлэлцэх асуудлуудын талаар танилцуулахгүй, төдийд ийм хуралтай л гэж хэлж байна. Хэлэлцэх асуудлуудтай урьдчилан танилцвал эвлэрэхгүй зүйлүүд дээр байр сууриа илэрхийлнэ. Түүнээс гадна МАН-ын гишүүд нэгнийгээ хамгаалж, өмгөөлөх янз харагдаад байна. Хамгаалаад сууж байх бус улс орноо хөгжүүлэх асуудлыг яримаар байгаа юм.
-Баян-Өлгий аймгийг маш их улстөржилттэй байна, төрийн алба нь “цус ойртолттой” байна гэж шүүмжилдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Санал нийлнэ. Ер нь Баян-Өлгий гэлтгүй бүх л аймагт улстөржилт газар авсан. Төрийн албан хаагчдыг хоморголон халдаг явдал ч бий. Манайд дарга, цэргийг нь битгий хэл цэвэрлэгчийг нь хүртэл халсан. Баян-Өлгий аймгийн захиргаанд гэхэд ганц хуулийн зөвлөх л үлдсэн, бусад ажилчдыг нь бүгдийг нь халсан. Эмнэлэг, сургуулийн удирдлагуудыг дарамтлах, хамаатан саднаа ажилд томилох асуудлууд байгаа. Үүнийг таслан зогсоох нь туйлын чухал байна. Хичнээн нам засаг солигдлоо ч тэр ажилчдыг тайван ажлыг нь хийлгэдэг байх нь чухал.
-Өнгөрсөн парламентад Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд хэр үр дүнтэй ажиллав. Аймаг, сумандаа тодорхой өөрчлөлт, шинэчлэлт хийсэн зүйл нь юу байв. Юу гэж дүгнэх вэ?
-Өнгөрсөн дөрвөн жилд хөрөнгө оруулалт маш ихээр тавигдсан. Гэсэн ч УИХ-аас гарсан гишүүдийн хамаатан садан авсан асуудал бий. Ижилхэн хэмжээтэй барилгуудын нэгнийх нь өртөг нэг тэрбум хэдэн зуун сая төгрөг байхад нөгөөх нь 600 сая төгрөгөөр боссон ч бий. Ногоон нуур сумын Ховд багт 18:12 хэмжээтэй нэг давхар барилгыг 285 сая төгрөгөөр барьсан байгаа юм. Иймэрхүү шаардлага хангахгүй чанар, хийц муу, жижигхэн барилгууд барьсан тохиолдол цөөнгүй. Тийм учраас энэ асуудал дээр Засгийн газар анхаарч, хяналт шалгалт хийх байх. Зөвхөн төсөв дээр тоглодог хүмүүс ч их байна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд нэг ч тендер авч үзээгүй. Хамаатан садандаа ч тендер авч өгөөгүй. ЖДҮ-ээс ч зээл аваагүй.
-Энэ удаагийн парламентад Баян-Өлгий аймгаас хамт сонгогдсон гишүүдтэйгээ хамтарч ажиллах уу?
-Хамтарч ажиллана. Гэхдээ хууль бус үйлдэл гаргавал шүүмжилнэ. Эвлэрэхгүй зүйлүүд дээрээ эвлэрэхгүй, сонгогчдын эрх ашгийг хамгаалж ажиллана.