Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баярцэнгэл: Хүмүүс амархан залилуулж буй нь боловсролгүй, сэтгэл зүйн асуудалтай байгааг илтгэнэ DNN.mn

Сэтгэл зүйч Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.


-Монголчуудын гэнэн зан байдлын шалтгаан юу вэ. Үүний захын жишээг хэлэхэд чатаар танилцаад зүсийг нь ч хараагүй хүн рүүгээ л хэдэн арван сая төгрөг шилжүүлээд залилуулчих юм…

-Нэгдүгээрт, энэ бол яахын аргагүй боловсролын түвшинтэй холбоотой асуудал. Миний анзаарснаар ямар нэг байдлаар бусдад залилуулсан хүмүүсийн боловсрол дундуур байдаг. Мөн амьдралын хувьд биеэ авч явах байдал, бусдын харилцаа, хандлагыг нэгтгэн дүгнэх чадвар сул байгаагийн шинж. Хоёрдугаарт, өөрийг нь гоё сайхан үгээр магтах, хүн гэж хүндэтгэх, өөрөөр нь амьсгалах, өөрийг нь эрж хайх хэрэгцээ нийгэмд нийтлэг байна. Энэ хэрэгцээний улмаас өөрт нь ирж буй хуурамч таатай харилцааг ямар ч шүүлтүүргүй хүлээж авдаг. Гэр бүл, найз нөхөд буюу анхдагч орчноос авдаггүй сайхан харилцааг хөндлөнгийн танихгүй хүнээс хүлээж авахад их таатай байдаг. Энэ хүн намайг чухалчилж байна гэсэн итгэл, ойлголт шууд төрдөг. Энэ нь сэтгэл зүйн үйл явцаараа нийгэмд хүмүүсийн дунд худлаа ч хамаагүй гоё сайхан үг, сайхан энерги, өөрийгөө чухалд тооцуулах эрэлт үүссэн.

-Анзаарахад нас тогтсон хүмүүс ч залилуулж байна. Аливааг хүлээн авах байдал нь наснаас шалтгаалдаг уу?

-50-иас дээш буюу хижээл насныхан ч тэтгэврийн мөнгөө залилуулах тохиолдол их байна. Тэдний харилцааны хоосон орон зайг олж харж ашиглаж байна. Арай залуу үеийнхний хувьд зүс хараагүй хүндээ итгэж романс залиланд өртөх нь түгээмэл. Энэ нь гэр бүлдээ ярьдаггүй чухал асуудлаа огт танихгүй хүнтэй хуваалцдаг. Мэдээж залилж байгаа хүмүүс маш эелдэгээр харилцдаг. Мөн л дутагдаж байгаа сайхан үг, хүндлэлийг үзүүлж итгэлийг нь олж аваад залилж байна.

-Өнөөгийн нийгмийн сэтгэцэд ямар нэгэн асуудал байна уу?

-Манай улс бол сэтгэцийн эрүүл мэнддээ анхаардаггүй орон. Нийгмийн байр байдал, хотын соёлоос шалтгаалан гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг, гэр бүлийн хайр хомс болсон. Энэ тэнцвэргүй, завгүй амьдралаас болж залуус маш ихээр хэт сайнсайхны дууллаар дутдаг болжээ. Үүний үр дүнд нас харгалзахгүй романс залилан болон өөр олон төрлийн залиланд өртөж хохирч байна. Шууд хэлэхэд, амархан итгэж залилуулж байгаа нь боловсролгүй, сэтгэл зүйн асуудалтай байгааг илтгэнэ.

-Асуудлын гол нь гэр бүлийн хөндий харилцаанд байна гэж та хэлж байна уу?

-Тийм ээ, гэр бүлийн харилцаа доголдолтой байгаа нь боловсролын байгууллагад хүртэл ажиглагддаг. Жишээлбэл, эцэг эхийн хурлыг тасалдаг, хүүхдийн боловсрол бол эцэг эхээс огт хамаагүй, 100 хувь багшийн үүрэг гэж ойлгодог хүмүүс ч бий. Гэтэл хүүхдийн төлөвшил боловсролд гэр бүл, багш, сургууль, хамт олон гээд олон хүний оролцоо чухал. Бид үүнийг ойлгодоггүй нийгэм, эцэг эхийг бүтээжээ.

-Тэгвэл гэнэн итгэмтгий зан байдлын эсрэг хэрсүү зангийн тухайд?

-Сургуулийн өмнөх боловсрол, ЕБС, Их дээд сургууль гээд шат шатандаа хувь хүний хандлага, ур чадвар, бусадтай нийцэх, нийгэмших сургалт дутагдалтай байна. Жишээлбэл, Японы цэцэрлэгийн насны хүүхдүүд бусдад төвөг уддаггүй, бусдын тав тухыг боддог, тэгснээр эргээд өөрийнх нь тав тух ч хөндөгддөг харилцааны гинжин холбоо гэдгийг ойлгодог. Тиймээс манай улс шат шатны боловсролын системдээ сэтгэцийн эрүүл мэнд талаасаа хүн байх, нийгмийн хүн байх тухай оруулж өгөхгүй л бол ямар нэг байдлаар доголдолтой хүмүүсийг бүтээсээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *